Ц.Цогзолмаа, Х.Баделхан нарыг дэмжлээ

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр /10.19/ долоон сайдын асуудлыг хэлэлцэн батална. Одоогоор  Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан,  БСШУС-ын сайдад  Ц.Цогзолмаа нарыг хэлэлцэн томилоод байна.  Тэд УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Хотыг нүүлгэх асуудлыг дэмжинэ

-Улаанбаатар хотод төвлөрөл маш их байна. Бид хотдоо багтахаа больсон. Казахстан улс мөн л ингэж хотоо нүүлгэсэн. Эхэндээ маш их шүүмжлэл дагуулж байсан. Гэхдээ одоо бол том хот сүндэрлэн босож, гадаадаас хөрөнгө оруулалт ихээр татсан байна. Тиймээс миний хувьд ч гэсэн нүүлгэхийг дэмждэг. Одоо хэрэгжүүлж байгаа хонгилын системийн төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хотын ерөнхий төлөвлөгөөний асуудлыг бид анхаарч ажиллана. Барилгын зураг төсөл хийхдээ хүүхдийн талбайтай байх ёстой. Зарим нэг сургууль, цэцэрлэг барихад газар олдохгүй асуудал байдаг юм байна гэлээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Ерөнхий боловсролын сургууль ТУРШИЛТЫН орчин байж болохгүй

-Сурах бичгийн асуудлыг шийдэх тал дээр бодитой хандах болно. Хүүхэд бүхэнд сурах бичиг нь хүртээмжтэй байх ёстой. Боловсролын яам боловсролдоо анхаарах нь хамгийн чухал учраас аж ахуйн асуудалд хэт их оролцож байгаа асуудлыг цэгцлэх ажлыг хийнэ. Багш нараа дахин сургах тал дээр ч онцгойлон анхаарна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй 10 мянган хүүхэд байна. Мөн Олон улсын стандартын дагуу судалгаа шинжилгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдөр 8000 орчим хүүхэд тусгай сургууль суралцаж байна. Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Хүүхдүүдийг ядрааж, багш нарт төвөг удаж байгаа учраас сайн туршлагыг нь Монголын уламжлалтай хоршуулан нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал мөн яригдаж байгаа. Үндсэн цалинг нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас багш нарын нэмэгдэл орлогын асуудлыг шийдэж байж болно.

 Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө