Овоотын цэнхэр хязгаараас

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

Өнөөдөр хилчдийн баярын өдөр тохиож байна. Энхийн цагт ч эх орныхоо хил дээр тангараг өргөн зогсож байгаа болон үе үеийн ахмад хилчиддээ баярын мэнд хүргэе.

Энэ өдрийг тохиолдуулан “Эх орны манаа” сонины сэтгүүлч, ахлах дэслэгч Б.Алтанцэцэгийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Шаргалтан дааварлах намрын цагаар говь цөлийн бүсийн хилчдийнхээ ажил үйлсийг сурвалжлахаар Хилийн 0166 дугаар ангийг зорилоо. Ийшээ ирэхийн тулд бид талдаа 1400 орчим км газрыг туулах ёстой.

Овоот хүрэх замыг бэрх гэж сонсож байсан ч бодсоноос илүү бартаа саад ихтэй. Газар зүйн хувьд Алтайн уулархаг говь цөлийн бүсэд хамрагддаг. Говь цөлийн бүсийн хилчид албан үүргээ гүйцэтгэхэд хамгийн эхний шалгуур нь байгаль газар зүйн энэ мэт хүчин зүйл болдгийг замын туршид сэгсчүүлэн явахдаа мэдэрлээ. Ямартаа л шинээр авсан албаны мотоцикль хилийн салбарт ирэхдээ араамаараа салж байсан хөгтэй жишээг хилчид ярьж байсан. Төв суурин газраас хол, бие даан үйл ажиллагаа явуулдаг тус ангийн хилчдийн ажил үйлсийг сурталчилах зорилго өвөртөлсөн билээ.

Улаанбаатарынхан зузаалах цагаар говьд халуу дүүгэж байв. Өглөө эртлэн хотоос гарсан бид Хилийн 0131 дүгээр ангиар дайран зорьсон газартаа оройн 22:00 цагт очив. Штабын дарга, дэд хурандаа А.Амартайван биднийг угтан авлаа.

Тэрээр Хилийн 0108 дугаар ангид Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны даргаар ажиллаж байгаад энэ ангид шилжиж ирээд хоёр жил болж байгаа аж. Бид ажлаа төлөвлөн ярилцаад өглөө эртлэн хилийн салбар руу гарахаар тохирон амрав.

Ангийн өглөө нам гүм. Ангийн штабын байрыг шинээр барьж байгаа аж. Хоёр давхар хүртлээ өрлөг нь явсан харагдлаа. Ангийн хашаанд явах машинаа хүлээх зууртаа чацаргана түүж идлээ. Сайхан ургажээ. Хугацаат цэргийн алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулдаг бөгөөд удахгүй ургацаа хураана гэв. Хилийн салбаруудаар явах бүлгийг дэд хурандаа А.Амартайван ахлан хөгжмийн дарга, ахмад Э.Дэлгэрсайхан, хөгжимчин, дэд ахлагч Найдан нар багтсан байлаа. Ангийн соёл, олон нийтийн ажлыг нугалдаг авхаалжтай залуус учраас бүлэгт багтан туршлага судлахын зэрэгцээ алба, үйл ажиллагааг танилцуулна гэлээ. Ахмад Э.Дэлгэрсайхан бэлтгэл дэд хурандаа Энхжаргалын хүү гэдгийг нь сонсоод олзуурхав. Учир нь түүний аав сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай нэгэн юм.

 

ХҮРЭХ ЦЭГ АЛС, ТУУЛАХ ЗАМ БЭРХ

Говийг би элсээр төсөөлөн бодож байсан нь эндүүрэл ажээ. Говийн намрын гоо сайхны өмнө шуудхан л бууж өгсөн. Хангай газар харахын баяслыг бие, сэтгэлд шуудхан өгдөг бол энэ нутаг улам бүр дурлуулах гэсэн мэт өнгийх бүр гоо үзэмжээрээ гайхуулна. Говьд байгаль ээж шалгуураа харамгүй тавихын зэрэгцээ гоёлыг нь ч харамгүй хайрлажээ. Ямартаа хэсэг яваад л бид зураг авах, бичлэг хийх гэж зогсоно. Бүлэгт “Хилчин” студийн найруулагч, ахмад Г.Оргил бүлгийг ахлахын зэрэгцээ зураглаач, эвлүүлэгч, дэслэгч Х.Эрдэнэхишигтэй хүч хавсран “Сүлдэт багана”-ын дэргэдээс нэвтрүүлгийн ээлжит дугаарыг бэлтгэх зорилготой явав. Гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэл болон миний хүлээх үүрэг тун тодорхой юм. Нэг өдрийн дотор Халхын баруун өмнөд овоо хүрэх зорилго тавьсан биднийг тус ангийн жолооч, ахлах ахлагч н.Энхбаяр энэ байдлаараа хүрч амжихгүй гэж замын эхэнд дүгнэв. Нээрээ ч бид байсхийгээд л говийн сайхны өмнө уулга алдан аппарат, камераа шүүрнэ. Харин би сэтгэл дотроо говийн сайхантай ярилцан явлаа. Надад энэ сайхан нутаг их говийнхоо домгийг хүүрнэх мэт санагдана. Хатуулагтай чулуурхаг хөрс нь хүртэл шар, ногоон, улаан, хүрэн өнгө хослох нь үзэмжтэй. Говийн гайхамшгийг байгаль эх энгэртээ харамгүй шингээж. Бид Олон тоорой гэдэг газарт зогсов. Энэ хоолойд хэдэн зэрлэг илжиг нутагшсан гэдгийг хилчид сонин болгон ярилаа. Өмхөрч элэгдсэн загийн үндэс өнгөрсөн зуунуудын түүхийг өгүүлэн байх шиг. Харин залуухан сухай өнгө тунамал зэрэгцэх нь одоо, өнгөрсөн, ирээдүйг хэлхэх мэт. Тоорой мод, сухай говийн ганган чимэг юм. Тиймээс зураг авахад хамгийн тохиромжтой гэв. Говийн байгалийг хилчинтэй нь хослуулан зураг дарлаа. 

 

АЖИЛСАГ БҮСГҮЙЧҮҮДЭЭРЭЭ ГОЁХ ХӨВД БУЛАГ

 

Өглөө эртлэн бид Хилийн 0141 дүгээр салбар дээр очлоо. Салбарын захирагч, ахмад Д.Сосорбарам зургаан жил захирагчаар ажиллаж байгаад Хилийн 0184 дүгээр ангид томилогдсон тул ажлаа хүлээлгэн өгч байгаатай таарав. Тэрээр ажлаа хугацаат цэргийн албанаас гэрээт хилчин, харуулын дарга, салбарын орлогч гээд дэвшин ажиллаж байгаа дэслэгч Г.Зулбаярт ажлаа хүлээлгэн өгч байгаа аж. Дэслэгч Г.Нарансувд хилийн салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор томилогдож ирээд тав хонож байна гэв. Шинэхэн төгсөгч цаанаа л өнгө жавхаатай байна билээ. Харин сургалт эрхэлсэн орлогчоор дэслэгч Д.Хишиг-Эрдэнэ ажилладаг. Мөн л ажиллаад удаагүй. Ингэж тус хилийн салбар залуухан боловсон хүчнээс бүрдэж байна.

Хилийн салбарт өглөө эрт очсон учраас саалийн цаг таарав. Эднийх есөн үнээ сааж сүү, цагаан идээг алба хаагчдынхаа хүнсний хэрэгцээнд зориулдаг аж. Хэдэн үхрээ говь нутагтаа нутагшуулах гэж хэрдээ л ажил болж байгааг бүсгүйчүүд ярив. Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байж хангайн үхэр арай гэж идээшиж байна гэлээ. Бүсгүйчүүд долоон нэр төрлийн нарийн ногоо тариалдаг юм байна. Говьд амтат гуа, чинжүү, тарвас, улаан лооль гэсэн нарийн ногоо ургаж байгааг харж бас амтлахдаа ихэд олзуурхав.

Бид цааш Шивээхүрэнгийн боомтод ажиллаад буцахдаа Талын овоо байнгын хилийн харуулаар дайрав. Тус салбарын хилийн харуул л даа. Ёстой сайхан тохижилттой юм. Ер нь тус ангийн хилийн салбарууд тохижилт сайтай юм билээ. Энэ нь ч ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатын зах хязгаар нутагт ажиллаж байгаа хилчдийн ажиллаж, амьдрах орчин аль болох аятай таатай байх нэгэн үзүүрт бодлогын илэрхийлэл гэж ойлгов. Тус хилийн харуулд ахлах ахлагч Г.Тэгшжаргал, дэд түрүүч Э.Загддогшин, байлдагч Л.Отгонбаяр, Ш.Лхагвасүрэн, Э.Цэрэндаваа нар үүрэг гүйцэтгэж байлаа. Дэд түрүүчийн нэр их л айхтар сонсогдсон тул учрыг асуув. Монголд ганцхан гэгдэх ховор нэртэй тэрээр нэрээ лам хайрласан гэлээ.

Тус харуулын байр өвөлдөө бойлуураар халдаг. Хөлдөөгчиндөө хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлжээ.      

 

ИНГЭН БУЙЛААНТАЙ, СЭР СЭР САЛХИТАЙ ИНГЭН СЭВСТЭЙ

Тос даасан хүрэн толгодын дундуур давхисаар. Уулнаас буух үер урсгал түргэн эрчээрээ замыг эвдэж сүйтгэжээ. Хөвд булагаас Хатансуудал хүрэх зам чамгүй чанга юм. Хилийн 0203 дугаар салбар 1976 онд байгуулагдсан бөгөөд тус салбарын захирагчаар ахмад Ч.Бат-Оргил ажиллаж байна. Ч.Бат-Оргил ахмадынх ам бүл дөрөв. Тус салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч нь түүний гэргий дэслэгч н.Шинэбаяр гэх бүсгүй бий. Говийн хилчдийн санаа зовоосон нэн тулгамдсан асуудал бол хүүхдийн боловсрол. Тиймээс хүүхдээ сургуульд нь дасгахаар чөлөө авсан тул эзгүй байв. Салбарын ар дахь элсэн манханыг түшиглэн зураг авав. Говийн хавар их хүнд гэлцдэг. “Гэрийн яндан дуугарч, улаан шороо нүдэхээр амьдрал утгагүй санагдах үе байдаг шүү” гэж хилчид батлав. Ер нь говийнхон гэж бороо мөрөөссөн хүмүүс байх. Ямар сайндаа л “бороо бороо ороосой. Оросын маамуу ирээсэй” гэж дуулдаг хэмээн хөгжилдөв. Заставын ганц ажилсаг бүсгүйг Г.Дулмаа гэнэ. Тус салбарт тав дахь жилдээ ажиллаж байгаа ахлах тогооч. Найман ингэ саадаг. Өдөрт 5-7 литр орчим сүү саадаг гэсэн. Тэрээр гал тогооны их ажлын хажуугаар сүү, цагаан идээгээ боловсруулах гээд зүгээр суухгүй. Уг нь таван бүсгүйтэй ч өвчтэй, чөлөөтэй гээд бүсгүйчүүд эзгүй байгаа учир Г.Дулмаа бүсгүй араа дааж үлджээ.  

 

НАРИЙН НОГОО ТАРЬЖ, ШИНЭХЭН АЛБАНЫ БАЙРАНДАА ОРЖЭЭ

 

Алсаас Сэгс цагаан богдын бараа хөхрөн тодрох нь сүртэй. Гэхдээ үелсэн их уулсын сүр барааг сайн хараад ав гэсэн шиг урагшлах тусам замын бартаа ихэснэ. Хилийн 0166 дугаар ангиар овоглосон хэн ч бай тус хайрханыг ихэд хүндлэн дээдлэх. Үнэхээр сүсэглэхгүй байхын аргагүй сайхан хайрхан юм билээ. Зам зуур хал цэргийн овооны хажуугаар дайрав. Хорь гаргаад тоогоо алдав. Хилийн салбаруудад алба хаасан цэргүүд халагдахдаа өөрсдийн нэрэмжит овоог босгодог уламжлалтай юм байна. Хилийн салбарын хашаанд сүндэрлэсэн хоёр давхар албаны байр хамгийн түрүүнд хараа булаах нь шигтгээ мэт гэрэлтэн харагдах. Хилчдийн баярын өдрөөр байрныхаа нээлтийг хийнэ гэлээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хөрөнгө оруулалтаар тус албаны байрыг анги, салбар өөрийн хүчээр хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Зохиолч Д.Пүрэвдорж алдарт “Сэгс цагаан богд” найраглалдаа өдөн дэрнээс өглөө өндийн, өнгийн шаахай өлмийдөө углан, халуун ус хананаасаа аваад цахилгаан зууханд цайгаа чанаад уух сайхан гэж өгүүлсэнчлэн тус салбарынхан алс хязгаар нутаг гэхгүй ахуйдаа эзэн нь болж сайн ажиллаж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ. Хилийн 0112 дугаар салбарын орлогч, дэслэгч Б.Бат-Орших салбараа танилцуулав. Тэрээр 2018 оны есдүгээр сард томилогдон ирж ажиллаж байгаа аж. Салбарын захирагч, ахмад н.Батбаяр ээлжийн амралтаа авсан тул тэрээр орлон ажиллаж байлаа. Шинэхэн албаны байр ашиглалтад ороход бэлэн болсныг үзэж харав. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа аятай таатай байдалд анхаарч цэлгэр томоос гадна нар руу харсан хоёрдугаар давхрын баруун жигүүрийг тохижуулсан байв.

Тус салбарын хилчин бүсгүйчүүд болох ахлах тогооч Т.Бахытгүль, туслах холбоочин Ч.Ойдов нар ч ногооны талбайгаа үзүүлж сонирхуулав. Бүсгүйчүүд нарийн ногоо тариалах аргад улам дадлагажиж байгаа. Ирэх жилээс нэр төрлийг нь нэмэгдүүлнэ гэж байлаа. Т.Бахытгүль анх хилийн салбарт ханиа дагаж ирчихээд лааны гэрэлд “хаана ирчихэв ээ” гээд уйлж суусан өдрөө дурсан инээлээ. Тэр үетэй одоогийн хилийн салбарыг харьцуулахад хөгжсөн. Хилчин бүсгүйчүүд ч мөн адил хил манаж байгаа шүү дээ гэлээ. Нээрээ л тэд үгүй бол гэсэн бодол төрсөн. Тус салбараас цааш хөдлөөд янгиртай таарав. Хилийн бүсэд тааваараа идээшинэ. Аян замаа янгирын зураг, дүрсээр мялаасан бид тун баяр хөөртэй замаа үргэлжлүүллээ. Шөнө болсон ч гэлээ малын сууриар дайраад гарав. Дэд ахлагч Б.Баяртогтох, ахлах байлдагч Ж.Бямбадорж, Б.Уугандалай, Ц.Баяржавхлан нар үүрэг гүйцэтгэж байв. Говийн мал угаас тогтуун. Хараа талбих уужим учраас малаа алсаас харсан шигээ ТВ-ээ үзнэ. Мөн хүссэн цагтаа говийн халуунд усанд орох сайхан байдаг гэлээ.

 

ХАТАН СУУДЛЫН ӨВӨРТ ЭРХЛЭХҮЙ

 

Бидний томилолтын хугацаа хэдийгээр тавиун ч гэлээ Хилийн 0166 дугаар ангийн хилийн хэсгийн зам хүрэхэд хүндрэлтэй учраас цаг хугацаа их зарцуулж байлаа. Сэгс цагаанд богд, Хатан суудал, Замын билгэхийн хилийн салбарт хонгор нутгийн шаргал элсийг туулж очдог. Ингээд шөнө дундын алдад Хилийн 0203 дугаар салбарт хүрлээ. Домог ярианд мөнхөрсөн уул устай сайхан ч газар юм. Ан амьтан ч ихтэй гэнэ. Харин бусад хилийн салбарыг бодоход малаа бэлчээрлүүлэх эрхтэй. Салбарын захирагч, дэд хурандаа н.Алтанцоож энд таван жил болж байгаа аж. Засгийн газрын тогтоолын дагуу Хил хамгаалах байгууллага хилийн салбарт алба хааж байгаа хилчдийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэн 25 нэр төрөл болгосон. Ингэснээр амин дэмээр баялаг хүнсний ногоо, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хилчид хэрэглэх болсон талаар тус салбарт хамгийн удаан буюу есөн жил ажиллаж байгаа жагсаалын дарга, ахлах ахлагч Н.Бямбаа батлан ярив. Харуулын дарга, дэд ахлагч О.Батдэлгэр жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад нь ярилцлаа. Хилдээ сэтгэлтэй, зүтгэлтэй, элэгтэй харуулын даргатай ярилцахад сайхан байв. Бүл нэмж гэргий нь хүүхдээ төв суурин газар бойжуулж байгаад ирэхээр явсан учраас эзгүй байгаа гэлээ. Тус салбар салбар дундын эмнэлэгтэй ажээ. Говийн хилчдийнхээ ажилсаг, аж ахуйч, бүтээлч байдалтай танилцаж явлаа. Л.Тунгалаг, Н.Баасанжав хэмээх хоёр бүсгүйн үүрэг их. Тэд ч зуны гал зуухандаа ажил ихтэй харагдав. Тунгалагийн хувьд хилийн салбарт таван жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс алдарт эхийн одонгоо гардан авчээ. Салбарын орлогч Б.Балжиннямын гэргий Н.Баасанжав харин хилийн салбарын бэр болж ирээд удаагүй байгаа. Угаас хөдөө өссөн учраас хилийн салбарт ажиллаж, амьдрах сайхан байна гэлээ.

 

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ХАЛХЫН БАРУУН ӨМНӨД ОВОО

 

Хилийн 0210 дугаар салбарын захирагч, ахмад Э.Лхагвасүрэн бидэнд газарчлав. Тус салбар юм юмаараа тэргүүний хамт олон. Өнгөрсөн хоёр жил дараалан ангидаа тэргүүлжээ. Мөн хариуцсан хилийн хэсгээр гарсан дөрвөн удаагийн хилийн дэглэмийн зөрчлийг илрүүлэн шийдвэрлэжээ. Бидний хүрэх эцсийн цэг ойртох бүр сэтгэл улам яарах. Энэ бол сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн Халхын баруун өмнөд овоо шүү дээ. Ангиас 400 гаруй, Талын мэлтэс хилийн харуулаас 100 гаруй км-ийн зайд орших. Өглөө эртийн нарнаар овоон дээр гарахаар төлөвлөсөн бид Талын мэлтэсийн хилийн харуулд шөнө дунд ирэв. Харуулын хэдийгээ үймүүлэхгүй гэсэндээ зарим нь машиндаа нойр авав. Номингийн говь, алсад дүнхийн харагдах өндөр уул өмнө зурайна. Хилчдийн хэлж буйгаар далайн түвшнээс дээш 2000 метр орчим өргөгдсөн хайрхан аж. Тиймээс тус хайрханы орой дээр гарна гэдэг чамгүй даваа байлаа. Харин хилчдийн хувьд торох зүйлгүй ямаа шиг хурдан шаламгай гэгч нь гарав. Хайрханы орой дээр гарахад Зараа уул, Ингэс, Атас хайрхад нөгөө талд тодрон харагдах аж. Алтайн уулархаг говь цөл хосолсон байгалийн зураглалыг энэ өндөрлөгөөс сэтгэлээ дүүртэл шингээн авав. Зүүн зүгт шугам шиг Хятадын хилийн шугам зурайж харагдана. Ингээд алдар цуутай овоон дээр гарч сэтгэлээ амраав. Овоо Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрт орших юм билээ. Хотоос гарсан би гэдэг хүн Өмнөговийн нутгаар дамжин өөрийн аймагт яваа гэдгээ дуулаад хэсэг алмайрсан. 1700-гаад оноос үүх түүх нь эхтэй Халхын баруун өмнөд овоог 1938 онд шар хэмээх Дамдинсүрэн буюу Зориг агсны өвөө Симуков газрын зурагт оруулж байжээ. Эдүгээ энэ овооны дэргэд Монголын нутаг болохыг батлан дугаар багана сүндэрлэн байна. Монгол Улсын газрын зураг дээр баруун өмнөд цэг гэж тэмдэглэгдсэн энэ түүхэн цэг хүссэн хүн бүрийн зорьж очоод байдаг газар биш. Замын хувьд ч тун хүндрэлтэй юм билээ.

 

ТАЛЫН МЭЛТЭСИЙГ СЭТГЭЛДЭЭ ТОЛЬДОХ ЗАЛУУС

Талын мэлтэс гэж уул орооход нууцхан нэгэн шигтээ ил гарч ирэх. Дэндүү гоёхон энэ нэрний учрыг асуулаа. Төдийлөн сайн мэдэх хүн алга. Харин ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатын хэлсэнчлэн газар нутгийн онцлогтой холбон тайлбарлав. Өнгөрсөн онд дөрвөн удаагийн хилийн дэглэмийн зөрчлийг харуулын дарга, ахлагч Б.Нямлхагва илрүүлжээ. Тэрээр ангийн тэргүүний харуулын дарга нарын нэг. Хилийн харуулын дарга гэдэг улсын хил хамгаалалтыг газар дээр нь гардан зохион байгуулахаас гадна хугацаат цэргийн алба хаагчдынхаа ах нь. Тэрээр 2017 оны аравдугаар сард томилогдон иржээ. Нас залуу, цус шингэн тэрээр удаа дараагийн хилийн дэглэмийг илрүүлснээрээ бахархдаг гэсэн. Улсын дархан хилийг хамгаалахын зэрэгцээ тэд нэгэн халуун бүл, ахан дүүс болон үүргээ гүйцэтгэдэг. Талын мэлтэс хилийн харуулын байлдагч болох ахлах байлдагч Б.Түвдэнбилэг, байлдагч С.Отгонбаяр, Ж.Есөн-Эрдэнэ, Б.Даваасүрэн нар үүргээ сайн гүйцэтгэж байна. Ахлагч Б.Нямлхагва өөрийн хүсэлтээр харуулын дарга хэмээх улсын хилийг хамгаалах хариуцлагатай, нэр төртэй үүргийг хүлээжээ. Хэдийгээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа ч хайртай бүхнээ хамтад нь хамгаалж буйгаараа бахархдаг гэв. Харуулын бүрэлдэхүүнтэй танилцсаныхаа дараа харуулын нэг өдрийг тольдлоо. Гал тогооны ээлжтэй байсан байлдагч Б.Даваасүрэн, н.Отгонбаяр хоёрын нэг нь гурилаа зуурч нөгөө нь хоол хийх бэлтгэлээ базааж, төдөлгүй тостой цуйван сэгсрэв.

 

АТАСЫН ХАР АМ, БОГЦ ЦАГААН ДЭРС, ШАР ХУЛСТАЙД ХҮРСЭН НЬ

 

Атас, Ингэс хүрэх зуурт хавтгай, зээр, хулангийн сүрэгтэй таарлаа. Гэхдээ барааг нь хараад л өнгөрөв. Ёстой л хөлийн хурдаар цахилах амьтад зэрлэг онгон байгалийнхаа дархан эзэд нь ажээ. Хилийн 0166 дугаар анги 1934-1948 онд гадаадын дайсагнагч этгээдүүд болон дотоодын дээрэмчдийн 50 гаруй зэвсэгт халдлага, тулгаралтад оролцон төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн баатарлаг гавьяатай. Дайн байлдаанд бусад хилийн анги шиг бие даан ороогүй ч өмнөд хилийн энэ хэсэг түүхийн турш нам гүмхэн байсаар энх цагтай золгочихсон гэвэл эндүүрэл. Үүний нэгэн илэрхийлэл болсон түүхэн газар нутгийг бид зорьж яваа тэмдэглэлийн хэсгээс таньтай хуваалцаж байна. Бид цааш явж Атасын Хар аманд бүрийтэй зэрэгцэн очив. Магадгүй үдшийн бүрийтэй айлсан хүрсэн болоод ч тэр үү сэтгэлд нэг л хөндүүр мэдрэмж төрөх. Зураг авч газар оронтой танилцах зуурт үдшийн тэнгэрт одод түгж эхлэв. Хилийн оддын тэнгэр дор нойрсох найман хилчний шарил. Овоотын цэнхэр хязгаар энэ л сайхан нутгийн төлөө өндөлзсөөр ирсэн харийн дайсны эсрэг хилчид тэмцсээр ирсэн нэгэн жишээ бол эрэлхэг хилчдийн шарил юм. Яагаад ч юм би, бидний төлөө халуун амиа зольсон эрэлхэг хөвгүүдийн нэр нь тодорхойгүй үлдсэн гэхээр дэндүү их харуусал төрөх. Хандын Жүрмэдийн ахалсан найман эрэлхэг хилчин 1938 онд Хасгийн 500 гаруй дээрэмчинтэй тулгаран эрэлхэгээр амь эрсэдсэн гэдэг өгүүлбэр л өнөөдрийн бидэнд үлджээ.

Атас, Ингэс хайрхан хань бараандаа уудам хөндийгөөр холбогддог юм байна. Олон жилийн өмнө энэ л газар шорооны төлөө цус урсаж асан бол өнөө дэндүү амгалан цаг айлчлан ирж. Ээрэм их говийн дунд алсын бараа болон дүнхийх их нуруудын дунд тэд нойрсон байна. Их говийн хөрсөнд залуу насаа мөнхлөн үүрд үлдсэн хөвгүүдийн алдар цуурайтаагүй ч тэд эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө амиа өргөсөн гавьяатнууд. Тиймээс Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт ялалтаар дууссаны 70 жилийн ойгоор Хилийн 0166 дугаар ангийн 0210 дугаар салбарыг “Цэргийн гавьяа”-ны одонгоор шагнасан билээ. Богц цагаан дэрс. Богцын булаг дээр хэсэг саатлаа. Энд л ховор амьтдыг харах боломжтой гэж хилчид ярив.

Шар хулстай гэж үзэсгэлэнт газраар дайрав. Говьд ийм сайхан байгалийн үзэсгэлэнг үзнэ гэж бодоогүй ээ. Дөхөөд ирэхийн алдад хулсны үнэр ханхийх нь тансаг юм билээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарах аж. Өмнөговьд явж байж юун Баянхонгор гэж та бодож магад. Хилийн 0166 дугаар анги гурван аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг. Шар хулстай руу дөхөх тусам байгаль нь яг л шүлэг шиг бас найраг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Мазаалайн баасыг хараад хамт явсан хилчид хармаг идсэн байна гэж шинжив. Нэгэн цагаан машины хөдөлгөөн харагдаад цааш эргэн явахад штабын дарга, дэд хурандаа А.Амартайван ямар хүмүүс болохыг нягтлахаар араас нь явлаа. Төдөлгүй Баян-Өндөр сумаас 300 орчим км-ээс ходоодны рашаан залахаар ирсэн хүмүүс болохыг нь шалгаж мэджээ. Нээрээ тус хоолойд хадны ёроолд ходоодонд тун гаргуун рашаан байдаг юм байна. Нутгийн иргэдтэй ярилцангаа тус рашаанаас хүртлээ. Зөөлөн эрдэслэг амт амтагдах. Хэвтэрт орсон хүн тэмээтэй ирээд тус рашааныг хүртсээр тэмээгээ унаад буцаж байсан гэдэг. Тус рашааныг хүртэх тусгай халбага, аяга гэж бий. Бараг 1980-аад оны эд гэнэ.

 

ӨНДӨР ХҮЧДЭЛД ХОЛБОГДООД АМЬДРАЛ САЙХАН БАЙНА

Хязгаар нутагт улсын хилийг хамгаалах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгаа хилчдийн ажиллаж, амьдрах орчин эрс сайжирчээ. Хилийн 0166 дугаар ангийн хилийн бүх салбарт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 10 кВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц суурилуулснаар 24 цагийн цахилгаантай болсон байна. Хилийн 0111 дүгээр салбар өндөр хүчдэлийн шугамд холбогдсоноор байнгын цахилгааны эх үүсвэртэй болжээ. Энэ талаар 0111 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Ц.Мөнхбаяр ярилаа. Тус салбарын орлогч нар гар нийлсэн шижигнэсэн залуусын багаас бүрджээ. СМССЭО, дэслэгч Ц.Манал гитарын дугуйланг хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд хичээллүүлж байгаа аж. Соёл амралтын тасалгаанд нь “Алив найзуудаа гитараа тоглоцгооё” гэсэн ном харагдав. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой хичээллүүлж байгаа тус дугуйланд дөрвөн цэргийн алба хаагч тун идэвхтэй хамрагдан суралцаж байгаа аж. Харин сургалт эрхэлсэн орлогч Ц.Амартүвшин тус салбарт ажиллаад нэг жил болж байгаа гэлээ. Энэ мэтчлэн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ажиллах орчин сайжирчээ. Халуун говьд зуны улиралд борц иддэг үе ард хоцорч шинэхэн махаа хөлдөөгчиндөө хадгалан хилийн салбар, харуулд ч хүнсэндээ ашиглаж байна. Говь нутагт хөгжлийн шанг хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгож яваа ажилсаг, авхаалжтай говийн хилчдээрээ бахадлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 28 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 51 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 52 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 53 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 4 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 38 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 0 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 21 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 38 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 54 мин