“Хүрэлтэнгүүд”-ийн “нэмэгдээгүй” татвар ба сонгогдоогүй “Намын дарга”

Ч.Хүрэлбаатар Сангийн сайдтай У.Хүрэлсүхийн Засгийн газар анхны төсвөө УИХ-аар батлууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Төсвийн сахилга батыг сайжруулна, аж ахуй нэгж бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжинэ. Татварын тогтолцоог энгийн ойлгомжтой, тэгш шударга болгоно” гэж батлуулсан төсвөө тодорхойлов. Харин энэ тодорхойлолтоос төсөв нь огт алд дэлэм зөрөв.

Ганцхан жишээ дурдъя. Иргэн Дорж 0.07 га талбай бүхий газраа төгрөгөөр хашаа байшинтайгаа, бүр ажиллуулж байсан ТҮЦ-ийн хамт 100 сая зарлаа. Тэр татварт 10 хувийг нь өгнө, 90 саяар нь орон сууцны зээлийн урьдчилгаанд өгч, үлдсэнээр нь шинээр авах орон сууцныхаа дэргэдэх бяцхан ТҮЦ-ийг түрээсэлж ажиллуулна гээд төлөвлөчихөж. Тэгвэл өнөөдөр баталсан Төсвийн тухай хууль лав түүний төлөвлөгөөг бяц гишгэнэ. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн эзэмшлийн эрх борлуулсан тохиолдолд 30 хувийн орлогын албан татвар ногдуулна. ТҮЦ-ээ зарсаныхаа төлөө бас татвар төлнө.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 20.1.6-д газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар гэхээр тэрхүү аргачлалд нь “орлогын 30 хувиар” тогтоочихсон байгаа юм. Тэгэхээр иргэн Дорж газар, хашаа байшин, ТҮЦ зарсан 100 сая төгрөгөөсөө ердөө 60 сая төгрөгтэй үлдэв ээ хөөрхий.

Нэмсэн татвар бүхэн гоё халхавчтай. Татвар ногдох суурийг өргөтгөх гэж, гэр бүлийн гишүүд хоорондын эрх шилжүүлэлтийг татвараас чөлөөлөх гэж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, төлөх тайлагнах харилцааг нарийвчлах заах гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулж байгаа юм гэдэг тайлбартай. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бүгд бүртгэл мэдээллийн зорилготой, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн “эцсийн эзэмшигч”, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнийг татварын байгууллагад бүртгэж мэдээллийн бааз үүсгэхтэй холбоотой юм гэнэ л дээ, хөөрхий.

Гэтэл бүхэл бүтэн 40 хувийн татвар ногдуулчихаар энэ бүхэн ил болох уу, харин улам далд хэлбэрт орох уу. Эсвэл бизнес хөдөлгөөнийг таг зогсоох уу. Таамаглаж байгаагаар бол эрх борлуулсны орлогод татвар ногдуулахгүй байгаа нь тэнд асар том будилаан яваад иргэд өөрийн эзэмшлийн газраа зараад цөм хийгээд байгаа мэт харагдсан учраас шууд тасхийтэл 30 хувийн татвар тавьсан бололтой. Харин цаад үр дагавар нь юу байх бол. Мэдээж улсын төсөвт орлого орох нь сайн талтай ч хэчнээн хөрөнгө оруулагчийг үргээх вэ. Гадныхны хувьд Монголыг эрүүлжиж буй орчин гэж харж байсан хөрөнгө оруулагчид тэр бүр “илчлэгдээд” байхыг хүсэхгүй тул больчих шиг амархан юм байхгүй. Дотоодын иргэд ч хувийн өмчөө борлуулчихаад өндөр ч гэсэн уламжлалт 10 хувиа төлөх сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан бол одоо 30 хувь гэхээр “боож үхнэ” биз. Наанадаж 67 мянган аж ахуйн нэгж элдэв бизнес хөдөлгөөн хийхгүй, царцанги байдалд байсаар дампуурахад хүрнэ. Хөрөнгө оруулалт бүрээс, хувьцаа эзэмшүүлэх бүрээс татвар авахын сөрөг тал нь энэ. Үүнийгээ “Татвар нэмээгүй” гэж тайлбарлаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийг хүртэл “хоч” болон тодорхойлолт авч чадаагүй байсан бол 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс “Худалч” Засгийн газар болох нь.

Урьд үзэгдээгүй “худалч” Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Эдийн засгийн хямралтай буюу ард иргэдийн худалдан авах чадвар муудсан, баялаг бүтээгчид нь өр зээлэнд баригдчихсан, эдийн засгийн идэвхжил буурсан ийм цаг үед татвар нэмж байгаа нь буруу. Татвар нэмэгдүүлж, эдийн засгийн хямралаас гарч байсан түүх байхгүй” гэж ярьсан хүн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөхөнд боосон чулуу шиг төсөв барьчихаад “Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Төсвийн сахилга батыг сайжруулна, аж ахуй нэгж бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжинэ. Татварын тогтолцоог энгийн ойлгомжтой, тэгш шударга болгоно” гэж ярьж зогсоно гэдэг бол авьяас юм шүү.

Агуу мэлзэгч тэрбээр “Хотгор шанагын” уурхайд манай гэр бүл хамаагүй гээд мэлзээд байсан боловч төдөлгүй яах аргагүй баримт нотолгоотой илчлэгдэн Монголын улс төрийн тогооноос БНСУ хүртэл хальсан дуулиан хоёр орны мэдээллийн хэрэгслээр цацагдаж сийхгүй худлаа хэлдгээ харуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс тус ордыг 10 сая ам.доллараар худалдсан бөгөөд түүнээс урьдчилгаа болгож гурван сая ам.долларыг хоёр ах болон, туслахынх нь дансаар дамжуулан авсан болохыг баримтаар нотолж байгаа юм. Харин тэрхүү 10 сая ам.доллараасаа татвараа төлсөн үү гэж чуулганы танхимд асуугаад байсан ЕТГ-ын даргын асуултад “төлсөн, баримт нь энэ” гээд үзүүлэх болов уу гэтэл таг чиг. Арай төлөөгүй бултаж золигтсон юм биш биз. Харин тэрбээр “Монголын ард түмний баялгаас, өмч хувьчлалаас нэг ширхэг ч өнчин ишиг, эвдэрхий амбаарыг аваагүй. Газрын баялагтай холбоотой лиценз, улсын төсвийн тендер концесс авч байгаагүй. Төрд нэг ширхэг ч төгрөгний дарамт учруулаагүй, тэрбум төгрөгийн татвар төлсөн” гэсээр сайдын суудалдаа үлдэж чадлаа.

Тэгвэл У.Хүрэлсүхийн хувьд төсөвт ямар хандлагыг барьсан бэ гэхээр ерөөсөө л Сангийн сайддаа 200 хувь итгэчихсэн. Хэн нь ч билээ “Чингис бонд гэдэг чинь Жэймс Бондоос өөр шүү дээ” хэмээн түүний боевик эмзэг чанарыг нь дайруулан Ерөнхий сайд болсных нь дараа шоглочихож билээ. Одоо ч тэрбээр эдийн засгийн талаар онцын баримталсан бодлогогүй, харин ч намын дарга болчихыг эрмэлзэнхэн яваа нь илт байна.

Намын дарга болох сайхаан. Амархан ч биз. Харин МАН-ын Их хурлын гишүүд дандаа тэнэг байдаггүй. Ялангуяа энэ удаад их ууртай ирж байгаа. УИХ-ын сонгуульд намаа 65 суудалтай “ялуулаад” өгч байхад өөр хоорондоо хэрэлдсээр Засгийн газраа огцруулчихсанд нь тэр. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд дээрх “хоёр Хүрэл” холбоотой байдагт тэр. Энэ тохиолдолд тэртэй тэргүй орон нутагтаа намынхаа нэрийн өмнөөс ичиж яваа гишүүд, дэмжигчид нь “Татвар нэмэхгүй” гээд өөр хоорондоо өмчилж авсан алга дарам газраа борлуулахад хүртэл 40 хувийг нь төрд дээрэмдэх болсонд “хоёр Хүрэл”-ийг яасан ч дэмжихгүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход хуваагдсан МАН  Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар авч үлдэхэд дахин хуваагдахыг бодоход тэднийг “өсгөж хүмүүжүүлж:”, өнөө цагийн САЙДУУД болтол “эрхлүүлсэн” МАН энэ хоёр “хүүгийнхээ” өмнө айхтар их өртэй бололтой юм.

Тэд гар нийлэн ажилласан цагаасаа л намаа хувааж, хэрүүл талцлын гол объект болон “чимлээ” шүү дээ. “Зодоонч”,  “Худалч” хоёр хүүтэй эцэг ямар байдаг вэ, өнөөдөр МАН-ынхан тэгж л ард түмний өмнө улалзаж сууна. Ч.Хүрэлбаатар,  У.Хүрэлсүх нарын хэн, хэн нь эдүгээ ноёрхлоо тогтоохоор гар нийлэн ажиллаж байгаа ч хэтийн чиг баримжаа нь тодорхойгүй, хэзээ нэгнээ “Түгжилдэж”, “бөөр рүү нь юугаар ч билээ хатгадаг” нь эхлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал гэхээр тийм л тогтоц муутай “будагтай, хямдхан” бараа шиг нөхөрлөл юм.

Аргагүй шүү дээ. “Алаад булчихсан” гэж бодоод байгаа Н.Энхбаяр даргатай МАХН-аас дор бодлоготой байгаа намаас хэзээ ямар амжилт гарна гэж хүлээх билээ. Нам гэдэг чинь бодлоготой байдаг юм. Аль ч нийгмийн үед политэкономи гэж юм байдаг гэдгийг Н.Энхбаяр намдаа сурталдаж яваа, түүнийг нь жинхэнэ полиэкономистууд дэмжиж байдгийг TV-9 телевизээр санаандгүй харахад цохиод авах шиг боллоо. Учир нь яаж ч хоцрогдсон тэр бодлоготойгоо яваа юм байна. Тиймээс бодлогоор биш  мөнгөний төлөө өрсөлдөх болсон АН, МАН-аас ялгаатай МАХН-д хожил ирэх цаг холгүй байгаа мэт санагдлаа.

Миний бодоход МАН-ынханд онол, практикийн гүнзгийн бодлого дэвшүүлж дарга хийх хүн нь лав л У.Хүрэлсүх биш. Ном уншдаг гэдэгт нь ч эргэлзэхээр энэ хүнтэй харьцуулбал Н.Энхбаяр, Б.Даш-Ендон, Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн болон эдийн засгийн хувьд жинхэнэ онолчид, бодлоготнууд байлаа. Тиймээс ч тэднийг дэмжиж хүндэтгэдэг, даган дуурайдаг, “МАН-д хайртай” гишүүд, залуус нь тэдний бодлогыг нь дэмжиж, онолд нь “дурладаг” байв.

Өнгөрсөн зууны Маркс, Энгельс гэх тэр сахалтай өвгөдийн бодлого дээр сүүлийн үеийн залуус нь тухайн цаг үеийн бодлогыг нэмж хольж алдаа гаргаснаас биш улс төрийн гэхээсээ эдийн засгийн суурь бодлого байсаар төдийгүй мөнхжих шинжтэй тийм хүчтэй бодлоготнууд байсан юмсанж. Муу ч хамаагүй урт настай бодлого байна гэдэг бодлогогүй бөгөөд бяртай, бэлтэй байхаас хавьгүй хүчтэй чанар юм.

Өнөөдөр МАН-ын Их хурлын өмнөх нөхцөл байдлыг ажиглахад Намын даргаа хайж бэдрээд яваа бололтой. Хэн мөнгө тараасан нь, эсвэл урт удаан хугацаанд даргаар ажиллана гэдэг итгэл үнэмшил төрүүлсэн нь дарга болдог уламжлалыг халах цаг ирснийг Их хуралд ирэх төлөөлөгчдийн уур амьсгал мэдрүүлсээр байгааг Улаанбаатар дахь Намын төв байраараа эргэлдэгч хорчид даанч ажраагүй анзаараагүй бололтой.

Гэтэл үнэн хэрэгтээ намын бодлогоор улс орноо, эдийн засгаа холын зайд аваад явах бодлоготон хэрэгтэй байгаа билээ. Хэн бодлогоо лут төлөвлөж түүндээ гишүүдээ итгүүлж өөрийгөө сонгуулсан нь энэ намын лидер болох учиртай. Түүнээс биш “Ерөнхийлөгчтэй энэ л тулж чадна”, “2020 оны сонгуульд тэр л санал луйвардаад ч атугай намаа ялуулж чадна” гэж ярихаа цаадуул чинь больсон.

Ингээд эргэцүүлэхээр У.Хүрэлсүхээс Н.Дэмбэрэл нь хамаагүй дээр онолч байж мэднэ. Түүнийг лидер гэж байгаа юм биш. Хоёр таарууханы нэгийг заавал сонго гэвэл ядаж нударгалаад байдаггүй, хулгай нь баригдаагүйг л сонгох болж байна. Эмгэнэлтэй тулгалт биш гэж үү. Уг нь хэн хэн нь юунд ч юм бэ яараагүйсэн бол ийм эгзэгтэй мөчид УИХ-ын 2020 оны ялалтаа бодвоос дахиад “Намын даргаа хайж”, эргэн тойрноо харах л хэрэгтэй байна.

Үүний тулд МАН-ын үе үеийн дарга нараар хэн, хэн ямар цаг үед сонгогдоод, ямар онол дэвшүүлж, бодлого хэрэгжүүлээд намдаа төдийгүй улс орондоо үнэлэгдсэн юм бэ гэдгийг эргэн санаж зөв сонголт хийх нь яаран яаран хоёр таарууханы нэгийг сонгохоос илүү юмсан гэдгийг дахин сануулъя.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө