Тойм:Өнгөрч буй долоо хоногийн онцлох 5 үйл явдал

Т.САЙХАН
Ерөнхийлөгчийн хориг, мөн 2018 оны Төсвийн төсөлтэй холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавьсантай холбогдуулан хүүхдийн мөнгө болон бусад санхүүжилт хүлээлт үүсгээд байсан юм.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон  үйл явдлуудыг  тоймлон хүргэе.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ оны Төсвийн тодотголд хориг тавьсан хоригийг хүлээж авахгүй байх шийдэлд хүрсэн юм. Улмаар байнгын хороод мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар санал нэгдэж асуудлыг чуулганы хуралдаанд орууллаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцсон юм. Ингээд  2017 оны улсын төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд бүхэл нь  тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 85 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино
Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар ажиллана

МҮЭХ-ны XXII Их хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, ирэх дөрвөн жилийн зорилт хөтөлбөрөө баталж, ерөнхийлөгчөө сонгодог.
Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцжээ. Улмаар Их хуралд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улираан ажиллуулахаар сонгосон байна
Сураггүй болсон охин олдоогүй байна
Замын Үүд суманд сураггүй алга болсон найман настай охины эрэл үргэлжилсээр байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал “Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн албадууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гээд “Эрэн хайх ажиллагаа цаг минут тутамд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм. Цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Монгол улсын консулд Замын-Үүдийн  цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулсан бөгөөд Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.
Хүүхдийн мөнгийг нэрийн данс руу нь шилжүүлж эхэллээ

Төсвийн тодотгол хийж энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож  байгаа юм. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-оос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө