“Утга зохиолын судлал шинжлэл” цуврал номын нээлт боллоо

Ш.ОЮУНЖАРГАЛ

“Утга зохиолын судлал шинжлэл” цуврал дөрвөн номын нээлт боллоо. Тодруулбал “Михиал Бахтин”, “Артур Шопенгуаэр”, “Ролан Барт” зэрэг дэлхийн алдартай зохиолчдын амьдрал уран бүтээл, зохиолын дээжсийг нэг жилийн хугацаанд эмхтгэн цуврал ном болгон гаргасан байна. Номыг МУБИС-ийн багш Ж.Отгонбаяр, философич Л.Будгал, Н.Пүрэвдагва нар орчуулж, Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджав ерөнхий редактороор нь ажиллажээ. Номын нээлтэд Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким,зохиолч Л.Нямаа, ШУА-ийн захирал Г.Билгүүдэй, болон МУБИС-ийн багш С.Хөвсгөл, Ж.Отгонбаяр, философич Л.Будгал, СУИС-ийн багш Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч М.Шийрэв, Монголын зохиолчдын холбооны шүүмж судлалын эрхлэгч зохиолч П.Батхуяг, хэл шинжлэлийн ухааны доктор яруу найрагч Б.Магсаржав гэсэн албаны хүмүүс оролцсон юм.  До.Цэнджав “Өнгөрсөн жилээс бидний хэдэн хүн “Утга зохиол судлал шинжлэл”-ийн цуврал ном гаргаж  эхэлсэн. Энэ нь зөвхөн уншигч биш зохиолч, судлаач, дунд сургуулийн сурагчдаас эхлээд их, дээд сургуулийн оюутнууд гарын авлага болгон ашиглаж болохоор шинэ үзэл санааг агуулсан бүтээл” гэв. Харин зохиолч Л.Нямаа “Энэ ном нь дэлхийн утга зохиолыг зөв таниулах судалгааны бүтээл юм. Манай судлал шүүмжлэлийн төвшин дэлхийн төвшинд хүрэхэд энэ цуврал их тус болно гэж бодож байна. Бид үйл явдал хөөгөөд зөвхөн дүрийн тухай яриад байдаг. Гэтэл зохиолын агуулга, зохиолчийн сэтгэлгээ, дүрүүдийн логик яаж хөгжиж байна вэ. Цаана нь ямар утга санаа байна вэ зэрэг гүн ухааны талаас нь авч үзэх нь чухал. Эдгээр цуврал нь энэ сэдвийг хөндсөнөөрөө онцлог” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө