Хүчирхийллийн эсрэг жагсаал: Цурхирч уйлмаар байна

С.САРУУЛ

Охид, бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал өчигдөр /2017.10.21/ гурван цаг гаруй үргэлжиллээ. Жагсаалд оролцогчид  хүчирхийллийн эсрэг уриа лоозон барьж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаднаас эхлэн 13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудал хүртэл үзэл бодлоо илэрхийлж явсан юм. Жагсаалд 200 гаруй хүн нэгдэж, ээжүүд “Цурхиртал уйлмаар байна”, “Үр хүүхдээсээ ичээч”, “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооход “Төрийн бодлого хэрэгтэй байна” гэх зэргээр уриа лоозон барьжээ.

Ихэвчлэн ээжүүд, эмэгтэйчүүд нэгдсэн хүчирхийллийн эсрэг иргэдийн дуу хоолойгоо өргөх масктай жагсаалыг Лантуун дохио ТББ,  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд уриалан зохион байгуулсан юм. Энэ үеэр  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

“Энэ бол цэвэр ард түмний гомдол, зэвүүцэл, бухимдлаас үүдэлтэй тэмцэл юм.! Өнөөдөр жагсаалд 230 хүн ирсэн байна. Тэд бол 2300 шээр, 23000 лайкаас илүү бодит хүмүүс юм. Жирэмсэн ээжүүд, нялх хүүхдээ тэвэрсэн хүмүүс гурван цаг тасралтгүй алхсан. Харин нөгөө худлаа том том ярьсан, цээжээ дэлдсэн эх орончид хайчсан бэ. Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй баялаг “Хүүхэд”, Монголын ирээдүйн төлөө тэмцэж нэгдэх хүн байна уу ? 13 настай тэр охины амь үнэ цэнэгүй одох ёсгүй. Харин 1300 охиныг аймшигт аюулаас аварсан бодлогын бас нөлөөллийн өөрчилөлт болох учиртай. Юм дөнгөж эхлэж байна. Одоо бидэнд “Амжилт” өшөө мундаг тэмцээрэй, өшөө сайн зүтгээрэй би эндээс коммент бичээд сууж байя гэх биш харин чадах чадахаараа нэг хүн ч хамаагүй, нэг цаг ч хамаагүй хамтдаа тэмцье, зүтгэе гэдэг хандлага хэрэгтэй байна” гэлээ.

  

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө