Золиослогдсон ирээдүй

Ч.ҮЛ-ОЛДОХ

Саяхандаа АНУ-ын Индиана мужид нэг эмэгтэй шуудангаас сонин аваад буцаж яваа хоёр охиныг хараад сэжигтэй санагдсан тул  дуудлага өгснөөр  тэднийг хүчирхийллээс  аврав. Охидын үс тослогтсон,  турж эцсэн байдал нь анхаарал татсаныг тэр  эмэгтэй хэлжээ. Цагдаа мэдээллийн мөрөөр шалгаж, охид олон жил гэрийн хорионд байж, нийгмээс тусгаарлагдаж,  хоол тэжээлийн дутагдалд орсон байсныг илрүүлжээ.

Тэгвэл үүнээс сар гаруйн өмнө Монголын нийслэл Улаанбаатар хотод 13-хан настай М охиныг 2-3 залуу зочид буудалд авч орж  хүчирхийлэн амь насыг нь хохироов. Тэд охинд хүчээр архи цутгаж, ёс бус авирласан гэх мэдээллүүд зарим хэвлэлээр  гарав.  Хэрэв Баянзүрх дүүргийн XXI  хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Очир төв” ХХК-ийн зочид буудлын ресепшн, үйлчлэгч нар  жаахан охин дагуулсан залуус сэжигтэй санагдаж, цагдаад дуудлага өгсөн бол… Өрөөнд гарч буй дуу чимээг анзаарч  араас нь хяналт тавьсан бол… хэрэг илэрч охин аврагдах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Тэд нийгмийн хариуцлагаа ч, иргэний үүргээ ч  биелүүлсэнгүй.

 

ХЭРГИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЭХ ЯМАР ЗОРИЛГО БАЙВ?

Манай улс “Хүүхэд бидний жаргалант ирээдүй” хэмээн тунхагладаг,  рок, попын одууд маань “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” хэмээн уриалан дуулдаг. Ер нь хүүхдийн төлөө гэсэн нэртэй төрийн болон төрийн бус байгууллагынхаа тоогоор манай улс дэлхийд дээгүүр байрт орох байх. Даанч бодит амьдрал, амлалт, уриа хоёрын хооронд алд дэлмээр  хэмжигдэхгүй   зайтай аж. Тэдний нэг нь ч өнөө хүртэл дуугарсангүй. Насанд хүрээгүй хүүхдийг  хүчирхийлсэн, амь насыг хохироосон жигшүүрт хэрэг ховор тохиолддог. Нийгмийг сэрхийлгэсэн аймшигт хэрэгт  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хэвлэлийн хурал дээр дурдсаныг эс тооцвол Их хуралд сууж буй нэг ч эмэгтэй гишүүн, эрх баригч намын төлөөлөл анхаарал хандуулсангүй. Гаж  донтнууд охид, эмэгтэйчүүдийг хүчиндэх, улмаар амь насыг нь хохироох  ердийн үзэгдэл юм гэж үү. Нийгмийн дуу хоолой болж, хохирсон, ядарсан иргэдийнхээ индэр болж байх ёстой хэвлэл, мэдээллийнхэн, үзэг нэгтнүүд маань  ч хэт өрөөсгөл, сенсац хөөсөн байдлаар  хандав. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад нэг бус цахим сайт, зарим сонин “13 настай охин архины хордлогоор нас барсан”,  “Биед нь ямар ч шарх сорви байгаагүй”,  түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн насыг дарж “18-20 настай залуус байжээ”, “Хүүхэд нэгийгээ алсан хэрэг” гэхчлэн  худал мэдээлэл цацав.  Бид хүүхдүүддээ, ирээдүйдээ ингэж л хандаж байна. Гаж донтнуудын золиос болж, эцэст нь амь насаа хүртэл алдчихаад байгаа бяцхан үрсээ бид хайрлаж, хамгаалж чадаагүй атлаа үхсэн хойно нь яагаад яллах ёстой гэж. Аливаа  гэмт хэргийн хохирогчийн, эсвэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэн нэгний хувь заяа үзэг барьсан хэн нэг сэтгүүлчийн дур зоргоор шийдэгдэх бус зөвхөн шүүх л үнэнийг тогтоох учиртай баймаар.  Сэтгүүлчид  сэрэмжлүүлэх учиртай. Үнэнийг мэдээлэх үүрэгтэй билээ.

Өнөөдөр талийгаач охины 49 хоног. Тэрээр Нийслэлийн хошой тэргүүний 33 дугаар сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангид сурдаг, сургуулийнхааЭгшиглэнхамтлагийн дуучин, олон улсын уралдаан тэмцээнээс ардын дууны төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж байжээ.

 

ХҮЧИНГИЙН ХЭРЭГ  БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ӨСЧЭЭ

Хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс тодруулахад “Мэдээлэл задарч цахим хуудсуудаар элдэв зүйл гарсан учир Ерөнхий газар анхааралдаа авсан. Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа гэдгээс өөр   мэдээлэл өгсөнгүй. Харин тус газар  “Хэрэг мөрдөн шалгах явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Саяхныг болтол гадуур байцаагдсан гэмт хэрэгтнүүдийг саяхнаас тусгаарлаж хорьсон сурагтай. Хэрэг гарсан Баянзүрх дүүрэг хүн ам олонтой, тэр хэрээр  гэмт хэргийн гаралт их байдаг. 2016 онд 2944 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 1835 хэрэг бүртгэгджээ. Үүнээс  851-ийг нь  тус дүүргийн Цагдаагийн II хэлтэс илрүүлж шалгасан байна. Тэр дотроос онц хүнд гэмт хэрэг 2016 онд 37 байсан бол 2017 онд 31 бүртгэгджээ. Хүчингийн гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт 2016 онд 12  байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 31 болж өсчээ. Үүний 11 нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст  харъяалагддаг  нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.

 

ТАЛИЙГААЧ ОХИН ХЭН БАЙВ?

Талийгаач охины  49 хоног  нь  өнөөдөр.  Учраа мэдэхгүй гуравхан настай дүү нь зул, зураг хоёр үлдээгээд явчихсан эгчийгээ нэхэн уйлж, аав, ээж, эмээ, өвөө нь дүүрэн гуниг, хугас нойртой сууцгааж байна. Охиныхоо 21 хоног дээр Асрамжийн газрын хүүхдүүдэд хүнс хүргэж өгсөн ар гэрийнхэн нь өнөөдөр дахиад л тийшээ явна. Тэд охиндоо жилд  зарцуулдаг байсан мөнгөө цаашид Асрамжийн газрын дансанд хийж байхаар болсон гэнэ лээ.

Сурвалжлагыг бичих зуур түүний  сурч байсан сургууль, хичээлдээ ирж очдог байсан замаар явж, завсарлагаанаар цай  уудаг байсан  кафед орж өдрийн тал явлаа. Багш нарынх нь  сэтгэгдлийг нь сонсов. М охин  Нийслэлийн хошой Тэргүүний 33 дугаар сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангид сурдаг байж. Хичээлдээ идэвхтэй, даруу томоотой, хүмүүжил сайтай,  хөөрхөн дуулдаг, урлагийн авьяастай, найз нөхөддөө нэр хүндтэй  байсан. Ангийнхаа урдаа барьдаг гоцлол дуучин, сургуулийнхаа “Эгшиглэн” хамтлагийн гишүүн байсан.  Ардын дууны төрлөөр  сургуулийн урлагийн үзлэг, улсын болоод  олон улсын тэмцээн, уралдаанд орж алт, мөнгөн медаль хүртэж байсан. Багш нарынхаа төдийгүй, найз нөхдийнхөө хүндлэлийг хүлээсэн  нийтэч хүүхэд байсныг Дуу хөгжмийн багш Т.Сарантунгалаг, Мэдээлэл зүйн багш Б.Нямсүрэн, ангийн багш Р.Болормаа,  1-5 ангийнх нь  багш  Г.Галбадрах   нар ярьж байна.  Охины өвөөгийнх нь гурван үеийн дуучин байсан. Аав нь морин хуур тоглодог, Соёлын тэргүүний ажилтан, чөлөөт уран бүтээлч бөгөөд  33 дугаар сургуулийн төгсөгч. М охин нас барахаасаа өмнө уртын дуу дуулж сурна хэмээн ярьж байсан   гэдгийг найзууд нь хэлж байсан юм.

Цаашид урлагийн замаар явсан бол нэр алдартай дуучин болох ирээдүйтэй   ирээдүйн од,   овог өөр, очдог гэр нь өөр ч эмээ, өвөөгийн хүүхэд болсон айлын том охин бидний дунд өнөөдөр алга. 33 дугаар сургуулийн удирдлага,  хамт олон, багш нар  нэг сурагчаа цаг бусаар алдсандаа харамсч аймшигт хэргээс хойш  бага ангийнхан, эцэг эхчүүдийн дунд “Гараас гарт” аян зохион байгуулж байгааг сургуулийн нийгмийн ажилтан С.Цэнд хэллээ. Мөн тэрээр бусад эцэг эхчүүдэд ч гэсэн  хүүхдээ анхаарч, болзошгүй аюулаас  сэрэмжлүүлж байхыг  манай сониноор дамжуулан хэлэхийг хүссэн юм. Бяцхан үрс, Монголын минь  ирээдүй болсон охид гаж донтнуудын золиос биш ээ, охидоо хаана нуух вэ?

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө