Хэрлэнгийн баръяа буюу эрийн хийморь

2020-06-08
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

 

УРЬТАЛ ҮГ

 

Хүлэг морьдын тоос тэнгэрт босоо үлддэг гэдэг. Тэгэхээр босоо тоостой морь гэдэг тэнгэрийн амьтан байхнээ. Өнөөгийн монголчуудын хийморь лундаа ямагт өөдөө байдаг нь ч үүнтэй холбоотой болж таарах бизээ. Түүх сөхвөл 1260-аад онд Хубилай хаан адууны яам байгуулж хүлэг морио төрийн сүлдэндээ залж байснаас хойш хэдэн мянган жил өнгөрчээ. Тэр удам судрын үргэлжлэлийг өнө хүртэл хадгалсан монгол хүн 2013 онд 11 мянган морьтон, хурдан хүлгийн жагсаалаар Монгол гэдэг нэрээ Гиннесийн номд бичүүлсэн байдаг юм.

Энэ нь эзэн Чингисийн үеэс монголчууд монгол мориороо дэлхийн талыг тамгалсантай дүйцэхүйц үйл явдал гэдгийг хэлье. Эртний нэгэн зохиолд “шонхор жигүүргүй бол огторгуйд чадалгүй, монгол хүн морьгүй бол газарт хүчгүй” хэмээн өгүүлсэн бий. Түүнээс эхлээд ерөөл магтаал, дуу хуурын эгшиг юунд морь янцгааж, туурайн төвөргөөн нь сонсогдож наадмын дэнжид хурдан хүлгүүд хурд хувааж, уяач эрс, тэдний тухай үлгэр домог, шинэ цагийн дурсамжууд хөврөн байх болсон. Тэгвэл энд нэгэн дурсамж дүүрэн удамт уяачийн тухай өгүүлэхийг зорьлоо.

-Миний мах цус, эд эс, бодол оюунд морь гэсэн нэг сүр сүлд оршиж байгаа гэж хэлэх тэр хүн бол Дундговь аймгийн Дэрэн сумын малчин, аймгийн алдарт уяач Пунцагийн Намсрай юм. Алдарт уяач гэгдэх хүн олон байдаг ч П.Намсрай гэдэг эрхмийн туулсан амьдралын зам тэр чигээрээ туульс мэт. Тэрээр аавынхаа морь уях эрдмийг өвлөхдөө өөрийнх нь хэлснээр сэтгэл оюундаа ёстой юүлж авсан хүн. Тийм болоод хурдан хүлгийнхээ уяан дээр 70 гаруй жилийг үдэж сайн эцгийн үлдээсэн нандин өв хурдан удамтай морьдоороо бахархан ярихад нь үг бүрийг нь алдалгүй сонсохоор санагдсан. “Би хурдан хүлэг морь, нутаг ус хоёроо шүтэж явдаг хүн дээ” гэж хэлнэ лээ. Бас надад олдсон алдар нэр багадаагүй ээ гэх нь найман арваныг үдсэн баялаг амьдралдаа сэтгэл хангалуун байгаагийн гэрч юм. Улсын тэргүүний анчин, аймгийн алдарт уяач, аймгийн дөрвөн удаагийн аварга малчин, аймаг, сумын 16 удаагийн мэнд сүрэгтэн гээд л цол гуншинг дуудваас киононы бадгууд шиг л урсан өнгөрөх дор Пунцагийн Намсрай гэдэг хүн бодгаль дүрээрээ тодорно.

Түүний намтар түүхээ бичиглэсэн нэг номонд нь

Намсрайн хар азарга гэхээр

Наадам л бодогдох

Намсрайн алаг морь гэхээр

Наадмын түрүү л харагдах

Наадмаас наадмыг бодохлоор

Наяад он л санагдах гсэн шүлгийн мөрүүд харагдана.

Шүлэг дуунд мөнхөрсөн хар азарга Дэрэнд олон доо. Тэгвэл П.Намсрайн хар азарга аймаг сумандаа ес түрүүлж 13 айрагдсан юм гэдэг. Аргагүй л хурдан хүлэг дээ.

 

ИХ УЯАЧ “ХЭРЛЭН” ХЭМЭЭХ ПУНЦАГ ГЭЖ...

Айраг, түрүү морьдынхоо жолоог олон өргүүлсэн дээ Намсрай гуай.

Намсрайн эцэг Жигжидийн Пунцаг нь улсын сайн малчин, зартай сайн уяач байсан. Морь мэдэх гэдэг нэг хэрэг. Тэгвэл тэр Пунцаг гэдэг хүн малын анатоми судлал үзсэн мэргэжилтнийг ч дагуулахааргүй өргөн мэдлэгтэй нэгэн байж. Тиймдээ морины уяа сойлго таарч байгаа эсэхийг ямар ч алдаагүй хэлнэ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хараагүй болсон байсан ч морины омруу, дал дээр нь дарж үзээд л ийм тийм байна гэж хэлнэ. Тэр нь яг л ононо. Морь уядаг бүхэн л түүнийг  уяан дээрээ урьж залдаг байж. Бас уртын дууг сайхан дуулна. Ёстой л уул усаа өндөлзтөл гэхээр дуулдаг хүн байсан гэж хууччуул хэлдэгсэн. Хуална, дэмбээднэ. Түүнгүй найр найр биш л гэхээр. Тиймдээ ч “Хэрлэн” хэмээгдэх болсон болов уу. “Хэрлэн” Пунцаг гэхээр хаа газрынхан мэддэг. Хаа сайгүй олон найз нөхөдтэй байж. Энэ тухай П.Намсрай гуай ярьж байна лээ.

-Миний эцэг Пунцаг бол хонхортоо нэр хүндийн эзэн холдоо бол төрийн томчуултай түншилж явсан хүн. Тухайлбал, маршал Х.Чойбалсантай их ойр харьцаатай байсан даа. Би 5-6 настай байсан үе Х.Чойбалсан гуай манайхаар лав гурван удаа ирснийг мэднэ.

Нэг удаа манайд хонохдоо хонины гэдэс чануулж ходоодыг нь өвөр дээрээ тавьж байгаад сайн гэгч идээд.

-За сайхан боллоо. Энэ чинь надад олддоггүй хоол гэж байж билээ. Тэгээд өмнөө тавьсан дал, дөрвөн өндрөөс ёслох маягтай огтолж идчихээд аавтай л юм яриад суусан. Хүрэн торгон дээлтэй, намхандуу, жаахан барзгар нүүртэй бор хүн байж билээ. Одоо бодоход дэндүү энгийн нэгэн байсан санагддаг. Хойморт завилж суучихаад манай ижийгийн байнга галын захад байдаг аягыг арчуулж байгаад түүнд цай уугаад л...

Аавын томоохон түнш зөвхөн маршал биш ээ. Дундговь аймгийн дарга байсан партизан Дооровын Дашзэгвэ, Дотоод явдлын яамны сайд Чагдаржав, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Дашийн Дамба гээд олон хүн байв даа.

Маршал Чойбалсан ирэх бүрдээ л аавд ямар нэг юм бэлэглэдэг байсан. Халбага, сэрээ хутганы цуглуулгатай эвхмэл, сүүлд шар булигар хуйтай маузер буу гээд л бэлэглэсэн байсан. Нутагтаа бол тухайн үеийн сайн уяач Учралын Хайнзан, “шорон хуруу” Хайнзан, “тахир” хэмээх Лувсан, гуулин Дугар гээд олон хүнтэй их нөхөрлөнө. Морь гэдэг хийморьлиг амьтан л тэднийг ойртуулсан байх л даа. Нэгэн цагт нэр төртэй амьдарч, төрдөө түмэндээ хүндлэгдсэн хүний нэг бол яалт үгүй “Хэрлэн хэмээх Пунцаг байж.

Энэ хүний намтрыг бүрэн дэлгэе гэвэл цаг зав, сонины хуудас ч багадах юм шиг. 1992 онд Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Дундговь аймаг анх сууршихад Пунцаг гуай маршал Чойбалсантай хамт очиж шав тавих ёслолд нь оролцож байж. Хожим нь аймаг нүүж Зоогийн хар овооны энгэрт очиход бас нутаг сонголцсон гэдэг юм билээ. Бас 1945 онд Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан цөөн малчны нэг. Тэгээд 1946 онд 1000 малтан болсон. Улмаар хоёр жилийн дараа “Улсын сайн малчин”-ы алдар хүртэж таван хошуу мал, хуцны цул мөнгөн дүрс, мөнгөн бүслүүртэй агар хувин, эрээн майхнаар шагнуулж байжээ. Тэр бүхэнд нь 70 лан мөнгө орсон гэсэн гэрчилгээ байдаг. Пунцагийнх гэдэг айл айраг цагаагаа бялхуулж орсон гарсан бүхнийг ид, уу гэсэн хөлөрхөг айл байх. Заримдаа 10 ханатай гэр нь багаддаг үе байсан гэдэг юм билээ.

 

ДОМОГ ДОМГООРОО Л ҮЛДДЭГ

Аймгийн арслан С.Шараагаа өмнөө залсан Дэрэнгийнхэн.

“Хэрлэн” хэмээх Пунцаг гэдэг хүн эрийн гурван эрдмийг шингээсэн нэгэн байсан тухай үнэн домог олон бий.Үүнээс нь нэг, хоёрыг л дурдаюү.

Пунцаг гуай Дэлгэрцогтын наадамд очжээ. Сумын дарга нь Цэнд гэж (олонд шар дарга гэж алдаршсан) мундаг уяач байж. Наадмын урьд орой морь барих газар овоо босгохдоо тэр хоёр жаахан маргаж л дээ. Тэгээд Цэнд гуайн товлосон цэгт чулуун овоо тавьж. Түүнийг Пунцаг гуай шөнөөр зөөлгөж овоог арван алхам ахиулаад тавиулчихаж. Маргааш нь морь ирэхэд Пунцаг гуайн морь түрүүлж дээ. Тэгвэл шар даргын морь анх овоо босгосон газар түрүүлж ирсэн бол яг овоонд Пунцагийн морь хошуу өлгөж. Ингэж л мориныхоо давхилыг тав, арван алхамд тааруулж чаддаг уяачид байсныг гэрчилж байсан гэдэг. Бас нэг удаа Пад гэдэг хүний хоёр хурдан соёолон тар, сунгаанд хол түрүүлээд Пунцаг гуайн соёолон нэг хэсэг гялалзаад жаахан суугаад байж. Тэгвэл Пунцаг гуай хүү Намсрайдаа хэлж байна гэнэ.

-За чи энэ үрээгээ орой бүр таван ховоо усаар шавшаад тавьчих гэж. Ёсоор болгож. Тэгээд аймгийн наадамд очлоо. Давхихынх нь урьд орой бас хэлж. За чи соёолонгоо өнөөдөр найман ховоо усаар шавшаад тавьчихаарай гэв. Шавшаад л тавьж. Тэгсэн чинь маргааш нь Пунцаг гуайн соёолон хол гэгч түрүүлж Падын хоёр үрээ ард нь дараалаад ирж байжээ. Энэ тухай П.Намсрай гуай хуучлахдаа,

-Манай тэр ер хөлөрдөггүй адуу. Тэгэхээр эцэг маань тийм хатуу уяагаар хурдлуулж байсан шиг байгаа юм гэж ярив.

Ийнхүү морины хатуу уяаг дээр үеийн уяачид эрхэмлэдэг. Тэр нь морины гурван хөндүүрийг арилгах, эдэлгээг тохируулдаг байж. Пунцаг гуай зарим морио  байнга уяанд сойх биш хааяа хааяа хөлөргөөд ижилд нь тавьчихдаг тэгж байгаад уралдуулчихдаг байсан гэнэ лээ.

 

НЭРТЭЙ ХҮНИЙ ЗҮСТЭЙ ХҮҮ

“Хэрлэн” хэмээх Пунцагийн өргөмөл хүү Намсрай гэдэг хүнд энэ үг яг зохино байхаа. Тэр 6-12 насандаа морины хүүхэд байж. Тэгвэл дөнгөж 13 хүрээд л эцгийгээ дагаад морь уясан гэнэ. Өнөөдөр Намсрай гуай ярьж байна.

-Төрсөн эх маань Ихийн хонхорын хүн байсан. Өргөж авсан эх бол Банзрагч гэж байлаа гээд. Би 70 гаруй жил морь уялаа. Эцгийнхээ морь мэддэг эрдмээс бага ч гэсэн зүйл авч үлдснийх байх уясан бүхнээ гайгүй давхиулж ирлээ. Эцгийн үлдээсэн хурдан удмын адуу өдий хүртэл надад байсаар байгаа. Яг өөрийн удмын юм даа нэг сайн азаргатай байлаа. Түүнийг хөгширхөөр 1967 онд Баянцагааны Маарамбын Баяр гэдэг хүний адуунаас нэг үрээ өөрөө сонгож авч азарга тавьсан. Түүний үр удам хурдан байсаан. Тэр хар азарга, төлүүд нь намайг олон жил баярлуулсан даа гэж хэлнэ лээ. Морь соёолон насандаа л илүү хурдан. Гэхдээ морин соёолон, азарган соёолон хоёр өөр л дөө. Долоон настайг хавчиг нас гэдэг. Энэ нь адууны жил нь орж байгаа юм. Адуу ер нь 7, 13 тайдаа хоёр удаа жил нь ордог. Энэ насанд уяхгүй өнжих нь зөв гэж тэр нэмж ярина лээ. П.Намсрай гуай 70 жил морь уяхдаа ердөө 13 жилд нь морио айрагдуулж чадаагүй юм гэсэн. Бусад жилд нь дандаа л айраг, түрүүтэй наадсан гэсэн үг.  Даангүй 1980-аад онд Намсрай гуайн наадамлах оргил үе нь байж. Олон айраг, түрүү аваад хөл дор газар бий гэдгийг мартах шахам баярлаж байсан дурсамжийг нь тоочвол барагдамгүй юм. 1980 оны наадам юм. П.Намсрай гуай хурдтайгаараа улсад гайхуулдаг Баянцагаан сумын наадамд зургаан насны морьтой очиж. Энэ наадамд хамар цагаан соёолон нь түрүүлжээ. Тэгвэл 1981 онд аймгийнхаа наадамд уяач хүний од нь гийж гэхээр юм болж. Азарга, шүдлэн хоёр насанд түрүү авч даагаа айрагдуулжээ. Дараа жил нь юм уу даа аймгийн наадмаас гурван насны морь аман хүзүүдэж бас гурван нас нь айрагдсан юм билээ. Дэрэнгийн 60 жилээр соёолон нь түрүүлээд мөн дөрвөн насанд айрагдсан зэрэг содон дурсамж зөндөө ажээ. Харин П.Намсрай гуайн улсын наадамд уралдсан удаагүй юм. Бүсийн наадамд нэг удаа очихдоо хурдан хар азаргаа түрүүлгэж. Энэ нь Дундговьд болсон Зава Дамдины мэндэлсний 150, аймгийн уяачдын холбооны 20 жил гээд газар газрын хурд цугласан том наадам байлаа.

Түүний хурдан хар азарга 23 уралдахдаа нэг л удаа айрагдаагүй юм гэдэг. 22 удаа түрүү, айрагт орсон гэсэн үг л дээ. П.Намсрайг уяачийн эрдэмтэй, адууны тэнгэртэй хүн гэдэг тухай товчхон хүүрнэхэд ийм. Харин бас ангийн тэнгэртэй, цовоо цойлгон нэгэн гэдгийг нутгийнхан нь ам булаадан ярихыг олонтаа сонсож байсан юм. Хаа нэгтээ чоно ч юмуу гүйгүүл амьтны сураг дуулдах. Сүүлд нь дуулахнаа Намсрай л намначихсан сонсогддог. Үнэг, чоно  зэргийн ангийн үсний төлөвлөгөөг сумандаа Намсрай л биелүүлж өгдөг байсан гэх юм билээ. Тарвага бол ойр зуурын ан байж л дээ түүнд.

Хэрлэн Баян-Улаанд оторт явж байхдаа нохой зээх гэдэг амьтан уургалаад авсан гэдэг. Бас мориор чоно хөөж ташуурдаж агнасан тохиолдол ч цөөнгүй л гэх. Тиймдээ Улсын тэргүүний анчин болж Анчдын их хурлуудад нэг биш удаа төлөөлөгчөөр оролцсон удаатай юм.

-Одоо ч манай нутагт ан ховордож би ч нас өндөр боллоо доо гэж Намсрай гуай хэлж байна лээ.

 

ТЭГШ ДҮҮРЭН АМЬДРАЛТАЙ АЙЛ ТЭДНИЙХ

“Алсын аварга малчин” болсон шагналын дээж нь.

П.Намсрай гуайн амьдралын тойргоор аялан адуутай хийгээд амттайхан яриаг сонсохуйд “Сайн хүний үр, сүүтэй гүүний унага” гэсэн цэцэн цэлмэг үгийн утга учир жинхэнэ тайлагдах шиг болсон шүү. Эцгийн шийрийг хатааж яваа хүн гэж л түүнийг хэлэх байх. Дэрэндээ анх нэгдэл байгуулагдах үед “цул” хэмээх Галсан, “Тэмээн” Лайцаг”, “Хөнгөн” Доржпүрэв нарын адуучид байсны нэг нь Намсрай юм. Эмтийн тал, Их бага бөхөг, Өгөөмөр, Шинэ усны гол, Халтарын уул, Тал гашуун, Хүрэн дэл гээд эцгийнхээ хурдан хүлгийн туурай тамгалсан бага насны өөжин болсон нутагт малаа тэр дотор адуугаа л гэж амьдарсан хүн бол Намсрай. П.Намсрай гуай гэргий Х.Цэндсүрэнтэйгээ хар залуудаа гэрлэж тоонот гэрт толгой холбоод 65 жил болжээ. Эднийх нараа тойрон эргэх найман гариг шиг олон хүүхэдтэй. одоо үр ач нараа тойруулаад тэр хоёр жаргаж сууна аа. Бахархмаар амьдрал энэ л дээ. Хүүхдүүдээс нь малчин ч бий, уяач ч бас бий. Н.Болдбаатар, Н.Хатанбаатар нарыгаа гайгүй уяач болж мэднэ гэж магтах юм билээ. Даангүй хүү Н.Хатанбаатар нь одоо хурдны уяан дээр даамал нь болж байгаа гэнэ. Ноднингийн наадмаар тэр дөрвөн түрүү, гурван айрагтай наадсан гэдгийг Намсрай гуай бахархангуй ярьсан юм. Нээрээ л түүнээс илүү наадна гэж уяач хүнд олон таарахгүй аз бизээ.

П.Намсрай гуай бас нэг сонин юм ярьсан нь “Миний хурдан азарганы зөв талын чих нь гадагшаа дэлбэндүү байсан юм. Тэгсэн одоо түүний дөрөв дэхь үеийн төл бор түүний чих яг тийм. Энэ юү хэлж байна вэ гэвэл адууны удам тийм холдоо хадгалагдан үлддэг юм байна гэлээ. Малд сайн хүний мал аяндаа өсдөг гэдэг. Нэг үе эдний мал суга өсч нэгдэл байгуулагдахад Жаргалан нэгдэлд 850 толгой малаа нийгэмчилж нэгдлийн гишүүн болж байсан бий. Бас эцгийнхээ төрсөн дүү “түжий” Пунцагдорж “дэгжин” хэмээх Цэвээний их гэр Мишигийнд 100-150 мл тасдан өгч байсан аж. Ийм л өгөөмөр сэтгэлтэй учир өөрийнх нь амьдрал дэгжсээр ирсэн юм билээ. П.Намсрайн алдар цолны тухай дээр өгүүлсэн болохоор давтах нь илүүц биз. Түүний нэр төртэй амьдарч ирснийг олон үйл, тохиолдлоор хэлж болох юм л даа. Нэгдэлчдийн их хурал, сүүлд 1973 онд болсон намын 18 дугаар Их хуралд төлөөлөгчөөр оролцохдоо газар газрын сайчуудтай танил болсон гэх. Энгэрт нь гязалзах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоос эхлээд Хөдөлмөрийн хүндэт медаль, олон таван жилийн гавшгайчийн тэмдгүүд нэр төртэй яваагийн нь илрэл мөн дөө. Түүнийг нутгийнхан нь магтаж л ярих юм. Тэр дотор уяачийн эрдмээрээ эцгийгээ дуурайсан хүн. Энэ талаараа хэн ч юу  асуусан харамгүй хэлж өгдөг онцлогтой гэж олон хүн хэлсэн бий. Даангүй морины хөндүүрийг яаж гаргахав болон хатгах гэдэг уламжлалт аргыг гаргуун эзэмшсэн хүн гэж байсан юм.

*   *   *

Энэ бяцхан хөрөгөө судлаачдын бичснээр шим ертөнцийн дуу гэгдэх уртын дуугаар өндөрлөе гэж бодов. Хэрлэнгийн баръяа нь гэгчээ гэж эхэлдэг энэ дуу

Эрдэнийн дээд төрийнхөө сүлдэнд мөргөе

Элгэн түмэн та бүхэнтэйгээ элдэв тааваар жаргая ай хөөрхий

хэмээх төгсдөг юм билээ. Энэ дууг Пунцаг гэдэг хүн ямар олон дуулаа бол доо. Тэгж дуулах бүрдээ үр хүүхэд, хойч үеийнхээ амьдрахуйн замыг тэгшилж өгсөн болов уу. Тиймээ дуугаар аргадаж дундуур бүхнийг нь дүүргэж өгсөн болохоор өнөө цагийн өнгөнд түүний хүү Намсрай нэр төртэйхөн амьдарч “Хэрлэн” Пунцагийн хүү гэх алдраа өргөсөөр явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.8  ДАВАА № 111 (6336)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 58 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 21 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 21 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 22 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 34 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 8 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 30 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 51 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 8 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 24 мин