Польшийн кино өдөрлөгөөр  нийгмийн болон хүмүүнлэгийн зүтгэлтнүүдийг Монголчуудад таниулна

С.САРУУЛ

СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль, Бээжин дэхь Польш улсын Элчин сайдын яамтай хамтран найм дахь удаагаа “Польшийн кино” өдөрлөгийг энэ сарын 27, 28-ны өдөр зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ. Өдөрлөгийн талаар СУИС-ийн  Радио, Телевиз, медиа урлагийн сургуулийн кино телевиз тэнхимийн эрхлэгч Ц.Цэвээнсүрэн “СУИС-ийн радио, телевиз медиа урлагийн сургууль нь Польшийн кино өдөрлөгийг найм дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь бид Польшийн кино хүрээлэнгээс ирсэн кинонуудыг орчуулж оюутан, залуус, сонирхогчдод үнэ төлбөргүйгээр гаргадаг байсан. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, кино өдөрлөгийн хүрээнд Польшийн алдартай найруулагч, урлагийн хүмүүсийг урьж мастер хичээлүүдийг заалгадаг болсон.  Энэ жилийн кино өдөрлөгөөр бид дандаа Дэлхийн хоёрдугаар дайн, түүхэн хүмүүстэй холбоотой бодит түүхээс сэдэвлэсэн кинонуудыг үзүүлэхээр бэлдсэн байна.
Үүний хамгийн гол кино нь “Бортогонд нуусан амь” буюу Ирена Сендлерийн түүх байгаа юм” гэлээ.

Мөн Сэтгүүлч, орчуулагч М.Ундрам “Кино өдөрлөг нь Польшийн агуу нийгмийн болон хүмүүнлэгийн зүтгэлтнүүдийг Монголчуудад таниулахад оршиж байгаа.  Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2500 хүүхэд аварсан гайхалтай Ирена Сендлерийн түүхээс өгүүлсэн “Бортгонд нуусан амь” номын нээлт энэ үеэр болно. Энэ ном  Америкт бестселлер болсон. Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгах харгислалын үеэр болсон гайхалтай баатарлаг үйлсийн түүх одоогийн АНУ-ийн Канзас мужид амьдардаг гурван охины амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай энэ номд гардаг. Ирена Сендлерийн энэхүү баатарлаг үйлс 60 жилийн турш дарагдсан юм.  Энэ бол бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл.”Бортогонд нуусан амь” номыг миний бие өнгөрсөн жил гаруй хугацаанд орчуулсан. Ном арванхоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхэлж зарагдана” гэлээ.

Кино өдөрлөг СУИС-ийн радио, телевиз медиа урлагийн сургуулийн байран дээр болох юм бөгөөд энэ сарын 27-нд Ирена Сендлерийн тухай кино 13:00 цагаас,  28-нд “Амийг амиар” кино 14:00 цагаас гарах гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө