Ж.Мөнхбат аваргад баяр хүргэе

Ц.ГАЛБАДРАХ

Өнөөдөр арван­нэгдүгээр сарын 14.

Эдүгээгээс яг 50 жилийн өмнөх энэ өдөр монгол тамирчин дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байв. Тэр медалийн эзэн эрхэм бол монголчуудын хүндлэлт хүмүүн Жигжидийн Мөнхбат аварга.

Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо түүний авсан хүчитний хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган нь билээ.

…Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медаль авснаараа Ж.Мөнхбат том гавьяа байгуулав. Монгол хүн дэлхийн дэвжээнээс медаль авч чаддагийг харуулсан,  сэтгэл зүйн хаалттай “хана”-ыг сэтэлж өгсөн энэ гайхамшигт хүний том гавьяа дараа дараагийн тамирчдад урам зориг хайрласан хэмээн ардын багш, гавьяат дасгалжуулагч Солийн Магсар агсан бичсэн байдаг.

“Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан” бахархалт амжилт, анхны медалийн буухиа 1968 оны Мехикогийн олимпийн анхны мөнгөн медаль болж үргэлжилдэг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат танд “Зууны мэдээ” сониныхоо мянга, мянган уншигчдын өмнөөс баяр хүргэе.

Та монголчуудын хувьд үеийн үед, үрийн үрд дуурсагдах алдар гавьяаны эзэн билээ.

Түүхэн цаг 1967 он Монголын спортын амьдралд чухам ямараар бичигдэж үлдсэнийг “Дэлхийн анхны медальт МОНГОЛ буюу Ж.Мөнхбаттай 1967 он” баримт, судалгааны номоос харж болно.

1967 онд их спорт, тэр дундаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх талаар манай улсын баримталж байсан бодлого, чиглэл, түүнийхээ дагуу гаргасан тогтоол, шийдвэр, гадаад, дотоодын уралдаан тэмцээнүүдэд тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт гаргаж байсан тухай бүхий л баримт, сонин хэвлэлд гарсан мэдээллийг сэтгүүлч миний бие, Д.Отгонбаяр, түүхч С.Туяа нар хамтын бүтээлдээ багтаахыг зорьсон юм. Энэ бүтээл Монголын спортын түүх болоод “Ж.Мөнхбат судлал”-д тодорхой хувь нэмэр болох биз ээ.

Та бүхэнд уг номоос товчлон сонирхуулья.

       *       *       *

 

1967.02.16

Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын ¹4/6 тоот тогтоолоор БНМАУ-ын бөхийн чөлөөт барилдааны дүрмийг баталж, 1967 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэв.

(Үндэсний төв архив. Хөмрөг 309, Данс 1, ХН-479. Хуудас 7)

 

1967.03.19

…Найрамдалт армиудын бөхийн чөлөөт барилдааны уламжлалт III тэмцээний 87 кг-ын жинд зодоглосон Ж.Мөнхбат аваргын төлөөх барилдаанд БНАГУ-ын Х.Зигфридыг оноогоор ялж түрүүлэн алтан медаль хүртлээ.

(“Хөдөлмөр” сонин  1967.3.21 ¹35 /3301/)

 

1967.05.01

Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн даргын ¹74 тоот шийдвэрээр Монгол-Кубын бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийн тамирчдыг тавдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаатай тусгай бэлтгэл цугларалтад гаргав.

(Үндэсний төв архив. Хөмрөг 309, Данс 1, ХН-476. Хуудас 83-84)

 

1967.05.30

…БНМАУ, БНКУ-ын бөхчүүдийн уулзалт тэмцээнээр спортын мастер Ж.Мөнхбат,  Д.Сэрээтэр, I зэргийн тамирчин Б.Намжим, Ц.Нацагдорж нар бэлтгэл дасгал, хүч самбаагаа зөв ашиглаж, үзэгч олныг баярлуулахаар сайн барилдлаа.

(“Хөдөлмөр” сонин  1967.5.30 ¹65 /3331/)

 

1967.06.20

…Улаанбаатар хотын анхдугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд нийгэмлэг, дээд сургууль, үүр, зөвлөлөөс шалгарсан бөхчүүд барилдаж БНМАУ-ын дархан аварга Ж.Мөнхбат түрүүллээ…

(“Улаанбаатарын мэдээ” сонин 1967.06.20 ¹70 /1770/)

 

1967.07.12

…Ардын хувьсгалын яруу алдарт 46 жилийн ойн их баяр наадамд 512 бөх барилдаж дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Х.Баянмөнх үзүүрлэв…

(“Үнэн” сонин. 1967.07.13. ¹194 /10190/)

 

1967.08.31

Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын дундуур бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийн тамирчид оролцох тул тэмцээний бэлтгэлийг хангуулахаар бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийн тамирчдыг Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн даргын ¹160 тоот шийдвэрээр 1967 оны есдүгээр сарын 6-наас арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл 60 хоногийн цугларалтад гаргав.

(Үндэсний төв архив. Хөмрөг-Ф-309. Данс-1. ХН-377. Хуудас-65-66)

 

1967.09.24

Улаанбаатар, Москва хотын бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийнхны нөхөрсөг тэмцээн Спортын төв ордонд болж, БНМАУ-ын спортын мастер Дамдиншарав, Сүхбаатар, Сэрээтэр нар өрсөлдөгчөө оноогоор ялж, спортын мастер Мөнхбат, Баянмөнх, Намжим нар өрсөлдөгчидтэйгөө тэнцэв.

(“Улаанбаатарын мэдээ” 1967.09.26 ¹111 /1811/)

 

1967.11.12-14

Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн XVII тэмцээн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо  болов.

Ж.Мөнхбат I тойрогт 1965 оны дэлхийн аваргын V байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга Б.Баухман (АНУ)-д оноогоор ялагдаж, II тойрогт Шведийн бөх А.Антонсонийг 3:30 минутад цэвэр, III тойрогт ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8:30 минутад мөн цэвэр ялж хүрэл медалийн болзол хангаад Ираны бөх Мажид Аккилид оноогоор дийлдэв.

 

1967.11.21

Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  тогтоолоор 1967 оны дэлхийн ээлжит аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож III байр эзэлсэн Жигжидийн Мөнхбатыг 3000 төгрөгөөр, V байр эзэлсэн Бавуугийн Намжимыг 1500 төгрөгөөр, VI байр эзэлсэн Базарын Сүхбаатарыг 800 төгрөгөөр шагнав.

(Үндэсний төв архив. Хөмрөг-309. Данс-1. ХН-479. Хуудас-99)

 

1967.11.22

Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын ¹15/34 тоот тогтоолоор Олон улсын ба олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараалан амжилттай оролцож спортын өндөр амжилт үзүүлсэн Жигжидийн Мөнхбатад БНМАУ-ын спортын гавьяат мастер цол олгов.

(Үндэсний төв архив. Хөмрөг-309. Данс-1. ХН-479. Хуудас-97)

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө