Орчуулагч Б.Хулангийн “Сэтгэх урлаг” ном нээлтээ хийлээ

Х.ХАТАН

Шведийн илтгэгч Фредрик Харен бол дэлхийн алдартай илтгэгчдийн нэг.

Тэрээр дэлхийн 60 гаруй оронд 2000 гаруй илтгэл тавьж, сургалт зохион байгуулж, бизнес эрхлэгчид болон шинээр сэтгэгчид, уран бүтээлч, бүтээлч хүмүүсийг амжилтад хөтөлдөг сургагч хөтлөгч юм.

Фредрик Харен дэлхийд алдартай нэлээд хэдэн компанид бизнес зөвлөхөөр ажиллахаас гадна одоо үеийн хамгийн эрэлттэйд тооцогдож байгаа өөрийн санаагаа хэрхэн бизнес үйл хэрэг болгох вэ гэдэг зөвлөгөөг өгдөг мэдээллийн байгууллага ажиллуулдаг.

Тэрээр бизнесийн есөн ном бичсэн нь дэлхийн бестселлер номуудын жагсаалтад байнга ордог. Тэдгээр но­муудын нэг нь “Дэлхийн үе үеийн шилдэг 100 бизнес ном”-д албан ёсоор бүртгэгдсэн шинэ санаагаа хэрхэн бодит үйл хэрэг болгоход юуг анхаарах, юу хийх естойд суралцах аргыг энгийнээр зааж хүмүүст хүрэх аргыг, зоригийг, хүчийг яаж эзэмших талаар бичсэн ном юм.

Дэлхийн 16 хэл дээр орчуулагдан гарч, борлуулалтаараа тэргүүлж байгаа энэхүү номыг сэтгүүлч, орчуулагч Б.Хулан монгол хэл дээр “Сэтгэх Урлаг” нэртэйгээр орчуулан гаргажээ. Номын нээлт өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд зохиогч Фредрик Харен өөрөө ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Тэрээр “Би өмнө нь ийм өндөр түвшинд хийсэн номын нээлтийг үзээгүй. Миний номын нэрийг “Сэтгэх урлаг” хэмээн орчуулсан нь бусад орчуулгуудаас хамгийн тансаг нэртэй болжээ. Тиймээс би дараагийнхаа номыг ийнхүү нэрлэнэ” хэмээн онцолж байв. Мөн номын нээлтэд Монголын бизнесийн хүрээнийхэн хүрэлцэн ирсэн байв.

“Сэтгэх урлаг” номыг дэлхийд тэргүүлэгч олон компани ажилчиддаа гарын авлага болгон ашиглуулдаг ажээ. Энэхүү ном нь хоёр өөр хавтастай хэвлэгдсэнээрээ онцлог байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө