Олигархиудын ноёрхлыг уудлан илчилж, хуурамч ардчиллын багийг нь хуулж хаясан өгүүллийн тухайд

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

Доктор, профессор

 

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Дашийн Бямбасүрэн даяарчиллын хаялга Монголд хэрхэн яаж нөлөөлж юунд хүргэсэн, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулахыг зорилт болгож дэвшүүлсэн монголчууд өнгөрсөн гучин жилд олигархи баячуудыг төрийн толгойд гаргасныхаа лай ланчгаар хэрхэн зэрлэг капитализм руу гулгаж хальтран орсныг өөрийн “Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал” өгүүлэлд ихэд тодоор нээн үзүүлжээ. Тэрбээр Монгол төрийн өнгөрсөн 30 жилийн ээдрээтэй замналыг эхлэл, өрнөлт, нэгдүгээр үе буюу 1990-ээс 1992 оны дунд хүртэл, хоёрдугаар үе буюу 1992-2006 он, Гуравдугаар үе нь 2006-гаас 2017, дөрөвдүгээр үе 2017 оноос одоог хүртэл, өрнөлтийн төгсгөл, тайлал (дотроо нэг, хоёр, гурав, дөрөв гэсэн хэсгүүдтэй), горьдлого, эргэлзээ гэсэн үндсэн долоон бүлэгт хувааж авч үзсэн байна. Тэрбээр   “ЗХУ-д М.С.Горбачевын тунхагласан “ил тод байдал”, “өөрчлөн байгуулалт”-ын үзлийн нөлөөгөөр хаалттай нийгмийн гажуудал, алдаа завхралын тухай үнэн мэдээлэл өргөн цацагдаж эхэлсэн нь нийгмийн сэтгэхүйг огцом цочирдуулж, социализм, түүнийг тэтгэгч улс төрийн хүч, төрийн удирдлагад итгэх итгэл үнэмшлийг хөрсөөр нь эргүүлсэн юм.

Түүнчлэн Монголын дээд удирдлагын дотор “өөрчлөн байгуулалт”-д үнэнчээ илэрхийлж, доминант гүрний дэмжлэг олохыг горилсон өрсөлдөөн хүчтэй болсон нь нийгмийн нэгэнт хөвсөлзсөн сэтгэхүйг хөөрөгдөн хувьсгалын мөрөөдлийг бодит хөдөлгөөн болгосон нь том хүчин зүйл болж, цаг хугацааны  урсгалын хүчийг тодорхойлж байв” гэж өгүүллийнхээ эхэнд онцлон тэмдэглээд “Эхлэл” хэсэгтээ “1989 оны арванхоёрдугаар сараас эхэлж гурван сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны дараа 1990 оны гуравдугаар сарын 9-нд МАХН-ын Улс төрийн Товчоо огцрох шийдвэр гаргасан нь Монгол дахь социализмын нуралтын улс төрийн эхлэл болов.

1990 оны дөрөвдүгээр сарын 11-нд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, Үндсэн хууль дахь МАХН-ын удирдан манлайлах эрх, социалист эдийн засгийн төлөвлөгөөт зохицуулалтын тухай заалтыг цуцалж, Төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын дор байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллага – Улсын Бага Хурал байгуулж, гурван сарын дараа бүх нийтийн сонгууль явуулахаар шийдвэрлэж, төрийн удирдлагыг шинэчилсэн нь нийгмийн хувьсгалын эрх зүйн шийдэл болсон юм”  гэжээ.

Энэ цаг үед Монголд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг өөрийн орчин нөхцөлд нийцүүлэн нутагшуулж оршихуйн орон зайгаа шинээр бүтээхээс өөр зам байгаагүйг зохиогч өгүүллийнхээ “Өрнөлт” хэсэгт өгүүлээд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг баталгаажуулах, шударга төрийг бүтээх, монгол хүний эрх, эрх чөлөөг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д нийцүүлэн баталгаажуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн өмчийг хөгжүүлэх, улс орноо хоцрогдлоос гаргаж үндэсний эдийн засгийн тусгаар тогтносон цогцолборыг буй болгох зэрэг томоохон хүлээлтүүд нийгэмд нэгэнт үүсэн бүрэлдээд байлаа гэжээ.

“Нэгдүгээр үе буюу 1990-ээс 1992 оны дунд хүртэл”-х  хугацаанд улс орны амьдралыг хаост оруулахгүйгээр, тогтолцооны хямралыг хязгаарлаж, шинэ замналын суурийг тавих явдал гол зорилт болж байв.  Нийгмийн амьдралын эрх зүйн орчинг бүрдүүлэх, юуны өмнө Үндсэн хуулийг шинээр боловсруулж батлах, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өмчийн олон хэлбэрт шилжих, өмч хувьчлал, үнийн чөлөөлөлтийг хэрэгжүүлэх хэрэгтэй байлаа гэж зохиогч тэмдэглээд 1990 оны есдүээр сард ЗХУ гадаадын аль ч оронд зээл, тусламж өгөхийг хориглон зогсоож, 1990 оны сүүлчээс ЗХУ- ын цэрэг Горбачев-Дэн Сяо Пиний  тохиролцооны дагуу Монголоос гарч эхэллээ гэсэн байна. Ийм нөхцөлд 1991-1992 онд Монголын эдийн засгийн тэргүүлэх 10 зорилтот хөтөлбөрийг боловсруулж “Алт”, “Гангийн үйлдвэр”, “Газрын тос” хөтөлбөрийг эхлүүлж, “Зэс”, “Мэдээлэл технологи” хөтөлбөрүүдийн бэлтгэлийг хангаж эхэлсэн. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төрийн сонгууль явуулснаар дараагийн үе шатанд шилжсэн гэжээ.

“Хоёрдугаар үе буюу 1992-2006 он”-д “Үндсэн хуулиар тунхагласан Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах үзэл санаа нь капиталист нийгмийн сонголт болж хувиран, Монгол төрийн нийгэм-эдийн засгийн бодлого шинэ баримжаатай болов... 1990-ээд оны дунд үед “Молом”, “Айбекс”, “Тэнгэр газрын гэрээ” хэмээх гадаадын том капиталтай  хуйвалдсан авилгын илэрхий шинж удаа дараа гарсан нь сул дорой боловч нөөц баялаг ихтэй Монгол орон гаднын шинэ колоничлолын бай болж эхэлсний дохио байлаа” ... “Ардчилсан холбоо” эвсэл Засгийн газар байгуулахдаа өөрийн орны орчин нөхцөлийг үл харгалзан улс төрийн тэнхим байгуулж, анхны алдаа хийлээ. Хариуцсан салбарынхаа талаар төсөөлөл бага сайдууд “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор бололцоотой бүхнийг хувьчлахыг л хичээх болов... Капитал хомс хөрөнгөтнүүд өмч хувьчлалд оролцохын тулд тухайн обьектыг алдагдалтай ажиллуулж үнээ хямдруулах, улс төрийн хүрээнд бүлэглэн хуйвалдаж өөрт ашигтай шийд гаргуулах зэрэг “ер бусын” арга ашиглах болов. Чухамхүү энэ үндсэн дээр нам дамжсан олигархи бүлэглэлүүд үүсч байлаа. Тэгэхдээ энэ төрийн үед орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилсан нь өмч хувьчлалын талаарх нийгмийн сэтгэхүйг илааршуулж байлаа.

“Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх авсны дараах анхны алхмаас эхлэн дотроо зөрчилдөн, өрсөлдөгч сөрөг хүч түүнийг овжин ашиглаж, дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрыг дөрвөн удаа сольсноор “Төрийн хямрал” ужгирч, нийгмийн дургүйцлийг төрүүлж, байр суурь нь суларч байлаа. 1998 оны намар ардчилсан хувьсгалын нэг удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг тухайн үед илрүүлж чадаагүй нь эрх баригчдын нэр хүндийг сэвтүүлэв... Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн олон улсын зах зээлийн үнэ огцом унаж 1997 оноос “Азийн эдийн засгийн хямрал” эхэлсэн нь хүнд цохилт болж төгрөгийн ханш тавин хувиар сулрав.

1997 онд татварын хуулийг өөрчлөн том аж ахуйн ашгийн татварын хэмжээг 30 хувь болгож бууруулж, гаалийн татварыг тэглэж, “Ашигт малтмалын тухай” шинэ хууль баталж, АМНАТ-ийг 60 хувь бууруулав. Энэ бүхэн нь Монголын эдийн засагт нэвтрэх сонирхолтой гадныханд урам өгч, Толгойтын алтны ордыг эзэмших хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг байгуулсан нь уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулагчдад тал засч, улс орноо хохироон эрх мэдэлтнүүд завшихын жишиг алхам болсон юм.

2000 оны сонгуулиар сонгогчид “Ардчилсан холбоо” эвслийн засаглалд хатуу үнэлэлт өгч, МСДН Улсын Их Хуралд суудалгүй, МҮАН ганцхан суудалтай үлдэв. МАХН-ын дагнасан төрийн тогтолцоо бүрдэв. Энэ нь хэдийгээр нийгэм дэх улс төрийн тэнцвэр алдагдахад хүргэсэн ч, нөгөө талаар Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэв. Түүнд түшиглэн 2002 онд иргэдэд газар өмчлүүлэх хууль гаргаж, ОХУ-д төлөх 11 тэрбум ам.долларын өрийн асуудлыг шийдсэн нь улс орны амьдралын хоёр том зангилааг тайлсан нэн чухал арга хэмжээ болов.

2000 оны үеэс Азийн эдийн засгийн хямралын уршгийг гэтэлж сэргэсэн Дэлхийн зах зээл дээр Монголын экспортын гол бараа зэс, алтны үнэ өсч макро эдийн засгийн нэн таатай нөхцөл бүрдлээ. Үүний үр дүнд 2006 онд Монгол Улсад гадаад худалдааны тэнцэл, улсын төсвийн тэнцэл ашигтай болж, инфляци нэг оронтой тоонд багтах болов.

Өөрөөр хэлбэл, 2000 оноос 2006 оны улс орны эдийн засгийн динамик нь төрийн бодлогыг оновчтой томьёолж, нийгмийн дэвшилд хүргэж чадвал, 15 жил үргэлжилсэн нийгмийн өөрчлөлтийн зам мөрийг тууштай хөгжлийн замд оруулах алтан боломжийг бүрдүүлж байлаа. Энэ үед эрх баригч намын удирдагч нь Н.Энхбаяр Энтони Тедэинсийн “сайн засаглал”–ын үзлийг талархан Дорнын төрт ёсны суварга руу харах болсон ч улс төр судлаачид нь ойлгоо ч үгүй, дэмжээ ч үгүй. Харин энэ үед төрийн дээд удирдлагад байр суурийн хурц зөрчил үүсч, саяхан болтол архагшиж иржээ” гэж эдийн засгийн ухааны доктор Дашийн Бямбасүрэн оношилсон байна.

“Гуравдугаар үе: 2000-аас 2017 он” хэмээх гарчигтай хэсэгтээ доктор Д.Бямбасүрэн “Монголчууд 2004 оны сонгуулиар “хаан сонголт” хийж, сөргөлдөгч гол хүчнүүдийн УИХ дахь байр суурийг тэнцвэржүүлсэн юм. Энэ нь үндэсний зөвшлийн хүрээнд хөгжил дэвшлийн замд орох хамгийн хариуцлагатай үе буюу YIII Богдын хэллэгээр “Тэнгэрийн цаг” нүүрэлсэн түүхийн хором байлаа. Тэр цагийн өнгийг таньж боломжийг ашиглах эсэх нь хувь заяаны шийдэл болж байв.

Гэвч үйл явдал өөр замаар өрнөв. 2005 онд Улсын Их Хурал дахь ардчилсан хүчнүүдийн эвсэл задарч, МАХН-ын сайдууд Засгийн газраас гарч, улс төрийн бичил эргэлт хийх нөхцөл бүрдэв. 2006 оны нэгдүгээр сард Монголын түүхэнд анхны олигархиудын Засгийн газар байгуулагдаж, 2007 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, барилгын салбарыг хөөрөгдөн дөнгөж төлжиж байгаа эдийн засгаа макро түвшний хямралд оруулав. 2008 оны дунд үед үндэсний эдийн засагт үйлчилж байсан нийт мөнгөний 40 хувь нь дуусаагүй барилгад хүлэгдсэн байлаа. Энэ үед дэлхийн эдийн засгийн хямралын цохилт ирж, төгрөгийн ханш 40 хувь хүртэл унаж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурав.

2008 оны төрийн сонгууль ээдрээтэй болж, улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөнд таван хүний амь үрэгдэж, 800 орчим хүний баривчилга, яллагаанд өртөж, Монголын ардчилсан замналын түүх цус, нулимсаар будагдав.

Сонгуулиар УИХ-д олонхи болсон МАХН сөрөг хүчнээ урьж хамтарсан Засгийн газар байгуулав. Ардчилсан нам сонгуульд ялагдаж, дотооддоо олигархиудаар толгойлуулсан фракцуудын зөрчилд улайрч байсан энэ үед 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа бултах орон зай эрсэн МАХН-ын зүгээс хамтран Засгийн газар байгуулах санаачилга гаргасан нь авралын рашаан болж Ардчилсан намын олигархиуд уухайлан уралдаж, намын дарга нь Тэргүүн шадар сайд, 5 олигархи нь сайдууд болов.

Чухамхүү энэ үеэс эхлэн Монголын улс төрийн амьдрал өнгөн дээрээ улс төрийн намуудын өрсөлдөөн мэт боловч хөшигний цаана нам дамнасан олигархи бүлэглэлүүдийн засаглалтай зэрлэг капитализмын тогтолцоо руу гулсаж орлоо”  гэсэн дүгнэлт хийсэн байна.

Монголын нийгэм иймд хүрсний цаад нарийн учир шалтгааныг тэрбээр “Худалдаа, барилгын салбарт үүссэн анхны хуримтлал том хөрөнгө оруулалтад хүрэлцэхгүй тул гадаадын том капиталтай сүлбэлдэх нь баяжих хамгийн дөт зам болж байв. Монгол Улс 1990 оноос хойш нээлттэй эдийн засгийн бодлого тунхагласан ч гадаадын хөрөнгөтнүүд нэг талаас элдэв болгоомжлолд автахын зэрэгцээ нөгөө талаас Монголын арвин их байгалийн баялгийг гартаа оруулж колоничлон мөлжих сонирхлоо тогтоож чадахгүй болсон байжээ.

2006 онд Монголын татварын хууль, ашигт малтмалын хуулийг тэдний захиалга сонирхолд нийцүүлэн өөрчилсний дараа Оюутолгойн зэс, алтны орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд хэмээх үлэмж их нөөц баялгийн төлөө гадныхны өрсөлдөөн ид дүрэлзэж, Монголын сөргөлдөгч улс төрийн хүчнүүдэд тарж байршсан олигархиуд гадаадын хөрөнгө оруулагчдын үйлчлэгч буюу үндэсний компрадорын  хэргэм олохыг туйлаас  гориловч бие биеэ хардан чөдөрлөж байв.

Ийм нөхцөлд ард иргэдийнхээ  сонгуулиар илэрхийлсэн хүсэл зорилгоос зөрж МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулсан ажээ. Үүний үр дүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчлэн байгуулж, улс үндэстнийхээ эрх ашгийг цөөн баячууд, авилгачдын шуналын салхинд хийсгэсэн юм.

Ингэж сонгуулийн үр дүнг хөсөрдүүлснээ эрх баригчид “стандарт бус шийдэл” хэмээн нэрлэдэг боловч тэр нь эцсийн дүндээ улс төрийн ялзралын нэг гол үндэс болсоор иржээ. 2012  оны сонгуулиар Ардчилсан нам олонхийн суудал авсан ч нэг талаас дотоод зөрчил нь хурцдаж, нөгөө талаас Оюутолгойн гэрээнд Дубайн төлөвлөгөө гэгчийг нэмж, гаднын хөрөнгөтний шинэ сүлбээ тогтоох болохдоо Монгол Ардын Намыг Засгийн газарт урьж, тэр нь ч дуу алдан ирж, улс орноо хүндээр хохироох алхмыг хамт хийсэн билээ”  хэмээн тайлбарлажээ.

Доктор Д.Бямбасүрэн “Нийгмийн шилжилтийн энэхүү гурав дахь шат буюу олигархи засаглалын үед тохиолдсон нэн хатуу сургамж бол төрийн эдийн засгийн бодлого волюнтарист буюу эрх баригчдын дураар авирлах нөлөөнд автаж, эцэстээ сүйрлийн ирмэгт хүрсэн үзэгдэл мөн” гэсэн үнэн бодит дүгнэлт хийгээд 2006-2016 онд улсын төсвийн зарлага 7.7 дахин өсч, гадаад өр зээл тав дахин нэмэгдсэнийг иш татаж анхааруулсан байна. Нэмж үндэсний эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын өгөөж 10 жилийн дотор 5 дахин буурсныг дурдаад харамсалтай нь дээрх хугацаанд засгийн эрхийг барьж ирсэн аль ч улс төрийн эрх баригч хүчин алдаа дутагдлаа олж харж дүгнэлт хийж чадаагүй, эдүгээ ч үргэлжилсээр байгааг сануулжээ.

2012-2016 оны хооронд Монголын эдийн засгийн хөгжлийн хувь заяаны гол түлхүүр нь Тавантолгойн нүүрсний орд болсныг зохиогч сануулаад “2008-2012 оны хооронд уг ордыг барьцаалан гадаадын компаниас зээл авч, сонгуулийн популист амлалтдаа зарцуулсны дараа энэ том төсөл дампуурлын ирмэгт тулж байсан хүнд нөхцөл дээр 2012 оноос хойш эрх баригчдын шунал хуйвалдааны хүчин зүйл нэмэгдсэнээр одоогийн улс төрийн өнгө аястай хямрал сөргөлдөөний суурь тавигджээ” гэсэн байна.

“Олигархиуд дураараа төрийн бодлогыг тодорхойлж байсан энэ 10 жилд хуулиуд компанийн захиалгаар төрж батлагдах нь хэвийн үзэгдэл болж, улс нийгмийн амьдралын суурь зарчмыг гажуудуулж, төрийг сулруулж ирсэн.

2006 оны Татварын болон Ашигт малтмалын хуулиуд, 2009 оны Оюутолгойн гэрээ, 2013 оны Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай хуулиуд улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг үлэмж доройтуулан үндэсний эдийн засгийн нэгдмэл байдлыг үндсэнд нь цуцалсан юм”  гэсэн ноцтой дүгнэлтийг зохиогч хийжээ. Туйлын гашуун боловч эсэргүүцэхийн аргагүй бодит үнэн бол энэ билээ. Зохиогч өгүүллийн санаагаа хөдөлшгүй тоо баримтаар баталгаажуулж, үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг углуургаар нь уудлан онгичиж илчлэн дэлгэж тавьсанд “Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал” өгүүллийн гол үнэ цэнэ оршино гэж бодож байна. Монгол төрийн нэрт зүтгэлтэн, монголын эдийн засгийн нэг гол шинжээч, хамгийн гол нь сүүлийн гучин жилд Монгол Улсад өрнөсөн нийгэм, эдийн засгийн амьд гэрч болсон доктор Д.Бямбасүрэнгийн дээрх өгүүллийн үг өгүүлбэр бүр нь уншигчийг бодол эргэцүүлэлд хөтөлж, зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй шимшрүүлж байгаа юм.

Волюнтарист зарчмаар төрийн бодлогыг тодорхойлох оролдлого 2014-2015 онд туйлдаа хүрсэн. Үндсэн хуулийг өөрчилж засаглалын тэнцвэрт байдлыг хангах гэсэн нэрийн дор Төрийн тэргүүнээ бүх ард түмний саналаар сонгодог зарчмыг өөрчилж, УИХ-аар сонгох буюу өнөөгийн тэнцвэрийг алдагдуулах замаар Засгийн газрыг Ерөнхий сайд дур мэдэн байгуулах  зэрэг “шинэчлэл”-ээр төрийн далд эргэлт хийх, төрийг олигархиудын “найрын ширээний ууц” болгох оролдлогыг илэрхий хийх болсныг зохиогч мөн тэмдэглэжээ. Монгол төрийн өнгөрсөн гучин жилийн нэн ээдрээтэй түүхэнд 2006-2017 он өөрийн үерэг ба сөрөг үр дүн аль алийг үлдээсэн, тэгэхдээ гашуун сургамж нь хамаагүй илүү жин дарна гэдгийг тэрбээр анхааруулжээ. Энэхүү гашуун сургамжид зохиогч тэргүүн ээлжинд:

-Монгол орон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон бүтээх Үндсэн хуулийн үндсэн зорилгоосоо хазайж, олигархиудын ноёрхолтой зэрлэг капитализм руу гулсан орсон;

-Монголчууд хүн ардынхаа хүсэл зорилгод нийцүүлэн төрөө байгуулж, хувь заяаныхаа жолоог гартаа авахын тулд сонгосон ардчилсан тогтолцоо утга агуулгаараа гажуудсаныг онцлон дурдаад, үүний тод нотолгоо нь төрийн сонгууль баячуудын хөрөнгө чинээний өрсөлдөөн, Улс төрийн намуудын стриптиз (тайчих үзүүлбэр), төрийн албыг худалдах яармаг болж хувирсан явдал мөн. Монголд оршин тогтнож байгаа өнөөгийн төр бол  олигархиудын буюу бизнесийн сонирхлыг улс төртэй хутгаж төрд ноёрхогч баячуудын төр юм гэж дүгнэжээ. Энэ бол туйлын гашуун боловч яалт ч үгүй бодит үнэн юм.

2008-2016 оны хооронд Монгол Улсын гадаад өр тав дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин давж улс нийгмээрээ гадаадын өрийн эргүүлэгт гүн шигдэн орсныг зохиогч өгүүлээд гадаадаас зээл авах, Засгийн газар үнэт цаас (бонд) борлуулах үйлдлүүд нь эрх баригчдын дур зоргоор шийдэгдэж, энэ бүгд нь эрх баригчид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд мөнгө угааж идэх нэг гол эх үүсвэр болж хувирсан гэжээ.

Энэхүү өрийн эргүүлэг нь ирээдүй хойч үеийнхээ амьдралыг өнөөгийн авилгачид-олигархиуд өрийн барьцаанд тавьсан ноцтой гэмт хэрэг мөнийг зохиогч анхааруулан сэрэмжлүүлээд үүний үр дагавар нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг үлэмж хэмжээгээр сулруулан доройтуулж, өөрийгөө нөхөн сэргээх чадварыг алдагдуулсан. Эдийн засгийн өсөлт зогссон. Монгол Улсын эдийн засаг сүйрлийн ирмэгт тулж ирсэн.

Монголын нийгэм бүхэлдээ мөнгө хүүлэгч капиталын хүлээсэнд орж, иргэдийн амьдрал үндэсний эдийн засгийн шим шүүсийг гадагш сорон мөлжих тогтолцооны золиос болсон. Улс орон нь гадаад өрөө дийлэхгүй, иргэд нь хоёр жилийн мөнгөн орлогоосоо хоёр дахин давсан дотоод зээлийн өрөнд унасан. Төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөгч улс төрийн намууд төрийн албан тушаал, төрийн сонгуульд орох эрхийг худалдах үйл ажиллагаа ердийн үзэгдэл болж хувирсан. Үр дүнд нь авилга хээл хахуул цэцэглэж, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үүсч улам бүр хүчээ авч буйг одоо цагийн олон баримт нотолж байна   гэж Дашийн Бямбасүрэн доктор бичсэн байна.

Өгүүллийн 4 дэх хэсэг буюу “Дөрөвдүгээр үе: 2017 оноос одоог хүртэл” гарчигт судлаач Монгол Улсын дээр дурдсан 30 жилийн ээдрээтэй  замнал нь олон түмний дунд шударга ёс, хуулийн тэгш хандлагыг үгүйлэх, амьдралын доройтлыг гэтлэх төрийн бодлогын хүлээлтийг хүчтэй болгож, тэр бүхнийг төрүүлэгч тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуулийн түвшинд хийхийг шаардах болсныг онцлон тэмдэглэжээ. Энэ нь амьдрал дээр харагдсан бөгөөд 2016 оны төрийн сонгууль нийгмийн шинэчлэлийн амьсгааг тодоор илэрхийлж, нам дамнасан олигархи бүлэглэлийн байр суурийг ганхуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль тэдэнд хүчтэй цохилт өгч, ноцтой анхааруулга өгсөн гэжээ.

Эл үйл явдлаас ноцтой сануулга авсан эрх баригч МАН-ын дотор “төрөө цэвэрлэх”, “намаа цэвэрлэх” тэмцэл хөдөлгөөн ил өрнөж, УИХ дахь 65 гишүүн нь 32 ба 33-ын бүлэг болж хуваагдсан билээ. Уг хуваагдал эдүгээ ч үргэлжилж байгаа. Үүнийг зохиогч өгүүлэн тэмдэглэхийн хамт 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч “эрс шинэчлэл”-ийн бодлогоо тунхаглаж Улсын Их Хуралд шахалт үзүүлж эхэлсэн нь өнгөрсөн 30 жилийн замналын өвөрмөц шинэ үеийн эхлэл боллоо гэжээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

1 цаг 15 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

1 цаг 25 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

1 цаг 30 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

1 цаг 30 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

16 цаг 27 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

16 цаг 54 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

16 цаг 57 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

17 цаг 0 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

17 цаг 4 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

17 цаг 21 мин