Б.Болдбаатар: Энэ гүйлт ээждээ өгсөн амлалт минь байсан

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

ОУХМ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатарыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө төрөлх нутаг Алтай хотынхоо Жанчив баатрын талбайгаас нийслэл хотын төв цэг Сүхбаатар жанжны талбай хүртэл 1040 километр замыг явганаар 34 хоногт туулан ирж гайхамшгийг бүтээсэн билээ. Түүний сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг нь Монголын үндэсний олимпийн хорооноос үнэлэн “Алтан-Очир” медалиар энгэрийг нь мялаажээ. Ийнхүү удам дамжсан хөнгөн атлетикийн мастерын амьдралыг түүхийг бид уудаллаа.

 

Хөнгөн атлетикт хөл тавьсан түүх

 

Тэрээр хүй цөглөсөн нутагтаа өдийг хүртэл амьдран суугаа. Монгол орныхоо баруун зүгт орших Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1966 онд айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Алтай хотын арван жилийн сургуульд элсэн суралцаж аав ээжийнхээ хайранд бөмбөрч өссөн түүний багын түүх тун сайхан. Аавыгаа дагаад 1979 онд 13 настай бор хүү  нутгийнхаа нийгэмлэгийн зааланд гүйж эхэлснээр хөнгөн атлетикийн их спортод хөл тавьж байсан аж. Түүний аав Буриад гуай өдгөө 88 насыг зооглож буй тун ануухан ахмад тамирчин. Говь-Алтай аймгийн анхны хөнгөн атлетикийн спортын мастер юм. Тэрээр аав шигээ хүн болно доо гэсэн мөрөөдөл тээн бэлтгэлээ хийдэг байснаа дурслаа. Б.Болдбаатар 14 настайдаа МҮЭХ-ны нэрэмжит кросс гүйлтийн аймгийн аваргын тэмцээнээс анхныхаа түрүүг авч улсад явах эрхтэй болж байжээ. 1980 оны МҮЭХ-ны нэрэмжит тэмцээн бол хамгийн анхны улсын аваргын тэмцээн бас шарыг нь гозойлгож хурцалсан тэмцээн ажээ. Тэрээр энэ тухайгаа “Яармагийн дэнжид зохиогдсон кросс гүйлтийн улсын аваргын тэмцээнд насандаа орох байсан ч намайг дөрвөн нас ахиулан 17-18 настай том ах нартай цуг гүйлгэсэн. Уг нь дотроо найдлага тээгээд явсан юм. Ах нарын хажууд хөдөөнөөс ирсэн  жижигхэн бор хүү зогсч байлаа. Эхийнхээ хойноос гүйх унага шиг том ах нарын тоосонд даруулсаар арай хийн бариандаа орж билээ. Буцаж очоод аавдаа хошуу хүргээгүй ээ. Сүүлд аав маань хамт оролцсон хүүхдээс мэдсэн юм билээ. Тэгээд аав минь тухайн үед авч явсан багшид “хүүхдийн зүрх үхүүллээ” гэж зэмлэсэн гэдэг. Ингэж л би анхны улсын тэмцээндээ оролцсон юм. Одоо би хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчдад захидаг. Хүүхдийн насыг нэмж эсвэл дарж оруулж болохгүй. Яг л насанд нь үеийнх нь хүүхдүүдтэй оруул гэдэг. Хүүхдийн зүрх мохчихдог юм. “Биеэрээ мэдэрчихсэн хүн шүү дээ би” гэж байлаа.  Харин 2010 онд тэрээр МҮЭХ-ны хамгийн сүүлийн  нэрэмжит тэмцээнд нь оролцож алтан медаль хүртэж байжээ.

 

Зодоонч болох нь гээд боксоор хичээллэхийг болиулчихсан

 

Хөнгөн атлетик бол бүх спортын хаан. Тийм ч учраас хөнгөн атлетикийнхан бусад спортод эвсэлтэй байдаг. Түүнийг 15 настай байхад томилолтоор ирсэн Даваадорж дасгалжуулагч боксоор хичээллэхийг урьж байжээ. “Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан учраас амьсгаа сайн задарсан, хөдөлгөөний эвсэлтэй, тэсвэр тэвчээртэй юм байна” гээд боксоор хичээллээд үз гэсэн.  Хоёр гурван удаа яваад орхисон. Учир нь ээж маань намайг “Боксоор хичээллээд зодоонч болох нь уу” гэж дургүйлхээд болиулчихсан. Аав маань ч бас дургүй байсан учир удалгүй орхисон доо. Ер нь би хөнгөн атлетикийн хүн юм байна гээд өөр спортоор хичээллээгүй” гэв. Гэхдээ тэрээр сурагч ахуй насандаа зөвхөн хөнгөн атлетикаар хичээллээд зогсохгүй үндэсний бөх, самбо, чөлөөт бөхөөр хичээллэн аймгийн аварга болж медаль хүртэж байжээ.  Тэрээр арван жилээ төгсөх хүртлээ хөнгөн атлетикаас түр ч холдоогүй аж.

“1994 онд аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явсан юм. Тэр үед улаан шугамнаас дээгүүр жагсвал их сургуульд, доош жагсвал МСҮТ, илгээлтээр явдаг байсан. Аав маань намайг биеийн тамирын дээд сургуульд явуулах гээд ур чадварын шалгалт авч байсан багш дээр нь дагуулаад очсон. Шалгалт авсан багш намайг ур чадвар сайтай юм гээд магтаж байлаа. Даанч би чинь улаан шугамны доор жагсчихсан болохоор биеийн тамирын дээд сургуульд явж чадаагүй. Оронд нь онц сурдаг хүүхэд яваад би сургуульгүй үлдсэн юм. Тэгээд шар хөдлөөд аав ээжээсээ зөрж цэрэгт явахаар шийдсэн. Халхын голын хилийн буйдхан заставт цэргийн албаа хааж эхэлсэн. Тэгээд нэг өдөр заставын дарга намайг дуудаж Улаанбаатар хотруу тамирчин-байлдагчаар яв гэлээ. Ийнхүү би тамирчин-байлдагчаар Улаанбаатар хотод ирж 1987 онд цэргийн албаас халагдсан” гэв. Тэр жилдээ цэргийн албаа нэр төртэй хаасан чухам мундаг хүү ижий аавдаа эрхлэн хэдэн сарыг дэмий өнгөрөөсөндөө гэж тэрээр инээд алдан хуучилсан юм. Хэдхэн сарын дараа нутагтаа ачигч буулгагчийн ажил түр хийж байгаад 1988 оноос аймгийн биеийн тамир, спортын газрын нийгэмлэгт хөнгөн атлетикын арга зүйчээр ажлын гараагаа эхэлж байжээ. Ингээд 1991 онд цаг өөрчлөгдөж нийгэм солигдоход цомхотголоор ажилгүй болсон байна. Хил нээж хэн бүхэн ганзагын наймаа хийж урагшаа хойшоо ачаа зөөсөн тэр үед Болдбаатар мастер ч спортоосоо холдож наймаа эрхлэх болж. “Тарваганы арьсны наймаа ид цэцэглэж байлаа. Наймаа арилжаа хийж Эрээн хүртэл явсан. Уг нь овойж оцойтол ашиг олохгүй ч бас алдчихгүйхэн шиг явж байлаа. Тэгсэн нэг удаа Дэнжийн Мянга зах дээр тарваганы арьсаа зарах гэж явахдаа цагдаа нарт баригдаж арьсаа хураалгаж билээ” гэж наймаа панзнаас холдсон түүхээ ярьлаа. Мөн цааш нь “1993 онд Улаанбаатар хотод Нэгдүгээр эмнэлгийн дэргэдэх Япон элчингийн барилгыг ашиглалтанд ортол ажилласан юм. Тэгээд нутагруугаа буцсан даа. Буцаж очоод ханьтайгаа учирч анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Аав ээж минь намайг тэр үед тогтвор суурьшилтай ажилла гэж их зэмлэдэг байсан. Ээж минь 2006 онд Говь-Алтай аймгийн прокурорын газар жижүүрээр оруулж өгсөн юм. Хүний оронд зургаан сар ажиллаад үргэлжлүүлээд нэг газар харуулаар орсон. Тэгтэл намайг буцаад дуудсан. Өнөөдөр миний ажил, амьдралын гараа Говь-Алтай аймгийн прокурорын газраас эхэлсэн гэж би боддог. Энэ хугацаанд спортоороо хичээллээгүй. Хааяа балгачихдаг нөхөр байлаа. Одоо ид сайхан насандаа би архи балгаж явсандаа харамсдаг. 2007 оны төрсөн өдрөөрөө хэд хоног архи ууж явсан. Тэгэхэд муу ээж минь хэдэн хатуу үг хэлж зэмлэсэн юм. Тэгэхдээ би архи ууж яваадаа харамсаж аав ээж, ханьдаа амласан юм. Өнөөдрөөс би сайхан гүйж эхэлнэ. Дахиж архи уухгүй” гээд гэрээсээ гарч бэлтгэл хийж байлаа. Тухайн үед манай аймагт парк гэж байдаг байлаа. Бэлтгэлийн хувцасгүй гараад л гүйчихсэн. Тэр үед 300 орчим метр гүйхэд их ядарч билээ. Хөлстэй нойтон хувцсаа хараад өөрөөрөө бахархаж өдөр бүр гүйхээр шийдсэн. Маргаашнаас нь анх гүйсэн газраа өдөр бүр тасралтгүй гүйсэн. Аравдугаар сарын анхны цаснаар өвлийн хувцастай гурван километр орчим гүйж өдөр бүр гүйх замаа уртасгадаг байлаа. Тэр гүйдэг байсан газар маань өгсөж урууддаг бартаатай газар байсан юм. Багадаа аавыгаа дагаад гүйдэг байсан дурсамжаар дүүрэн газар. Гурван километр гүйчихээд өөртөө их урамшиж хоёр сар гүйлээ. Цаашдаа хавар нь таван километр орчим уулын өөд гүйсэн. Тэр өндөрлөг газраас харахад миний нутаг хичнээн үзэсгэлэнтэй болохыг харч баясч байлаа. Тэнд үе үеийн тамирчид гүйж бэлтгэл хийдэг байсан юм. Тэгээд би уулын орой дээр гараад “Би чадчихлаа” гэж хашгирч байлаа. Ингэж би муу зуршлаасаа салсан. Гүйгээд гэртээ ороход нэг их сайхан байдагсан. Аав ээж, ханьдаа өгсөн амлалтаа биелүүлж спортдоо эргэж орсон. 2009 онд Улаанбаатар хотод ажлынхаа амралтаар цэрэгт байхдаа бэлтгэл хийдэг байсан газруудаар гүйдэг байлаа. Тэр үед таньдаг хүн маань намайг ахмадын улсын аваргын тэмцээнд орохыг хүссэн. Намжилмаа багшийнхаа нэрэмжит улсын аваргын тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Түүнээс хойш олон уралдаан тэмцээнүүдэд орсон. “Тал нутгийн марафон” “Улаанбаатар марафон”-д оролцох дуртай. 2016 оноос хойш 21 километр, 42 километрын кросс гүйлтийн тэмцээнд залуучуудын төрөлд орж гүйдэг байлаа. Миний үеийнхэн тэгэхэд намайг их гайхдаг “яагаад залуучуудтай гүйдэг юм бэ” гэдэг байсан. Тэгэхэд би сайхан залуучуудын тоосонд хийморио сэргээж явна аа гэдэг байлаа. Тэр бүхэн маань миний энэ гүйлтийн бэлтгэл байсан юм.

 

Бага охин минь миний хамгийн том фен

 

Амжилттай яваа хүний ард түүнийг үргэлж дэмждэг хүн байдаг. Түүний гэргий гүйлтийн турш  арын албыг дааж явсан аж. Ар гэрийнхээ ч арын албыг тун чиг сайн дааж яваа мундаг эмэгтэй шүү миний хань гэж тэрээр бахархсан. “Би гурван хүүхэдтэй. Том маань хүү. Дунд охин минь удахгүй маамуулах гээд би анхны зээгээ өлгийдөж авах гээд хөл газаргүй хүрэхгүй баярлаж сууна. Энэ сар мнай гэр бүлийн хувьд тун сайхан мартагдашгүй баярт үйл явдал тохиосон сар болж байна. Бага охин минь миний хамгийн том “фен”. Аавыгаа гүйгээд ирэхэд охин минь хөлс арчаад хацар духан дээр үнсэж урам өгдөг. Хөл гар бариад л тун сүрхий аавдаа халамжтай” гэв.

 “Энэ гүйлтийн санаа сэдлийг 2016 онд ээждээ хэлж байсан. Миний ээж хүний дээд хүн байсан. Миний ээж нэг ч удаа ёо гэж хэлж байгаагүй их тэвчээртэй хүн. Магадгүй ээжийнхээ тэр их тэвчээрээс би багаханг авсан байх. Говь-Алтай аймгийн прокурорын байгууллагад 34 жил ажилласан. Миний ээж хөл муутай учир алхаж чадахгүй би үүрээд явдаг байлаа. Би ээжийгээ үүрээд явж байхдаа “Ээжээ би Говь-Алтай аймгийнхаа Алтай хотоос Монгол Улсынхаа нийслэл хүртэл 1000 километр гүйнээ” гэхэд миний ээж надад миний хүү чаднаа гэж урам хайрлаж байсан юм. Ижийгээ мөнх юм  шиг санаж явж дээ” хэмээн хоолой зангируулан дурсана. Эх хүн бүр эцсээ хүртэл үрээ дэмждэг, тэтгэдэг. Түүний ээж хөл муутай алхаж чадахгүй ч тэмцээн бүрийг нь алгасалгүй очиж үздэг байж. “Тэмцээн үзэхээр очсон хүн бүрийг аагтай чанасан цай, тавагтай боорцгоор дайлдаг тийм сайхан сэтгэлтэй хүн байсан. Ээжийгээ өнгөрснөөс хойш тэмцээнд их цөөн орсон доо. Би 2016 онд Улаанбаатар марафонд тавдугаар сард ороход ээж минь намайг үзэхээр дагаж ирсэн юм. Тэгэхэд Сүхбаатарын талбай тойрсон бүх замыг хаадаг. Би ээжтэйгээ такси бариад Засгийн газрын ордны ард ирээд зам хаачихсан учир орж чадахгүй тэнд байсан хоёр цагдаагаас гуйж байсан юм. Миний ээж алхаж чадахгүй машинтай ээжийгээ талбайд хүргэж өгөөд машинаа гаргачихна гэж мөн их гуйж билээ. Одоо тэр хоёр цагдаад их гомдож явдаг. Таксины жолооч хүртэл надтай хамт гуйж зогссон. Ээж минь тэгээд намайг гүйхийг харж чадалгүй буцсан юм. Тэмцээн дуусаад гэртээ очиход ээж минь сайхан цай мах чаначихсан угтаж билээ. Маргааш нь би ажилтай учир Алтай буцах болсон. Ээж минь намайг Дроган руу гаргаж өгч машины цонхоор баяртай гээд даллаад үлдсэн.  Тэгэхэд бас л  бороотой сэрүүхэн өдөр байлаа. Жижигхэн буурал ээж минь хамгийн сүүлийн удаа хүүгээ үдэж өгч байгаа юм. Ээж минь 2016 оны зургадугаар сарын 28-нд төрийнхөө сонгуулийг өгнө гэж хүүтэйгээ ярьж байсан юм. Харин маргааш нь утас дуугархад ижийгээ тэнгэрт дэвшсэнг мэдсэн. Одоо би тэр хоёр цагдаад гоморхдог. Ижийд минь сүүлийн удаа хүүгийнхээ гүйхийг харуулчихгүй дээ гэж. Түүнээс хойш би ээждээ өгсөн амлалтаа биелүүлэх гэж бэлдэж эхэлсэн.  Хүний хорвоо мөнх бус гэдгийг мэдэрсэн дээ. Ижийгээ Жирмийн цагаан нуурын ойролцоо сайхан нутагт хөдөөлүүлсэн. Бид Алтай руугаа явахдаа ээждээ сүслээд явдаг. Би энэ 34 хоногийн гүйлтээ хийхдээ ээжийнхээ хөлд заавал очиж хононо гэж төлөвлөсөн юм. Өглөөний гүйлт дуусаад 15 километр гүйгээд өдрийн гүйлтээ дуусгах байсан ч ээжийн минь хөдөөлүүлсэн нутаг гурван километрийн цаана байсан. Би тэр өдрөө илүү гүйж ээжийнхээ хөлд очиж сөхөрч залбираад цай сүүнийхээ дээжийг өргөж хоносон юм. Маргааш нь мандахын улаан нарнаар ээждээ сүслээд гүйлтээ цааш үргэлжлүүлсэн. Тэгэхэд надад нэг их урам зориг орж цаанаасаа би баяр баясгалантай, эрч хүчтэй болж билээ” гэв. Тэрээр мянган километр гүйх замдаа монголчуудын элгэмсүү сайхан сэтгэлийг бишгүй эдлэснээ хэллээ. Мастерыг дагаад хэсэг гүйж ерөөл өргөөд үдсэн хүн мундахгүй.

Хамгийн хөгжилтэй нь зам дагаад өгсүүр замаар гүйж явахад нь нэг залуу “ахаа таныг дагаж яваа машин нь тээр хол байна шүү дээ. Таныг харахгүй. Та суучих. Та ядаж тэр уулын орой дээр гараад буучихгүй юу даа” гэсэн гэнэ. Мөн Төв аймгийн Лүн суманд гүйж байхад хонио хариулж явсан хөдөөгийн сайхан сэтгэлт хүү давхиж хүрч ирээд “Ахаа Лүн сум ортол найман километр дутуу. Та ард сундалчих би танийг дөхүүлээд өгье” гэх мэтээр таарсан бүхэн хэр хэмжээндээ туслаж байсан аж. Хагацал үзсэн хүн илүү уяхан болдог гэдэг. Тэрээр мөнх бус энэ орчлонд хүн хүнээ хайрлаж, дэм тустай амьдраасай гэж хүсдэг учраас 1040 километрын гүйлтээ “Цар тахлын эсрэг хамтдаа”, “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриан дор гүйсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.17  ДАВАА № 157 (6382)

 

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

5 цаг 3 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

5 цаг 28 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

5 цаг 46 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

5 цаг 51 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

6 цаг 3 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

9 цаг 55 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

10 цаг 57 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

11 цаг 17 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

15 цаг 53 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

16 цаг 3 мин