“Мазаалай” Х.Дэмбэрэл

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Хүүхдээр овоглож уран бүтээлээ туурвиж яваа нэгэн зохиолчийг  “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа. Энэ бол хүүхдийн зохиолч  Х.Дэмбэрэл юм.

 

Нэгдлийн гишүүн болсон нь

 

Өсч төрсөн нутаг, эцэг эх, ханилсан хань, үр хүүхэд, анд нөхдөө зохиосон дуу, шүлэгтээ магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч  байдаггүй биз ээ. Тэдний нэг нь Хонгор нутгийн хүү “Мазаалай”  Дэмбэрэл гэж алдаршсан  хүүхдийн зохиолч юм. Тэрээр 1956 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Оргодолын  дөрөв дэх хүү болон мэндэлсэн байна. Хөлд орох хүртлээ төрүүлсэн аав ээжийнхээ гар дээр өсчээ. Өссөн гэдгийн учир нь аавынх нь нагац ах С.Хүнбиш “Танайх гур­ван хүүтэй. Дөрөв дэх нь бо­лох  бага хүүгээр чинь гал голом­тоо сахиулъя”  гэж гуйснаар түүнийг өргүүлсэн байна.

Ийнхүү өргөсөн аавынхаа гэрт очсон хүү найман настайдаа 1964 онд сумынхаа бага сургуульд сурах ёстой байсан ч аав ээж нь хойш нь нэг жил татсан эсвэл тэр үед замбараа муутай цаг үе байсан уу нэг жил завсарджээ. Ингээд жилийн дараа нэгдүгээр ангид орсноор сумынхаа бага сургуульд суралцаж эхэлжээ. Тэрнээс хойш гурван намар улирч хүү 1968 оны намар дөрөвдүгээр ангид оров. Үеийнхэнтэйгээ бичиг үсэг сурч явсан хүү тэр үед амьдралыг нь өөрчлөх  үйл  явдал болно гэж санаанд нь ч орсонгүй. Тэрээр  шинэ жилийн амралтаар нэгдлийн мал малладаг аав ээж дээрээ очихоор яваад сургуульдаа  буцалгүй гэртээ үлджээ. Гэвч хэрэг явдал ингээд дууссангүй. Учир нь 1968 оны хавар хүүтэй нэр нэгтэй амьдай Дэмбэрэл багш нь сургууль руу нь авч явахаар гэрт нь ирж. Ирдгийн учир нь хүүг ядаж бага сургуулийнх нь дөрөвдүгээр ангийг төгсгөе гэж санасных аж. Харин дашрамд дурдахад хүү анх сургуульд орохдоо Х.Түмэндэмбэрэл гэдэг нэртэй байсан авч ангийн багшийн журналд нэр нь багтахгүй байсан уу. Нэрнийх нь эхний хэсэг гээгдэж Дэмбэрэл болсноо зохиолч “Нэр маань хүртэл хэлмэгдэж явлаа”хэмээн хошигносон юм. Гэвч  тухайн үед Монгол Улс байтугай дэлхий даяар 1968 оны зургадугаар сарын 13-нд  “Дэлхий Икар хэмээх  гаригтай мөргөлдөж сүйрнэ”гэсэн цуурхал дэгдээд байсан үетэй давхцаж таарчээ. Өргөж авсан ээж Балгармаа нь  “Гал голомтоо сахиулах гэж өргөж авсан ганц хүүгээ дэлхий сөнөх гэж байхад явуулахгүй. Ер нь  манай хүүхэд сургуульд байх, байхгүй нь хэнд хамаатай юм. Эрхлүүлж өсгөсөн эрх танхи хүүгээ дэргэдээ байлгана”  хэмээн  зүтгэсээр  сургуульд нь  явуулсангүй. Ингэснээр гэртээ үлдсэн хүү аав ээждээ тусалж мал маллах болжээ. Харин дэлхий  сөнөнө гэсэн өдөр аав ээж, хүү гурав тэнгэрийн хаяа улайгаад ирэх үед гэртээ байж таарсан байна.  Харин голын араар нутаглаж байсан тэдний хариулдаг аавынх нь нэр дээр данстай нэгдлийн мал өөр тийшээ бэлчээд явчихжээ.  Аав нь “Тэнгэр муухай байна. Хонь руугаа мордъё”  гэхэд  эхнэр нь “Өнөөдөр дэлхий сөнөнө гэсэн.Тэнгэрийн хаяа баруун талаасаа улайгаад сөнөж байх шиг. Одоо тэр нэгдлийн мал яах нь хэнд хамаатай юм. Гурвуулаа цуг байж байгаад үхье”  гэж хэлээд хониндоо мордох гэсэн аавынх нь бүснээс зуурсаар байгаад явуулсангүй. Ингэсээр шөнө орой болж  гурвуул  унтжээ. Харин өглөө  сэрэхэд  нөгөө  сансрын од гаригтай мөргөлдөж сөнөнө гэсэн  дэлхийн нь сөнөөгүй. Хойноос нь мордъё гэж байсан хонин сүрэг нь хотлоод ирчихсэн байсан хөгтэй явдал хүүхэд байхад нь тохиолдож байсан  гэнэ. Харин тэр үед хүн 15-16 нас хүрч байж нэгдлийн гишүүн болдог байсан ч бага сургуулиа ч төгсөөгүй малчин болсон хүү 12 настайдаа Хөдөлмөрийн баатар н. Жамсран даргатай Бууцагаан сумын “Ургац” нэгдлийн гишүүн болсон байна. Ингэж ажиллаж явсаар 1975 онд хадланд гарах үеэр тэрээр   эхнэр Б.Цэцэгмаатайгаа танилцжээ. Тэд дараа жил нь  өрх тусгаарлан  гал голомтоо бадрааж  долоон хүүхэдтэй өнөр гэр бүл болон  “Ургац” нэгдэлдээ 1976-1985 он хүртэл мал маллажээ. 1986 оноос хүүхдүүдээ сургууль соёл бараадуулах, өргөж авсан аавынх нь бие тааруу байсан учир  эмнэлэгт үзүүлэх  болсон тул  төрсөн сумаа орхиж аймгийнхаа төв рүү шилжжээ.

 

Шүлэг бичих авьяас эхийн хэвлийд байхаас заяасан

7 хүүхэд, 13 ачтай өнөр бүлийн өрхийн тэргүүн Х.Дэмбэрэл.

Хүүхэд байхаас  нэгдлийн мал маллаж, морь сургаж, уясан тэрээр  өөр ажил мэдэхгүй. Эзэмшсэн мэргэжил ч  үгүй, дөнгөж гуравдугаар ангийн боловсролтой. Иймд  залуу эр аймгийн төвийн  уурын зууханд  галчаар ажиллажээ.  Харин өөр нэг ажлын байр олдсон нь сумандаа худгийн мотор ажиллуулж асаадаг моторчны үнэмлэхтэй байсны хэрэг гарсан байна. Ингэснээр 1976 оны намар Дүндүүтийн алтны уурхайд моторчин хэрэгтэй гэснээр очсон гэдэг. Ийнхүү тэрээр  Монгол Болгарын хамтарсан  алтны уурхайд 1985- 2005 онд  тасралтгүй 20 жил  ажиллажээ. Хүүхэд байхдаа мал дээр гарсан ч шүлэг бичих дуртай байсан хүү ахмад зохиолч Чойжилжавын Лхагвасүрэнгийн “Шүлэг бичих авьяас эхийн хэвлийд байхаас заяадаг. Тийм авьяасгүй хүнийг насаар нь Горькийн утга зохиолын дээд сургуульд явуулаад ч нэмэргүй” гэж хэлснийг  үнэний хувьтай  гэж үздэг  аж.  Учир нь түүнээс өөр бичиг цаастай ноцолдож дуу, шүлэг бичдэг хүн хамаатан садан дунд нь байгаагүй. Иймд шүлэг, яруу найраг бичих  авьяасыг эхийн хэвлийд байхад заяасан гэж бодож явдаг гэнэ.

Харин түүнийг хүүхэд байхад ээж нь өглөө бүр “Миний хүү бос хонио наашлуул, адуундаа яв”  гэж сэрээдэг байсан аж.  Хүүхэд байсан учраас орондоо хоргодож  нойроо  харамлах үе ч  байх. Сэрээд харахаар нарны туяа туссан тооно руу дэгдсэн ээжийнх нь самарсан цайны ууранд хадаг намираастай. Тэгэхэд л анх ноороглож бичдэг байсан  зүйлүүд нь шүлэг болж юм юманд тавигдах болсон  аж. Тухайн үед бичсэн “Аавын гэр” шүлэг нь “Лениний зам” сонинд хүртэл хэвлэгдэж байсан удаатай.  Харин одоо  хүүхэд ахуй цагтаа бичиж байсан дөрвөн мөрт  шүлгүүдтэй  нэг саарал хавтастай дэвтэр нь хүүхдийн зохиолчдын санд байдаг аж. Сургуульд анх орохдоо  гайгүй сурдаг байсан ч гуравдугаар ангиас мал дээр гарсан, “А” –гаас  “Я”  хүртэл үсгийг хооронд нь холбочихвол үг, 10-100 дотор нэмж, хасч боддог бол тоо болдог гэдгээс илүүг  мэдэхгүй  яваад байдаг.  Эр, эм үгийн и, гээгдэх эгшиг байдаг гэж мэдэхгүй ч хүмүүст үзүүлдэг бичиг үсгийн алдаа ихтэй  шүлгүүдийг нь сонирхох хүн амьтан байхгүй тийм үе байж. Гэхдээ тэр үед өсч төрсөн нутаг орноо магтан дуулж бичсэн бүхэн нь хожмын нэг өдөр сайхан дуу болж дуулагдаад, магтаал болж хүмүүс  цээжилж уншаад  явна гэж  бага сургуулиа орхиж мал дээр гарсан хүү бодож байгаагүй биз. Хожим  сумынх нь  багийн дарга,  түүнд гайгүй  сайн ханддаг байсан бичиг үсгийн чадвар сайтай н.Мохор гэгч хүн   шүлгүүдийг нь уншуулж   үзжээ. Дараа нь цүнхнээсээ цаас, харандаа гарган гурван ч шүлгийг нь шилж хуулан авчээ. Энэ шүлгүүдийг “Уншуулж яах гэж байгаа юм гэж асуухад  “Би энэ шүлгүүдийг чинь “Лениний зам” сонинд тавина. Залуучуудын бичсэн материал зөндөө гараад байна. Малчин залуугийн материалыг тавиулах ёстой”  гэжээ. Гэвч тэр үед хүссэн нь  бүтээл, материалаа сонинд тавиулаад байдаггүй.Намын үзэл суртлын  хяналтаар орж ном сонинд тавигддаг  байж. Тиймээс багийн дарга н.Мохор “Чи наад  шүлгүүдээ сумын намын үүрийн дарга н.Жанцанд аваачиж өг”  гэж хэлжээ. Хэлснээр нь сумын намын үүрийн даргад  аваачиж өгтөл “За чи юун өргөдөл бариад ороод ирэв” хэмээн  угтсан байна. “Өргөдөл биш ээ”  гээд  А4-ийн цаасан дээр бичсэн  гурван шүлгээ үзүүлэхэд  нь гүйлгэж хараад “Хэн бичсэн юм бэ” гэхэд нь  хүү “Би бичсэн юм”  гэсэн байна. Тэгтэл “Чиний бичиг биш. Мохорын бичиг байна” гэж. Тэгэхээр нь “Миний бичсэн шүлгийг Мохор ах сийрүүлэн бичээд “Лениний зам” сонинд тавиулаарай гэсэн юм” гэжээ. Тэгсэн н.Жанцан дарга “Чи юун хүний санаанд багтахгүй юм яриад байна. Чам шиг дөнгөж гуравдугаар ангийн боловсролтой, дөрөвдүгээр анги төгсөөгүй ямар ч бичиг үсгийн чадваргүй хүн “Лениний зам”  сонин, төвийн хэвлэлд шүлэг тавина гэж юу гэсэн үг юм. Шүлэг  бичнэ гэдэг чинь Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль эсвэл Монгол Улсын хэл уран зохиолын сургуулийг төгссөн хүний хийдэг ажил. Чам шиг хонь, ямаа хариулахаас өөр юм мэдэхгүй хүний хийдэг ажил биш” гэж хэлээд авчирсан шүлэгтэй цаасыг нь нүүр рүү  нь буцаагаад шидчихэж. Тэгэнгүүт  нь  өнөөх шүлэг бичсэн  цаасаа үүдэн дээр нь урж хаячихаад яваад өгчээ. Ингээд 1978 оноос хойш дахин шүлэг бичсэнгүй.  Алтны уурхайд ажилд ороод 2-3 жил болсон ч шүлэг бичихгүй явж байтал нэг намар аравдугаар сарын 24-нд болдог уурхайчдын, арванхоёрдугаар сарын 25-нд болдог шинэ жилийн  баяр, уурхайн ойг угтаж хөнгөн атлетикийн бүх тэмцээн, шатар даам, бөх, шүлгийн гээд олон уралдаан зарлажээ. Шүлэг бичдэг хүмүүс нь бичдэг юм байгаа биз гээд тоохгүй явж байсан түүнтэй цуг ажилладаг, шүлэг бичих гэж оролддогийг нь гадарладаг  геологич Жамъяандагва гэдэг залуу “Чи шүлгийн уралдаанд шүлэг бичиж оролц” гэжээ. Тэгэхээр нь манай сумын намын үүрийн нарийн бичгийн дарга н.Жанцан “Малчин, ажилчин анги шүлэг бичдэггүй. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль  эсвэл Монгол Улсын утга зохиолын дээд сургууль төгссөн хүн бичдэг болохоос биш...” гээд  хэмээн тэр үед хэлсэн үгийг нь  хэлжээ. Тэгсэн юу  ярьж байгаа юм. Авьяас байвал хэн ч бичнэ, бич гэжээ. Дизель дээрээ очих гээд явж байтал  нөгөө ээлжинд нь ажилладаг  н.Батсуурь гэдэг тракторын жолооч залуу  цаасан дээр нэг юм бичээд байж. Юу бичиж байгааг нь асуухад  шүлгийн уралдаанд оролцох гээд шүлэг бичиж байна гэж хариулжээ.  Бичиж байгааг нь аваад үзтэл  шүлэг гэхэд хэцүү юм байх нь тэр. “Ийм шүлэг ч бичээд уралдаанд орж болдог юм уу”  гэхэд “Болно” гэсэн хариу сонсчээ. Тэр даруйд хүн ийм юм бичээд оролцож байхад би яагаад шүлэг  оролцож болдоггүй юм гэсэн бодол төрөөд явчихаж. Тэр бодолтойгоо ажлаасаа гараад явж байтал  нүдэнд нь хоёр туг хийсч харагджээ. Сайн харсан нэг нь Монгол Улсын, нөгөө нь Болгарын бар цоройсон алаг далбаанаас санаа авч “Хоёр далбаа” гэдэг шүлэг бичжээ. Шүлгийн  уралдаан ч болдгоороо болж өнгөрлөө. Дизель дээрээ ажилтай,ээлжтэй өдрөө улаан булангийн үүдэнд тостой хувцастайгаа зогсч байтал уралдааны дүнг улаан буланд зарлаж байна.  Хоёр, гуравдугаар байранд тэр гээд зарлаж байхыг сонсоод байтал эхний байранд Х. Дэмбэрэл “Хоёр далбаа” шүлгээрээ түрүүллээ гэхийг сонсчээ. Ингээд уралдаанд түрүүлснээр 1000 төгрөг, Болгарын Хар далайд хөвж   усан онгоцтой сувенир, сумтай үзэг, дипломоор шагнуулсан байна. Ингэж түрүүлсэн нь урам өгснөөр дахин шүлэг бичиж эхэлсэн аж. Тэндээс шүлгийг ингэж бичдэг юм байна гэсэн санаа авч өөрөө  шүлэг бичих  болсон байна. Тэрээр  1995 онд “Хоймсон уянга”, 1998 онд “Сэтгэлийн уянга” 2004 онд “Дурсан хайлахуйн уянга” гэсэн дууны, магтаалын цагаан шүлэгтэй голдуу цуврал номоо  хэвлүүлжээ. Үүний дараа 2005 онд МЗЭ-ийн гишүүн П.Пүрэвсүрэн, Монголын радиогийн н.Баттөмөр нар батлан даасан эхний хурлаар  МЗЭ-ийн гишүүн  болжээ. 

Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч Л.Дашням нарын хамт.

МЗЭ-ийн гишүүн нь болсныхоо дараа  яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир нарын  яруу найрагчдын  бүлэгт  багтжээ. Харин 2014 онд болсон МЗЭ-ийн ээлжит XV хурлын үеэр найзууд нь “Чи ер нь хүүхдийн зохиолчийн бүлэгт ор” гэсээр тийш нь оруулчихаж. Ингээд хүүхдийн зохиолын бүлэгт ороход Монголын хүүхдийн зохиолын томчууд Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Ловор, Д.Давааням нарын бүлгэмд оржээ. Тэнд нэг онгорхой орон зай байгааг анзаарсан нь  бусад хүүхдийн зохиолчдын номын дэлгүүр, номын санд байгаа номуудыг харахаар “Үнэг чоно хоёр”, “Үнэг туулай хоёр уралдсан нь” гэсэн шавьж, амьтан, ургамал ногооны сэдэвтэй уран бүтээл олон байв. Түүний багадаахүүхдэд зориулсан номууд уншдаг  байсан шиг зохиолч Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”шүлэг шиг зохиол  ховор байгааг анзаарчээ. Тиймээс монгол ёс заншлаа хүүхдүүдэд таниулах, өвлүүлж үлдээхийн тулд таван хошуу малын тухай “Хазаарын чимээ”, “Арландаа багтахгүй амбан шар”, “Хөгнө сунаж мал өсдөг”, “Торомны уралдаан” гэсэн малтай холбоотой бүх хэрэгслийн талаар бичсэн  номнуудыг хэвлүүлэн гаргажээ. “Хазаарын чимээ” номоороо 2016 онд МЗЭ-ийн шагналт зохиолч болсон тэрээр “Торомны уралдаан” номоороо өнгөрсөн жилийн Алтан  өд наадмын шагналт байранд шалгарчээ. Мөн “Мазаалай” номыг нь  редакторласан Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Л.Дашням “Бүх монгол туургатанд уншмаар ном байна. Дээд Монголын яруу найрагч Бүргэдтэй яриад уйгаржин монгол бичгээр бичүүлье”  гэж. .Дараа нь бариад очсон “За энэ ном чинь ганцхан монгол туургатан биш дэлхий уншмаар болчихож. Би Г.Акимын бүх номыг англи руу орчуулдаг Дэлгэрмаа гэдэг охинтой яриад үзье” гэснээр зургийг нь охин Д.Сарантунгалаг нь  зурсан гурван хэл дээр хөрвүүлсэн ном бий болсон аж. Түүнээс гадна аавынхаа ярьдаг байсан болон нутгийн түүх домог,хууч яриаг эмхэтгэж “Цуутай нутгийн домог” нэртэй ном болгож хэвлүүлээд 2014 онд болсон сумынхаа 90 жилийн ойд 500 ширхэг хэвлүүлснийхээ 300-г нь яаж энэ номнуудыг зарж борлуулах билээ гэж бодож очжээ. Тэгсэн гол гарын бэлэг наадах чинь байна гээд сумын захиргаа 100, Иргэдийн хурал 100 ширхэгийг нь авчээ. Харин үлдсэнийг нь тав, зургаан бригад хувааж аваад хүнд бэлэглэчих ч номгүй болоод үлдсэн 200 номоо захин авчруулж байсан гэдэг.

Дашрамд дурдахад Хонгор нутгийн зохиолч маань төрсөн сумынхаа суралцаж байсан сургуульдаа хэл уран зохиолын  танхим нээжээ. Энэ танхимд жил бүрийн аравдугаар сард түүний нэрэмжит “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд оролцсон хүүхдүүдийг өөрийнхөө бичсэн ном,  мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг  уламжлалтай аж. Тэрээр хоёр ч удаа дэлхийн яруу найргийн хуралд төлөөлөгчөөр оролцож явжээ.

 

“Мазаалай”  Дэмбэрэл болсон нь

Түүнд “Мазаалай”  Дэмбэрэл нэрийг хайрласан “Мазаалай” хэмээх үлгэрийн номоо 2017 онд гаргажээ. Харин энэ номыг бичих санаагаа их дээр үед сонирхолтой зүйл сонссоноор олсон гэдэг. Бууцагаан сумтай хил залгаа Хүрээ марлын хөх бүрдний бригадаас цэргээс ирээд нэгдэлд адуу малладаг. Хэдэн адуугаа хайж яваа гэж ирсэн тэр үед 17-18 настай байсан зохиолчоос 3-4 насаар ах, нударгатай дээлтэй тамхи баагиулсан хүн ирж гэрт нь хоножээ. Аавтай нь хуучилж хоносон Говь-Алтай аймгийн наана байдаг “Хатан суудал” гэдэг газар цэргийн алба хаасан адуучин эр “Алба хаасан газар нь мазаалай, хулан, хар сүүлт, янгир байдаг” гэж ярьжээ. Мазаалай гэдэг амьтны талаар сонсч байснаас харж байгаагүй аавд нь энэ баавгайг их шооч амьтан гэнэт хүнтэй таараад өөдөөс нь алхаад байвал алхаад л байна. Харин буцаад зугтаачихвал адилхан тийм амьтан байгаа зэргээр сонирхолтой зүйл их ярьж өгчээ.

Түүнээс хойш мазаалайгийн тухай сонирхох болсон зохиолч Сэгс цагаан богд чинь уран сайхны нэр юм. Түүнээс биш нутгийн өвгөдийн ярьдагаар “Цагаан богд” гэдэг уулыг мазаалайн гэр гэдэг юм билээ. Мазаалай чинь үргэлж хоёр зулзага гаргадаг. Мөн энэ амьтны талаар одоо ч гэсэн судалдаг зохиолч маань одоо “Цагаан богдын тууж” гэсэн номоо бараг бичээд дуусч байгаа гэнэ. Ивээн тэтгэх хүн олдвол энэ номоо хэвлүүлж гаргах санаатай байгаа аж. Энэ номоо бичихийн тулд 20 гаруй хоног Цагаан богд уул  орчмоор нар зөв тойрч аялахдаа 14-15 бүрдээр орсон ч нэг ч мазаалай хараагүй гэнэ. Түүний хэлснээр энэ уул нь манай орны баруун урагшаа харсан дээрээ гурван тэргүүн оройтой ойртоод харахаар гялайсан хар хирнээ холоос харахаар цайрч цагаан цэнхэр өнгөтэй харагддаг уул юм байна.Харин “Мазаалай” номоо гаргасан түүнд зохиолч Г.Баатарнум “Аглагийн хийдийн алаг нүдэн Дэмбээ, амьтны хүрээлэнгийн мазаалай Дэмбэрэл”  гэж хошигнож хэлсэн нь хоч болоод байгаа нь энэ аж.

 

Түүхийн ховор үзмэр олсон түүх

Нутаг усаа магтан дуулсан бүтээлүүдээрээ тэрээр  2014 онд Үйлдвэрчний соёлын төв ордонд “Миний монгол диваажин” нэртэй цэнгүүн,Хонгор нутагтаа 2011 онд”Аялгууд орсон алтан нутаг” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн хүүхдийн зохиолч маань нэн эртний Чингис хаанаас өмнөх 700-1300 оны өмнөх үед хамаарагдах Түрэгийн үеийн баатар эрийн шарилыг Баянхонгор аймгийн Арцат дэл хэмээх  уулын хадан цохионоос санамсаргүй олсон түүхтэй. 1999 оны зун наадмаар аймагт нь болно гэсэн наадам болоогүй. Тэгээд  Ламын гэгээнийхээ 360 жилийн ойтой цуг хийнэ гээд хойшлуулчихсан байж. Тиймээс машинтайгаа Дулаан харын бригадын нутагт чоно агнахаар явжээ. Долдугаар сарын 9-ний өглөө зорьсон айлдаа очсоны дараа чоно хараад буудтал шархдуулаад алдчихаж. Маргааш нь нөгөө шархдуулсан чоноо хад чулуун дундуур хайн, дурандаж яваад нэг овгор хадан дээр суужээ. Ингэж дурандаж байгаад харсан тэнгэр нэвт харагддаг хоёр гурван банз цухуйсан ч юм шиг сэнжтэй хадыг олж харсан байна. Сууж байсан газраасаа босоод өөр нэг тийшээ алхчихаар банз нь харагдахаа болиод байж. Нөгөө очсон айлын хүн нь ч манайх энд хэдэн үеэрээ амьдарч өдөр болгон хонио энэ хавиар хариулдаг гэж хэлж. Ингээд тэд очиж үзснээр Түрэгийн баатрын гэгдэх шарилыг далайн төвшнөөс 2660 метр гаруй өндөр уулын орой дээрээс Алтай, Хангайн нуруу бүрэн эхээрээ, Говийн ноён богд уул харагддаг Арцат дэл уулнаас олжээ. Тодруулбал, Ямбат гэдэг том уулнаас ч өндөр, том том цохиотой дээрээсээ хур бороо орохгүй 20 гаруй метр өндөр газар тавиастай байсан учраас доороосоо чийг авахгүй. Тийм нэвт нүхэн дотор байсан шарилыг  олсон байна. Булшийг нээж үзэхэд  дотроос нь толгойг нь дэрлүүлсэн эмээл, сум болон бусад зүйл гарчээ. Тэгээд эмээлийг нь аваад оронд нь авсан дотор нь байсан усны дашмагийг дэрлүүлээд буусан байна. Энэ дээжийг 1999 онд Үндэсний түүхийн музейн  доктор С. Иддшинноровт гоёл чимэглэлтэй нь аваачиж өгчээ. Тэр хүн энэ газрыг хадгалан, хамгаалж байхыг хүсээд очин ухаж үзнэ гэж хэлсэн байна. Ингэснээр одоо Үндэсний түүхийн музейд байгаа үзмэрийг Өгөөдэй хааны  үеийн Хархорум хотын малтлага дээр ажиллаж байсан Герман Монголын хамтарсан археологийн багийг олдвор олдсон газар руу илгээснээр 2001 онд очиж авчээ. Энэ олдворыг олсон түүхээсээ сэдэвлэж “Тэнгэрт онголсон баатар” баримтат найраглал бичсэн байна. Харин 2009 онд энэ үзмэрийнх нь тухай хэвлэгдсэн их “Чингис хаан ба түүний өв соёл” нэртэй англи хэл дээр орчуулагдан гарсан номыг Боловсрол, шинжлэх ухааны сайд  Ё.Отгонбаяр түүнд дурсгажээ. Түүнээс гадна Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.Гэхдээ  манай сайд ОХУ явчихсан учраас тэмдгийг нь тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан, Баянхонгороос гарсан УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдаар тэмдгээ зүүлгүүлэхээр Боловсролын яамны соёл, урлаг хариуцсан ажилтан бүсгүйтэй очиж байсан аж. Харин учир мэдэх зарим хүн Монгол Улсад байтугай дэлхийд ховор олддог нэн эртний гэж тооцогдох түүхэн үзмэрийг олж, сахин хамгаалж холбогдох хүмүүст  бүрэн бүтнээр нь ард түмний өмч гэж үзэж хүлээлгэж өгсөн энэ хүнийг  төр,засгаас илүү ихээр үнэлэн шагнах ёстой гэж ярьдаг юм билээ. Герман улсад энэ үзмэрийг  үзэсгэлэнд тавьж үзүүлэхэд дагалдаж явсан  түүхийн сан хөмрөгийг хариуцдаг байсан н.Аюуш  гэдэг хүн “Соёлын тэргүүний ажилтан цол  өгөөд байхдаа яадаг юм. 20 сая төгрөг өгчихгүй” гэж байжээ.  Үүнээс үзэхэд эгэл жирийн малчин, боловсрол багатай ч сэтгэл санаа зөвтэй өв соёл, түүхээ хүндэтгэж үздэг, уламжлалт  аж ахуй, өв соёлыг хөгжүүлье гэж боддог зохиолчид өгсөн гавьяа шагнал багадсан гэж хэлэх гэсэн санаа болов уу. Түүнээс гадна Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монгол ард түмний гавьяат, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль болон бусад медаль, одон тэмдгээр шагнуулж байжээ. Хонгор нутгийн хүү зохиолч Х.Дэмбэрэл 1999 онд  Ламын гэгээний 360 жилийн ойгоор суурийг нь цутгуулаад 2001 онд Баянхонгор аймагтаа хоёр аавынхаа гэгээн дурсгалд зориулж том суварга босгосон ажээ.

Мөн 2006 онд өргөмөл ээжийнхээ  өвөг дээдэс “Шинэчүүлийнхэн” овгийнхонд зориулан ургийн баяр хийж 21 дарь эхийн хийдтэй нутагтаа 21 цагаан, ногоон дарь эх залуулж, нутгийнхаа хайрхандаа суварга босгожээ. Харин байгаль хамгаалагчаарСүхбаатар дүүргийн XIX хороо Шаргаморьтын орон тооны бус байгаль хамгаалагчаар ажиллажээ. 2015, 2016 онд тэтгэвэртээ гарснаар Аглаг бүтээлийн хийдэд байгаль хамгаалагч хийж эхэлсэн байна. Харин энэ жил коронавирус гараад жуулчин байхгүй байгаа учраас хийд дээрээ очоогүй байгаа гэсэн. Монгол Улсын соёлд том хувь нэмэр оруулснаараа бахархдаг долоон хүүхэдтэй өрхийн тэргүүн, хүүхдийн зохиолч  Х.Дэмбэрэл  хэлэхдээ “Газар дор байгаа түүх, археологийн эд зүйлс нь миний, чиний ч юм биш. Энэ бол Монголын ард түмний өмч, түүх. Монгол Улсын юм болохоос бидний хувийн өмч биш. Цаанаа үзэгдээд, дурсагдаад байж байх юм бол ард  түмэндээ л юм болно. Миний хувийн ч өмч биш шүү дээ”  гэсэн юм. Хүүхдийн ертөнцөд уйдахгүй, гараа хумхиж суухгүй бол хийх юм мундахгүй гэсэн эх орон, аав ээж, амраг хань, үр хүүхэд, анд нөхдөө магтан дуулсан цагаан  замтай, цайлган сэтгэлтэй  яруу найрагч, хүүхдийн зохиолчийн амьдрал хүүрнэн сонирхуулах зүйл ихтэй цагаахан ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.12 ДАВАА № 197 (6422)

 

Төмөрбат
Дөвөнтийн уурхайн нэрийг ямар сонин бичээ вэ?
Д. Гэрлээ
Сонирхолтой түүх юм. Бичсэн шүлэг найраг өгүүлэл нь цаанаа чамин донжтой санагддаг. Танд эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

7 цаг 0 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

7 цаг 25 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

7 цаг 43 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

7 цаг 48 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

8 цаг 0 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

11 цаг 52 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

12 цаг 54 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

13 цаг 14 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

17 цаг 50 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

18 цаг 0 мин