COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Бүхэл бүтэн нэг гаригийн 7.8 тэрбум хүнийг айлгаад буй цар тахлыг зогсоох  вакциныг гаргаж авахын төлөө дэлхийн олон орон өрсөлдөж байна. Учир нь цар тахал бол аль нэг улсын биш дэлхийн хэмжээний асуудал учраас вакциныг хамгийн түрүүнд гаргаж авсан улс, эрдэмтэд дэлхийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээнэ.  Урьд өмнө байгаагүй шинэ төрлийн коронавирусаас олон сая хүний амь насыг аврах цорын ганц арга зам нь вакцин юм. Дэлхий дахинаа өндөр үр нөлөө үзүүлсэн хэд хэдэн вакциныг зарласан сайхан мэдээгээр бид энэ долоо хоногийг угтлаа. Ийн дэлхийд туршиж байгаа, хамгийн сайн үр дүн үзүүлсэн вакцины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

“Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүллээ

 

АНУ-ын “Moderna” компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг даваа гаригийн орой зарлалаа. Энэ нь коронавирусын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн  АНУ-ын хоёр дахь вакцин юм. “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ. Харин “Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн “Moderna” компанийн  ерөнхий эмч Тал Закс ярив.

Вакцинд арванхоёрдугаар  сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар “Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ вакцинд хамрагдана. Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Вакциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж  Энтони Фаучи ярьсан байна. “Moderna” компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөхөөс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ дээрх 94.5 хувь бол ердөө 95 сайн дурын ажилтны эхний үр дүн юм.

 “Pfizer” компанийн вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол “Moderna”-гийн вакцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай юм.Цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг “Moderna” баталж байна.

“Moderna”-гийн вакцин нь бусад вакцинуудаас илүү өндөр үнэтэй. Нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60  орчим ам.долларын үнэтэй байх юм.Харин “Pfizer” болон “BioNTech” компанийн вакцины хоёр тун нь 40 орчим ам.доллар, “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь дөрвөн ам.доллар, “Johnson & Johnson” компанийн вакцин тун нь 10 орчим ам.долларын үнээр худалдаалахыг мэдэгдээд байна.

 

Pfizer: Ирэх хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ

 

Дэлхий нийт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийг COVID-19-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлсэн вакцины сайхан мэдээгээр эхлүүлсэн. Тодруулбал, АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани хамтран бүтээсэн вакцин аюулгүй гэсэн үр дүн  үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосноор хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэн дэх гайхалтай өдөр боллоо хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн дээрх  компаниуд вакцинаа энэ сарын сүүл үеэс нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Судлаачид хавар гэхэд  хэвийн амьдралдаа шилжих боломж ирлээ хэмээн энэ мэдээг талархан хүлээн авсан юм.

Энэ талаар Оксфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн  профессор Жонн Бэлл “Би үүнийг хэлж буй анхны хүн нь боловч сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хөл хориог сулруулах, хязгаарлалтыг зогсоох хамгийн сайн арга зам бол вакцин юм” гэсэн бол АНУ-ын “Pfizer” компанийн тэргүүлэгч Алберт Боурла “Бид дэлхийн өнцөг булан бүрт  нүүрлэсэн эрүүл мэндийн хямралыг зогсоох гайхалтай нээлтийг хийхэд ойртлоо” гэв. Энэ вакцины хоёр дахь тунг тариулснаас долоо хоногийн дараа Америк, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркийн сайн дурын 94 ажилтанд 90 хувийн дархлаа тогтсон байна. “Pfizer”  болон “Moderna” компанийн вакцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай  холбоотой аж. Ингэснээр вакцин тариулсан хүний биед вирус  эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна. 

Вакцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашиглажээ. Тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсч, энэ хүсэлт  ирэх долоо хоногийн эхээр гарч магадгүй гэв. Хэрэв хүсэлтийг нь зөвшөөрвөл  энэ оны төгсгөл гэхэд 50 сая тун, ирэх он гарахад 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв. Их Британи 30 сая тунг урьдчилан захиалснаас энэ оны сүүлээр гэхэд 10 саяыг нь авах шаардлагатай гэв.

Мөн Их Британийн эм үйлдвэрлэгч “Астра Зенека” компани болон Оксфордын их сургууль хамтран туршиж буй вакцин үр дүн сайн байвал дэлхий даяар хоёр тэрбум тунг үйлдвэрлэхээс Их Британи дангаараа 100 сая тунг  нь захиалжээ. Мөн Их Британи “Moderna” компанийн вакцинаас таван сая тунг хавах хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярив.

Хамгийн сонирхолтой нь энэ вакциныг  Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Озлем Туречи нар бүтээжээ. 55 настай Сахин, 53 настай Туречи нар “BioNTech” компаниа 2008 онд Германы Майнц хотод байгуулсан байна. 

 

Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүллээ

 

Дэлхийн хамгийн анхны коронавирусын эсрэг вакциныг гарган авснаа  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  наймдугаар сарын 11-нд сүр дуулиантайгаар зарласан. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй вакцины үр нөлөөнд дэлхий нийт төдийгүй, ОХУ-ын иргэд эргэлзэж тариулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас баталгаажуулаагүй. Гэвч вакцин гарган авах уралдаанд түрүүлэх гэсэн хүслээсээ ОХУ огт буцсангүй.

“Pfizer”  компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ гэсний дараахан  Гамалей судалгааны хүрээлэнгийн туршиж байгаа Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүлснийг  энэ сарын 11-нд зарлав. Сайн дурын 20 ажилтан вакцин тариулснаас 21 хоногийн дараа тэдэнд дархлаа тогтсон байсан аж. Сүүлийн шатандаа тэд 40 мянган сайн дурын ажилтан хамруулснаас эхний тунг 20 мянга, хоёр тунг 16 мянган сайн дурын ажилтан тариулжээ. Тэд туршилтдаа Беларусь, Венесуэль, Энэтхэг, Араын нэгдсэн бүгд найрамдах улсын иргэдийг хамруулсан байна.

Саяхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сан  Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египт 25 сая тунг худалдаалахаар болсноо мэдэгдэв.  Мөн Унгар, Өмнөд Солонгос,  Турк, Франц улс вакцин авахаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь 40 мянган сайн дурын ажилтны ердөө 20 хүнийх нь үр дүн учраас баталгаатай биш. АНУ-аас өрсөх гэсэн ОХУ-ын хийрхэл хэмээн ажиглагчид үзэж байна.

Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй вакцин туршиж байгаагаас 11 нь  хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд ороод байна.Гэхдээ коронавирус цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй вакцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж болохыг зарим судлаачид анхааруулж байгаа юм. Мөн одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна. Дээрх гурван вакцинаас гадна Их Британийн “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн  хамтарсан вакцин, “Johnson & Johnson” компанийн вакцин сайн үр дүн үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

 

Байр, суурь

 

ДЭМБ: Цар тахалтай тэмцэхдээ зөвхөн вакцинд найдаж болохгүй

 

СОVID-19-тэй үр дүнтэй тэмцэхийн тулд вакцин гарган авахаас гадна хүмүүсээс шинжилгээ авах, ойр хавьтлуудыг илрүүлэх, өвчтөнтэй ойр хавьтсан хүмүүсийг тусгаарлах зэрэг бусад арга хэрэгслийг орхигдуулж болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

“COVID-19” цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш л өвчнийг хяналтад авахад вакцин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг бид мэдэж байсан. Гэсэн ч вакцин нь бусад арга хэрэгслийг орлох бус нэмэлт арга зам болж буйг онцлох тэмдэглэх нь зүйтэй. Зөвхөн вакцин цар тахалд цэг тавьж чадахгүй. Вакцин гарсан ч бид урьдын адил ажиглалт явуулах, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчилгээ хийх, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсаар байх юм” гэж тэрээр хэлжээ.

 “Вакцины нийлүүлэлт эхэндээ хязгаартай тул юун түрүүнд эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, эрсдэлд өртөж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Ингэснээр нас баралтын тоо буурч, эрүүл мэндийн тогтолцоонд өвчнийг сөрөн зогсох боломж бий болно гэж найдаж байгаа ч вирус тархах орон зай өргөн уудам хэвээр байх болно” хэмээн Гебрейесус анхааруулав.

 

“Оном сан”-гийн  ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар: АНУ-ын Засгийн газар Moderna-д нэлээд хүч хаясан

 

-Moderna нь вакциныг хүн дээр туршсан АНУ-ын анхны компани юм. Уг вакцин нь вирусын уургуудыг синтезлэдэг мэдээллийн РНХ ашигласан.  Өнгөрсөн долдугаар сараас эхлэн ирээдүйтэй байж болохуйц  өгүүллэгийг хэвлүүлсэн. Түүнчлэн III шатны судалгааг долдугаар сард эхлүүлээд одоо амжилтад хүрч байна. Энэ судалгаанд АНУ даяар 89 судалгааны төвд 30 мянган эрүүл хүн хамруулахаар төлөвлөж байгаа  гэсэн яриа байсан.  АНУ-ын Засгийн газраас уг вакцины хөгжүүлэлтэд нэг тэрбум орчим ам долларын санхүүжилт өгсөн байдаг. 

Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс сайхан мэдээнүүд дуулдаж эхэллээ. Монгол түмэн цар тахлын эсрэг чадах чинээгээрээ зүтгэж байна.  Энэ  асуудал цаашид нэлээд хүндрэх төлөв рүүгээ орчихлоо.  Монгол Улсын Засгийн газар,  УОК боломжийн хэмжээнд ажиллаж энэ өвчнийг оруулалгүй 10 сарын хугацаанд тэсч ирлээ.  Харамсалтай нь алдаа гарч, дотооддоо алдлаа.  Алдаа гарсан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хүлээн зөвшөөрсөн.  Ажил хийж байгаа хүмүүст бүх зүйл алдаагүй сайхан явна гэж байхгүй.  Тусгаарлалтын үед халдвар хамгаалалтын горимоо сайн барьж чадсангүй, голомтлон алдлаа. 

Мөн Алтанбулагийн боомтын ердөө цаах нь халдвар ямар их байлаа.  Үүнийг тооцсонгүй, хилийн хяналт муу байлаа. Гэхдээ шүүмлээд суух цаг нь биш.   Монголчууд атгасан гар шиг нэгэн хүчээр нэгдсэн удирдлага дор энэ цар тахлыг даван туулна.  Тахлын гинжийг тасалж сэжигтэй тохиолдол бүрийг хайрцаглах хэрэгтэй. Үүнийг бид хийж чадна.  Дэлхийн олон улс орнууд хийж чадаж байгаа.  Манайд харин ч олон давуу тал байна.  Миний амьдран суугаа АНУ-ын хувьд байдал ямар байгааг та бүхэн мэднэ. Нэг өдөрт л 185 мянган хүн халдвар авч, 1300 гаруй хүн нас барж, 70 орчим мянган хүн эмнэлэгт хэвтээд байна.  Одоо монголчууд алдаагаа засч, дахин энэ асуудалд алдаа гаргахгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй.

 

Ж.Амарсанаа: Манай улс чанартай, үр дүнтэй вакцин захиалсан гэж найдаж байна

 

Б.ТУУЛ

Эрүүл мэндийн дэд сайд асан, хүний их эмч Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монголд “COVID-19” задарчихлаа. Засгийн газар, эрүүл мэндийн салбараас хариу арга хэмжээ авч байна. Үүнийг шүүмжилж байгаа, дэмжиж байгаа хүн цөөнгүй байна. Таны хувьд цаг үеийн байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-“COVID-19” вирусын халдвар дан ганцхан эрүүл мэндийн салбар гэлтгүй эдийн засаг, бизнесийн салбар гээд олон салбарт сөрөг үр дагаврыг авчирч байна. Ялангуяа, улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн байгаа энэ үед эдийн засгийн үйл ажиллагаанууд зогсонги байдалд орсноос үүдэн  ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс энэ эдийн засгийн уналт нь коронавирусээс ч илүү аюултай нөхцөл байдал үүсгэхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа Засгийн газраас одоо  авч буй хатуу хориг  арга хэмжээ удаан хугацаагаар үргэлжилж болохгүй. Энэ 14 хоногт  халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, халдварын тархалтыг хумихад  хангалттай хугацаа гэж бодож байна. Үүнээс цааш олон хоног үргэлжилбэл, манай улсын эдийн засаг дийлэхгүй. Дээрээс нь ирэх оны төсвийг энх цагийн тооцоогоор баталсан нь араасаа олон асуудлыг  дагуулж мэдэхээр байна. Коронавирусын халдварыг дотооддоо алдсан нь төсөвт  өөрчлөлт оруулах, хэдэн дарга нарын нэр дээрх тендерийг дэмжих, бүтээн байгуулалт нэрийн дор барилга байшин барих бус хүн рүүгээ чиглэсэн төсвийг батлах хэрэгцээ, шаардлагатай боллоо гэдгийг харуулж байна. Зөвхөн нэг удаагийн маск зүүх,  бээлий өмсөх зэрэгт цаашдаа бид нэг хүнд өдөрт 10-аар тогтохгүй байх нөхцөл байдал үүсч байна

-Ази, Европын орнуудад коронавирусын хоёр дахь давалгаа эхэлж байна. Манай улсад хяналт суларсан нь өвчлөл гарахад нөлөөлчих үү?

-Улсын хэмжээнд онцгой дэглэм үргэлжилж байгаа мэт байсан боловч үнэн хэрэгтээ амьдрал дээр энэ бүх дэглэм хаягдчихсан байсан. Хүмүүс хурим,  найр наадмаа хийгээд явж байсан. Сонгуулиас хойш хот, хөдөөгүй маскгүй зөндөө явцгаасан. Энэ хайнга байдал нь  коронавирусын халдвар хурдацтай тархахад нөлөөлөх шиг  боллоо. Тэгэхээр бид өвчлөл гарсан хойно нь бус, өвчин гарахаас нь урьдчилан сэргийлэх үүднээс ядаж маскаа ядаж тасралтгүй зүүж байх ёстой байлаа.

-Та энэ вирусын онцлогийн талаар багагүй судалдаг.  Өмнө нь та энэ вирус мутацид орсон, 270 гаруй төрөлд хуваагдсан гэж ярьж байсан. Энэ удаа Монголд ямар төрөл нь орж ирээд байгаа бол?

-Коронавирусын төрөл буюу генотипийг  нарийвчлан тогтоосон зүйл одоогоор манай улсад алга. Миний хувьд, чадах мэдэх зүйл байвал энэ тал дээр туслахад бэлэн гэдгээ ХӨСҮТ-д  уламжилсан байдаг. Мэдээж, нарийн дэг журамтай ажиллаж байгаа болохоор намайг дуудаад ажиллуулах нь цаанаа асуудалтай байдаг байх. Мөн УОК болон холбогдох газруудад нь хүсэлтээ илгээсэн байдаг. Одоогоор ямар нэгэн хариу ирүүлсэн зүйл алга байна.

-Таны хувьд, энэ вирус дэгдсэн цагаас эхлээд санал бодлоо илэрхийлж байсан. Одоо Монголд өвчлөл гарчихлаа. Та эмчилгээний багт орж ажиллах хэвээрээ юу?

-Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэж ажиллах цаг үе ирээд байгаа учраас улстөржиж, хагарч бутрах, талцаж хуваагдах цаг үе биш байна. Тиймээс миний бие энэ бүх ажилд дайчлагдахад бэлэн гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Эмч хүний хувьд, эрдэмтэн судлаач хүний хувьд, эмчилгээний багт орж ажиллах саналыг нээлттэй хүлээж авах болно.

-Аль ч улс оронд вакцин тойрсон мэдээлэл эрэлттэй, хүлээлттэй байна. Чанар болоод үнэ ханшийн хувьд аль улсын вакцин боломжийн байна вэ. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Би энэ талаарх мэдээллийг бас багагүй судалсан. Зарим нь ширхэгийг нь 60-70 ам.долларт зарна гэсэн нь ч байна. Зарим улс орны том эмийн компаниуд айхтар үнэ тогтоохгүй байна. Хүмүүнлэгийн чиглэлээр өгөх буюу ойролцоогоор нэг ширхэгийг нь 3 ам.доллароор зарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн нь вакциныг буурай хөгжилтэй улс орнуудын худалдан авах чадварт тохирсон үнэтэй байх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.  Гэхдээ ихэнх компаниуд дунджаар 5-10 долларт багтаагаад улс орнуудад нийлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Одоогоор судалгаа шинжилгээ, баталгаа нотолгооны хувьд амжилттай явж байгаа хэд хэдэн томоохон компаниуд байна. Тухайлбал, вакцин үйлдвэрлэгч  томоохон компани “Pfizer” компанийн вакцин 90 хувийн амжилттай байна гэдгийг нотолчихлоо. Дараа нь,  Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компанид эрдэмтэд нэлээд их  найдвар тавьж байна. Дараа нь Америкийн “Moderna” компанийн үйлдвэрлэх гэж буй вакцины үнийн хувьд,  50-60 доллар буюу өндөр үнэ дуугарч байна. Тус компанийн вакцин 94 хувийн үр дүнтэй байна гэдгээ мэдээлчихлээ. Тиймээс манай улс эдгээр компаниудаас вакцин худалдан авах саналаа хүргүүлсэн гэж найдаж байна.

-Вакцин үйлдвэрлэх орнуудын дунд өрсөлдөөн их байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Зарим эмийн компаниуд түрүүлж үйлдвэрлээд, улс орнуудад нийлүүлэх бодлого барьж байна шүү дээ. Олон сая тунг үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадал, худалдан авалтын талаарх яриа хэлэлцээрүүдийг тасралтгүй хийж байна.

-Вакцинаас гадна ремдисивер эм бас эрэлттэй сонсогдож байна. Манай улс ядаж энэ эмийг захиалсан юм болов уу?

- Миний бие энэ оны эхэнд энэхүү ремдесивир эмийг манай улсад нийлүүлээч гэсэн хүсэлтийг  Америкийн компанид уламжилсан байдаг. Харин азаар тухайн компаниас энэ хүсэлтийг минь дэмжиж, хүлээн авсан байдаг. Энэ хүрээнд манай улсын эм ханган нийлүүлэх байгууллагууд энэ эмийн татан авалтыг хийж,  ХӨСҮТ-д нийлүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс Монголынхоо эм ханган нийлүүлэх компаниуд, үйлдвэрлэгч байгууллагуудад баярлалаа гэж хэлмээр байна. Мөн монголчууддаа хандаж хэлэхэд, энэ нөхцөл байдал маань хугацаатай, дуусах цагтай зүйл учраас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад, сахилга баттай,тэвчээртэй байгаарай гэж хэлье. Дээр нь нэмээд хэлэхэд,  хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа энэ үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай суурь өвчтэй хүмүүс, хавдартай, эрсдэлт бүлгийн хүмүүстээ эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллаасай. Төрийн байгууллагын хүмүүс нь энэ тал дээр хүнд сурталгүй үйлчлэх, эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байх, эрсдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.18 ЛХАГВА № 221 (6446)

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

3 цаг 24 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

3 цаг 51 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

3 цаг 54 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

3 цаг 57 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

4 цаг 1 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

4 цаг 18 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

10 цаг 26 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

10 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

10 цаг 37 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

10 цаг 47 мин