Шүүгчтэй холбоотой 100 гаруй гомдол бүртгэгджээ

Ш.ОЮУНЖАРГАЛ

Шүүхийн ёс зүйн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан “Шүүгчийн ёс зүй ба сахилга” Олон улсын бага хуралыг зохион байгууллаа. Тус хурал нь Монголд шүүгчийн ёс зүйн сахилга  хариуцлагын чиглэлээр хийгдэж байгаа анхны Бага хурал юм.  Энэ хуралд “Шүүгчийн ёс зүйн чиглэлийн судалгааны талаар Япон, Канад, Германы эрдэмтэд илтгэл тавьж танилцуулсан юм. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга  Н.Ганбаатар хэлэхдээ  “Азийн сантай хамтарсан ажлын энэ хүрээнд шүүхийн үйлчилгээг нээлттэй ил тод соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон зорилт хэрэгжүүлж байгаа. Шүүгчийн ёс зүйн чиглэлээр гарсан шийдвэрүүдийг өмнө нь эмхтгэж байгаагүй. Тийм учраас энэ онд шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотойгоор гарсан шүүхийн ёс зүйн хорооны магадлал, захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн тогтоолыг эмхтгэж ном болгон гаргаж байна. Энэ бол олон улсын бага хуралын хүрээнд хийгдэж байгаа бас нэг томоохон ажил. Мөн шүүхийн ёс зүйн хороо 2013 онд байгуулагдсанаас хойш нэг бүрэн эрхийн хугацаа дуусаад дараагийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлж байгаа. Жил тутам  200 гаруй гомдол ирдэг. 2014 онд 208, 2015 онд 213, 2016 онд 231 гомдлыг шийдвэрлэсэн. Бид нар иргэдийг шүүгчийн ёс зүйн талаар гомдол гаргах эрхийн хангах талаар гарын авлага гаргаж, оны эхнээс иргэдэд хүргүүлсэн. Энэ нь гомдол гаргах эрхийн талаарх  мэдээлэл иргэн хаана, яг ямар асуудлаар гомдол гаргах вэ гэдгийг тодорхойлж өгсөн гарын авлага болсон” гэв. Зарим судлаачийн  байр суурийг сонирхлоо.

Л.Галбаатар: 100 гаруй шүүгчтэй холбоотой гомдол ирсэн

/Хуульч, судлаач шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач/:

Монголын шүүгчдийн ёс зүй хэр байна вэ?

-Монголын шүүгч нар хэр ёс зүйтэй байна вэ  гэдэг нь статисткад тулгуурлаж хэлэх нь зүйтэй байх. Шүүгч ёс зүйн зөрчил гаргасан нь давхардсан тоогоор 100 гаруй шүүгчтэй холбоотой гомдол ирсэн байгаа. Эндээс 1,5 хувь дээр нь шүүгч ёс зүйн зөрчил гаргасан байна гэдэг шийдвэр гаргасан. Тэгхээр энэ нь нөгөө талаар ёс зүйн зөрчил гаргасан шүүгчийн тоо маш бага буюу  5 дотор л байгаа. Энэ нь шүүгч ёс зүйтэй байна гэсэн үг юм. Шүүгчийн ёс зүй сайн байна, гэхдээ энэ гомдол гараад байгааг бид зүгээр орхиж болохгүй анхаараад ямар арга хэмжээ авах вэ, шүүгчид цаашид юуг анхаарах вэ гэдгийг анхаарч үзэх ёстой байгаа.

Ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Үндсэн гурван арга хэмжээ авдаг. Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ, хоёрдугаарт, гурван сар хүртэлх хугацаагаар цалингийн 20 хувиар бууруулах, дараа нь огцруулах гэсэн гурван арга хэмжээ авдаг.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө