У.Бямбажав: Бурхан бүтээхдээ бүтээж байгаа бурхныхаа бясалгал бүтээл, нямбыг хийх нь тун чухал

2022-02-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Богд Хааны ордон музейд 2013 оноос хойш жил бүр “Шинийн наймны Цагаан дара эх”  үзэсгэлэнг толилуулж Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээдэг уламжлалтай. Тэгвэл энэ  жилийн нэг өдрийн Цагаан дара эхийг урласан шүтээн зураач У.Бямбажавтай ярилцлаа.

 

-Та “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгийн үеэр нэг өдөр Цагаан дара эхийг бүтээсэн шүү дээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Богд хааны ордон музейд 2013 оноос энэ уламжлалт үйл ажиллагаа сэргэсэн юм билээ. Хуучны нэг өдрийн Цагаан Дара эхийн зургуудыг дэлгэн үзүүлэхийн хажуугаар зураач урчуудыг чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлж өгч байгаа нь талархууштай.

Би оюутан байхдаа энэ тухай мэдсэн. Оролцох боломж байсан ч тухайн үед өөрийгөө нэг өдрийн дотор бурхан зурж амжихгүй гэдгээ мэдэж байсан юм. Харин энэ жил анх удаа оролцоод амжилттай дүүргэж чадсандаа баяртай байна. Богд хаант Монгол Улсын үед өглөө нар мандахаас орой шингэх хооронд зурж дүүргэж чадвал бурхан урлаач боллоо гэж үздэг байсан гэх яриа бий. Одоогийнхоор эрдмийн зэргээ авдаг байсан гэсэн үг. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцож байхдаа үзэсгэлэнд дэлгэсэн нэг өдрийн Цагаан Дара эх зургуудыг хараад тэдгээрийг зурсан хүмүүсээр бахархах сэтгэл төрсөн. Тэр үед одоо шиг тог цахилгаан, гэрэл чийдэн байгаагүй шүү дээ. Зөвхөн байгалийн гэрэлд тэгж нарийн зурна гэдэг гайхамшигтай.

-Ер нь нэг өдрийн дотор бурхан зурна гэдэг амаргүй. Зураачаас ямар ур чадвар шаардах бол?

-Мэдээж амаргүй ажил. Би 11 цагийн турш тасралтгүй суусан. Бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн зургийн хэрэгсэл бүрэн, зурах хугацааг нарийн төлөвлөх нь чухал. Наран ургахаас шингэх хугацаанд амжуулна гээд дутуу, далий муруй зурж болохгүй. Музейн хамт олноос надад тийм шаардлага тавиагүй. Гэхдээ үйл ажиллагааны  гол зорилго нэг өдрийн дотор зурж дүүргэх. Миний хувьд цагтаа амжуулж зурж дууссан нь олон жил тууштай суралцсантай минь холбоотой байх гэж бодож байна.

-Монголын их, дээд сургуулийн зураачийн анги төгсөөд шүтээн зураач болох боломжтой юу. Эсвэл шашны сургуульд сурах шаардлагатай юу?

-Би Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны дээд сургуулийг 2012-2015 онд Д.Тулга багшийн удирдлаган дор төгссөн. Үндэсний урлаг судлал,  шүтээн зураач мэргэжлээр дүүргэсэн юм. Үүнээс өмнө 2006 онд Бурханч лам Г.Пүрэвбат багшийн байгуулсан Ур эрдэнэ Урлахуй ухааны дээд сургуульд гурван жил суралцсан. Нийтдээ есөн жилийг шүтээн урлахад суралцсан байна. Одоо ч үргэлжлүүлэн сурсаар байгаа. Сургуулийн тухайд бусад зургийн сургуулиудаас ялгарах зүйл бий. Ердийн сургалтын хувиараас гадна нэмэлт цагаар хичээллэдэг. Үүнийг шавь сургалт гэдэг. Шавийн хувьд багшийг шүтэх, багшийг хүндэлнэ. Ерөнхийдөө багшийн үгнээс гарахгүй. 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын уламжлалт бурханы шашин дахин сэргэхтэй зэрэгцэн Бурханч лам багш маань 1993 онд Ур эрдэнэ Урлахуй ухааны дээд сургуулиа байгуулсан. Сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна Монголын их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхан мэлмий нээх, сүншиглэх ажлуудаас эхлээд сүм хийд, суварга шүтээн сэргээн засварлах, шинээр бүтээн байгуулах, шүтээн зураг, шүтээн зээгт наамал, бурхдын баримал, үзэсгэлэнг гаргасан гээд их зүйл бий. Ийм түүхтэй сургуульд суралцаж төгссөндөө баяртай байдаг.

-Өөрийн онцлох бүтээлүүдээсээ дурдвал. Хамгийн удаан урлаж байсан болон хамгийн ажиллагаатай бүтсэн ямар зургууд байна?

-Өвөрхангай аймгийн Хархорин суманд Шашны дунд сургууль ашиглалтад орохоос өмнө тус сургуулийн үүдний гол танхимд 5х4 метрийн хэмжээтэй Майдар бурхныг Д.Тулга багшийн удирдлага дор манай ангийн зургаан оюутан 2014 оны намар хамтран зурж дүүргэсэн юм. Бурхан зурах хэцүү. Ажиллагаа шаарддаг, нарийн. Гэхдээ хэцүү гээд төвөгшөөдөггүй. Манай сургуулийн багш нар болон үе үеийн төгсөгчид маш их хөдөлмөрч, бүтээлч урчууд байдаг. Их хугацаа орсон зураг гэвэл миний диплом хамгаалсан бүтээл байна. Цогшин буюу Монголоор “Чуулганы мод” нэртэй. Богд Зонхова лам голлосон Ядам бурхан болон багш дээдсүүдийн нийтдээ 300 гаруй дүрийг багтаасан зураг бий. Энэ бүтээлийг зургаан сарын турш зурсан.

-Шүтээн зураг зурахад ямар дэг, ёс байдаг вэ. Бурхан шүтээний онцлогоос шалтгаалж шашны зан үйл, хүндэтгэх ёслол хийдэг үү?

-Шүтээн зураг нь сүм хийд ба айл гэрийн хойморт буюу шүтээний оронд залагддаг учир дэг жаягийн дагуу зөв зурж бүтээсэн байх шаардлагатай. Зурж эхлэхдээ пайтуу буюу зурах дэвсгэрээ бэлдэж эхэлнэ. Цэвэр хөвөн даавууг тэлүүр буюу хүрээ модонд тэнийлгэж татна. Байгалийн шохой цавууг найруулаад татсан даавуун дээрээ түрхэж хатаадаг. Хатаасны дараа тэгш гадаргуутай мод буюу чулууг ард нь тааруулан тавьж тэгш мөлгөр гадаргуутай зориулалтын чулуугаар үрэх буюу талхиддаг. Ингэснээр зургийн дэвсгэр пайтуу нь цаас шиг тэгш гадаргуутай болж өгдөг. Будагны хувьд байгалийн шороон будаг хэрэглэдэг. Үүний тулд шороо, чулуу, мод, цэцэгсийг нунтаглаж, тунгааж шүүн гаргаж авдаг. Гаргаж авсан будгаа цавуугаар найруулан сайтар нухсанаар бэлэн боллоо гэж үзнэ. Шүтээн зургийг зурахад хамгийн чухал зүйл нь тиг юм. Тиг гэдэг нь төгс хэмжээс буюу шугам гэсэн үг. Тиг номлодгийн гол учир нь бурхны хувь хэмжээ, бие галбирийг зөв зурахад оршино. Пайтуу дээрээ ямар бурхан зурахаас хамаараад тигээ татаж эхэлнэ. Тигийн дагуу хар зураг буюу харандаагаар зурсаны дараа шороон будгаар суурь өнгөө тавьдаг. Үүний дараа зураас, дагнаас зэрэг уран нарийн ажиллагаа хийдэг. Шүтээн урлаач хүн аливаа бурхныг бүтээхдээ бүтээж байгаа бурхныхаа бясалгал бүтээл, нямбыг хийх нь тун чухал. Бүтээж байх явцдаа тухайн бурхны зүрхэн тарнийг дотроо бясалгаж уншдаг. Мөн өөрийн биеийг цэвэр, сэтгэлээ ариун байлгахыг эрхэмлэнэ. Ингээд бурхан зурж дүүрэх үед мэлмий нээнэ. Мэлмий нээсний дараа лам хуваргууд оршоолго буюу Равнай өргөж тухайн бурхныг амилуулдаг. Ингэснээр жинхэнэ амилсан шүтээн болж оршино доо.

-Одоо урлаж байгаа шүтээн зураг бий юу. Ойрын бол холын зорилго, уран бүтээлийн төлөвлөгөөгөө хуваалцаач?

-Ихэнхидээ хувь хүмүүсийн хүсэлтээр бүтээж байгаа зургууд бий. Ирээдүйд үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ нэг хүн дан бурхан зургаар үзэсгэлэн гаргана гэдэг чамгүй их ажил. Хугацаа ч их орно. Монголчууд бид өвөг дээдсээсээ их зүйлийг өвлөж авсан ард түмэн. Хэдийгээр 1930-аад оны үеийн их хэлмэгдүүлэлтээр ихэнх сүм хийд, урлалын хувьд уран нарийн хийцтэй бурхан шүтээнээ алдсан ч багахан хэсэг нь өвлөгдөж үлдсэн. Энэ нь өнөөдөр музейд үнэт үзмэр болон хадгалагдаж байгаа. Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар бүтээсэн язгуурын таван бурхан, хорин нэгэн Дара Эх гээд бурхны урлалын хувьд төгс бүтээлүүдийг өөрсдийн нүдээр үзэх сайхан боломж нээлттэй байна. Үеийн залуус дүү нартаа хандаж хэлэхэд үндэсний уламжлалт шашин соёлоо сайтар судалцгаая гэж уриалмаар байдаг юм. Би хэдийгээр энэ мэргэжлээр сургууль төгссөн ч гэсэн цаашдаа үргэлжлүүлэн суралцахын хажуугаар өөрийн хэмжээнд сурсан эрдмээ дамжуулан зааж өвлүүлэх зорилго тээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 36 (6768)

 

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

4 цаг 3 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

4 цаг 28 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

4 цаг 46 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

4 цаг 51 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

5 цаг 3 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

8 цаг 55 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

9 цаг 57 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

10 цаг 17 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

14 цаг 53 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

15 цаг 3 мин