Хурандаа Ч.Цогтжаргал: Цэргийн гэрээт албыг өргөжүүлнэ

2020-04-15
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн талаар ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргалтай ярилцлаа.

-Та бүхэн Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж дуулсан. Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар та тодруулахгүй юу?

-Өнөөдөр бидний амьдарч буй 21 дүгээр зуунд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдөж, их гүрнүүдийн хооронд гео-стратегийн ноёрхол, ашиг сонирхлын төлөөх тэмцэл, өрсөлдөөн өргөн хүрээг хамарч,  хөгжиж буй орнууд аюулгүй байдлаа хангах, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд түвэгтэй байдал үүсэж байна.  

Дэлхийн улс орнууд олон улсын болоод бүс нутгийн аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал, геостратеги, геополтикийн бодлогод гарч буй өөрчлөлтүүд, дайн зэвсэгт тэмцэл явуулах үзэл баримтлал, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалт, түүний хөгжлийг хангах төлөвлөлтийг боловсруулахдаа нэн тэргүүнд шинжлэх ухаанч байдлаар ханддаг болжээ.

Монгол Улсын хувьд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны шинэ нөхцөл байдал, орчин үеийн цэргийн урлагийн онолд гарч буй зарчмын өөрчлөлт, дэлхийн улс орнуудад хийгдэж буй цэргийн шинэчлэлийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын эдийн засгийн боломж нөхцөл, “Зэвсэгт хүчин нь мэргэжлийн цэрэгт суурилсан байх” гэсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэхээр ажиллаж байна. Үүнийг бид Зэвсэгт хүчний эрх зүйн хүрээнд хийж буй цогц шинэчлэл гэж харж байна. Баримт бичгүүдээ шинэчлэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, түүнтэй уялдаж гарсан дүрэм, журам, зааврыг нийцүүлэх шаардлага гарч таарна. Ямар ч байсан эхний ээлжинд баримт бичгүүдийнхээ төслийг үндэслэл, судалгаа сайтай боловсруулах нь бидний нэн тэргүүний зорилго. Үүний дараа салбарын хууль тогтоомж, түүнийг дагалдаж гарсан дүрэм, журам, зааврыг нийцүүлэх тухай асуудал яригдах байх.

-Тэгэхээр Стратегийн төлөвлөлтийн шинэчлэлийн нэг үндэс нь Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгох нь зөв үү?

-Тэр мэдээж ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болон КШС-уудыг “Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийг шинэчлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж явуулсан. Эдгээр сургууль, дадлагаар юу тодорхой харагдсан гэхээр Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болсон нь тодорхой болсон. Нөгөө талаас Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан байхын тулд стратегийн төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай юм байна гэдэг нь мөн тодорхой харагдсан.

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. ЗХЖШ-аас энэ хуулийн төсөлд ямар санал хүргүүлсэн бэ?

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр гол асуудал байгаа юм. Нэгдүгээрт, өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр зам, авто зам, барилга байгууламж зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажлыг бие даан гүйцэтгэх болсон. Энэ нь улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Зэвсэгт хүчин нуруун дээрээ үүрч яваа гэсэн үг. Үүнийг зарим хүн “Хувийн хэвшлийн ажлыг Зэвсэгт хүчин хийж байна” гэдэг шүүмжлэл гаргадаг ч энэ нь цаад утгаараа стратегийн түвшиндээ ямар чухал ач холбогдолтой гэдгийг нь харах ёстой.

Тайван цагт Зэвсэгт хүчний үндсэн үүргүүдийн нэг нь стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэх бөгөөд барилга-инженерийн цэргийг төрлийн цэргийн түвшинд хөгжүүлэх гэсэн том бодлого юм. Дараагийн эрх зүйн зохицуулалт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох тухай. 21 дүгээр зуун бол мэдээллийн технологийн эрин зуун бөгөөд энэ зуунд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, сүлжээ үүсгэн, дэлхийг бүхэлд нь бүрхсэн кибер орон зайг бүрдүүлсэн. Өнөөдөр энэхүү кибер орон зайд дахь халдлагын тоо, төрөл, хор хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болсон. Үүний эсрэг дэлхий улс орнууд кибер цэргийг байгуулж, энэ орон зайд аюулгүй байдлаа хангахыг хичээж байна.  

Монгол Улсын хувьд ч ялгаагүй энэхүү шинэ төрлийн заналхийллээс урьдчилан сэргийлэх, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байх үүднээс энэ төрлийн цэргийг байгуулж, бэхжүүлэх шаардлага бий болсон.   

-Үүнийг дагаад эрх зүйн шинэчлэлийн олон ажил үргэлжлээд гарч ирэх нь...

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсоны дараа яригдах асуудал. Ер нь бол шинэчлэн батлагдсантай уялдуулан нийцүүлэх эрх зүйн баримт бичгүүд олон бий. Дээрх эрх зүйн шинэчлэлүүдээс гадна “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийн нэгдүгээр шат болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” энэ онд хэрэгжээд дуусч байгаатай холбогдуулан түүний дараагийн шат болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ЗХЖШ-аас энэ цаг хугацаанд боловсруулаад дуусч байгаа. Хөтөлбөр Засгийн газраар батлагдана.

-Хөтөлбөрт юу тусгаж байна вэ?

-Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрлийн цэргийг хөгжүүлэх гээд олон асуудлыг тусгаж байгаа. Үүнээс онцлох хоёр сэдэв байна.  Нэгдүгээрт, Батлан хамгаалах аж үйлдвэрийн бааз суурийг бий болгох, хоёрдугаарт, цэргийн гэрээт албыг хөгжүүлэх тухай юм. Бид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэхээр зөвхөн офицер, ахлагч гэж хараад байдаг. Тэгвэл мэргэшсэн цэргийн нэг нь яахын аргагүй гэрээт цэрэг. Бид хугацаат цэргийн алба хаагчдаа нарийн мэргэжлээр сургаж, дадлагажуулдаг ч төд удалгүй халагдаад явж байна. Сургаж, сургачихаад Зэвсэгт хүчин эргээд ашиглаж амждаггүй. Мэдээж тухайн хугацаат цэргийн алба хаагч хүнийнхээ хувьд олон давуу боломжийг өөртөө бий болгосон дайчилгааны бэлтгэл нөөц болж байгаа нь хамгийн чухал. Гэхдээ цаашдаа сургаж мэргэшүүлсэн бүрэлдэхүүнээ илүү үр дүнтэй ашиглах нь бидний зорилго байх бөгөөд үүнийг шийдвэрлэх гол арга зам нь цэргийн гэрээт алба хаагч. Цаашдаа цэргийн гэрээт алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан, эрх зүйн зохицуулалтуудыг ч хийхээр ажиллаж байна.

-Тухайлбал...

-Олон боломжийг нь нээж өгнө. Үүний нэг нь цэргийн хуаранд ажлын таван өдрөөр байлгахгүй. Яг л офицер, ахлагч нар шиг өглөө ажилдаа ирж, орой гэртээ харьдаг, цалингаа гар дээрээ бүтэн авдаг болно. Цалингийн ангиллыг нь ч гэсэн ЗХЖШ-аас нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Харин статусын хувьд хэвээрээ. Цэргийн гэрээт алба хаагчдыг нэгдүгээрт барилга-инженерийн ангиудад, хоёрдугаарт, мэргэжлийн тусгай ангиуддаа авна. Цэргийн гэрээт албыг хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил, орлоготой залуусын тоог нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах тухай шийдвэртэй нийцэж байгаа юм. 

-2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг дагаад 2019 оны нэгдүгээр ээлжийн цэргийг халахгүй юм биш биз гэдэг асуултыг иргэдийн зүгээс асууж байна. Үүнд хариулахгүй юу?

-2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халалт төлөвлөгөөний дагуу явагдана. Халагдана гэж ойлгож болно. Гэхдээ дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд цэрэг халах болон татах ажиллагааг тусгай төлөвлөгөөтэйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад дуусч байна. Урьдын адил нэгдсэн дамжинд цуглуулахгүй. Зөвхөн тухайн нэгтгэл, ангиас нь цэргийн харьяаллын нутаг дэвсгэрт нь хүргэж өгнө. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн харьяат байлдагч Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ангид хугацаат цэргийн алба хаасан бол нутаг руу нь шууд хүргэж өгөх юм. Харин цэрэг таталтын тухайд короновирусийн халдвар орж ирэх магадлалтай хилийн аймгуудаас буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий болон хүн амын нягтаршил ихтэй Улаанбаатар хотоос энэ удаад татахгүй. Зөвхөн хилийн цэрэгт татах бөгөөд ойролцоох аймгуудаас нь голчлон бүрдүүлнэ.

-Зэвсэгт хүчний хувьд...

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид л татна. Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг таслалдуулахгүй үргэлжлүүлэх нь манай торгон цэргүүдийн үүрэг. Ингэхдээ хөдөө орон нутгаас сонгон шалгаруулж татна. Харин 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг нөхцөл байдлаас хамаараад ямар ч байсан зохицуулалтаа хийгээд татна гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж: www.gsmaf.gov.mn

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

1 цаг 58 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

2 цаг 17 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

3 цаг 26 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

5 цаг 59 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

10 цаг 2 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

11 цаг 56 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

12 цаг 6 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 31 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

12 цаг 41 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

12 цаг 46 мин