Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /7/

2020-11-19
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /3/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /4/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /5/

Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /6/

 

 

7. Социалист Монгол үндэстнийг бүтээх явц дахь угсаатны асуудал

Өмнөх хэсэгт тоймлосон Монгол Улс дахь үндэстний асуудал нь тус улс дахь бүлэг хоорондын харилцаанд ангич-үндэстэн гэх хандлагыг хэрэглэх гэсний үр дүн байжээ. Дэлхийн II дугаар дайны дараа БНМАУ-д хувийн өмчийг устгаж, улмаар нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн нь шинэ хөгжлийн шатанд хүргэж, нийгмийн харилцаа, үүн дотроо угсаатны асуудалд нөлөөлөх болсон. Үнэн хэрэгтээ 1959 онд МАХН “орон нутгийн эдийн засагт социалист үйлдвэрлэлийн харилцааг бүрмөсөн яллаа” хэмээн тунхаглахад улс даяар социалист “шинэ хүн” болон социалист харилцааг бий болгохыг дэмжих болжээ. Өгүүллийн энэ хэсэгт “Социалист Монгол үндэстэн”-г байгуулах үйл явцад угсаатны асуудал хэрхэн өөрчлөлтөд орсныг 1950-аад оны сүүл үеэс хэрэглэгдэж эхэлсэн шинжлэх ухааны салбар болох угсаатан зүй (ethnology)-н гүйцэтгэсэн үүрэг, түүхэн замналыг шинжлэх замаар дүгнэн үзнэ. Угсаатан зүйн салбар нь 1930 оноос Монголд өмнө бидний авч үзсэн аймаг судлалын хувиар мэдэх болсон ажлыг уламжлан авч, үргэлжлүүлжээ. Угсаатан зүй (ethnology) нь Монгол улс дахь “аймаг”, “ястан”-ы асуудлыг судлах эрдэм шинжилгээний гол салбар ухаан болсон хэдий ч 1960-аас 1980-аад он хүртэлх хугацаанд Монголын угсаатан зүйчид гол төлөв нийгмийн өөрчлөлтийн “үйл явц”-ыг баримтжуулахад оролцож байжээ.

Энэ үед хийсэн ихэнх судалгаа нь халхуудын дунд хийгдсэн байна. 1957 онд Москвагийн их сургуулийг төгссөн Монголын анхны мэргэжлийн угсаатан зүйч С.Бадамхатан Хөвсгөл аймаг дахь Дархадууд зэрэг бага ястнуудыг судлах байдлаар ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрээр удалгүй 1962 онд бичсэн судалгааны өгүүлэлдээ харин Халхуудын дунд угсаатны зүйн судалгаа илүү ихээр хийх шаардлагатай байгаа талаар дурдаж байв.[1] Мөн Москвагийн их сургуульд бэлтгэгдсэн Монголын хоёр дахь мэргэжлийн угсаатны зүйч болох Г.Цэрэнханд нь Сайн ноён хан аймгийн хошууд болох Архангай, Өвөрхангай аймгууд дахь Халхуудын дунд судалгаа явуулж эхэлжээ. 1967 оноос С.Бадамхатан Халхуудыг судлаж, 1972 онд “Боржигин халх” хэмээх өгүүллээ нийтлүүлжээ.

 

Халх дээр тулгуурлан хийгдсэн угсаатны зүйн эдгээр судалгаа нь үнэн хэрэгтээ социалист үндэстэн байгуулах томоохон төслийн нэг хэсэг байсан юм. 1960-аад оны эхэн үеэс өмнө угсаатан зүйчид угсаатны гарвал зүйн болон зарим бага ястны материаллаг хийгээд оюун санааны соёлын онцлог шинжийг сонирхож байсан бол 1970-аад онд Зөвлөлтийн угсаатан зүйч Ю.Бромлейн боловсруулсан онолыг баримтлан “угсаатны явц”, түүний дотор социалист нэгдмэл Монгол үндэстнийг байгуулах асуудлыг судалж эхэлжээ. 1982 онд хэвлүүлсэн онолын бүтээлдээ судлаач С.Бадамхатан нь Монголын “угсаатны явц”-ыг хувьслын онолын үүднээс бүдүүвчилж харуулах оролдлогыг хийсэн. Ингэхдээ тэрээр Ю.Бромлейн хэрэглэсэн этнос хэмээх нэр томъёог угсаатан хэмээн Монгол хэлнээ буулгажээ. Монголын түүхэн дэх угсаатан, угсаатны явц хэмээх ойлголтын гол санааг С.Бадамхатан дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

“Чухамдаа капитализм нь феодалын нийгмийг үгүй хийсний дараах түүхэн үед үндэстэн үүсчээ. [Нөгөө талаас] угсаатан нь феодалын үеээс нэгдмэл угсаа гарвалтай бүлэг болсон бөгөөд нийгмийн хөгжлийн явцад аймаг, ястан гэх нэршлээр оршсоор байсан. Социализмын үед ястан, угсаатны соёл, эдийн засагт нийгмийн хөгжил, өөрчлөлт гарсны үр дүнд дээрх хоёр нь нэгтэн нийлэх замаар шинэ угсаатны нэгж бүрэлдэн, яваандаа социалист үндэстэн болон хөгжжээ.”[2]

Энэ нь бага ястнуудыг золиослох байдлаар социалист Монгол үндэстнийг цогцлоон байгуулсан гэсэн үг юм. Учир нь судлаач С.Бадамхатаны “Монгол үндэстний зонхилох бүлэг болох Халхын хэл аялгуу, утга зохиол, соёлд тулгуурласан социалист Монгол үндэстний нийгэм-улс төрийн нэгж”[3] хэмээн нэрлэсэн зүйлд бага ястнууд өөрсдийн онцлогоо нэгтгэсэн гэдэг.

Халхууд дээр тулгуурлан социалист Монгол шинэ үндэстнийг байгуулахад хүргэсэн уг угсаатны явцыг ажиглах нь Монголын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн гол төсөл болсон байна. 1981 оноос Монголын ястнуудын тухай гурван боть ном бичих төсөл эхлүүлжээ. Эхний боть нь 1987 онд “Халхын угсаатны зүй” нэрээр хэвлэгдсэн байна.[4]

Тус ботийн оршил хэсэгт зохиогч С.Бадамхатан Халхуудыг сонгох болсон шалтгаанаа зөвтгөх үндэслэлийг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

“Олон Монгол овогтон, угсаатны цөм нь Халх ястан; Халх нь Монголын түүхэнд, ялангуяа 14 дүгээр зууны дараах феодалын эринд тоо томшгүй Монгол ястныг үүсэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн; Халхын соёл нь бүх Монгол овогтны соёлын бүрдүүлбэрийг өөртөө шингээсэн. Тиймээс Халхын угсаатан зүйг судлахын ач холбогдол нь үүгээр тодорхойлогдоно.”[5]

Ийнхүү С.Бадамхатан Халх ястныг Халх биш бүх Монгол ястны гол эх үүсгэл хэмээн үзсэн байна. Гэхдээ түүний Халхыг ястны хувиар авч үзсэн нь Халхад ямар нэгэн ястны агуулга өгөөгүй Халхын түүхийг бичсэн хоёр нэртэй түүхч Ш.Нацагдорж, Д.Гонгор нарынхаас[6] ихээхэн ялгаатай. Халхуудын гарал үүслийг 8 дугаар зуунаас эхлэлтэй хэмээн Д.Гонгор үзсэн бол С.Бадамхатан нь 16 дугаар зууны дунд үед байгуулагдсан “Халхын хаант улс” нь Халх ястан үүсэх суурийг тавьсан хийгээд “феодалын нийгмийн угсаатны бүх шинжийг агуулсан Халх ястны бүрэлдэх үйл явц 17-20 дугаар зуунд явагдсан”[7] хэмээн нотлохыг оролджээ. Өөрөөр хэлбэл С.Бадамхатан Халхыг ураг төрлийн харилцаан дээр суурилсан овог хэмээн үздэг Монголын ихэнх түүхчдийн үзлийг үл даган жижиг бүлгүүдийг өөртөө ижилсүүлсэн бүлэг хэмээн тодорхойлсон байна. Тэрээр Халх нь БНМАУ дотор байгаа Халх бус ястнуудыг өөртөө шингээж (уусгаж) социалист Монгол үндэстнийг бий болгох чадавхитай өөрийн гэх нутаг дэвсгэр, засаг захиргаатай улс төрийн шинжтэй угсаатан бүлэг байсан гэх үндэслэлийг дэвшүүлжээ.

Энэ үүднээс “яс үндэс”-ээ заавал бичих шаардлагатай болдог социализмын үеийн иргэний бүртгэл, хүн амын тооллогын журам нь далд зорилготой байсан гэж үзэж болох юм. Ястан, үндэстнийг тоочих нь угсаатны олон янз байдлыг дэмжих, “интернационалч” нөхөрлөл (“internationalist” friendship)-ийг тэтгэхэд бус эсрэгээрээ тэдгээрийг уусгах зарчмаар үгүй хийх оролдлого байжээ. 1960-аас 1980-аад он гэхэд ястны ижилсэл нь тодорхой ястны бүлгийн гишүүдийн өвлөн ирсэн зүйл байхаа болж харин хэн нэгэн чөлөөтэй сонгож болох нээлттэй зүйл болжээ. Тиймээс бага ястан байх нь хоцрогдсон, явцуурсан, чухал биш гэсэн утгатай болж, харин Халх нь Монгол үндэстний цөм хэмээн тунхаглагдан, дэвшилтэт, нээлттэй, голчид тооцогдож, ялангуяа Улаанбаатар зэрэг хот газарт суурьшигч бага ястнууд өөрсдийн аялгаа гээн Халхад ижилсэх болсон байна. Эцэг эх нь Дөрвөд, Буриад хэрнээ төрүүлсэн хүүхдээ Халх хэмээн бүртгүүлдэг байсан жишээ бидэнтэй олон таарна.

 

Энэ “угсаатны үйл явц” нь сонирхол татахуйц угсаатны шатлал (эрэмбэ)-д хүргэжээ. Үүнд Халх нь Монгол гэсэн нэршилтэй ижил утгатай болсон бол бага ястан нь овог аймгийн шинжтэй, ач холбогдолтой бус, бүрэн Монгол бус (хагас Монгол) шинжтэй болжээ. Ийм маягаар Монгол болохын тулд Халх аялгууг суран Халх хүнтэй гэрлэх замаар Халх болох шаардлагатай болсон байна. Үүнийг судлаачийн хувьд Халх төвийн (төвтэй) үзэл буюу социалист Монгол үндэстнийг бүтээх зорилготой төрийн дэмжлэг бүхий дээрэнгүй үзэл (chauvinism)-ийг бий болгосон хэмээн үзэж байна.[8]

Угсаатны явцаар дамжуулан социалист нэг Монгол үндэстнийг байгуулах явдал нь МАХН-ын зорилго болсон үеэс дээрх ижилсүүлэх бодлогод Казак үндэстний цөөнх хүртэл өртөж байв. Энэ хүрээнд авсан нэг гол арга хэмжээ нь Казакуудыг Баян-Өлгий аймгийн зарим хэсгээс уурхайн хот болох Налайх зэрэг Монголын бусад хэсэг рүү нүүлгэсэн явдал юм.

Социалист Монголын угсаатны улс төрийн түүх нь Монголын хүн амыг аймагжуулах (tribalizing) замаар эхэлж, улмаар төрөөс эхэнд, хожуу оноосон аймаг, ястан гэх ангилалд оруулан угсаатанжуулах (ethnicizing) байдлаар өрнөсөн. Эхлээд бүлгүүдийг өөр хооронд нь ялангуяа Халхтай эсрэгцүүлсний үр дүнд “Монгол” гэх ижилсэл Монгол улс дахь аливаа бүлгийн улс төр, нийгмийн амьдралд голлох байр сууриа алджээ. Үүний оронд 1960-аад оноос хойш бага ястнууд болон “үндэстний цөөнх” Казакууд өөрсдийн ижилслээ Халхтай нэгтгэн социалист Монгол үндэстнийг бий болгох шахалтанд орсон байна. Энэ нь Монгол дахь аж үйлдвэржилт болон хотжилтын үйл явцтай давхцсанаар өөр өөр бага ястан, үндэстний цөөнхүүдийг аймгийн төв, нийслэл, нэгдэл, уул уурхайн хот зэрэг нэг газар зүйн байрлалд суурьшихад хүргэжээ. Угсаатны улс төр нь үнэн хэрэгтээ Халх-Монгол үндэстэн (the Halh-cum-Mongolian nation)-д бүх бүлгийг уусган, нэгтгэх эрмэлзлэл бүхий социалист шинэ Монгол үндэстнийг байгуулах цаг үед хөгжин цэцэглэх болсон.

 

Гэхдээ дээрх үндэстэн байгуулах үйл явц нь харьцангуй амжилт олж, 1980-аад он гэхэд социалист шинэ Монгол ижилсэл их, бага, ямар нэгэн байдлаар бүрэлдсэн. Халх соёл зонхилох (давуу байдал бүхий) шинж чанартай хүчин болон тогтсон байна. Угсаатны улс төр нь энгийн ард олны дунд гэхээс илүү намын удирдлагын болон засгийн газрын түвшний зүйл байв. Нам, засгийн газрын өндөр түвшинд Дөрвөд, Баядын тэнцвэргүй төлөөлөл байсан (бүлгүүдийн ястны онцлогийг үгүй хийснийхээ төлөө олгосон ЗХУ-ын нөхөн төлөөс ч байж мэдэх) нь Халх улс төрчдийн дургуйцлыг өдөөжээ. Улс төрчид үнэн хэрэгтээ Монголчууд харилцан бие биенийгээ доройтуулж, бүх Монголчуудыг Манжууд эзлэснээр дуусгавар болсон XVII-XVIII дугаар зууны үеийн Ойрад, Халхуудын хоорондох түүхэн зөрчлийг эргэн сөхөх тохиолдолд өрсөлдөөн хортой болж байсан. Шинэ маргаан нь нэг тал нь нөгөө талаа Монголын тусгаар тогтнолыг алдагдуулахад хүргэсэн хэмээн буруутгах байдлаар өрнөж байлаа. Улс төрчдийн дундах уг ижилслийн улс төр нь сэхээтнүүдэд хүрч түүх, түүх бичлэгийн маргааны талбар болжээ. Эдүгээ ч энэ тэмцэл зарим нэг хэлбэрээр оршсоор байна.

Эдгээр маргаанаас үл хамааран социалист Монгол үндэстэн байгуулах “угсаатны үйл явц”-ыг дэмжихийн тулд угсаатан судлаачид, түүхчдийн хийж байсан угсаатны гарвал зүйн (ethnogenesis) судалгаануудад бүх бага ястны хоорондын нэгдмэл уг гарвал (genealogical)-ыг онцолсон нь шинээр байгуулсан Монгол үндэстэнд шинэ эртний үндэс суурийг бий болгожээ. Энэ нь 1930-аад оны үеийн бүлэг хооронд овог үндэсний ялгаа, ангийн ноёрхол, мөлжлөгийн шинж тэмдэг байгаа эсэхийг шинжилдэг байсан угсаатны зүйн судалгааны чиг хандлагаас эрс татгалзсан явдал байлаа.

 

[1] Бадамхатан 1962. “Монгол орны угсаатны зүйн судлалын байдлаас.” Studia Historica, 2, т.73. С.Бадамхатан ийнхүү Халхын талаар судлах хэрэгцээ шаардлагатай гэсэн нь цаашлаад Монголын тэргүүлэх зарим түүхчдийн зүгээс Халхыг голлон судлах болсон оюун санааны орчинг илэрхийлэх юм. Тухайлбал 1962 оноос хойш 30 жилийн хугацаанд Түүхийн хүрээлэнг удирдсан Ш.Нацагдорж нь 1963 онд Халхын түүх, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан Д.Гонгор нь 1970, 1978 онуудад Халх Товчоон хэмээх 2 боть бүтээл туурвижээ.

[2] Бадамхатан 1982: 9.

[3] Мөн тэнд. p 10

[4] Бадамхатан (хянан тохиолдуулсан) 1987 Халхын угсаатны зүй. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.

[5] Бадамхатан (хянан тохиолдуулсан) 1987: 6.

[6] Ш.Нацагдорж 1963. Халхын түүх. Улаанбаатар: БНМАУ-ын Шинжлэх ухааны академи. Д.Гонгор 1970 & 1978. Халх товчоон. Улаанбаатар: БНМАУ-ын Шинжлэх ухааны академи.

[7] Бадамхатан (хянан тохиолдуулсан) 1987: 49.

[8] Uradyn E. Bulag 1998 (2016). Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил, МУИС Прэсс.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

14 цаг 23 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

14 цаг 50 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

14 цаг 53 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

14 цаг 56 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

15 цаг 0 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

15 цаг 17 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

21 цаг 25 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

21 цаг 31 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

21 цаг 36 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

21 цаг 46 мин