Ц.Ганхуяг: С.Зориг агсанд “Бид чадлаа” гэж хэлэх өдөр удахгүй ирнэ

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

...Улстөрч хүнээс сэтгэл үнэртэх сайхан. Тэр тусмаа аливаад нухацтай ханддаг, худлаа попорч шоуддаггүй, амьдрал мэдэх  хүнтэй уулзаж, хууч хөөрөх сайхан. Харин өнөөгийн нийгэмд даанч ийм сэтгэлтэй, дотортой хүн ховордчихсон.

Ялангуяа, манайхны мангар тэнэгээр нь дууддаг 76 дотор хүний итгэл дааж, нийтийн жаргал зовлонг мэдэрч ойлгох хүн ховордчихсон учраас “Улстөрч хүнээс сэтгэл үнэртэх сайхан” гэж хэлснийх. Энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо бид ийм нэгэн энгийн даруухан, эрхэм хүмүүнийг урьж, гэрэлтэй сайхан яриа дэлгэв.

 

Отгонтэнгэр хайрханы бэлд өссөн хүү

Нийтлэлийн зочин маань эрхэм уншигч таны эчнээ танил. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга Ц.Ганхуяг гэхээр улс төрийн хүрээллээр нь уншигчид андахгүй. Харин хувь хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байх. Тиймээс Завхан нутгийн хүү Цэрэндоржийн Ганхуягтай төрж өссөн нутаг ус, ижий аав, эзэмшсэн мэргэжил, Эрхүүгийн оюутан цаг гээд энгийн сайхан яриа дэлгэв. Биднийг очих үед тэрээр ажлын өрөөндөө бичиг цаасан дунд зав муутайхан сууж байв. Гэсэн ч  дотно сайхан яриа дэлгэж, дурсамжийн салхи сэвэлзүүлсэн юм. 

Хөдөө төрж, өссөн хүний хувьд, урин цаг ирэхээр нутаг ус санагдаад, сэтгэл гэгэлзэнгүй суудаг. Эрхэм улстөрчийн хувьд, Монгол Улсын баруун хязгаар, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул аж. Завханмандал сум олон сүрлэг хайрхантай, элсэн манхантай, үзэсгэлэнтэй сайхан газар нутагтай. Энэ нутаг усны  “Нуга” хэмээх газар тэрээр гал морин жил есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү болон мэндэлжээ.

Бидний яриа хавар цагийн өнгийг угтаад Завханмандал сумаар эхлэв. Нутгаа дурсахуйд тэрээр “Хүний төрж өссөн нутаг сэтгэлд үргэлж уяатай байдаг. Хаа хол харь улсад алба хашиж байхад хүртэл зүүдэнд орж ирнэ. Хүнд хэцүү үед нутгаа их санана. Хүн нутаг устайгаа оюун санаагаараа амь нэгтэй болдог байх. Манай нутгийнхан Хүнгий гол, Хүрэнхайрхан, Цахирхайрхан, Таван лам, Аргалант, Их бага хайрхан, Төлгөн, Буурлын их уулс, Бор хярын элс, Хүйтэн чулуун, Шувууны уулсаа бахархан ярьдаг. Дээхнэ Завханмандал сум 11 багтай, их том сум байж. Алдархаан сумын Өгөөмөр багаас эхлээд Яруу сумын Хулжийн голын доод хэсэг, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал сумын Баян-Улаан хүртэл өргөн уудам нутгийг хамарсан том сум байсан гэдэг.

Би нутагтаа их хайртай. Нутаг явахаараа уул усаа харж баясахаас гадна Буурлын цагаан овоон дээрээ заавал гардаг. Мандалынхаа овоог тойрч сэтгэлээ дэвтээдэг. Өвөг дээдэс маань ялангуяа, ээжийн тал энэ нутаг устай их холбоотой, олон үеэрээ нутаглаж, буян хишгийг нь хүртэж ирсэн байдаг. Мөн манай Завханыхан Очирваань хайрханаа шүтнэ, дээдэлнэ. Би боломж гарвал хайрханыхаа өвөрт  1-2 хонохыг хичээдэг.

Аав минь Дөрвөлжин суманд төрж, Завханмандалд насаараа ажилласан. Харин ээж Говь-Алтай аймгийн Хөхморьтынх. Аавын аав, ах дүүс Увс аймгийн элжгэн халх сумдаар дүүрэн байдаг. Аавынхаа ах дүүстэй хожим танилцан хэдэн жилийн өмнө бид 1000 гаруй хүнийг хамруулсан ургийн баяр хийсэн. Их сайхан үйл явдал болж, удам угсааны түүх, ургийн бичгээ гаргасан. Өөрөөсөө дээш таван үеэ бүгд мэддэг болсон” гэв.

 

Аав ээжийн зурсан мөр

Түүний аав М.Цэрэндорж жолооч, ээж В.Уламбаяр нь сумын эмийн санд насаараа ажилласан, энгийн хөдөлмөрч хүмүүс байв.

Түүний аав М.Цэрэндорж жолооч, ээж В.Уламбаяр нь сумын эмийн санд насаараа ажилласан, энгийн хөдөлмөрч хүмүүс байв. Олон хүүхэдтэй айлын амьдрал ямар байдаг билээ. Олуулаа бужигнаж өсөхдөө ах захаа хүндэлдэг, бие биенийгээ хүмүүжүүлдэг, алив юм нь эмх цэгцтэй, дүрэм журамтай өсдөг. Тэр л жишгээр Ц.Ганхуяг аав ээж, ах эгчийн хүмүүжлээр даруу төлөв өсч,  хичээл номондоо анхаардаг, цэвэр цэмцгэр хувцаслахыг хичээдэг, ажлыг гололгүй хийдэг махруу зантай хүү байжээ.

Хөдөөний хүүхдүүдэд залхуурч суух зав байдаггүй учраас ах эгчийн хэлснээр гэр орныхоо ажлыг ээлжилж хийнэ. Жаахан овоо болоод ирэхдээ гадаах ажилд тусалж ямаа самнах, аавтайгаа модны тээвэрт хамт явах, гэрийн шал хийж хэдэн бор юм олох, зундаа хамаатныхаа мал хариулгад туслах гээд багаасаа ажил сурчээ. Түүний ярианаас ажихул аав ээж хоёр нь амьдралын нарийн ухаантай, үглэхээс илүү үлгэрлэж, үр хүүхдүүдээ амьдрах ухаанд сургасан буянтай буурлууд байж дээ гэж санагдав.

 Багаасаа гэрийн ажил хийж сурсан хүүхдэд олон давуу тал байдаг. Хэн нэгний гарыг харж залхуурч суудаггүй, бүхнийг өөрийнхөөрөө хийж бүтээхийг илүүд үздэг. Өнөөдрийн Ц.Ганхуяг эндээс л бүтээгдсэн аж. Аав, ээжийнхээ тухай дурсахдаа тэрээр “Миний аав, ээж хоёр есөн хүүхэд төрүүлж өсгөхдөө бүгдийг нь мөр бүтэн гэдэс цатгалан өсгөж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Бүх хүүхдээ дээд сургууль төгсгөж, ажил мэргэжилтэй болгосон. Одоо бодоход яаж болгож байсан юм. Аав тээвэрт явж, ээж олсон хэдийг нь хүргэх гэж их хичээдэг байснаа хожим ярьж байсан.  Манай том хоёр эгчийг тэр үедээ моодонд орж байсан 45-ын гуталтай болгох гэж сумаараа улсын өвлийн идэш бэлтгэх (бой хэмээдэг байв) уралдаант ажилд түрүүлж, хоёуланг нь гуталтай болгож байсан нь санаанаас гардаггүй юм. Үр хүүхдийнхээ төлөө тэгж их зүтгэдэг, хөдөлмөрлөдөг улс байжээ” хэмээн дурсав.

 

Эрхүүгээс олзтой ирсэн оюутан

Эрхэм улстөрч Эрхүүгээс олз ихтэй иржээ. Их сургуулийн диплом өвөртлөхөөс гадна эхнэр хүүхэдтэйгээ нэгэн сайхан амьдралыг босгож ирсэн байна. 

Өнөөдөр бидний мэдэх ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг төлөв, томоотой хүн харагддаг. Харин тэрээр хүүхэд байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, сэргэлэн спортлог хүү байж. Өнөөгийн энэ дүр төрх нь харин олон жил ангийн дарга хийснээс улбаатай аж. Хүүхэд ахуй насаа дурсахдаа тэрээр “Би багаасаа нэг тийм нийгмийн идэвхитэй, олон жил ангийн дарга хийсэн хэнхэг нэгэн байсан. Шинэ зүйл заавал сурах гэж хичээдэг. Дуулбал дуулчихна, бас багадаа ноцолдох дуртай байсан. Бөх барилддаг байлаа. Хожмоо жүдогоор бага зэрэг хичээллээд орхисон. Мөн  волейбол, ширээний теннис тоглох дуртай хүүхэд байсан” хэмээн ярих нь өөрийгөө сүрхий дайчилдаг байсныг илтгэх аж. Харин өнөөдрийн энэ улстөрч эрхмийн эзэмшсэн мэргэжил нь физикч, физикийн багш. Гэсэн ч “Би физикч болсныхоо хэргийг гаргаж чадаагүй” хэмээн ярих нь бүр ч сонирхолтой. 

  “...Эргэн дурсахад нэг л уянгатай, Эрхүүгийн хавар дэндүү сайхан...” гэдэг шиг физикч залуугийн оюутны амьдрал амар хялбар байгаагүй ч аз жаргалтай өдрүүдээр дүүрэн байсан нь харагдана. Тэрээр Завханд дунд сургуулиа дүүргээд, хуучнаар ЗХУ (ОХУ)-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийг физикч, физикийн багш мэргэжлээр төгсчээ. Тухайн үед дэлхийн хамгийн том сургууль бол Москвагийн Ломоносовын их сургууль гэсэн ойлголттой байсан хөдөөний бор хүү энэ л сургуульд сурах юмсан гэсэн мөрөөдөлтэй байж. Элсэлтийн шалгалтдаа дээгүүр байр эзэлж,  эхний хуваарь сонгох эрхтэй болж “Физикийн ангийг сонговол Ломоносовын их сургуульд сурна” гэж хэн нэгэн нь зөвлөсөн ч өнөөх сонголт нь Улаанбаатарт ирэхэд Эрхүүгийн Багшийн их сургуулийн хуваарь болон өөрчлөгджээ. “Тэр үед манай найз Увсын Ч.Гантулга мөн л надтай адил бодолтой ирсэн ч бид хоёр нэг сургуульд хуваарилагдаж билээ. Би хожмоо улс төрийн замыг сонгож, Ч.Гантулга Дубнад доктор хамгаалсан. Би физикч болсныхоо хэргийг гаргаж чадаагүй. Одоо физикийн анги төгссөн гэсэн дипломтой л үлдэж дээ” хэмээн ярьсан. Ямартаа ч тэрээр Эрхүүгээс олз ихтэй иржээ. Их сургуулийн диплом өвөртлөхөөс гадна эхнэр хүүхэдтэйгээ нэгэн сайхан амьдралыг босгож ирсэн байна.

“Хүн болгон математикч, физикч болох албагүй” гэдэг шиг түүний энэ мэргэжил өнөөдрийн Ц.Ганхуяг, тооцоотой судалгаатай, олон талын дүгнэлтийг гаргах чадвартай  улстөрчийн имижийг бас бүрдүүлсэн нь лавтай. Улстөрчийн хувьд тэрээр хүний итгэл даах ноён нуруутай, намын эрх ашиг гэж явцуурах бус, Монголын эрх ашгийг дээдлэх хүн гэдэг нь харагдаад байдаг. Энэ нь бас түүний сурсан мэдсэн, үзсэн туулсантай холбоотой байх. Улстөрчийнхөө хувьд ч бас тэрээр залуу наснаасаа л судалж, сурч яваа аж. Монголчууд биднийг зах зээлийн нийгэмд шилжиж, картын бараанд дугаарлан зогсох үед тэрээр шинэ нийгмийг бүтээлцэхийн төлөө Германд Гадаад худалдааны академи дүүргэж, ирээдүйн Монгол орон ямар болохын тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй болж ирж байжээ. Тэр утгаараа улс эх орон, ард түмэн, хүний төлөө гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл  махруу зүтгэж яваа байх нь.

Зарим нь түүнийг “Багш аа” гэж дуудах юм. Учрыг асуувал “Би сургууль төгсөөд аспирантурт суралцах зөвлөмжтэй байсан ч гурван жил заавал багшлах журамтай гэсний дагуу Завхан аймгийн Улиастай хотын нэгдүгээр 10 жилд саналаараа очиж багшилж байгаад, цэргийн зарлан ирэхээр нь мөн л саналаараа цэрэгт явчихсан. Би ер нь өөрийн бодол өөртөө зөв гээд шийдсэн л бол тэрнийгээ дагадаг “муу” зантай. Цэргийн албаа тухайн үедээ Тусгай хороо гэгддэг байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Байлдагчийн зэрэгтэй. Их тэнгэрийн аманд Сайд нарын зөвлөлийн даргын өргөөний хажууханд харуул хамгаалалтад гардаг. Дараа нь ангийн улс төрийн орлогчийн мэдэлд туслах хийж штабт үүргээ гүйцэтгэдэг цэрэг байлаа” гэсэн юм. 

 

Долоон ач зээтэй өнөр бүл

 

Эрхэм улстөрчийн гэргий бас Эрхүүгийн оюутан. Түүний эхнэр Л.Марта орос хэл, утга зохиолын ангийг төгссөн. Хожмоо Австралид нийгмийн ухааны чиглэлээр мастер хамгаалсан, боловсролтой бүсгүй бий. Одоо тэрээр АНУ-д нэгэн төсөл дээр төслийн зохицуулагчийн ажил хийж байгаа гэв. Түүний эхнэр Л.Марта Увс аймгийн харьяат, урлагийн гэр бүлээс гаралтай.  Түүний аав нь Увсын Драмын театрын бүжиг дэглээч, баруун Монголын бий биелгээг тайзны урлаг болгон хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн байж. Харин ээж нь театртаа хөгжимчин хийж байсан гэв.

Оюутан байхдаа анхны хүүхдээ өлгийдөж, сурахынхаа хажуугаар өөрсдийнхөө амьдралыг босгох гэж амаргүй өдрүүдийг хамтдаа даван туулж байсан залуу хосууд өнөөдөр долоон ач зээтэй, өнөр өтгөн гэр бүл болжээ. Ц.Ганхуягынх хүү, охин хоёртой. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарцгаасан гэж байв. 

Оюутан ахуй цагт мэндэлсэн хүү мэдээллийн технологийн чиглэлээр Энэтхэг, АНУ-д их сургуульд суралцаж төгссөн байна. Одоо Монголд банкны салбарт ажилладаг, чадварлаг боловсон хүчин байдаг аж. Охин нь аялал жуулчлалын чиглэлээр Кипрт суралцаж төгсөөд, одоо ээжийн үүрэг гүйцэтгээд, гэртээ байгаа гэсэн. Харин эрхэм улстөрчийн хувьд  алба амины ажлаа амжуулахын зэрэгцээ аав ээж шигээ ач, зээгээ өсгөх, хүн болгоход нь анхаарч, үүрэг хариуцлагаа өндөрсгөж яваа гэж байв.

 

Сайн цагийг наашлуулахад “Та бидний эвсэл” иргэдтэйгээ хамтарна

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай улс төр, эх орны хөгжил, олон намын талцал гэсэн сэдвээр ярилцахгүй өнгөрч болохгүй байх. Учир нь монголчууд бид ирэх дөрвөн  жилд төрийн жолоо атгах түшээдээ сонгох өдөр айсуй байна. Гэтэл  сонгогч бидний хувьд төр, засаг гэдэг  нь  сөрөг хандлагаар дүүрч, улстөрчдийн нэр хүнд  хөл дор хамхуул шиг хөглөрч явна. Энэ үед бид бас нэгэн чиг баримжаатай зүйлийг хэлэлцэх нь дээр санагдав.

-Монголын нийгэм өнөөдөр  баян, ядуу гэсэн хоёр өнгөтэй болчихлоо. Дундаж давхаргынх нь  өр зээлтэй, өнгө муутай амьдарч байна. Дэлхий дахин  2030 онд  ядууралгүй болно гээд ахицтай явж байна. Харин манайх гарц гаргалгаагүй, уруудаад байдаг. Улстөрчийн хувьд та үүнийг хэрхэн харж суудаг вэ?

-Тийм ээ, бид амаргүй цаг үед амьдарч байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнслээд төр улс маань хэвийн биш байгааг бүгд мэдэрч гарц шийдэл хайж байна. Бид энэ чиглэлд үзэл бодол ойролцоо хэсэгтэй аль болох хамтрах, хүчээ нэгтгэх зорилгоор МАХН, МУНН, ИЗНН хамтран “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ийг байгууллаа. Улс Монголоо өөрчлөх, монгол хүн эрхэм дээд гэдгийг хуульчлан тунхаглах, монгол хүн эх орондоо эзэн нь байж, их баялгаа мэдэж зарцуулдаг, бусдаас хараат бус, тэнхлүүн амьдрах боломж олгоход бидний хамтрал чиглэж байгаа. Болохгүй байгаа учраас өнөөг хүртэл хэсэг бүлэг этгээд Монголыг маань эзэрхийлэн, мөнгө хүүлэлтийн тогтолцоонд шилжүүлж, жинхэнэ эзэд нь ядуурал гуйланчлалд орсон арчаагүй байдлыг халах гэж бид нэгдсэн.

Монгол Улс их өөрчлөлт, улмаар хөгжлийн том үсрэлтийн үед сонголт хийх цаг болсон. Дэлхий даяар аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж, шинэ мэдлэг, шинэ технологи хүчээ авч байгаа энэ  үед бид зүй зохистой засаглалаа бэхжүүлээд урагшлахгүй бол олон жил бусдаас хараат байх аюул заналхийлж байна. Зөв сэтгэл, ухаалаг, хүчирхэг удирдлага манай улсад үгүйлэгдэж байна. Амин хувиа бодсон арчаагүй нам бүлгээс салж чадвал сэтгэл хангалуун амьдрах цаг тун удахгүй ирнэ

- ИЗНН байгуулагдаад, 20 жил болжээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн, өөрчилсөн зүйлсийн талаар дурдаач?

-Бид олон шинэ санаа дэвшүүлж байсан. Улс төрчид хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гаргах, АТГ байгуулах санааг анх дэвшүүлж, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Л.Дашням гуай анх удаагаа хөрөнгө орлогоо олноо ил тод зарлаж байв. Одоо улстөрчид, төрийн албан хаагчдын үйл, үйлдлийг хянах чухал хэрэгсэл болсон, ердийн байх ёстой хэм хэмжээ болж. Харамсалтай нь муу хүмүүс эрх мэдлээ хэтрүүлэн АТГ-г өөрсдийн хувийн атгаг сонирхолдоо ашиглах хэрэгсэл болгож байгааг яагаад ч зөвтгөх аргагүй юм. Бүр сүүлдээ Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг АТГ-д харьяалуулж нэг нэгнээ намнах болсныг хараад харамсал төрдгөө нуух юун.

Ногоон хөгжил манай намын үзлийн чухал хэсэг болсон. 2013 онд УИХ-аар Ногоон хөгжлийн хөтөлбөр батлуулахад тухайн үеийн сайд С.Оюун түүний багийн үүрэг их байсан.

Дэлхий даяар хүнсний хямрал гаарсан 2007 онд С.Баярын Засгийн газарт миний бие Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах үедээ Атрын III аяныг эхлүүлж, Монгол Улс өөрийгөө эрүүл хүнсээр хангах зорилго дэвшүүлэн ажилласныг дараагийн Засгийн газрууд дэмжсэнээр өнөөдөр шинэ коронавирусын нөхцөлд хэдэн сар хил хаагдсан ч гурил, төмс хүнсний ногоогоор тасраагүй байгаа нь хожмоо ч гэсэн үр дүн гарсныг харуулж байна. Цаашид ч Монгол Улс энэ бодлогоо эрчимжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хамгаалж, дархлааг нь бэхжүүлэх чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Нөөц хэзээ нэгэн цагт дуусах учраас, цаашид дэлхийн хүн амын хэт өсөлт, хоол хүнсний хомсдолоос үүдсэн эрүүл бус хооллолт, байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцаж байгаа хүнлэг бус хандлага зэргээс өвчин зовлон хийсч ирэх аюултай учраас хүн зоны оршин тогтнох нэн чухал хоол хүнс, орон байраар хангахад дорвитой ажил хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

Одоо уриа лоозон төдийгээр явдаг цаг өнгөрсөн. Сэлэм хэчнээн эргүүлээд ч нэмэргүй. Ухаалаг, алсын хараатай бодлого үгүйлэгдэж байна. Бурууд хатуу, зөвд зөөлөн төрөө бид байгуулах цаг  нь болсон. Иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй, харь нутагт хөдөлмөрлөж аав ээж, ах дүүгээ тэжээж байгаа иргэдээ боол мэтээр дууддаггүй төр, засагтай болох цаг ирсэн. Эх нутагтаа сэтгэл хангалуун амьдрах сайн цагийг наашлуулахад “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” иргэдтэйгээ хамтран зүтгэхээр санаа шулуудсан. Монголчуудын буян заяа их ээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэгэн зүйлийг сонирхож асууя. Таныг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дотны найз гэдгийг монголчууд сайн мэднэ. Эрхэм улстөрчийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-нд тохиодог. Энэ өдрийг угтаж,  эрхэм гишүүнтэй нөхөрлөж явсан цаг үеэ дурсаач?

-Санжаасүрэнгийн Зоригийн дотны найз гэж хэлэхээсээ улс төрийн хамтран зүтгэгч гэвэл илүү зохих байх. Монголын ардчилсан холбооны Тэргүүлэгчдийн танхимын гишүүнээр ажиллах үед нэг хэсэг өөрийн гэсэн орон байргүй байхдаа С.Зоригийн гэрт ээжтэй нь хамт гурвуулаа амьдарч байлаа. Тэр үед С.Оюун Англид сурч байсан юм. Бидний ярианы сэдэв улс төр л байдаг байлаа. Би тэр хүнийг сонсох дуртай, зөв санаа оноог их талархан хүлээж авдаг байсан. 1992 онд намайг Завханд УИХ-д нэр дэвшээд өрсөлдөж байхад очиж дэмжин, хүн амьтнаас мөнгө босгоод аваачиж өгч байлаа. Улс төрд хамт явна гэдгээ бид эрт мэдсэн, мэдэрсэн байсан.

Төрийг хэрхэн эмхлэн байгуулах, ингэснээр зөв систем бүрэлдэн улс үндэстэн маань тогтуун хөгжих замыг олоод харчихсан хүн бол С.Зориг байв. Улстөрчид шийдвэр гаргахдаа эрх ашгийн эрэмбийг хэрхэн баримтлахыг амь насаа алдахаасаа өмнө тэр нэгэн ярилцлагадаа өөрийн дуу хоолойгоор үлдээсэн байдаг.

Бидний хэсэг нөхөд сайн нөхрөө, төр нийгмийн зүтгэлтэн андынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилго тавьж, тунхагаа гарган намаа 2000 онд байгуулсан. С.Зоригийн 22 жилийн тэртээ хэлж анхааруулж байсан аюултай хандлага биежээд зогсохгүй, МАНАН хэмээх гаж үзэгдэл бий болсныг, тэд улс төрийн зарим намыг гартаа оруулж, төрийн өмч нэрэн дор нийтийн баялгийг хэрхэн ховх сорж, эзэн болсон ард түмнийг нь туйлдуулж байгааг өнөөдөр харж байна.

Бидэнд хийх ажил их бий. “Бид чадлаа” гэж С.Зоригийнхоо хөшөөний өмнө очоод нүүр бардам хэлэх өдөр ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. С.Зориг Монгол түмний саруул ухаанд итгэсэн, саруул ухаан ялах цаг ирнэ.

 

Саруул ухаан ялах болтугай

Дэлхий дахин цар тахалтай нүүр тулж, эдийн засаг, түүхий эд, шинэ үе, нийгмийн сэтгэхүй гээд цаг үеэ харж байхад энэ жилийн сонгууль олон салаа замын бэлчирт тохиож байна. Хүн амын хувьд залуу үеийнхэн нийгмийн хамгийн том бүлэг болоод байна. Энэ л үед бид өөрчлөлтийг хийж, шинэ хандлага, шинэ дуу хоолойг хүргэх хэрэгтэй байна. Тиймээс эрхэм зочныхоо үгээр нийтлэлээ өндөрлөе. Саруул ухаан ялах болтугай!

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.20  ДАВАА № 76 (6301)

 

Ч. Үржинханд
Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй,хийе бүтээе гэсэн чин хүсэлтэй залуусаа дэмжинэ. Гарна гэдэгт итгэлтэй байна. Ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.
Саруул ухаан ялах болтугай. Сонгогчид зүгээр л хүнээ зөв таньж чаддаг болсон тэр цаг үед л үнэн ялна. Одоо бол хиймэл дүртэй попоррогчидыг л сайн хүн гээд харчихдаг харлаган ухаантанаар дүүрсэн нийгэм
munkhuu
shudarga uls turch demjij bga
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

3 цаг 20 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

3 цаг 47 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

3 цаг 50 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

3 цаг 53 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

3 цаг 57 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

4 цаг 14 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

10 цаг 22 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

10 цаг 27 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

10 цаг 33 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

10 цаг 43 мин