Орон нутгийн гэрээг цөөлөх биш сайжруулах шаардлагатай гэв

Ц.МЯГМАРБАЯР

“Эрдэс баялагийн орон нутгийн гэрээг сайжруулах цаашдын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг Байгалийн баялаг засаглалын хүрээлэнгээс /ББЗХ/ энэ сарын 15, 16-нд Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулсан. 2016 онд Засгийн газар “Байгаль хамгаалах, уурхайтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэр байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх гэрээний загварыг батлан гаргасан юм. Загвар гэрээ нь орон нутгийн гэрээг хэрэгжүүлэх чухал алхам болсон ч гэрээ байгуулах үйл явцын талаар удирдамж өгөлгүй орхигдуулсан. Үүнээс шалтгаалан  үр дүнгүй олон гэрээ байгуулах болсон.Тиймээс гэрээг цөөлөх хэрэгтэй гэж Зүүн хойд ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Б.Бямбажав илтгэлдээ онцолж байв. Харин  иргэний нийгмийн байгууллагынхан уул уурхайн салбарыг хариуцлагатай ил тод болгодог зүйл бол гэрээ. Гэвч судлаач энэхүү гэрээг цөөлөх хэрэгтэй гэж зөвлөж байгаад харамсч  байна гэдгээ илэрхийлж байв. Гэрээг цөөлөх биш улам чанаржуулж, хариуц­лагатай болгох хэрэгтэйг тэд хүссэн. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлвэрийн яам, АМГТГ, орон нутаг, иргэний нийгмийн байгууллага болон компанийн төлөөлөл сэтгүүлчид гэсэн олон талын оролцоог хангаж оролцуулсан байв.

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж: УУЛ УУРХАЙН ТӨСЛИЙН 30 ХУВИЙГ ОРОН НУТАГТ НЬ БОДИТООР ШИНГЭЭХ НЬ ЗҮЙТЭЙ

 

-Хэрэгжүүлэх гэж буй төслийн цар хүрээ нөөц боломжоос хамаараад Засгийн газрын болон аймаг, сумын түвшинд хийх гэрээ гэж зааглаж өгөх хэрэгтэй. Гэрээг Засгийн газартай байгуулна гэвэл бэрхшээлтэй. Компани ажлаа эхлэхээсээ өмнө гэрээний талууд болох  малчид, суманд байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, ажилгүй иргэдтэй ярилцаж тохиролцоод талуудынхаа эрх ашиг сонирхлыг  хангасан гэрээ байгуулах нь зүйтэй санагддаг. Орон нутгийн гэрээг маш олон зөрчлийн заалтаар хавсралтын  шинжтэй хийдэг. Энэ нь магадгүй нөлөөнд автуулахгүй гэсэн үүднээс хийдэг байх. Гэрээ­ний тоог цөөрүүлсэнээр үр дүн харагдахгүй.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын дарга Ж.Ганбаатар: ГЭРЭЭГ ЦӨӨЛӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

 

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэд болоод олон нийтийн дэмжлэг авах гэсэн хоёр том асуудал байдаг. Судлаачийн зөвлөмжид гэрээг цөөлөх хэрэгтэй гэж байна. Үүнтэй санал нэг байна. Мөн гэрээнд компанийн хариуцлагыг нарийн тусгах хэрэгтэй. Манайд хайгуулын гэрээ 1-12 жил хүртэл үргэлжилж болох заалттай. Зарим нь эхний нэг хоёр жилд нөөц нь тодорхой болох боломжтой. Энэ үед компани нутаг орныхоо судалгааг давхар хийдэг. Гэтэл олборлолт хийгээд ирэхээр хаа хамаагүй малчид энэ манай өвөлжөө байсан гээд ирээд буудаг. Тэгээд мөнгө нэхдэг. Тэгэхээр эхний жилдүүдэд гэрээ хийх шаардлагагүй. Хайгуулын явцад гэрээг компанид нээлттэй үлдээвэл зүгээр.

 

Судлаач, доктор Б.Бямбажав: ЭРДЭС БАЯЛГИЙН ТӨСЛҮҮДИЙН ГЭРЭЭНД БОСГО ШАЛГУУР ТОГТООХ ШААРДЛАГАТАЙ

 

-Гэрээг хязгаарлая, цөөлөе гэдэг нь хайгуулын үед огт шаардлага тавихгүй гэсэн үг биш. Эрдэс баялгийн төслүүдэд босго шалгуур тогтоох замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой. Уул уурхай, газрын тосны төсөлд зөвшөөрөл олгох үйл явцтай орон нутгийн гэрээ байгуулах шаардлагыг уяж өгөх хэрэгтэй. Ингэснээр  уул уурхайн компаниудын гэрээ байгуулах сонирхлыг нэмэгдүүлнэ. Загвар гэрээний хэрэгжих нөхцөлийг тодорхой болгож орон нутгийн удирдлагуудад сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх мөн хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэний нийгмийн байгуул­лагуудын мониторинг хийх ажлыг дэмжих хэрэгтэй.

 

“Мining Journal” ын орлогч эрхлэгч Н.Ариунтуяа: ИРГЭД, МАЛЧИД КОМПАНИД ГЭРЭЭТ НИЙЛҮҮЛЭГЧ БАЙХ СОНИРХОЛТОЙ

 

-Загвар гэрээ дутагдалтай гэдгийг бүгд хэлж байна. Эрдэс баялагийн мэдээллийн санд байрлуулсан 30- аад гэрээнээс ажиглахад гэрээний эцсийн  үр дүнг хүртэх иргэдийн эрх ашгийг тусгадаггүй. Иргэд, малчид компанид гэрээт нийлүүлэгч байх сонирхолтой. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдээс компани сүү, мах, бусад бүтээгдэхүүний худалдан авагч байхыг хүсдэг. Үүнийг гэрээнд оруулж өгөх чухал гэлээ.

2012 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын гаргасан тайланд 1500 орчим лиценз эзэмшигч болох нийт 200 гаруй компаниас ирүүлсэн мэдээллийг багтаасан ч байгаль орчин болон орон нутгийн хөгжлийн асуудлыг тусгасан орон нутгийн гэрээ гэж үзэж болохуйц 23 гэрээний л тухай маш товч мэдээллийг агуулж байв. Үүнээс хойших тайлангуудад орон нутгийн гэрээний тоо төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө