Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /8/

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 24 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /4/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /5/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /6/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /7/

 

8. Үндсэн хуульд хуульчлагдсан үндэсний үзэл ба үндэстний цөөнхийн  асуудал

Өмнө дурдсанаар 1992 онд Монгол Улс ардчилал, үндэсний үзлийн аль алиныг нь элгэндээ тэвэрсэн шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Үндсэн хуулиар улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс байсныг Монгол улс болгон өөрчилсөн нь 1206 онд Чингис хааны байгуулсан улсын нэртэй давхцаж, төрийн түүхэн залгамж холбоог үргэлжлүүлсэн явдал болсон юм. Энэ үетэй давхцан Үндсэн хуулиар Монгол Улсыг Монгол үндэстэн-улс болгосон. Үндсэн хуулиар Монгол Улсад "Монгол" гэх ангилалд бүх давамгай байдлыг олгосон нь эдүгээ Монгол хэлээр ярьдгийн хувьд Монгол гэх ангиллын гарвал зүйн нэг бүрдүүлэгч хэсэг хэмээн үздэг ястны тухай бид дурдахгүй байхад гэмгүй. Харин "өөр хэл”-ээр ярьдаг "үндэстний цөөнхүүд"-д зориулан дүрмийн бус тохиолдлыг мөн бий болгожээ. Бидний ойлгож байгаагаар Үндсэн хуульд эдгээр үндэстний цөөнхийн "эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх”-ийг хөндөхгүй байх (1-р бүлэг, 8-р зүйл)” тухай заасан. Үндсэн хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулиар ийнхүү бий болгосон үндэстний цөөнх" гэсэн ангилалтай зэрэгцээ байдлаар "үндэстний цөөнхийн асуудал"-ыг бий болгож байна. Харамсалтай нь бид Монгол Улсад өөртөө засан тохинох нь өөрийгөө тодорхойлохоос эхэлдэг хэмээн хэлж болох ч энэ нь өөрийгөө сүйтгэхгүй бол өөрийгөө эргэлзээнд оруулах байдлаар төгсөнө хэмээн хэлэх бас ёстой болж байна.

Хэдийгээр ястны тухай Үндсэн хуульд заагаагүй боловч хүн амын болон иргэний тоо бүртгэлд яс үндсийн тухай асуух төрийн үйл ажиллагааны практик үргэлжилсээр байгаа нь ястны талаарх ухамсар амьд хэвээр байгаагийн гэрч болно. 1996 онд Монгол Улс нь Монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх тухай заалт агуулсан Соёлын тухай хуулийг баталсан.[1] Хуульд үндэстэн, угсаатны заагийг ялган тайлбарласан тодорхойлолт байхгүй хэдий ч Монгол үндэстэн гэдэгт Монгол Улсын Монгол хэлээр ярьдаг иргэдийг, Монгол угсаатан гэдэгт Монгол Улсын хилийн дотор болон гадна оршин суугаа бүх Монголчуудыг, ястан гэдэгт Монгол Улс дахь Монгол хэлээр ярьдаг Монгол бүлэг, аймаг (tribe)-ийг багтаадаг хэмээн бид гадарладаг. Ийнхүү Монголчуудын үүсэл гарал, ясны тухай асуудал руу орон зайн хийгээд түр хугацаагаар гүнзгийрэн орох эрх зүйн Нармай Монгол үзэл (legal pan-Mongolism)-ийг тус хуулиар зөвшөөрсөн байна. Угсаатан, ястны соёлын эсрэг ялгаварлан гадуурхалт явуулахыг хуулиар мөн хоригложээ (19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг). Тус хуульд цөөнгүй удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч энд дурдсан заалтууд тогтвортой, хүчинтэй үйлчилсэн хэвээр байна.

Энэ хууль нь Монгол Улсад “ястан судлал” хөгжих эрх зүйн боломжийг олгосон. Өнөөдөр Монгол Улс дахь бараг бүх ястан үйл ажиллагааны харилцан адилгүй хүрээ, идэвх бүхий өөрсдийн судалгааны төв, холбоог байгуулсан бөгөөд тэдгээр нь тухайн ястны ижилсэл (identity), онцлог шинжийг хадгалах илэрхий зорилготой. Улмаар эдгээр үйл ажиллагааг 1997 онд батлагдсан Угийн бичиг хөтлөх тухай Засгийн газрын журмаар[2] дэмжсэн.

Өнөөдөр Монгол Улсын засаг захиргааны нэгж нь ястанд тулгуурлахаа больсон ба ястнаар ангилан хуваарилсан сонгуулийн тойрогт ч суурилдаггүй. Гэвч улс төрчид бодит байдал дээр ястнаас гүнзгий хамааралтай нутаг гэх илүү нялуун ухагдахуунаар өөрсдийн “хамтын ястан (co-yastan)”-д найр тавих нь олонтаа тохиолдох болсон. Аймгаас сум хүртэлх засаг захиргааны олон нэгжид олон тооны нутгийн зөвлөл бий. Аймгийн түвний нутгийн зөвлөл нь космополитан шинжтэй бол сумын нутгийн зөвлөл нь илүү ястан төвтэй байдаг. Иймээс ястны үзэл (yastanism) нь нутаг гэх романтизмаар Монголын сонгуулийн улс төрд хэлбэршлээ олох нь түгээмэл байна.

Социализмийн сүүл үеийн практикийг даган улс төрчид ихэнх тохиолдолд тактик нь өөрт нь муугаар эргэх байлаа ч Хятад улс болон Хятад үндэстэнтэй сэжиг бүхий холбоотой түүхэн ой санамж, эсрэг талын судсаар гүйж байгаа гэх “Хятад цус” -ны талаарх хардлагад тулгуурлан ястны ялгаанаас өөртөө давуу байдал бий болгохыг хичээдэг. Гадаад зүйлд сэжигтэй байдлаар хандах нь энгийн иргэд болон улс төрчдийн дунд байдаг хэдий ч азаар энэ нь Монгол Улсад зонхилох улс төрийн соёл хараахан болж чадаагүй байна.[3]

Соёлын тухай хууль болон угийн бичгийн тухай журмаас харахад эдүгээ социалист өнгөрсөн үеийг үл хайхрах замаар Монгол Улсын сэргээхээр эрмэлзэж буй уламжлал нь 1206 онд байгуулагдсан Монголын эзэнт гүрний уламжлал гэхээсээ илүүтэй Монгол язгууртнууд болон тэдгээрийн харъяат (appanage)-ын талаарх Манжийн үеийн зохицуулалтаас уг гарвалтай бөгөөд энэ нь хошуу (banner), чуулган (league)-тай зэрэгцээ байдлаар “аймаг”-ийн тогтолцоог хадгалж, язгууртнуудын удам судрыг сахин хамгаалж байсан Чин гүрнийг жишгийг өргөжүүлэн мөрдөж буй хэрэг хэмээн судлаачийн хувьд үзэж байна. Гэхдээ аймаг, ястан нь нийгмийн дайчилгааны гол нэгж болж байсан социализмийн эхэн үеэс ялгаатай нь эдүгээ ястан нь улс төрийн нэгж байхаа больж, харин Монгол үндэстнийг бүрдүүлэгч гол хэсэг, соёлын нэгж болсон. Иймд ялгаатай болон нэгдмэл байдлын диалектикийг хэрхэн зохицуулах нь анхаарал ихээр шаардсан урлаг хэвээр үлджээ.

 

Монгол Улсад үндэстний цөөнхийг юу буй болгосон бэ? Үндэстний цөөнх гэдэгт хэнийг хамааруулах вэ? Хэнийг үндэстний цөөнх хэмээн хүлээн зөвшөөрөх вэ? Үндэстний цөөнхийн асуудлын мөн чанар юу байж болох вэ? Казакууд нь социализмын үед Монгол Улс дахь цорын ганц үндэстний цөөнх байсан байж болох ч эдүгээ ийм биш болж байна. Магадгүй Монголд цөөн хүн эдгээр асуултад хариулж чадах байх.

Харин Монгол Улсын үндэстний цөөнхийн асуудал нь “хүний эрхжсэн асуудал” болсон гэдэг нь тодорхой бөгөөд энэ нь НҮБ-ын хүний эрхийн конвенцүүдэд нэгдэн орсноос ихээхэн хамааралтай. Өнөөгийн байдлаар Монгол Улс олон улсын [хүний эрхийн] голлох бүх конвенцийг соёрхон баталсан олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт нэг гишүүнд тооцогдож байна. Жил бүр Монгол Улсын Засгийн газар Монгол улс дахь үндэстний цөөнхийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайланг НҮБ-ын Арьс үндсээр ялгаварлахын эсрэг хороонд хүргүүлдэг. Монгол улс дахь үндэстний цөөнхийн асуудлыг хүний эрхийн өнцгөөр харах нь өөр дүр зургийг бий болгодог бөгөөд зарим тохиолдолд үндэстний цөөнхийн асуудлын суурь мөн чанарыг бүрхэгдүүлэхэд тустай байж ч болох юм. 2018 оны тайланг анхааралтай уншвал Монгол Улсын эрх бүхий албан тушаалтнууд үндэстний цөөнхийн асуудлыг хүний эрхийн шинэ хандлагаар авч үзэж буй нь ажиглагдана.[4]

Тайланд Монгол Улсад Казак, Цаатан, Тува гэх 3 үндэстний цөөнх байгаа тухай дараах байдлаар дурдсан байна. Үүнд:

“Монгол Улсад казах угсаатан нийт хүн амын 3.9 хувийг, тува (түрэг) угсаатан 0.1 хувийг, цаатан угсаатан 0.02 хувийг тус тус эзэлж үндэстний цөөнх хэмээн тооцогддог. 2015 оны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд үндэстэн ястны 28 төлөөлөл оршин сууж байгаа ба нийт хүн амынх нь 89.8 хувийг казах, 5.7 хувийг урианхай, үлдсэн хувийг тува, халх, дөрвөд, буриад, баяд, өөлд, захчин болон бусад угсаатны бүлэг эзэлдэг гэсэн тоо баримт байна. Тус аймгийн Цэнгэл суманд Монгол Улсын угсаатны бүлгийн цөөнх болох казах, тувачуудын төлөөлөл амьдардаг бөгөөд 2015 оны байдлаар Цэнгэл сум нь 9155 хүн амтайгаас 83.1 хувь нь казах, 14.1 хувь нь буюу 1300 орчим тува угсаатан байна.”

Энд харж байгаачлан Казакуудыг “үндэстний цөөнх” (national minority) хэмээн албан ёсоор нэрлэж байгаа хэдий ч дараах ялгаатай ангилалд тэдгээрийг мөн багтаажээ. Дор дурдсаныг үзнэ үү.

  • Kaзак үндэстний цөөнх (Kazakh national minorities)
  • Kaзак угсаатан (Kazakh ethnos)
  • Kaзак угсаатны бүлэг (Kazakh ethnic group)
  • Угсаатны бүлгийн цөөнх болох Казак (Kazakh as ethnic minority)
  • Казак иргэд (Kazakh citizens)

Цөөнхийн доторх цөөнх (minority within minority), уугуул иргэд (indigenous people), үндэстэн ястны төлөөлөл (representatives of nationalities and sub-ethnic groups) зэрэг бусад ангиллыг хамаа намаагүй дурджээ. Ялгаатай ангиллыг бүгдэд илэрхий ангиллын төөрөгдлийн хамтаар чөлөөтэй хэрэглэсэн байна. Тус тайланд ястныг дурдсан хэдий ч аль нэг тодорхой бүлэгт оноогоогүй. Тодруулан үзвэл ястан нь угсаатан, угсаатны бүлэг гэдгээр орлуулагдсан байж болох талтай. Ийнхүү Халх, Буриад зэрэг бүх ястны бүлэг, Казак, Цаатан, Тува зэрэг албан ёсоор тусгайлан тодорхойлсон “үндэстний цөөнх” нь хамтдаа угсаатан, угсаатны бүлэгт хамаарахаар байна. Сонирхолтой нь эдгээр үндэстний цөөнх (national minority)-ийг угсаатны бүлгийн цөөнх (ethnic minority) хэмээн мөн нэрлэсэн байх юм.

Угсаатан гэх нэр томъёо нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийн “ethnic group”-д хамаарах ойлголт болох “ethnos”-ийг нэрлэх зорилгоор 1960 онд гарч ирсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэвч сүүлдээ уг нэр томъёо нь хувьсан өөрчлөгдөж, ястанд зориулагдсан илүү шинжлэх ухаанч нэршил хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. Өнөөдөр адаглаад Монголын угсаатан судлалд Монгол улс дахь бүх бүлгийг “ethnic groups” хэмээх ухагдахуунд багтаан угсаатанжуулсан (ethnologising) хэмээн хэлэхэд буруудахгүй.

Гэхдээ бид ангиллын төөрөгдлийн төгсгөлд дөхөж очиход хол байна. Хүний эрхийн дээрх тайланд байгаа иргэн, түүний олон тооны нэр болох иргэд гэх нэршлийг анхааран үзье. Казак иргэд гэх үед энэ нэр томъёо нь иргэд гэх утгаар ойлгогдоно. Харин уугуул иргэд, Цаатан иргэд гэх үед бодит байдал дээр анхдагч соёлоороо байгаа хүмүүсийг илэрхийлсэн тусгай ангилал болж хувирна. Энэ ангилал нь социализмын үед өргөн хүрээнд хэрэглэгдэж байсан бөгөөд одоо ч Цаатны талаарх эрх зүйн хэд хэдэн актад хэрэглэгдсэн хэвээр байна. Тухайлбал 2013 онд Цаатны талаарх Засгийн газарт өгсөн Ерөнхийлөгчийн зарлигт тэднийг “Тайгад цаа маллаж, амьдардаг Уйгар угсааны Тувачууд (цаашид Цаатан иргэн гэх)” хэмээн тодорхойлжээ.[5]

Цаатан нь 2018 оны тайланд таван төрлийн ангилалд хамаарсан нь “нөхцөл байдалд суурилсан угсаатан (situational ethnicity)”-ы ноцтой жишээ юм. Тэдгээрийг энд танилцуулъя. Нэгдүгээрт, Цаатан нь бусад бүлгийн нэгэн адил угсаатан (ethnos), угсаатны бүлэг (ethnic group)-т багтсан байна. Хоёрдугаарт, тэд ердийн ярианд хэлэгддэгээр ястан болно. Гуравдугаарт, тэд албан ёсоор үндэстний цөөнх (national minority) болох ба иймд тэд Үндсэн хуульд зааснаар өөрийн эх хэл (Тува зэрэг)-ээрээ боловсрол эзэмших эрхтэй. Дөрөвдүгээрт, бүртгэлийн маягт дахь “яс үндэс” гэсэн асуултад угсаатны бүлгийн нэрээ бичих ёстой (гэхдээ энэ нь ястан, үндэстний цөөнхийн аль нь болохыг ялгадаггүй). Үүнээс гадна тэд цаа буга малладгийн хувьд Монгол Улс дахь уугуул иргэд (indigenous people) болно. Тиймээс Уугуул иргэдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын тунхаглалаар хамгаалагдана. Эцэст нь энэ хүрээнд социалист Монголын заншлаас улбаалан тэднийг иргэд (people) хэмээн нэрлэнэ.

Тайланд дурдсан цөөнх дотор цөөнх (minority within minority) нь Монгол Улсад шинэ асуудал юм. Энэ нь Монгол Улс дахь үндэстний цөөнхийн асуудал хүний эрхжсэний хүрээнд гарч ирсэн ойлголт бөгөөд дараах хэсгийг уншвал тодорхой ойлгогдоно. Үүнд:

“Монгол Улс дахь цөөнхийн нөхцөл байдлын талаар бүрэн цогц ойлголт өгөх үүднээс цөөнх доторх цөөнхийн асуудлыг хөндөж, анхаарал хандуулах шаардлагатай болжээ. 2015 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлж байгаа бол эдгээр хүн амын 75.6 хувь нь Баян-Өлгий аймагт байна. Баян-Өлгий аймагт тоологдсон хүн амын 89.8 хувийг казах угсаатан, 5.7 хувийг урианхай, 1.4 хувийг тува, 1.2 хувийг халх, 1.0 хувийг дөрвөд, 0.7 хувийг буриад, үлдсэн 0.2 хувийг бусад угсаатан эзэлж байна. Үндэстний хэмжээний цөөнх өөрсдийн оршин суугаа газартаа эх хэлээрээ боловсрол эзэмшиж, шийдвэр гаргаж байгаа нь эргээд Баян-Өлгий аймагт амьдарч буй цөөнх болж буй хүүхдүүд хос хэлний тэр дундаа монгол хэлний мэдлэгийг хангалттай хэмжээнд олж авахгүй байх, халх, урианхай, тува, дөрвөд, буриад болон бусад угсаатан иргэд хэлний бэрхшээлээс үүдэн шийдвэр гаргахад оролцох боломжоор хязгаарлагдаж, ажилгүйдэл, ядууралд өртөж байна.”

Цөөнх доторх цөөнхийн энэ байдлыг хэрхэн ойлговол болох вэ? Асуудлын учиг нь Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэстний цөөнхөд хэрэглэгдэх хүний эрхийн хоёр тусдаа заалтаас олдож болох юм. Нэг талаас Монгол хэлээс өөр хэлтэй үндэстний цөөнхийн эх хэлээрээ боловсрол эзэмших зэрэг эрх үүнтэй холбогдох (Үндсэн хууль, 1 дүгээр бүлэг, 8 дугаар зүйл) бол нөгөө талаас бидний ойлгож байгаагаар хэнийг ч үндэс, угсаа, хэл, арьс, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, өмч хөрөнгө, мэргэжил, шашин, шүтлэг, боловсролоор үл ялгаварлах тухай заалт үүнд хамаарна (Үндсэн хууль, 2 дугаар бүлэг, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг). Үндсэн хуулийн эдгээр заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Арьс үндсээр ялгаварлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийг иш болгосон (тэдгээрт суурилсан).

Ийнхүү Баян-Өлгий аймгийн хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг Казак иргэдийн тус аймагт Казак хэлээрээ боловсрол эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн. Гэвч бидний өмнө тэмдэглэснээр үндэстний цөөнх нь “төрийн албан ёсны хэл” болох Монгол хэлийг мөн сурах шаардлагатай эсэх талаар эрх зүйн зохицуулалт 2015 он хүртэл тодорхой бус байсан хийгээд Баян-Өлгий аймагт Монгол хэлээр эсхүл Монгол болон Казак хос хэлээр боловсрол олгох сургууль байгуулах төрийн боломж хомс зэрэг шалтгааны улмаас Казакуудтай харьцуулахад тус аймагт тооны хувьд туйлын цөөн Монгол хэлээр ярьдаг угсаатны бүлгийн эх (Монгол) хэлээрээ боловсрол эзэмших эрх хангагдахгүй байж иржээ.

Энэ нөхцөл байдлыг гол төлөв хүний эрхийн болон Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил хэмээн тайлбарладаг. Үүний үр дүнд дээрх асуудалд тусгайлан хандах зорилго бүхий цөөнх доторх цөөнх гэх шинэ ангиллыг бий болгосон байна. Баян-Өлгий аймагт давамгайлж байгаа Казак үндэстний цөөнхтэй зэрэгцүүлэн тус аймаг дахь Монгол хэлт бүлгийг “цөөнх” хэмээн тодорхойлсон уг ангилал нь тэд (Монгол хэлт бүлэг)-ний Монгол хэлээр боловсрол эзэмших хүний эрхийн үндэслэлийг тогтоожээ. Эндээс “Үндэстний цөөнх”-д хэлний эрх олгогддогийн хувьд “цөөнх доторх цөөнх” нь өөрсдийгөө үндэстний цөөнхтэй адилтгаж байна хэмээн үзэж болохуйц байна. Үүнийг өргөжүүлэх байдлаар Монгол Улсын засгийн газрын тайланд хэрэглэсэн дээрх ангилал нь Баян-Өлгий аймагт Казак олонхын нөгөө талд Монгол бүлгийг үндэстний цөөнх болгох байдлаар тус аймагт Монгол Улсын үндэсний бүрэн эрхэт байдал (national sovereign jurisdiction)-ыг санаатай бус байдлаар алдагдуулахад хүргэж байна хэмээн мэтгэж болохоор байна. Энэ нь Монгол Улсын үндэстний цөөнхийн асуудлыг хүний эрхжүүлсний учир холбогдол (логик), үр дагавар юм!

Гэхдээ хүний эрх нь Монгол Улс дахь үндэстний цөөнхийн асуудлыг харах цорын ганц өнцөг биш. Харах өөр нэг өнцөг нь “үндэсний аюулгүй байдал”-тай холбогдох бөгөөд өдгөө Монгол улс дахь үндэстний цөөнхийг “үндэстний аюулгүй байдалжуулах”-д хүргэсэн гэж хэлж болно. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний эв нэгдлийг “оршин тогтнохуйн аюулгүй байдал”-д хамааруулснаас үүдэлтэй. Иймээс Эрүүгийн хуульд[6] үндэсний эв нэгдлийг бусниулахыг тав (5)-аас арван (10) жилийн хорих ял бүхий гэмт хэрэгт тооцохоор заажээ.[7] Өнөөг хүртэл Эрүүгийн хуулийн уг заалт нь зөвхөн Даяар Монгол, Хөх Монгол болон албан ёсны бүртгэлтэй төрийн бус байгууллага байдлаар үйл ажиллагаа явуулдаг бусад ижил төстэй үндсэрхэг үзэлт бүлгүүдэд хэрэглэгдэж ирсэн юм шиг санагддаг. Эдгээр нь гадаадууд болон гадаадуудтай дотно харилцаатай Монголчууд, Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд урван тэрсэлсэн гэж үзсэн хүмүүсийг гол байгаа болгодог хэт үндсэрхэг, нео-фашист бүлгүүд юм. НҮБ-д хүргүүлсэн 2018 оны тайланд дурдсанаар дээрх бүлгийн зарим хувь гишүүн ял шийтгэл хүлээсэн ч байгууллага нь үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна.

Гэвч Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь нео-фашистуудыг эсэргүүцэх төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд бүтцийн хувьд Монгол үндэстний ашиг сонирхол, зохион байгуулалттай Монгол Улсын үндэсний улс төрийн биет цогцолбор (Mongolian national body-politic)-ийн гадна буй үндэстний цөөнхийн ашиг сонирхол, зохион байгуулалт харшлах үед мөн хамаатай болдог. Энэ нь сайтар бодууштай чухал асуудал юм.

Үндэстний цөөнх хэмээх ангиллыг 1940-өөд оноос хойш Казакуудад хэрэглэж байгаа хэдий ч БНМАУ болон Монгол Улсын хооронд суурь ялгаа бий гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. БНМАУ нь социалист Монгол үндэстнийг бий болгохыг зорьж байсан ч оршин тогтнох хугацаандаа төрийг үндэстнээс дээгүүр авч үзэж байсан. Тухайн цаг үед ястан, үндэстний цөөнх болон бидний өмнө дэлгэрэнгүй дурдсан бусад ангиллын дээр төр оршин байсан билээ. Харин 1992 оноос хойших Монгол улсад төр, үндэстэн хоёулаа байх ба эдгээрийн дээр үндэстний улс (a national state) буюу үндэстэнжсэн улс (a nationalising state) бий.[8] Төр нь иргэний/иргэнлэг (civil) шинжтэй, одоогийн хэлбэрээр шинээр байгуулагдсан байж болох ч үндэстэн нь соёлын болон түүхийн өв уламжлалаа бүхэлд нь багтаан Монгол хэмээн тусгайлан нэрлэгдэж ирсэн өнө эртний гарвалтай. Монгол үндэстний эртний гарвал, түүний Монгол Улсын төртэй зохицох байдал нь Монгол Улсын төрд захирагдахын сацуу Монгол үндэстэнтэй зэрэгцэн оршдог үндэстний цөөнхөд бага орон зай үлдээдэг.

Монгол үндэстний эртний гарвал нь Монгол үндэстнийг одоогийн нутаг дэвсгэрийн хүрээн дэх Монгол улсаас илүү өргөн хүрээтэй болгодог. Үндэстний хувьд Монгол улс нь БНХАУ, ОХУ болон дэлхийн бусад улс дахь Монголчуудыг өөртөө ижилсүүлэх боломжтой. Дэлхийн Монголчуудыг Монгол улсад ирж, амьдрахыг уриалсан Ерөнхийлөгч асан Элбэгдорж зэрэг улс төрчийн зарим тохиолдолд нээлттэй илэрхийлдэг Нармай Монгол үзэл[9] нь Хятад, Орос дахь Монголчуудад горьдлого төрүүлж, супер хүчтэй хоёр хөршид нь сэжиг бий болгодог. Бараг бүх тохиолдолд Монголын улс төрчдийн амлалт, уриалга нь сонгуулийн зорилго бүхий популизм байдаг бөгөөд тэд хууль тогтоомжийн дагуу амлалтаа хэрэгжүүлэх оролдлого хийдэггүй.

Монгол үндэстэн болон Монгол Улсын дотоод дахь үндэстний цөөнх нь өөр хоорондоо үл зохицох нь санаа зовоосон асуудал юм. Хууль тогтоомжид зааснаар соёлын хийгээд бүр бүтцийн хувьд Монгол улсад үндэстний цөөнхийн ангилалд хамаарах иргэдээ биш Монгол Улсын гадна орших Монголчуудаа ижилсүүлэх тухай ярьдаг. Монгол Улс дахь үндэстний цөөнх нь Монголчуудаас соёл, хэлний хувьд ялгаатайгаас гадна гадаад улс, бүст өөрийн үндэстний нутагтай үндэстэн дамнасан хүмүүс гэж тооцогддог (Казакуудын хувьд Казакстан, Тувачуудын хувьд ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улс, Цаатангуудын хувьд Оросын Сибирь гэх мэт) учраас тухайлсан (тусгайлсан) цөөнх гэгддэг.

Монгол Улсын нөхцөл байдал дахин давтагдашгүй (онцлог) биш бөгөөд олон улс орон үндэстний улсаа цогцлоох, бэхжүүлэхийг эрмэлздэг нь түгээмэл. Үүнийг Хятад улсын жишээн дээрээс харж болох бөгөөд Хятадын сүүлийн үеийн шийдэл нь цөөнхийн эрхийг хүчингүй болгож, цөөнхийг илэрхийлж ирсэн нэр томъёо болох minzuzuqun болгон өөрчилснөөр цөөнх болох zuqun нь Хан Хятадад суурилсан нэг Хятад үндэстэн болох minzu-д захирагдах болсон явдал юм.[10] Мөн олон тооны цөөнхтэй зүүн Европын зарим оронд үндэсний асуудлаа зохицуулах нэг шийдэл байдлаар “үндэстний цөөнх” гэх нэр томъёог тодорхойлох, тодруулах ажлууд хийгдэж эхэлсэн нь ажиглагдаж байна. Энд танилцуулах Болгарын жишээ ихээхэн сургамжтай. 1997 оны 10 дугаар сарын 9-нд Болгарийн Ерөнхийлөгч Үндэстний цөөнхийг хамгаалах тухай Европын зөвлөлийн суурь конвенцид гарын үсэг зуржээ. Гэхдээ зарим улс төрч Болгар улсад “үндэстний цөөнх” байгаа эсэхэд эргэлзсэн тул Парламент тус Конвенцийг соёрхон батлах асуудлыг түдгэлзүүлсэн байна. Тэдний эргэлзээ нь тус улсад хүн амын дотор зөвхөн угсаатны, соёлын, хэлний, шашны ялгаа байхыг зөвшөөрдгийн хувьд конвенцийг соёрхон батлах нь Болгарт “үндэстний цөөнх”-ийг бий болгож болзошгүй гэж үзсэнтэй холбоотой. Гол асуудал нь Болгар дахь угсаатны, соёлын, хэлний, шашны бүлгүүд нь “үндэстний цөөнх” эсэх тухай юм.

Улмаар энэ нь Сталины тодорхойлолтын дагуу 1958 онд Болгарын коммунист намын төв хорооноос “үндэстний цөөнх” хэмээн хүлээн зөвшөөрсөн тус улс дахь Турк үндэстний цөөнхийн асуудалтай холбогдсон байна. Михайл Ивановын үзэж байгаагаар[11] Турк эсхүл Болгар үндэстний алиных нь ч бүрэлдэхүүн хэсэгт үл хамаарах Турк үндэстний цөөнх Болгар улсад байгаа нь сонирхол татам нөхцөл байдлыг бий болгожээ. Энэ нь магадгүй дээрх конвенцид гарын үсэг зурахаас татгалзах хэмжээний үндэслэл биш байж болох ч Болгарчууд улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалдаа санаа зовиносон байна. Иймээс конвенц дахь үндэстний цөөнхийн тодорхойлолтыг тодруулах шаардлагатай тулгарчээ.

“Үндэстэн” гэх нэр томъёоны олон улсад хэрэглэгддэг утга нь ихээхэн тодорхой бус болохыг харуулсан судалгаагаараа Иванов үндэстний цөөнхийн тодорхойлолтыг тодруулах оролдлогыг хийсэн байна. Үндсэндээ үндэстэн гэдэгт хоёр утга байдгийн нэг нь иргэншлийг илэрхийлсэн улс төрийн шинжтэй бол нөгөө нь угсаатны шинжийг агуулдаг. Тиймийн учир олон улсын заншлын практик нь улс төрийн үндэстэн (political nation) болон угсаатан-үндэстэн (ethno-nation) гэх ойлголтуудын ялгааг гаргахад чиглэнэ. Үндэстний цөөнх нь бусдаас тооны хувьд цөөн угсаатан-үндэстэн байдлаар тодорхойлогдох нь гарцаагүй. Улмаар Иванов үндэстний цөөнх хэрхэн угсаатан-үндэстэн, улс төрийн үндэстэн болдог тухай хоёр сценарийг авч үзжээ. Үүнд:

“Бид угсаатан-үндэстний хувиар үндэстний тухай ярих үед үндэстний цөөнх нь хүн амын үлдсэн хувиас цөөн өөр улсын нутаг дэвсгэр дээрх (угсаатан-) үндэстэн байдаг. Иймээс цөөнгүй тодорхой тохиолдолд бид гурван зүйлд хүрдэг нь үндэстний цөөнх өөрөө, тэдний амьдардаг улс орон болон тэдний эх үндэстэн гэж тогтоогдож буй улс болно.”[12]

Монгол Улс нь угсаатан-үндэстэн улс мөн гэх жишээн дээр үүнийг хэрэглэвэл үндэстний цөөнхүүд нь Монгол Улсыг “олон үндэстний улс” болгоно. Үндэстний цөөнхийн тухай үзэл санаа нь тооны хувьд цөөнх байдлаар Монгол Улсад амьдарч байгаа өөр гадаад үндэстний хэсэг гэсэн санааг илэрхийлнэ. Тухайлбал Казак нь эх үндэстэн нь Казакстан улсад байдаг Казак үндэстний нэг хэсэг болох үндэстний цөөнх юм. Энэ нь үнэндээ цөөнгүй Монголчууд болон Казакуудын боддог зүйл билээ.

 

Харин Европын зөвлөлийн гишүүн орнуудын тэн хагасаас илүүд нь үндэстнийг улс төрийн үндэстэн хэмээн авч үзэх үед эдгээр оронд “үндэстэн” гэх үг нь “иргэний харъяалал” (citizenship) гэх үгтэй төстэй утгаар хэрэглэгддэг.

“Үүнтэй адилаар ‘үндэстний цөөнх’ гэж ихэндээ олонхоос ялгаа бүхий тодорхой шинж, онцлогтой аливаа улсын цөөнх иргэдийг хэлдэг (Энэ тохиолдолд угсаатны, хэлний, шашны ялгааны тухай ярьдаг). Өөрөөр хэлбэл энэ утгаараа “үндэстний цөөнх” нь улс төрийн үндэстний нэг хэсэг болох ба улс төрийн үндэстэн нь тухайн улсын бүх иргэдийг багтаасан ойлголт болно. Гэхдээ үндэстнийг ‘улс төрийн үндэстэн’ хэмээн үздэг ихэнх улсад ‘үндэстний цөөнх’ гэх нэр томъёог ихэнх тохиолдолд хууль тогтоомжид болон нийгмийн контекстэд хэрэглэхээс татгалзах хандлагатай байдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.[13]

Иванов улмаар 1991 онд Цөөнхийг хамгаалах тухай Европын конвенцид өгсөн Эрх зүйгээр дамжуулан ардчиллыг тогтоох (Democracy through Law) Европын Комиссын саналд дурдсан цөөнхийн “тодорхойлолт”-ыг иш татжээ. Үүнд:

“‘цөөнх’ хэмээх нэр томъёо нь тухайн улсын хүн амын үлдсэн хэсгээс тооны хувьд цөөн, хүн амын үлдсэн хэсгээс ялгаатай угсаатны, шашны, хэлний онцлогтой бөгөөд өөрийн соёл, уламжлал, шашин, хэлээ хамгаалах хүсэл зоригоор жолоодогдсон бүлгийг илэрхийлдэг. Энэ тодорхойлолтод хамаарах аливаа бүлэг нь угсаатны, шашны, хэлний хувьд цөөнх хэмээн тооцогдоно.[14]

Дээрх тодорхойлолт нь “угсаатны, шашны, хэлний цөөнх”-тэй Болгарын нөхцөл байдалд тохирох ба мөн тодорхойлолт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 27 дугаар зүйл (угсаатны, шашны, хэлний цөөнх оршин байгаа улсад эдгээр цөөнхөд багтдаг хүмүүст бүлгийн бусад гишүүнийхээ хамтаар соёлоо баримтлах, шашнаа шүтэх, шашныхаа зан үйлийг үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих эрхийг хорьж болохгүй)-тэй нийцнэ хэмээн Иванов үзсэн.

Ивановын хийсэн зүйл юу вэ гэвэл үндэстний цөөнхийг “угсаатны, шашны, хэлний цөөнх” хэмээн тайлбарласан явдал юм. Тэрээр үүгээрээ тооны харьцаанаас үл хамааран угсаатны, шашны, хэлний бүлгүүд нь улс төрийн үндэстэнд харъяалагдах этгээдүүд, түүний иргэд байна гэх ангиллын эрэмбийг бий болгосон. Улс төрийн үндэстэн нь зонхилох нэг бүлгийг тодорхойлох (түүнд бусад бүлгийг ижилсүүлэх)-д ач холбогдол өгдөггүй.

Дээрх шинжилгээний үр дүнд Монгол Улсад тулгарч байгаа гол асуудал нь улс төрийн үндэстэн болон угсаатан-үндэстний хооронд тодорхой ялгааг гаргаагүй явдал болох нь тодорхой харагдаж байна. Энэ тодорхойгүй байдлыг тодруулахгүй бол Монголын угсаатан-үндэстэн нь ямагт түүний үндэстний цөөнх гэж үзэгдэх ба ялангуяа Казак зэрэг Монгол үндэстэнд үл хамаарах бүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг асуудал хэмээн ойлгогдсоор байх болно. Казакууд Монголоос Баян-Өлгий аймгийг салгаж болзошгүй гэх айдастайгаар Монголчуудын Казак үндэстний цөөнхөөс, Монгол угсаатан-үндэстний улс нь тэдний соёл, онцлогийг дордуулах вий гэх үндэслэлээр Казакуудын Монголчууд, Монголын угсаатан-үндэстний улсаас тус тус сэрэмжлэх байдал нь харилцан аюулгүй байдлын асуудлыг үүсгэж, угсаатны ухамсраар цэнэглэгдсэн аюулыг нэмэгдүүлж болох талтай.

 

[3] Энэ нь Монгол дахь Үндэсний үзэл ба Эрлийзжил бүтээлийн үндсэн санаа болно.

[4] “Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 23-24 дүгээр ээлжит тайлан” (Combined twenty-third and twenty-fourth periodic reports submitted by Mongolia under article 9 of the Convention, due in 2018)

https://tbinternet.ohchr.org/Treaties/CERD/Shared%20Documents/MNG/CERD_C_MNG_23-24_7892_O.docx. The English version is available here:

https://tbinternet.ohchr.org/Treaties/CERD/Shared%20Documents/MNG/CERD_C_MNG_23-24_7892_E.docx

[6] https://www.legalinfo.mn/law/details/11634

[8] Cf. Rogers Brubaker 1995. “National Minorities, Nationalizing States, and External National Homelands in the New Europe.” Daedalus. Vol. 124, No. 2, pp. 107-132.

[9] Cf. Uradyn E. Bulag 1998, pp.61-62. Зохиогч уг бүтээлдээ улс төрийн чиг баримжаа бүхий пан-Монголч үзэл болон соёлын чиг баримжаа бүхий “Их Монгол” үзлийг ялган тодорхойлсон.

[10] Cf. Uradyn E. Bulag 2010. “Alter/Native Mongolian Identity: From Nationality to Ethnic Group.” In Elizabeth J. Perry and Mark Selden (eds.) Chinese Society: Change, Conflict and Resistance (3rd edition). London and New York: Routledge, pp. 261-287.

[11] Mihail Ivanov 1998. “Interpreting the Term ‘National Minority’.” Balkanologie: Revue d'études pluridisciplinaires, Vol.2 No. 1. p.2.

[12] Мөн тэнд. p.3.

[13] Мөн тэнд. p.4.

[14] Мөн тэнд. pp.4-5.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.11.9 ДАВАА № 216 (6441)

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 12 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

12 цаг 39 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

12 цаг 42 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

12 цаг 45 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

12 цаг 49 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 6 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 15 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 20 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 26 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 35 мин