Заамарынхан  АМГТГ-ын үүдэнд дахин жагслаа

Ц.БАЯР

Энэ сарын 9-нд  Төв аймгийн  Заамар сумын иргэд  “Алт-2” хөтөлбөрийг эсэргүүцэж  Ашигт малтмал газрын тосны газрын үүдэнд хоёр дахь удаагаа  жагслаа. Засгийн газар эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд  тус аймгийн Заамар сумын нутагт 15.541.08 га талбай газарт ашигт малтмалын олборлолт хийхээр болсон.Гэвч энэ олборлолтыг  Заамар сумын хамгийн үржил  шимтэй нутаг болох Төмстийн багт хийх гэж байгаа нь тус сумын малчдыг малаа бэлчээх бэлчээргүй болгоод байгаа юм. Үүнд дургүйцсэн нутгийн иргэд ашигт малтмалын олборлолт хийх тусгай зөвшөөрлийг цуцлахыг  шаардаж УУХҮЯ болон АМГТГ-т удаа дараа шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл дорвитой хариу өгөөгүй байгаа юм. Иймээс газар дээр нь очиж шаардлагын хариугаа авахаар ийнхүү жагссан юм. Өглөөний 08:30 цагаас эхлэн жагссан тэдэнтэй АМГТГ-ын дарга Д.Баатарцогт  уулзаагүй юм. 11:00 цагт Кадастарын хэлтэсийн дарга Д.Мөнхтамир жагсагчдын төлөөлөлтэй уулзсан юм. Тэрээр ирэх долоо хоногоос Заамар сумын Төмөстий багт  газар дээр нь очиж байдалтай танилцахаар болов. Мөн Төв аймгийн удирдлагууд өнгөрсөн есдүгээр сарын 6-нд АМГТГ-т  15.541.08 га газраас хэсэгхэн газрыг хасч өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн гэж байв. Үүнийг сонсон иргэд “ Арай ч дээ манай дарга нар бүгдийг нь цуцлаад өг гэх юм байж биднийг хуурсан байна” гэж бухимдаж байв. АМГТГ-ын Кадастарын хэлтэсийн дарга Д.Мөнхтамир ирэх долоо хоногоос Заамар сумын Төмөстий багийн нутаг болох Өвөрнаймганд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгосон 15.541.08 га газар хөндөгдөөгүй шинэ газар байна уу, эсвэл өмнө нь ухаж байсан газар байна уу гэдгийг газар дээр нь тогтооно гэв. Нийт 50 гаруй иргэд Заамараас ирж жагссан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө