Өрхийн санхүүг нэмэгдүүлэх бодлого чухал

Ц.БАЯР

Өрхийн санхүү ирээдүйд хэрхэн сайжирах вэ гэдэгт хүлээлт их байна. Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч өндийсөн ч иргэдийн амьдралд бодитоор нөлөөлсөн нь бага. Өөрөөр хэлбэл таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний борлуулалт  зарж буй  бараа гүйлгээ сайтай байсанаар эдийн засаг өсөөгүй. Нүүрсний экспортоос л эдийн засаг сэргэсэн гээд байгаа юм. Нэмүү өртөг шингээж бүтээсэн баялаг, бодит эдийн засгийг дэмждэг учиртай. Хэрэглэгчид ойрын зургаа болон нэг жилийн хугацаанд эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт өнгөрсөн онд 97.3 хувьтай байсан. Харин  энэ оны II улирлын байдлаар хэрэглэгчийн эдийн засгийн эерэг байдалд итгэх итгэлийн индекс  70.7 хувиар буурчээ. Итгэл алдагдах шалтгаан нь бизнесийн нөхцөл муудсан, иргэдийн гар дээр авч байгаа цалин нэмэгдээгүй барилгын салбар дахь ажлын байр 16.7 мянгаар буурсан зэргээс хамаарч байгаа юм байна.

Энэ нь бодлого боловсруулагчдын  одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд бодит байдалд нийцэхгүй байна гэсэн дохио.Тиймээс бодлого боловсруулагчид  судалгааны байгууллагуудын гаргасан судалгаа, судлаач эдийн засагчдын байр суурийг анхааралдаа авч өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн эдийн засагч Ц.Даваадорж хэлж байна. Өрхүүдээс ирэх зургаан  сараас нэг жилийн  хугацаанд цалин болон бусад орлого нэмэгдвэл  орон сууц, гэр, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө , автомашин,цахилгаан бараа худалдан авч аялал жуулчлалаар хаа нэг тийшээ явна гээд тооцоолсон байлаа гэхэд мэдээж  цалин нэмэгдээгүй, орлого өсөөгүй тохиолдолд эдгээр мөрөөдөл биелэхгүй. Нийслэл хөдөө орон нутгийн  2000 өрхөөс энэ оны II улиралд судалгаа авахад өрхийн санхүүгийн байдал өмнөхөөс муудсан гэж 26 хувь нь үзэж байхад 11.3 хувь нь сайжирсан гэж хариулжээ. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 4.8 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 9.8 пунктээр буурсан байжээ. Мөн өнөөдөр удаан эдэлгээтэй телевизор,авто машин, тавилга худалдаж авахад  тохиромжгүй үе гэж судалгаанд оролцогчдын 62.3 хувь нь үзэж байхад 13.7 хувь нь тохиромжтой гэжээ.

Тэгэхээр хүмүүст томоохон зүйл худалдаж авах бизнесийн салбараа дэмжих, боломж нөөц байхгүйг илтгэж байна.Нөгөө талаар банкны хүү буурах эсэхэд хүлээлт байсаар байна. Харин Монголбанк бодлогын хүүгээ буулгахгүй хэвээр хадгалж байгаа нь  мөнгөн хөрөнгийн дутагдал  бий болгож гар дээр эргэлдэх бэлэн мөнгө хомс байна. Сүүлийн хоёр улиралд төгрөгийн хадгаламж  нэмэгдэж харин  валютын  хадгаламж багассан байна. Тэгэхээр хадгаламж нэмэгдсэн нь хөрөнгө оруулалт, зах зээлийн нөхцөл муу байгааг харуулж байна. Хүн ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж эхэлбэл зах зээлд  хөрөнгө оруулж эхэлдэг. Түүнээс биш ашиггүй  зүйлд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс банкинд хадгалуулах нь ашигтай байна. Бодит байдал дээр хадгаламжын хүү , бодлогын хүүны  босготой ижил төвшинд байгаа нь  банкинд мөнгөө хадгалуулах сонирхлыг нэмэгдүүлсээр байна. Гэвч энэ байдал нь эдийн засагт бодит өсөлт авчирахгүй байгаа юм.  Энэ тухай МУИС-ийн судлаачдын хийсэн “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал 2017 ” судалгаанд дурьдсан байна. Өрхийн хэрэглээний шийдвэрт байнгийн буюу насан туршийн орлого нөлөөлдөг.Түр зуурын орлогын өсөлт нь хэрэглээнд нөлөөлөхгүй. Улс орны эдийн засагч мөн ялгаагүй. Шууд хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг зүгээр тарааж өгөх юм бол өрхийн бодит орлогод төдийлөн нөлөөлөхгүй гэж эдийн засагч Алтанцэцэг хэлсэн. Эдийн засгийн бодлого тогворгүй, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж макро төвшинд сайнаар нөлөөлөхгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бодлого улс төрийн өмнө явж байж өрхийн санхүүг сайжруулах бодит байдалд нийцэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө