УИХ-ын чуулганы сөрөг ишлэлүүд

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн /10.18/ нэгдсэн хуралдаанаар  үндсэн чиг үүргийн найман сайдыг томиллоо. Энэ үеэр гишүүдийн хэлсэн сөрөг ишлэлүүдийг хүргэж байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшинд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ та байна. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та “надад шинэ засгаас долоох юм алга” гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа “Нөхцөл байдал өөр болсон” гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь.

Та улстөрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Ааваар нь дүгнэлт өгвөл яана. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш дээ. Та Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэх юм. Шантаажилсан, улстөрийн наймаа тохироо хийсэн шдээ та. Хэдий болтол нүүр нүүрээ харж бие биенээ хуурах юм. Ингэж явсаар байвал бид засрахгүй. Шулуухан хэлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг хүсч л байгаа юм бол. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

 

ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатарт

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Уг нь гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн хүнийг дэмжмээр байна. Гэвч давхар дээлтэй болохоор их хэцүү юм. Уг нь Үндсэн хуулийн асуудлаа шийдээд явж байсан илүү хэрэгтэй баймаар.Англи, Америкийн жишиг яриад байдаг. Тэдэн шиг хөгжиж байж бид жишгийг нь дагамаар байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ах нартаа бялдагнаад яваад байсан бол Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болох байлаа. Н.Цэрэнбат аа, чи ойлгож байна л гэж хэлэх. Сайд хийх амар биш шүү. Шийдэх олон асуудал байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Амжилт хүсье. Монголын зовлон Оюутолгойгоос эхэлсэн. Энэнд Ч.Хүрэлбаатар оролцсон нь үнэн. Өөрөө ч хэллээ. Яагаад дөрвөн оролцогч гарын үсэг зурсан юм бэ. Оффшортой холбоотой хоёр Нидерланд компани байгаа. Энэ ямар учиртай юм бэ.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Би их олон зүйл дээр танаас зарчим суралцаж, суралцсаар ч байна. Засгийн газар огцруулахад гарын үсэг зурсан нэг ч хүн сайд болох ёсгүй гэсэн зарчим та ярьж байсан. Энэ зарчим хаана байна вэ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Нямдорж гишүүнийг хувийн өмчийн эсрэг, хувь хүний эсрэг ярьдаг. Бид ардчилсан улсын ард түмэн. Хүрэлсүхийн засгийн газарт та түшиг болно гэдгийг мэдэж байна. Та гэхдээ энэ Засгийн газрыг хүчирхийллийн засгийн газар луу битгий оруулчихаарай. Өнөөдрийн нөхцөлд хувийн бизнес, үндэсний компаний дэмжихгүй бол үзэл бодлын эсэрг гээд бүгдийг нь шалгана гэвэл наадх чинь буруу. Та сая энэ танхимд сууж байгаа хүмүүс луйврын асуудлаа зогсоо.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө