“Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа

М.БААСАНДЭЛГЭР

БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үнэдэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соелд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь”  сэдэвт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Энэхүү уулзалтад БСШУСЯ-ны соёл урлагийн бодлогын газрын дарга Г.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, мөн 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.  Уулзалтыг зохион байгуулагч СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс “Анх 2015 онд соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, эрх зүйн баримт бичигтэй болсон. Түүний ачаар хэнд хандаж, юу хийх талаар гаргалгаа гарч ирсэн. Жишээ нь энэ хөтөлбөрийг орон нутагт яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Угсаатны бүлгийн соёлын өвөрмөц хэв шинжтэй уяалдуулж, хөгжлийн бодлогын тодорхойлох шаардлагатай. Манай улсын хувьд аймгийн төв бүрт номын сан, музей, театр, соёлын төв байдаг. Гэхдээ орчин үеийн менежмент, арга хэлбэрээр хөгжүүлэх эрх зүйн бодлогын шийдэл хэрэгтэй байгаа” гэсэн юм. Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Уулзалтын үеэр Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дуу хөгжим, урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Октябрь “ Манай аймаг 19 сумтай. Сум бүрт соёлын төв үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол соёл урлагийн газар нь нэг мэргэжилтэнтэй. Соёлын биет бус өвийг өвлөн тээгч 380 хүн байдаг. Өвлөн тээгчидтэйгээ ойр байж, хамтран ажиллахыг хичээдэг. Одоогийн байдлаар манай аймгийн “Шанаган хуур” гэх өв устан алга болох эрсдэлтэй байгаа. Түүнийг хамгаалах, сэргээн авч үлдэх ажил хийгдэж байна. Аймаг, сумдуудад соёлын салбар орхигдоод байгаа дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө