Шинэ  сайдуудын цахим хуудсаар сонин юу байна вэ?

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /10.19/ сайд нарыг томиллоо.   Ажилдаа орсон сайд нарт хамгийн түрүүнд баяр хүргэсэн эрхмүүдийг онцлон хүргэж байна.  Сайдуудын цахим хуудас баяр хүргэсэн, итгэл хүлээлгэсэн үгсээр дүүрчээ.

Сангийн сайдын зочид

Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарт нутгийн ах нар нь баяр хүргэхээр иржээ.  Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “ Хүндэт ах Сангийн сайд асан Молом ах өрөөнд минь ирлээ. Доктор Жамбалсүрэн ах ч бас ирсэн. 90 настай Молом гуайг ирснийг дуулаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань өрөөнд ирж сэтгэлийн үгээ хэлж баяр хүргэлээ. Дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа” гэжээ.

Хамгийн түрүүнд аавдаа очжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын чуулганы дараа  шууд аавынхаа гэрт очжээ.  Энэ талаар сайдын дүү Их аварга Д.Дагвадорж  жиргэсэн байна.  Тэрээр “Ах маань шууд аавдаа ирж үнсүүллээ. Аав минь улс орныхоо төлөө шударгаар ажиллаарай хэмээн захив” гэжээ.

Тамгаа гардан авлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр /10.20/ өглөө ажлаа авлаа. Бусад салбараас ялгаатай нь цэргийн жагсаал, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх гээд сайдын тамгаа авахыг өмнө нэлээд үйл ажиллагаа болдог. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцжээ.

Баян-Өлгий аймгаас 21 жилийн дараа сайд төрлөө

Х.Баделханы цахим хуудас баяр хүргэсэн мэндчилгээнд дарагджээ.  Тэрээр Баян-Өлгий аймгаас 21 жилийн дараа төрсөн байсан юм байна.  Энэ талаар  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле  “Баян-Өлгий аймгаас 21 жилийн дараа сайд төрлөө. УИХ-ын гишүүн Х. Бадeлхаан БХБЯ-ыг удирдахаар болов. Танд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсьe. Энэ салбарыг 20 жил удирдсан О. Тлeйхан сайд миний ах юм” хэмээн баяр хүргэсэн нь онцлог байв.

 

Тамгаа гардан авлаа

Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ. Тэрээр цахим хуудаснаа  “Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. m
Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн салбарын хамт олон өндөр үр бүтээлтэй ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарч, салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн сайд Д.Ганбат болон яамны албан хаагчиддаа баяр хүргэе.
Цаашид та бүхэнтэй хамтарч, эдийн засагт чухал ач холбогдол бүхий зам, тээврийн сүлжээг өргөтгөн шинэчлэл хийх, хөгжлийг улам дээш өргөх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө