Чингис хааны «Их засаг» цааз

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Д.УЛАМБАЯР

 

Доктор, профессор

ХIII-ХIV зууны үеийн монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийг судлахад тухайн цаг үеийн хууль, эрхзүйн дурсгалууд үлэмж ач холбогдолтой. Үүнд, юуны өмнө “Их Яса” буюу “Их Засаг” [«Яса» гэдэг нь хориг, цааз гэсэн утгатай ажээ] хэмээх Чингис хааны хууль, цаазын эмхтгэлтэй холбоотой эх сурвалж, мэдээ, мэдээллүүдийг онцлон дурдах ёстой.

Түүхч ал-Маркизи-ад-Дин, Магаки, Г.А.Масакин, Ибн-Батута, В.Вартана, Мирхованда, Григор Акнерц, ата-Малик Жувейн, Рашид-ад-Дин, нэрт жуулчин Плано Карпини, Гильом де Рубрук, Марко Поло нар “Их Засаг” цаазын нэлээд зүйл ангийг өөрсдийн бүтээл, аян замын тэмдэглэлдээ тусгасны гадна мөн алтан ургийнхны нууц түүх “Монголын нууц товчоо”-нд энэ тухай тодорхой өгүүлдэг. “Их Засаг” хуулийг судлах талаар нэрт эрдэмтэд Г.В.Вернадский, В.В.Бартольд, Б.Я.Владиморцов, П.С.Попов, П.Березин болон бусад судлаачид ихэд анхаарч, бүтээлүүддээ онцлон авч үзэж байв. Харин профессор В.А.Рязановский энэ ажилд тусгайлан зүтгэл гаргаж, олон арван сурвалж бичгүүдийг шүүрдсэний үндсэн дээр 1931 онд “Монгольское право (преимущественно обычное): Исторический очерк”, 1931 онд “Великая «Яса» Чингисхана” хэмээх томоохон хоёр бүтээлийг Харбин хотноо орос хэлээр хэвлүүлсэн нь энэ чиглэлээр гарсан бүтээлүүдийн оргил болсон юм. Түүний сүүлийн бүтээл нь 1937 онд Тяньжинд англи хэлээр Valentin A. Ryazanovsky. Fundamental Principles of Mongol Law. -Tientsin.:  1965 онд АНУ-д Бүүлминтонд Индиана их сургуулийн хэвлэлд II удаагаа англи хэлээр хэвлэгдэн гарчээ. Академич Ш.Нацагдорж, Ш.Бира, ШУА-ийн сурвалжлагч гишүүн Х.Пэрлээ, дэд эрдэмтэн С.Жалан-аажав нар ч бүтээлүүддээ асуудлыг хөндсөн нь буй. 2003 онд БНСУ-ын хуучин нийслэл Кёнжү  хотын Сун овогтын хувийн цуглуулгаас хуулийн эмхтгэлийн балархай нэжгээд эх  олдсоныг доктор Б.Сумъяабаатар бээр тайлбар, зүүлтийн хамт хоёр боть болгон Сөүл хотноо 2012 онд хэвлүүлжээ.

Чингис хаан XIII зууны эхээр олон монгол ханлиг аймгуудыг нэгтгэж, улс гэрийг байгуулахад нийт Монголын хэмжээнд мөрдөгдөж байх бичмэл цааз “Их Засаг”-ийг тогтоожээ. Гэхдээ энэхүү “Их Засаг” хэмээх цаазын эмхтгэл гэнэт гарч ирээгүй гэдэг нь илэрхий. Учир нь эртнээс монголчууд өөрсдийи амьдралд ардын хэв ёсыг баримталж байсан бөгөөд тиймээс ч тэр нь цаашдын хөгжлийн явцад улам баяжин олон талтай болж, улмаар хууль цаазны шинжийг олж эцэстээ бичмэл хууль үүсэн гарахын эх үндэс болжээ. Нөгөөтэйгүүр Жагар, Түвд, Хятан зэрэг суурьшмал газар орны хууль, цаазын нөлөө ч улбаалсан талтай юм. Ийнхүү Монголд анхны бичигдэл хууль цааз  гарч, энэ нь түүхэнд “Их Засаг” (Яса) хэмээн алдаршжээ. Академич Б.Я.Владиморцов тэмдэглэхдээ: “Чингис хааны үед монголчуудын дунд мэдээжийн илэрхий болсон “Чингис хааны тогтоол” засаг нь монголын хэв заншил, ардын хэв ёсыг хууль цаазны шинжтэй болгосон зүйл байсан бололтой” гэжээ.

XIII зууны үеийн монголчуудын нийгэм-улс төрийн байгууламжийг өгүүлэх “Их Засаг” цааз бидний үед үндсэн зүйлүүд нь уламжлагдаж ирсэн бөгөөд энэ тухай түүхийн олон сурвалж бичиг мөн тодорхой өгүүлдэг. “Чандмань эрх” сударт тэмдэглэснээр: Их эзэн Чингис хаан өөрийн улсын бичиг номын болон цэцэн ухаант арван найман их эрдэмт мэргэдийг шавь нарынх нь хамт урин авчирч өөрийн хууль тоггоомжийг эмхтгэхийг тэдэнд зарлиг болгожээ. Уг хууль нь (хуйлсан бичиг) бүх дээдэс, тэдний харьяат нарыг юуны өмнө их эзэн Чингис хаан өөрийнх нь үзэл бодлыг бүх талаар тусгасан энэхүү хууль дүрмийг эмхэтгэх тухай зарлигийг ёсоор болгосонд эрдэмт мэргэдийг ихэд магтан дээдэлж, цол хэргэмээр шагнасан байна. Мөн Жувейнийн түүхэнд өгүүлсэн нь: «Чингис хаан өөрийн бодсон ёсоор хэрэг бүрт хууль цааз, юм бүхэнд дүрэм, журам тогтоохын хамтад эдгээр засаг ба зарлиг дүрмийг хуйлмал цаасан дээр бичиж, тэмдэглэхийг зарлиг болгожээ. Энэхүү хуйлмал бичгийг “Засгийн Их дэвтэр” хэмээн нэрлэж Их хааны ойрын ураг төрлийнхний санд хадгалдаг байв. Хаан их ор суух, их цэрэг хөдөлгөх, хааны ураг төрлийнхөн хуралдаж, засаг төрийн хэрэг зөвлөн хэлэлцэх бүрд тэд энэхүү хуйлмал бичгийг эл гаргаж түүний дагуу ажил, хэргээ шийтгэнэ» гэжээ.

Египетийн төрийн гадаад харилцаа эрхэлсэн түшмэл, түүхч Ал-Маркизи-ад-Дин (1361-1442)-ий бичсэнээс үзвэл: Чингис хаан Ван хааныг ялж дээд засгийг олоод улмаар зарим үндсэн хууль, дүрэм, зарим ял шийтгэлийг тогтоож, энэ бүгдийг ном болгон бичиж “Их Засаг” (Ясак) гэж нэрлэжээ. Уул номыг хянаж дууссаны дараа Чингис хаан эдгээр хууль, дүрмийг болд бүхий самбар дээр уйгар үсгээр сийлж бичихийг зарлиг болгож, түүнийгээ өөрийн улс, үндэсний эмхтгэл хууль болгосон байна. Энэ нь тэдэнд бүрнээ нийцсэн учраас Чингис хааныг залгамжлагчид түүний заалтыг нэг ч юманд зөрчиж байсангүй гэжээ. Алдарт түүхч Рашид-ад-Дин өгүүлэхдээ: Их хуралдай болж, хаан ширээ өргөмжлөхөд сайн болоод бэх бат хууль, дүрэм зарлиг болгосон нь чухам өгөөмөр хэрэг болж нийтээр талархал хийжээ гэсэн байдаг.

“Монголын нууц товчоо” “Их Засаг”-тай холбоотой нэгэн баримтыг өгүүлдэг. Эсгий туургатан улс энх шударга болж, барс жил  (1206 онд)  Онон мөрний эхэнд хуралдаж, Есөн хөлт Цагаан тугаа мандуулаад Тэмүүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөхөд тэрбээр улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхөр Шихихутугт соёрхол хайрлаж өгүүлэхдээ: «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад  үзэх нүд, сонсох чих болж яв», “Шихихутуг чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно» гэж зарлиг болгоод бас Шихихутугийг «Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоон, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд заргач болгожээ. Бас «Нийт улсын өнгийг хувааж, заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж Шихихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагг хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй» гэж зарлиг болгожээ. “Нууц түүх”-ийн энэ мэдээг үндэслэж академич Ш.Бира “Хөх дэвтэр” бол “Засаг” хуультай холбоотой байж болохоос гадна Засаг хууль нь эртний монголчуудын эрхэмлэдэг хөх өнгийн дэвтэрт анх бичигдэн яваандаа “Их дэвтэр” гэж нэрлэгдэх болсон байж болох талтай гэсэн байдаг. “Нууц товчоо”, Рашид-ад-Дины уламжилсныг үзвэл “Их Засаг” хуулийг анхлан эмхтгэж боловсруулахад Шихихутуг гардан оролцсон, ерөөс тэрбээр монголын хууль цаазны сэтгэлгээний анхны томоохон төлөөлөгчийн нэг байжээ. Сурвалж бичгүүдийн нийтлэг санаа нь “Их Засаг” хэмээх хууль, цаазын эмхтгэл байсныг илэрхий өгүүлэхийн дээр түүнийг 1206 онд Монголын Нэгдсэн Улсыг байгуулж, Чингисийг их хаан өргөмжилсөн их хуралдайгаар анх эмхтгэн боловсруулсан ажээ.

Ер тэр цагийн Монголын нийгэмд хууль цааз буй болгох явдал үнэхээр шаардагдаж байжээ. Ийм хууль тогтоон явуулах нь юуны өмнө их хаан ба Их Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хэрэгтэй байсан нь тодорхой. Ерөөс төр улс буй болоход ноёрхогч анги өөрийн хууль, эрхийн үзлийг хуулиар бэхжүүлж, эрхийн хэм хэмжээгээр зохицуулдаг ажгуу.

Эсгий туурагтан улс энх шударга болж, улс гэр байгуулагдсан дор Их эзэн Чингис хаан: «хурдан хүлгэнд морьдож дэлхий дахиныг нэг засаг төрийн мэдэлд илбэн тохинуулж ертөнцийг дагуулах амархан, харин дөрөөгөө мулталж, газарт бууж, их гүрнийг төвхнүүлэхэд хялбар биш» хэмээн хэлсэн нь хууль, эрхзүй нэн чухал болохыг өгүүлсэн хэрэг байжээ.

Эзэнт гүрний ерөнхий хууль Чингис хааны “Их Засаг” (Яса)-т хаан өргөмжлөх, улсын их хуралдай хийх, гадаад олон улс лугаа харилцах,  цэрэг захиргаа, эрүү, иргэний цаазын зэрэг олон зүйлийг хуульчлан тогтоосон байна.

“Их Засаг”  цаазын ерөнхий шинж, агуулгыг  тодорхойлбол: Гадаад бодлого, олон улс лугаа харилцахтай холбоотой зүйлээс дурьдвал,  Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам орон зайд оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээс өөрсдийн язгуурын гал голомт, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнолоо хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн  “хүчээр түрээ барих”, “тулган шаардах”-аас эхлээд “Монголын энхжин, найрсаг төрийн харилцааг хөгжүүлэх”,“дэлхийн шинэ дэг журам”-ыг илбэн тохинуулах хүртэл гадаад бодлого, дипломат ажиллагааг тууштай баримтлан явуулжээ. Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа чухамхүү үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд захирагдаж энэ зарчмын дагуу явагдаж байжээ. Улс гэр байгуулагдаж, тэр үеэс монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш гүрнүүдийн харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй нийт Төв Ази цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан байна. Энэ нь Монгол Улс хүчирхэгжиж улмаар дэлхийг нийтээр нь илбэн тохинуулах бодлого явуулсантай юуны өмнө холбоотой байв. Плано Карпиний бичсэнээр бол Монголын нэгдсэн улсын гадаад бодлогын ерөнхий чиг шугамыг Чингис хааны “Их Засаг” хууль зүлийн бичигт зүйлчлэн заахдаа: Бид “...бүх газар орныг илбэн тохинуулж, дагуулан  захирах ёстой ба урьдаас захирагдаагүй нэг ч улс оронтой найрамдал тогтоох ёсгүй” гэжээ. Гүюг их хаанаас   Ромын Пап IV Инносенд  илгээсэн бичигтээ: “«Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс  шингэх хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон... гээд төгсгөөд “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болга иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”  хэмээсэн монгол үсгээр сийлбэрлэсэн тамга дарж байв. Мөнх тэнгэрийн суу залиар Их Монгол түмний нэрийн өмнөөс их хаан Мөнх Франкуудын эзэн Людовик ван лугаа илгээсэн бичигт: «Дээр хөхөрөгчид гагц мөнх тэнгэр, доор хөрстөд тэнгэрлэг заяат гагц эзэн Тэмүүжин Чингис хаан байдаг хэмээх мөнх тэнгэрийн зарлиг буй бөлгөө» гэдгийг эхэлж дурдаад«...бид бүхнээс танд хандаж  бидний хэлэх үг энэ буюу. Хүний чих сонордох, хөлгийн туурай хүрэх аливаа газар энэ үгийг биширтүгэй, дагатугай. Ману зарлигийг сонсож, бас ойлгосон атал үл бишрэн, бидний өөдөөс цэрэг хөдөлгөх аваас тэд нүд байвч харж үл чадах, гар байвч барьж үл чадах, хөл байвч явж үл чадах нэгэн болохыг та нар сонсоно, толилно Энэ бол бурхны тогтоосон таалал болой...Та нар мөнх тэнгэрийн зарлигийг сонсон ойлговч нэвтэрхийлэн мэдэж итгэхийг таалахгүй, Манай газар хол, манай уулс бат, манай далай их хэмээн үзэж үүнд эрэмшин бидний эсрэг хөдөлбөөс бэрхийг хялбар, холыг ойр болгосон мөнх тэнгэр бидний юу мэдэх, юу чадахыг удирдан залах болно» гэж байв.

Эдгээр бичгүүд тогтсон дипломат хэллэгээр төгсөж байсан ажгуу.. Тухайлбал: “Монголын Их хаан бол ертөнц дахины Далай их хаан болох учрыг илтгэж бичгүүдийн төгсгөлд ямагт “Мөнх тэнгэрийн хүчит Далай хааны их суу залийн үнэн дор,  дараа нь хааны нэр, тэгээд зарлиг үг мину” хэмээдэг байсан ажээ.

“Их засаг” хуульд Нэгдсэн их улсын гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлсны гадна мөн гадаад харилцаа, дипломат ёслолын тухай заасан байна. Үүнд: Гадаадтай харилцах дээд эрхийг хаан өөрөө барих, дипломат харилцааны хэргийг гагцхүү хааны нэрийн өмнөөс гүйцэтгэх, дипломат албан бичгийг уйгаржин монголоор эсвэл дөрвөлжин үсгээр зохион үйлдэж, уул орныхны хэлээр хавсралт хувь үйлдэж, эцэст нь хаан гарын үсгээ зурж, төрийн их тамга дарах, дайн, найрамдлын асуудлыг том язгууртан, ноёдын их хуралдайгаар хэлэлцэж шийдвэрлэх, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, харь орны элч төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, элчин солилцох, элч нарын дипломат халдашгүй дархан эрхийг хүндэтгэх, төрийн дайллага хийх, дипломат “гэрэгэ” шийтгэн олгох зэрэг орж байжээ. Их Монгол Улсын дипломат албыг “төрийн алтан аргамж” хэмээн онцгойлон үзжээ.

Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий  улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм. Түүнчлэн  арилжаа наймаа, аян жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл, харилцаа холбоо урьд өмнө байгаагүй хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь монголчуудын тогтоосон La Paix Mongole буюу “Монголын энхжин”-тай шууд холбоотой байв. Евразийн өргөн уудам нутагт монголчуудын тогтоосон олон улсын шинэ дэг журмын эрин үе буюу XIII-XIV зууны үед Хятад, Энэтхэг, Перс, Араб, Өрнөд Европын худалдаачид монголчуудын сэргээн буй босгосон аюулгүй, найдвартай худалдааны их замаар чөлөөтэй худалдаа хийх болжээ. Энэ үед л монголчууд чөлөөт худалдааны үзэл санааг анхлан дэвшүүлэн гаргаж тавьсан юм.  Тийнхүү энхтайвны шинэ дэг журам тогтоох буюу дэлхийг нийтээр нэг засаг төрийн мэдэлд илбэн тохинуулах замаар Их Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хангахад чухамхүү “Их Засаг” хууль нэн чухал үүрэг гүйцэтгэжээ.

Захиргааны эрхзүйн холбогдолтой заалтаас онцолбол Монгол язгууртан ноёдын эрх, үүрэг болон хааны хэмжээгүй эрхийг засаг хуулиар хуульчлан тогтоожээ. Хаан өөрөө бүхий л эрхийг барьж, түүний зөвшөөрөлгүйгээр хэн боловч газар нутаг, ажил төрөл сонгон авч үл болохын гадна хаад, ноёд хамжлага ардаас хэрэгтэй бүхнээ гаргуулан авахыг хуульчлан тогтоожээ. Үүнд: Түмт, мянгат, зуутын ноёд жилийн эхэн, адаг хоёрт хаанд бараалхаж, түүнээс юу сургамжлахыг сайтар сонсож, гэртээ хариад цэрэг иргэдээ захирах, хэн өөрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна. Аравтыг захирч чадсан хүнд мянгат, түмтийг захируулж болно. Өөрийн арваныг захирч чадаагүй аливаа ноёныг гэмтэн болгож, арваны дотроос хэн чадахыг сонгож ноён тавина. Түмт, мянгат, зуутын ноёд үүнтэй адил. Улсын дотор юу болсныг түргэн мэдэж байхаар байнгын өртөө байгуулна. Цэрэг, иргэд, ноёд хаанаас өөр хүнд учир мэдүүлж болохгүй. Эдгээр заалтуудын аль нэгийг нь ямар нэгэн хэмжээгээр зөрчвөл шууд цаазаар авна хэмээжээ.      

Египетийн түүхч Макризи, Армяний түүхч Г.А.Масакин, В.Вартана нар уламжлахдаа: “Их Засаг”-т тушаахдаа: бие биеэ хүндэтгэх, хүний болон бэлэвсэн эмэгтэйтэй явалдахгүй байх, хулгай хийхгүй байх, худал хэлэхгүй байх, заль мэх гаргахгүй байх, урван тэрслэхгүй байх, гуйланч байдал гаргахгүй байх үүнийг зөрчвөл цаазаар авна гэжээ. Мөн Ибн-Батута бичихдээ: Хэрэв морь хулгайлбал торгуулийг төлөх, төлөх хөрөнгөгүй бол морины хамт хүүхдээ өгөх, хэрэв хүүхэдгүй бол хонь гаргаж өгөх адил цаазаар авна гэжээ. Мирховандагийн тэмдэглэснээс үзвэл: Цэрэг болон анчид ан авлахад салан задгай байдал гаргах, ан авыг хоосруулбал модоор занчих, заримдаа цаазаар аваачиж байжээ. Түүний бичсэнээс үзвэл: Бас засаг хуульд цаазаар авах ялыг хэлтрүүлж болох үндэслэлийг ч заажээ. Жишээ нь, цаазаар авах ял шийтгэгдсэн лал шашинт хүн дөчин алтан зоос, хятад хүн нэг илжиг өгвөл хэлтэрч болдог байжээ.

Иргэний эрхтэй холбоотой заалтаас дурьдвал, Эхнэр авахын тулд сүй тавина, мөн олон эхнэртэй байж болно. Тийм нөхцөлд анхны эхнэр ахална. Татвар эхнэрээс гарсан хүүхдийг хууль ёсонд тооцож, зохих эрх эдлүүлнэ. Садан төрлөө эцгийн журмаар зөвхөн I, II үеийг тооцно. Эцэг нь хөвгүүддээ өмч хуваарилна. Ахмад хөвгүүн дүү нараасаа илүү хувь хүртэнэ. Отгон хөвгүүн эцгийн гал голомтыг өвлөнө. Эцэг нас барахад хөвгүүд нь эхнэрүүдийн хувь заяаг шийднэ. Гильом де Рубрук бичихдээ: хүндэтгэх шалтгаангүй бол иргэн хүн заавал ажил хийж, ямар нэг үүрэг гүйцэтгэх ба цэргийн алба хаах, албан татвар төлөх, өртөө хийх, ан хоморгонд оролцох ёстойг хуульчлан заасан гэжээ.

“Их засаг” хуулиар бөөгийн шашныг ивээн хамгаалж төрийн гол шашин болгожээ. Үүнтэй холбогдуулж дурдахад гал барс жил буюу 1206 онд Онон мөрний хөвөөнд болсон монгол ноёдын их хуралдайгаар Хонхотын Мэнлиг эцгийн гуравдугаар хөвгүүн Хөхчүд, Тэв тэнгэр цол өргөмжилж гүрний их зайран бөө болгосон билээ. “Засагт” сүм хийд ба шашны мөргөл үйлдэгчийг хүндэтгэн аливаа албан татвараас чөлөөлдөг байсан тухай В.Вартана уламжилжээ. Чингис хаан   бээр бүх шашныг эн тэгш үзэж, шашныг нэг газар дор нэгтгэн зангидаж, шашин шүтэх эрх чөлөөг цогцлоожээ. Энэ нь бас үндэсний аюулгүй байдал, улс төрийн нарийн учир холбогдолтой байжээ.

“Их засаг” хуулийг хэрэв алтан ургийн дотроос анх удаа зөрчвөл үгээр ятга, хоёр удаа зөрчвөл уран үгээр ухуулах, гурван удаа зөрчвөл Балж хуржирын уулзуур хэмээх алс газар цөл, хэрэв тэнд очоод засралыг эс олбол гав тушаалаар бэхэлж хорь гэж зааж байсан нь сонирхолтой.

“Их засаг” харц ардыг нэг аравтаас нөгөө аравтад, нэг зуутаас нөгөө зуутад дур зоргоор шилжихийг хатуу хориглож, зөрчсөн хүнд шууд цаазаар авах ял оноохыг заажээ. Энэ бол чухамдаа харц ардуудыг тус тусын эзэн ноён, түүний нутаг бэлчээрт хадаж бэхэлсэн хэрэг мөн. К.Маркс “ХVIII  зууны дипломатын түүхийн нууц” бүтээлдээ бичихдээ: “Их засагт дээд язгууртны тухай дурдахдаа аливаа алба татвараас чөлөөлөх, өөрийн олсон олзыг бусадтай хуваахгүйгээр их хаанд тогтмол чөлөөтэйгөөр оруулж байх, есөн удаагийн цаазын ялаас хэлтрүүлэх эрх мэдлийг хаанд олгожээ. Аж төрөх цэрэг ёсны үр дүнд хагас иргэншсэн бүх ард түмэнд иймэрхүү хэлбэрийн феодалын эрхзүй үүсч буй болсон байна” гэж тэмдэглэсэн байдаг.         

Чингис хаанаас хойш түүний залгамжлагчдын дунд “Их засаг” цааз Монголын эзэнт гүрний хэмжээнд мөрдөн дагах ёстой гол хууль цааз болсон байна. Бат хан Алтан Орд улсын Оросын сүм хийдэд олгож байсан зарлигийн бичигтээ: “Засаг” цаазд захирагдаагүй этгээдийг хэн боловч шууд цаазаар авна гэж заасан байна. Ил хаад тухайлбал, Хүлэгү хан “Их Засаг цааз”-ыгг улс төр, хувийн амьдралдаа чанд мөрдөж байсан бөгөөд ерөөс энэ хууль нь Монголын ноёрхолд байсан Ойрхи болон Дундад Дорнодын орнуудад үлэмж нөлөөтэй байсан тухай олон эх сурвалжид тэмдэглэжээ. Хубилай хаан “Их Засаг” цаазыг чанд баримталж байсныг Юань улсын сударт тодорхой тэмдэглэсэн байдаг. Чингис хааны “Их засаг” цааз хожим Монголын ноёрхолд байсан Ойрхи болон Дундад Азийн төрт улсууд, цаашлаад Европ дахинын дотоодын хууль цааз, ялангуяа олон улсын эрхзүйн үүсэл, хөгжилд чухал нөлөө үзүүлжээ.

Чингис хааны “Их засаг” хууль зүйлийн бичгийн үзэл санааг хураан өгүүлбэл их хаан, төрд үнэнч байх, өвөр дотроо эе эвийг хичээж эв найртай байх, нийгэм дэх тэргүүлэгч ангийн эрх ашгийг бэхжүүлэхэд шууд чиглэгдсэн байна. Төр улсыг хууль ёс, эрхзүй дор илбэн төвхнүүлэх шаардлага нь Их Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаас  шууд үүдэн гарсан ажээ. Чухам үүнд “Засаг хууль”-ийн гол ач холбогдол оршино. Цаашлаад “Их Засаг” хууль нь дундад үеийн нийгмийн харилцааг хуулиар бататган бэхжүүлж, овгийн байгууллын үлдэгдэлд цохилт өгснөөр тэр үедээ үлэмж дэвшилтэт зүйл болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Б. Мөнхбат
u ugly
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

8 цаг 33 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

9 цаг 0 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

9 цаг 3 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

9 цаг 6 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

9 цаг 10 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

9 цаг 27 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

15 цаг 35 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

15 цаг 40 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

15 цаг 46 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

15 цаг 56 мин