Лу.Болдын гэмгүй царай

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбоотой дуулиан сүүлийн үед эрчээ аваад байна. Сөрөг хүчнийхээ Хуульзүй, дотоод хэргийн сайдтай хүзүү сээрээрээ хэлхэлдэж орхисон Ж.Батзандан бүлгийн даргынхаа өрөөнд ярьсан асуудлыг дэвэн дэлхийгээр нэг дэвэргэж, ёстой л энхийн цагаан тагтаа мэт ээлжит жүжгээ тавьсаар өнөөдрийг хүрлээ.

Б.Хурцыг улстөрчид нүдэж эхэлжээ, чадаж байна, болж байна. Харин Б.Хурц яагаад тэдний булхай луйврыг ярьж болдоггүй юм бол, ямар шалтгаан байна. Түүнийг яриулах ёстой, нээлттэй сонсгол хийх ёстой.

Б.Хурцын томилгоог нээлттэй сонсголоор оруулах ёстой гэсэн хүсэлтийг АН-ынхан хүлээж авсан ч МАН-ынхан хэрхэх нь тодорхой бус байгаа. Тэд олонхийн бүлэг учраас асуудлыг хэрхэн шийдэх нь сонирхол татаж буй юм. Сүүлийн дөрвөн өдөр Их хурлаа хийж, намын даргаа сонгон үнсэлдэн нялуурч буй МАН-ынханд Б.Хурцыг хэрхэх нь сонин биш байгаа. Гэвч, ирэх долоо хоногт энэ асуудал чуулганы танхим руу орж ирэх нь тодорхой. Тэр цагт Б.Хурцаар бүх зүйлийг нь яриулах хэрэгтэй.

Цөөхөн боловч амнаасаа унагасан ноцтой асуудлуудыг ил болгох ёстой. Улсын нууц гэдгээр халхавчлаад байгаа зарим хэргүүдийг нууцын зэрэглэлээс нь гаргах ёстой. Улстөрчид, нэр бүхий хүмүүс түүнд нь гар бие оролцчихоогүй л бол улсын нууц гэдгээс гаргаж олон нийтэд ил болгож яагаад болохгүй гэж. Б.Хурц зарим нэг асуудлыг улсын нууцаас гаргуулахаар одоогийн ТЕГ-ын дарга Д.Гэрэлд хүсэлтээ хүргүүлчихсэн юм билээ.

Б.Хурц хэн ч байж болно. Түүнийг хулгайч, гүтгэгч, бууны нохой гэх мэтээр нэг хэсэг нь зүхэж буй. Гэвч энэ хүн улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлж, Тагнуулын Ерөнхий газрыг даргаллаа. АТГ-т хүртэл ажиллаж байсан. Тэр ч утгаараа оргүй хоосон зүйл яриад хүн гүтгээд явах субъект биш. Ж.Батзандангийн асуудал, Ц.Нямдоржийн хүүгийн 42 сая ам.долларын шахаа, С.Зоригийн хэргийн баримт гэх мэтээр олон ноцтой асуудал ярьсныг олны өмнө нээлттэй болгох нь УИХ-ын гишүүдийн эрх. Тэд одоо л хэн бэ гэдгээ харуулах ёстой.

Б.Хурц одоо ТЕГ-ын даргын ажлаасаа буучихсан. Түүний ярьж буй зүйл нь өөрөө ноцтой. Бүр дэндүү ноцтой. Тэр үнэхээр л Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гүтгэж байсан бол хэдийнэ шүүхэд дуудагдчихсан байх ёстой. Гэвч, эдгээр улстөрчид өөрсдөө хөдөлж чадахгүй байгаа нь “но” байгааг нотолж буй хэрэг биз дээ. Тиймээс л Б.Хурцыг нээлттэй сонсголоор оруулж, бүх асуудлыг нэг бүрчлэн яриулах ёстой гэж дахин дахин сануулаад байгаа юм.

Лу.Болдын гэмгүй царайны цаана юу нуугдаж буйг, Ж.Батзандан яагаад ингэтлээ чичрээд байгааг, Ц.Нямдоржийн түүнтэй арсалдах шалтгаан юу болохыг яриулж, дээр онцолсон С.Зориг амиа алдсан шалтгаан, “Эрдэнэт”-д бараа шахсан, Хойд Солонгост зэвсэг наймаалахыг завдсан гэх асуудлуудыг олон нийтэд нээлттэй мэдээлж, улсын нууцаас гаргах цаг нь болжээ. Хэрвээ тэгж чадахгүй л бол улстөрчид жинхэнээсээ “нөгөөх”-өө базуулж, энэ бүх асуудалд холбоотой гэдэг нь тодорхой болно. Эс тэгвээс иргэд олон нийт 2020 онд сонголтоо өөр зүгт хандуулах л болох байх даа.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө