Цар тахлын үед гадаадад болон эх орондоо тусгаарлагдсан хүний тэмдэглэл

2020-11-29
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ц.САЙНСАНАА

 

Коронавирусын цар тахлын эсрэг төр, засаг ядарч цуцахыг умартан ажиллаж, хүн хүч хаяж байгааг харж байна. Энэ хэцүү нүсэр ажил, хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд буруутгах, шүүмжлэх биш, харин дэмжиж, улам үр өгөөжтэй болгоход ганц хэрэгтэй санал ч ганцдахгүй болов уу хэмээн бодож, өөр улсад болон эх орондоо карантилагдсан хүний хувьд зарим санал бодлоо хуваалцая. Болгооно уу.

Олон улсад Deus is in the details, Diabolus is in the details гэдэг хэллэг байдаг. Утгачилбал: бурханы аврал ч, буг чөтгөр ч нарийн ширийн зүйлдээ байдаг. Энэ нь ажил хийхдээ жижиг сажиг гэмээр зүйл дээр ч  сайтар анхаарч бай, жижиг алдаа оноо үйл явцын хувь заяаг яаж ч эргүүлж болзошгүйг сануулсан сургаал үг юм.

 

Нөхцөл байдал

 

Бид өнөөдөр буу зэвсэг агссан хил зөрчигчийг барих, аль эсвэл түймэр унтраах нэг удаагийн дайчилгаанд мордож байгаа биш, харин нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, биегүй, үнэргүй, бас мутацид орж хувирч болзошгүй аюулт вирусын халдварын эсрэг тэмцэж байгаа учраас ердийнхөөс өөр арга барилаар, нягт нямбай, ухаалаг ажиллах шаардлагатай болж байна. Ингэхдээ бид улс үндэстнээрээ бат бэх төмөр гинж мэт эв нэгдэлтэй, хатуу сахилгатай, нарийн зохион байгуулалтанд орж, нэлээд урт хугацаанд урьд өмнө огт байгаагүй төвөгтэй орчинд ажиллаж, амьдрах хатуу сорилттой нүүр тулж байна.

Төмөр гинжний нэг гархи нь модон байхад л гинж тас үсэрнэ. Тэр хэмжээгээр, тэр тоолонд гинжинд найдсан хүмүүсийн амь амьдрал эрсдэлд орно. Тийм учраас бид төмөр гинжин дотор буюу бидний өдөр тутмын амьдрал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд модон гархи байлгахгүйн тулд хаа хаанаа жижиг сажиг зүйлийг ч орхилгүй анхаарч, анзаарч тухай бүрд нь засаж залруулж, боловсронгуй болгож явах хатуу шаардлага бий болж байна. 

 

Хувь хүн

 

Маскаа зөв зүүж, хүмүүсээс зай барьж, гараа сайн угааж байвал өвчин тусах магадлал бараг тэг хувьтай. Өрх гэрийн болон хувийн ариун цэвэр сахиж, дархлаагаа дэмжиж байвал өвчин туссан ч үхэхгүй байх магадлал өндөр. Тийм болохоор аврал танд, таны гарт байна.

 

Бүх байгууллага

 

Ариутгалын стандарт мөрдөхөөс гадна хүн орж ирэх болгонд биеийн халууныг нь заавал хэмжиж байх. Энэ өвчний илрэх гол шинж тэмдэг бол халуурах, мөн амт, үнэр мэдэхээ байх. Өндөр халуунтай хүнийг тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх.

Засаг төрийн үүрэг бол гаднаас хэдэн ч дуудлага ирсэн шууд хүлээж авах боломжтой холбооны шугам Hot Line бий болгох. Тэр төв нь  өндөр халуунтай хүнтэй утсаар ярих, зөвлөх эмч нарын бэлэн баг, үйл ажиллагааны нарийн дараалал, бэлтгэлтэй байх.

Халуунтай хүнийг тээвэрлэж яваа машиныг замд нь цагдаа зогсоодоггүй байх дохио, таних тэмдэгтэй болох. Учир нь уг машиныг зогсоосон цагдаа өөрөө халдвар авах эрсдэлтэй байдаг.

 

Хэм хэмжээ, зөвлөмж, стандарт

 

Улс даяар болон тухайн байгууллага, орчинд мөрдөх хэм хэмжээ, стандартыг тус тусад нь  батлах.  Дээр дурьдсан нэг түр хорооны хийх маш чухал ажил. Зөвлөмж биш шүү. Зөвлөмж бол түүнийг дагаж биелүүлэх эсэх нь сайн дурын хэрэг. Зөвлөмж зөрчвөл иргэн өөрөө хохирно. Харин хэм хэмжээ, стандарт зөрчвөл хариуцлага хүлээнэ. Жишээлбэл, гэртээ гараа сайтар угаа, хоолой амаа зайл, дархлаагаа дэмж гэдэг бол зөвлөмж. Харин гадуур гарвал маск зүү, хүмүүсээс 2 метрийн зай барь гэдэг бол заавал мөрдөх, мөрдүүлэх, мөрдөхгүй бол хариуцлага хүлээлгэх хэм хэмжээ. Маск үйлдвэрлэгчдэд зориулж маскны хэмжээ, чанарын стандарт  тогтоож болно. Энэ нь мөн заавал биелүүлэх хэм хэмжээ.

Эм, эмчилгээний жор стандартыг Эмчилгээний протокол гэдэг. Д.Нямхүү эмч сайн ажиллаж байх шиг байна. Хэрэв тийм бол түүний багийнхны Ковид-19-ийг өнгөрсөн 10 сар эмчилсэн эмчилгээний үр дүнтэй арга нь одоо Эмчилгээний протокол болж баталгаажиж,  бусад эмч нар баримталж эмчлэхэд үр дүн нь адилхан гарах учиртай. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэд эмчилсэн ч Д.Нямхүү эмчтэй адил эмчилгээний  сайн үр дүн гаргадаг олон эмчтэй болох арга зам юм.

Саяхан Германы нэг эрдэмтэн судлаач, хэрэв Европод анх энэ цар тахал тархаж байхад, эмчилгээнд аспирин хэрэглэсэн бол олон хүний амь аврагдах байсан тухай бичжээ.  Тэгэхлээр энэ вирус зөвхөн амьсгалын замын эрхтнийг сүйдлээд зогсохгүй зүрх судасны системд нөлөөлж, бөглөрөл саатал үүсгэдэг болж таарах нь.

 

Зөв зохион байгуулалт өгөөжийг өсгөж, бухимдлыг бууруулдаг

 

Хүн төгс биш учраас түвшин түвшиндээ зохион байгуулалтаа байнга боловсронгуй болгож байх. Вирус судалдаг эмч, докторуудтай зөвлөлдөх, халдвар авсан хүмүүсийг эмчлэх нэг хэрэг; нөгөө талд эмнэлгээс гадуурх хариуцлагатай ажилд оролцож байгаа байгууллага, хүмүүс, техник хэрэгсэл, хөрөнгө мөнгийг яаж үр өгөөжтэй зохион байгуулах вэ гэдэг магадгүй нийт ажлын 80-90 хувь нь. Тийм болохоор бүх үйлдэл, шийдэл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аль болох цогц, уялдаа холбоотой шийдэж байх. Эс тэгвэл нийгмийн бухимдал дэврэх, хөрөнгө хүч үргүй зарагдах гээд олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. 

Хамгийн ойрын жишээ гэхэд манай байгууллагын төрөх дөхсөн эмэгтэйн гэр нь Буянт-Ухаад. Түргэнээр эмнэлэгт очсон ч гэр лүү нь буцаажээ. Эмнэлгээс гараад харих унаа, такси байхгүй алхаад явж байхад нь нөхөр нь замын олон шалгалтыг янз бүрээр давж, ирж авчээ. Тэр эмэгтэй гудамжинд төрвөл яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Германд иймэрхүү тохиолдолд уг хүнийг таксинд суулгаад мөнгийг нь эмнэлгээс, нийгмийн даатгалаас төлдөг. Тэгдэггүй юмаа гэхэд гэрт нь хүргэх такси, унааны шийдэл заавал байх ёстой. Энэ бол Засгийн газар, сайдын хэмжээнд хүргэхгүйгээр эмнэлэг өөрөө ч шийдэж болох асуудал. Хэт төвлөрөл ажлыг удаашруулж, бүтээмжийг бууруулдаг. 

 

Алдаанаас суралцах

 

Эмч, эмнэлгийн ажилтнуудаа найдвартай хамгаалах ажил энгийнээс эхэлдэг. Жишээ нь, хамгаалах хувцас хэрэглэлээ зөв өмсөж, зөв тайлах, зөв ариутгуулах нэн чухал. Африкт дэгдсэн аюулт Эбола вирусээр өвдсөн хүмүүсийг эмчилж байсан эмч нар халдвар авсны шалтгаан нь хамгаалах хувцсаа дараалал буруу тайлснаас болсон нь тогтоогдож, түүнээс хойш эмч нар халдвар аваагүй байдаг. Тийм болохоор манай халдвар авсан, эмч сувилагч нар ямар замаар халдвар авсныг судалж, тэр хийдэл, сул замыг хааснаар бусад эмч, сувилагч нарыг эрсдэлээс хамгаалж чадна. 

Олон сарын өмнө Казахстанд бэлтгэл хангаагүй эмнэлэгт өвчтнүүдийг хэвтүүлснээс болж, эмч сувилагчид халдвар авч, халдвар тархаж байсан. Гэтэл манайд стандарт хангаагүй тусгаарлах байрнаас, аль эсвэл тусгаарлах стандартыг мөрдөөгүйгээс болж халдвар тархав. Эх орондоо ирсний дараа халдвар авсан гэх тэр залууг залхаах биш, харин ажлаа сайжруулахын тулд хамтарч ажиллах. Сул цэгээ мэдэж байж л засна. 

Онцгой цаг үед бол өөр намын байтугай урвагч дайснаа ч ашигладаг. Жишээ татья. Эх орноосоо урваж,  бүх насаараа хоригдох ял авсан АНУ-ын Сөрөг тагнуулын албаны дарга байсан Олдрич Эймсийг шоронгоос гаргаж, АНУ-ын тагнуулын байгууллагын үйл ажиллагааны сул цэгийг илрүүлж, зохион байгуулалт, хууль тогтоомжоо боловсронгуй болгох ажилд оролцуулж байсан нь 1990-ээд оны, саяхны түүх. Тийнхүү ажиллуулахдаа Конгрессийн холбогдох байнгын хороодын зөвшөөрөл авч, ажилласан өдөр, цагийг нь ял эдэлсэн хугацаанд, ажлын хөлсийг оногдуулсан торгуульд нь суутган тооцсон байдаг.

 

Гар доорхи боломжоо бүрэн ашиглах

 

Халууны шил, гар утасны хэргийг гаргах. Ямар ч хүн халуунаа үзээд хэд байгааг хэлж чадна. Гэтэл манай улсад хөл хорионд байгаа хүмүүсийн халууныг үзэх гэж өдөр бүр очих нь эрсдэл дагуулж байгаагаас гадна цагийн, эдийн засгийн гарз хохиролтой.

Карантинд байгаа хүн өөрийнхөө халууныг хэмжээд утсаар, мессежээр хэлэх бүрэн боломжтой. Тийм болохоор хүн бүрд халууны шил өгөөд өрөөнд нь оруулахад хангалттай. Хүн аминдаа хайртай, бас хариуцлагатай иргэний хувиар өдөрт халуунаа 1 биш, 3 ч удаа үзээд тэр бүрд нь мессежээр явуулах үүрэгтэй байлгаж болно.

 

Шинжилгээнд ялгамжтай хандах

 

Гадаадаас онгоцоор ирсэн хүмүүсийг шинжлэхдээ ялгамжтай хандах. Халуураагүй, өвчний шинж тэмдэггүй хүнийг тусгаарлах өрөөнд  7 хоног \өвчний нууц үе өнгөрөх хугацааг\ өнгөрүүлж байгаад шинжилгээ авдаг баймаар.  Манайхаас баян Сингапурт лав тийм байна.  Гэтэл манайд  ямар ч өвчний сиптомгүй хүнээс хүртэл 3-4 удаа шинжилгээ авч байна. Тэр хэмжээгээр контакт-эрсдэл нэмэгдэж байгаагаас гадна шинжилгээ, тээвэр, хүн хүчний зардал ч өсч байна. 

Мэдээж хэрэг өндөр халуунтай, өвчний шинж тэмдэгтэй бол хурдан шинжлэх нь зүйтэй. Харин  манайд тэр шинжилгээний хариу нь өөрчлөгдөөд байдгийн учрыг сайн олох хэрэгтэй. Аппаратандаа байна уу? Урвалждаа байна уу? Хүндээ байна уу?

 

Мэдээллийн технологи, хиймэл оюуны боломж

 

Хүн 72 цагийн дотор ядарч  цуцна. Энэ нь эргээд өөр эрсдэл дагуулж болзошгүй. Харин мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан ядарч цуцахгүй бөгөөд түүнийг өдөр болгон улам боловсронгуй болгох боломжтой. Иймд  Засгийн газар нэн даруй мэдээллийн технологийн сайн компаниуд, программистуудад захиалга өгч, аппликейшн бичүүлж нэн даруй өргөн дэлгэр нэвтрүүлэх. Наанадаж л автомашин, өвчтөн болон хүний хөдөлгөөнийг бүртгэлжүүлдэг, хянадаг программ бичүүлж,  зам талбай, байгууллагуудын орц, гарцанд суурилуулах. Мөн эмнэлэг, тусгаарлах байрны болон өвдөөд эдгэсэн хүнээс мэдэгдэхгүйгээр зай барих дохио өгдөг гээд хүссэн чиглэлээр программ бичих залуучууд Монголд байна. ШУТИС-ийн Д.Бадарч Ректорын 20-иод жилийн өмнө суурийг нь тавьсан компьютерийн программистууд эдүгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн шүү.

Үүний хажуугаар Цахим Монгол хөтөлбөрөө гүнзгийрүүлж, төрийн байгууллага ажил, үйлчилгээг цахимжуулбал мөн их хэрэг болно. 

 

Ad hoc бүтэц ажиллуулах

 

Өнөөдөр амьдралын бараг бүх асуудлыг УОК-ынханд  даатгачихсан хэрнээ ажлыг нь тасалдуулан байн байн дуудаж,  танин мэдэхүйн асуултаар булж,  шүүмжилж суух нь  буруу. Түүний оронд УОК-ын ажилд тус дэм болох  ажил хиймээр. Тухайлбал:

Тодорхой ажил, чиг үүргээ гүйцэтгээд татан буугддаг  буюу Ad hoc бүтэц байгуулж ажиллуулах. Юуны урьд, Хорио цээр, онцгой дэглэмийн үед дагаж мөрдөх бүхий л хэм хэмжээ, гарын авлага, журам, стандартыг боловсронгуй  болгох Хууль зүйн түр хороо,

-Улсын онцгой комисс болон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын  мэдээлэл солилцоо, үйл ажиллагааг хөнгөвчлөх, ой санамж үүсгэх, үр ашгийг дээшлүүлэх, цахимжуулах Техникийн түр хороо,

-Онцгой дэглэмийн үеийн дүрэм журам, үйл ажиллагааны стандартын биелэлтэд ажиглалт хяналт тавьдаг, аудит хийдэг “Аудитын түр хороо”,  түүний салбар хороодыг орон нутагт иргэний нийгэм, сайн дурынхны оролцоотой байгуулж ажиллуулах,

-Мөн сошиал ертөнцөд хэн нэгний  бичсэн, ярьснаар нийгмээрээ савалдаг биш, ард иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, асуултанд хариулдаг сэтгэл зүйч, багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Зөвлөгөө өгдөг, Сургалт явуулдаг, Иргэдийг сонсдог төвүүд байгуулж ажиллуулах нь зүйтэй санагдана.  Наад зах нь хөл хорионд, мөн гэртээ байгаа хүн хоол унд, хөдөлгөөнөө яаж зөв зохицуулах, өгөөжтэй юу хийж болох талаар зөвлөгөө өгөх, хэрэгтэй сургалт явуулах, зүгээр л хууч хөөрдөг хүмүүсийг ч ажиллуулж болмоор.

 

Сайн дурынхан

 

Цар тахлын аюул, хор уршгийг нимгэлэхэд үүрэггүй төрийн албан хаагч гэж нэг ч байхгүй болов уу. Гэхдээ тэд маань махан биед төрсөн болохоор ядарна, хүчин мөхөсдөнө. Тэдэнд олон нийтийн дэм ямар их хэрэгтэйг АСЕМ, түймрийн үеэр бид харсан. Бидэнд иргэдийн сайн дурынхан гэдэг найдвартай ар тал, фронт бий. Сэтгэлээрээ хатуу сахилга баттай ажиллахад бэлэн мянган мянган залуус, сайн дурын хүмүүс байгаа нь сошиал орчноос мэдрэгдэж байгаа бус уу. Тэдний хүчийг зөв хуваарилж,  ухаалаг дайчлах нь зүйтэй санагдана.

                         

Гадаад харилцаа ба туршлага

 

Алтан аргамжны бодлогынхоо хэргийг гаргаж, бусад орон, олон улсын байгууллагаас тусламж авах, туршлага судлах. Тухайлбал,  Ковид-19 вирус анх тархсан, олон хүний амийг авч одсон газар бол манай өмнөд хөрш улс. Гэтэл  1.5 тэрбум хүн амтай энэ том улс коранагийн аюулыг дарж чадсан төдийгүй, энэ онд эдийн засгийн өсөлттэй  гарах цорын ганц улс болж таарч байна. Зохион байгуулалтын туршлагыг нь судалж, бас тусламж хүсмээр санагдах юм. Ядаж л өндөр халуунтай хүмүүсийг холоос, зайнаас мэдэрдэг багаж, нүдний шил, хамгаалах хэрэгслийг хэдхэн мянгыг гуйж аваад зам дээр, хот хооронд, галт тэргэнд эргүүл хийж байгаа хэдэн цагдаа нартаа өгмөөр, өмсгөмөөр санагдана. Монголчууд Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг гэдэг. Холын садангаас ойрын хөрш илүү гэж Күнзийн сургаал ч бий.

 

Давхар даваа

 

Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна улсынхаа эдийн засгийг элгээр нь  хэвтүүлэхгүй байх давхар даваа, давхар сорилттой тулгарч байгаа тул нэг шийдвэр нөгөө зорилттойгоо аль болох бага харшлах, болж өгвөл аль алинд нь дэм тустай байх талаас нь харж ажиллаж байгаа гэдэгт найдаж байна. Ямар ч дайны үед эдийн засгийн артер болох холбоо, төмөр зам, тээвэр, банк, эрчим хүч зэрэг дэд бүтцээ хамгаалж,  эм, экспорт, хүнсний үйлдвэрээ хэвийн ажиллуулахыг хичээдэг. Энэ тал дээр МҮХАҮТанхим их дэм болно байх. Учир нь  тэнд бизнес эрхлэгчдийн  зовлон жаргал, бэрхшээл сорилт, хүсэл мөрөөдөл, шийдлийн санал санаачилга их төвлөрдөгт оршино.

 

Таны хувь нэмэр

 

Монголчууд зуд турхан, дайн дажин, өвчин зовлонг олонтаа давж чадаж ирсэн өвөг дээдсийн үр сад гэдгээ санаж,  энэ удаад ч нотолж, хүн бүр чин сэтгэлээсээ хичээх цаг ирсэн. Тийм болохоор Та энэхүү амаргүй тэмцэлд,  аврах гинжний модон биш төмөр гархи нь байхын тулд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж өөрөөсөө асуу.

Таны хамгийн том хувь нэмэр бол Та өөрөө эрүүл байх. Ойр дотныхоо хүмүүсийг эрүүл байлгах. Үүний тулд та хамт амьдардаг хүмүүсээ ажигла, дархаагаа дэмж, биеийн халуунаа өдөр бүр үз. Ингэхдээ халууны шилээ сайн ариутгаж, цэвэрлэж байж дараагийн хүнд өг. Болбол хүн бүр өөрийн халууны шилтэй байвал сайн.

Вакцинд бага найд. Яагаад вэ гэвэл мутацад ордог вирусыг вакцин араас нь хөөж явдаг учир  гүйцдэггүй.

Эрүүл явж ирэх жилийн улсын Наадам үзэхийн ерөөл өргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

6 цаг 26 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

13 цаг 55 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

14 цаг 46 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

14 цаг 53 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

15 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

15 цаг 29 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

19 цаг 52 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

19 цаг 57 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

20 цаг 7 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 12 мин