Хөгжмийн боловсрол хэрэгтэй юү?

Ч.ГАНТУЛГА,

Б.ЭРДЭНЭТУЯА

АМЕРИКИЙН ДӨРВӨН МУЖ ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙНХЭЭ ЦАГИЙГ НЭМЖЭЭ

Монголчууд хөгжимд дуртай ард түмэн. Хөлд орох наснаасаа “Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё” гэж аялсаар хүн болдог билээ. Чингис хаан морин хуураа дээдлэн шүтэж, хоймортоо залдаг байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бий. Дэлхийн талыг морин дэл дээрээс эзэлж явсан энэ эрхэм хүмүүн ч дуу хөгжимд дуртай байж. Дэлхий даяаршиж байна. Нийгэм өөрчлөгдөн, хялбарчилсан технологийн дэвшил хурдацтай өрнөж байгаа нь үнэн. Үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа салбар бол хөгжим юм. Хөгжим зөвхөн дуу хуур төдийхнөөр хэмжигдэхгүй. ЕБС-ийн суурь хичээлийн хөтөлбөрт багтаж, сурган хүмүүжүүлэх үйлсийн нэгэн түүчээ болсоор уджээ. Тэгвэл хөгжмийн боловсрол хүүхдэд ямар хэрэгтэй вэ. Зарим эцэг эх энэ хичээлийн оронд тоо бодоод суух нь ирээдүйд нь хэрэгтэй гэж бодож байж болох. Гэвч XXI зууны хүүхдийн боловсролд хамгийн хэрэгтэй хичээл нь “Хөгжмийн боловсрол” гэж Америкийн боловсрол судлаач Девид Брэйк өөрийн судалгааныхаа ажилд бичжээ. Тэрээр “XXI зуун бидэнд гайхамшгийг бэлэглэж байна. Энэ зуунд төрсөн хүүхдүүд хөгжмийн асар их мэдрэмжтэй юм. Тиймээс суурь боловсролыг нь хөгжмөөр хөгжүүлбэл тэдний оюуны чадамж илүү хөгжинө. Энэ үр дүнг 20 жилийн ажлын туршлага, судалгаандаа үндэслэн баталж байна” гэжээ. Судлаачийн энэ үндэслэлийг Америкийн боловсролын салбар сайшааж, Засгийн газрын хэмжээнд авч үзсэний хүчинд Одоогоор Америкийн дөрвөн муж хөгжмийн боловсролын хичээлийн цагаа хоёр цагаар нэмжээ. Харин хөгжмийн хичээлийг агуулгаар нь өөрчлөхийн тулд олон талт судалгааг өрнүүлж байгаа юм байна. Чикаго хотын бага сургууль зөвхөн дуу заахаас гадна хөгжим гэж юү болох, урсгал бүрийн ялгаанаас гадна сурагчдын хичээлийн эхний 20 минутыг сонгодог хөгжим сонсоход зориулдаг юм байна. Хөгжим сонссоны дараа хүүхдүүд сонгодгоос авсан мэдрэмжийнхээ тухай ярилцдаг уламжлалтай. Хөгжмийн  хичээлийн цагийг нэмж, өдөр бүрийн эхний цагт оруулснаар хичээлээ дуу хөгжмөөр эхэлсэн хүүхдүүд тэр өдрийн турш сэргэлэн цовоо байгааг ажиглажээ.

 

УРЛАГААР ХҮМҮҮЖСЭН ХҮҮХЭД ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БОЛДОГ

Нэг үеэ бодвол эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд харьцангуй анхаардаг болж. Хүүх­дийнхээ юу сонирхож, хаашаа тэмүүлж байгааг нь анхааралтай сонсдог болсон үе. Тиймээс ч хөгжмийн сургууль олноор үүдээ нээж, элсэгч ихтэй байна. Тэгвэл хөгжмийн боловсрол монгол хүүхдэд ямар тустай вэ.  Хөгжим бүжгийн консерваторийн төгөлдөр хуурын багш Г.Занаа “Хүүхдийн хүмүүжилд хөгжмийн боловсрол их нөлөөтэй. Эхэндээ хүүхдүүд эрхэлнэ. Залхуураад, тэвчээргүй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүнтэй зөв зохистой мэндлэх гээд цаанаасаа соёлжоод нэг л эрхэмсэг, дөлгөөн болдог. Хөгжим өөрөө ийм чадалтай. Одоо үед техник, технологи хөгжихийн хэрээр хүүхдүүд түүнд автаж байна. Үүний сөрөг үр дагавар ааш зангаас нь илэрдэг. Тэвчээргүй, уцаартай болно. Урлагаар хүмүүжсэн хүүхэд соёлтой, боловсон, биеэ авч яваа нь хүртэл эмх цэгцтэй, бусдаас илүү тэвчээртэй байдаг. Урлагийн нэг том ололт нь тухайн хүүхдийг тэвчээртэй, соёлтой болгох. Дөнгөж хэлд орж буй хүүхэд “Маамуу нааш ир” дууны аяыг нэг сар сурдаг гэхээр урт хугацаа байгаа биз. Энэ хугацаа хүүхдийн тэвчээрийн үр дүн юм” гэв. Хүүхдийг дөрөв, таван настайгаас нь хөгжмөөр хичээллүүлбэл тохиромжтой гэнэ. Харин үлээвэр хөгжмийн багш Р.Тунгалаг “Хүүхэд хөгжим тоглож, түүнийг амьдралынхаа нэг болгосноор өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Учир нь хүүхэд томорсон хойноо урлагаар хоолоо олж болно. Мөн соёл, бие даасан байдал, зөв хүн болоход хөгжим хамгийн нөлөөтэй. Хөгжим тоглодог, урлагийг ойлгодог хүмүүсийг муу байхыг,  буруу төлөвшилтэй болохыг би хараагүй. Тиймээс хүүхдийг зөв хүмүүжүүлж, тэвчээртэй болгоё гэвэл урлагт дурлуул” гэлээ. Дуу хөгжмийн хичээл өвөрмөц шинж чанартай. Түүнийг хийсвэрлэн дүрсэлж, сонсч, мэдэрч болдог. Хөгжмийн хичээл бүр өөр хоорондоо харилцан адилгүй давтагдашгүй шинжийг хадгалсан байх ёстой. Ялангуяа, орчин үеийн хөгжмийн хичээл нь хөгжмийн үйл ажиллагааны иж бүрэн төрлийг хамарсан, хүүхдийн сэтгэл зүрхэнд гүнзгий ул мөр үлдээхүйц байх хэрэгтэй.

 

ДУУ ЦЭЭЖЛҮҮЛЭХ НЬ ХОЦРОГДСОН АРГА

Монголд энэ хичээл ямар хөтөлбөртэй явдаг вэ. ЕБС-иуд ихэвчлэн бага ангидаа л хөгжмийн хичээлийг үздэг. Гэхдээ долоо хоногт нэг, зарим сургуульд хоёр цаг ордог учир тийм ч хүртээлтэй биш. Учир нь энэ цагт нотны хичээл болон шинэ дуу заах, цээжлүүлэх төдийхнөөр хэмжигдэж байна. Үүний оронд дэлхийн жишгийг дагаж дэлхийн шилдэг бүтээлүүдээс сонсгох, хүүхдүүдэд төрсөн сэтгэгдлийг яриулах, хөгжим амьдралд нь ямар хэрэгтэй болохыг ойлгуулах нь чухал юм. Энэ тухай “Нахиа” бага сургуулийн дуу хөгжмийн багш С.Ганзул “Дуу цээжлүүлэх нь хоцрогдсон арга. Тиймээс эхлээд хүүхдийг сонсгож сургах шаарлагатай. Хөгжмийг мэдэрч, сонсч сурсан хүүхэд дуу хөгжмийн хичээлийг илүү бодитоор хүлээж авдаг. Аль ч сургуульд дуу хөгжмийн хичээлийг заах цаг харьцангуй бага байна. Зөвхөн бага болон зарим дунд ангид орох төдийхөн. Ахлах ангид хаагдчихдаг. Мөн чанартаа ахлах ангийнханд л түлхүү ормоор байх юм. Учир нь дөнгөж шилжилтийн насандаа явж буй хүүхдүүдийн төлөвшилд энэ хичээл чухал ач холбогдолтой. Дэлхийн жишиг ч тийм байдаг” гэв.

 

И.С.БАХЫН БҮТЭЭЛ ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙД ИЛҮҮ ТОХИРДОГ

Хүүхдээ хөгжмийн боловсролтой болгоно гээд ямар ч хамаагүй хөгжмийн урсгалд дурлуулж болохгүй. Учир нь хүүхдийн нас болон хөгжмийн мэдлэгт нь тохирсон бүтээлийг сонсгох ёстой юм байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Чинбат “Дөнгөж хөгжмийг ойлгохоор тэмүүлж буй хүүхдүүдэд И.С.Бахын хөгжмүүд илүү тохирдог. Хүнд биш хөнгөн аязыг илэрхийлсэн, сонирхолтой бүтээлээс хүүхэд уйдахгүй. Мөн А.Вивальди, Н.Мендельсоны концертуудаас эхэлбэл зүгээр. Ялангуяа, хөгжмийн мэргэжлийн боловсрол олгох бол тоглох зохиолыг нь дахин дахин сонсгох, сайн ойлгуулах нь чухал. Мэргэжлийн хөгжимчин болохгүй ч хөгжмийн зохих төвшний боловсролтой болгох гэж байгаа бол мөн л сонсгохоос эхэлсэн нь зөв” гэсэн юм. Харин хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ “Дэлхий дээр олон төрлийн хөгжмийн урсгал бий. Үүнээс оргил нь сонгодог хөгжим гэж би боддог. Сонгодог өөрөө эхлэл, төгсгөл, өрнөлттэй. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй том хүмүүс ойлгоод сонсоход хувь хүний төлөвшилд олон зүйл өгнө. Мөн ажлын ачаалалтай, ядарсан үед 10 минут хөгжим сонсоход тархи амардаг” гэсэн юм. Тэрээр цааш нь “Хөгжим хүүхдийн өнчин тархинд эерэгээр нөлөөлдөг” гэв. Үүнээс харахад хөгжмийн боловсрол хүүхдийн хүмүүжилд ямар хэрэгтэй нь харагдаж байна. Тиймээс хүүхдийг зөвхөн математикийн хичээлээр шахахаас зайлсхийж, эхлээд зөв, соёлтой, тэвчээртэй хүн болгож төлөвшүүлэхийн тулд хөгжмийн боловсролд нь анхаарал хандуулцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө