Цаатан түмний найз, судлаач Л.Болд

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Л.Болдыг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.

 

Хурдны морь унаж өссөн хүүхэд нас

 

Л.Болд багш аав, ээжийнхээ төрсөн нутгаар овоглодог.  Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул хүн.  Түрэг болон монгол хэл судлалд хэлэх үгтэй,хийсэн зүйлтэй.  Түүний хүүхэд нас бусад хүүхдийн адил хурга, ишиг хариулж, хурдны морь унаж, өнгөрсөн гэхэд болно.  Аав нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Лувсандорж гэдэг хүн байсан аж.  Дугаарын зочин маань эцэг эхээс дөрвүүлээ.  Том ах нь түүнийг бага байхад өрх тусгаарлан, Алтанбулагт ажилладаг болсон байв. Харин тэрээр бага ахтайгаа ихэд дотно өсчээ. Техник сонирхдог бага ах нь морь уях хорхойтой нэгэн байв. Энэ нь ч Л.Болд хүүд нөлөөлж  хурдны морь унаж сурчээ.  Удалгүй соёолон насны шарга үрээ унан уралдаж, Хушаатын наадамд түрүүлэн ирж байсан гэнэ. Түүнээс хойш жижигхэн биетэй байсан учраас 5-6 дугаар анги хүртлээ хурдны морь унажээ.  Үеийн найз нөхөд нь аль хэдийнэ хурдан морь унах “хүнд ажил”-аас чөлөөлөгдсөн ч  түүнийг бага ах нь аав, ээжээр нь загнуулаад л дагуулж яваад хүчээр уралдуулчихдаг болжээ. Өвөг эцгийнхээ уядаг морьдыг унаж байхдаа дандаа түрүүлдэг, айргийн тавыг алддаггүй хүү байсан аж. Ийнхүү тэрээр 1954 онд сумынхаа бага сургуульд оржээ. Сургуульд сурах нас нь болоогүй ч  ах, эгч хоёртой нь ханиндаа сургуульд сургахаар шийдсэн аав нь сургуулийг түлээгээр хангахаар тохиролцсоноор долоон нас хүрээгүй байсан ч Л.Болд хүү сургуулийн босго алхан орж бичиг үсэг заалгаж эхэлсэн.

Бага сургуульд дөрөвдүгээр анги хүртэл суралцаад мал дээр гардаг байсан тэр үед Л.Болд хүү н.Сангаабазар багшийн удирдсан ангийг төгсөөд, 1959 онд Сэлэнгэ аймгийн арван жилийн сургуульд шилжин суралцсан байна. Хэдийгээр Хушаат сумын бага сургуульд орсон ч тэр үед эвлэлийн дарга зэрэг олон ажил хийж очсон аавыгаа дагаж тэднийх гэр бүлээрээ Хушаат сумын IV багийн нутагт шинээр үүсэн байгуулагдсан Цагаантолгойн сангийн аж ахуйд очиж байжээ. Гэхдээ энэ сангийн аж ахуйг түүнийг бага сургуулиа төгссөнөөс хойш ингэж нэрлэх болсон аж. Түүнээс гадна 1960-1961 онд нэгэн явдал тохиолдсон нь Хушаат,Дархан сум хоёрыг татан буулгаж, Давхарын станц гэдэг газар одоогийн Дархан хотын суурийг тавих болжээ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн арван жилийн сургуулийн наймдугаар ангийг төгсдөг жил нь Дархан хот болсноор сургуулиасаа шилжиж, нэг талаар гэртээ ойртож, хоёрт том ахыгаа даган энэ хотын арван жилийн сургуулийг төгссөн байна.

 

Хэл судлалаар ажиллаж хожуу биелүүлсэн мөрөөдөл

Дархан хотын арван жилийн сургуулийг төгссөн хүү төдөлгүй Улаанбаатар хотыг зорьж 1966 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцаж эхэлжээ. Энэ ангийг сонгож суралцсан нь ч учиртай аж. Тэр үед нутгийнх нь хүн түүнд “Их сургуульд хоёр гоё анги байдаг юм шүү, нэг нь монгол хэлн, нөгөө нь физикийн анги” гэжээ.  Тэгээд монгол хэлний ангийг сонгон суралцаж, 1971 онд төгсчээ. Мөн тэрээр багаасааэном их уншдаг, бас ч гэж шүлэг бичдэг  байсан учраас энэ мэргэжлийг сонгоход их дөхөм байсан гэдэг.  Их сургуульд ороод удалгүй тэрбээр Ш.Гаадамба багшийн удирдаж байсан уран зохиолын дугуйланд явдаг байв. Мөн Ш.Лувсанвандан багшийн эрхлэн явуулдаг хэлний дугуйланд явж, төгсөн төгстөлөө дугуйландаа хичээллэсэн нь хэл судлаач болох замыг нээж өгсөн байна.

Түүнчлэн  том ах нь Алтанбулагт ажиллаж, бага ах нь мал дээр гарч, эгч нь наймдугаар анги хүртлээ суралцаад сургуулиа орхисон нь түүнд цаашид суралцах ёстой гэсэн үүрэг оногдов.  Нөгөө талаар бага ах нь дүүдээ “Одоо сурч болсон. Намайг цэргээс очихоор хоёулаа морио уяна” гэдэг байжээ. Сурлага сайтай, аав ээж нь миний хүү онц сурдаг гэж магтдаг байсанд нь урамшсан уу,ямартаа их сургуульд сурахаар болсон байна. Гэхдээ цагдан сэргийлэхэд ажиллаж, цэргийн алба хаасан аав нь бага хүүгээ цэргийн дарга болгохыг хүсдэг байжээ. Тэр үед их сургуулийн оюутнуудыг цэрэгт татдаг байсан,зарлан ирдэг байсан ч цэрэгт явалгүй үлдсэн гэнэ.

Сургуулиа төгссөний дараахан түүнийг намын төв хороон дээр дуудуулжээ.  Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр Шинжлэх ухааны академид хуваарилсан байв. Энэ тухайгаа тэрээр “Манай удамд академид ажиллах байтугай дээд сургууль төгссөн хүн байгаагүй. Хотод үлдэх нь сайхан завшаантай хэрэг гэж бодоод ажиллаж эхэлсэн” гэлээ. Тэгээд хүрээлэнд очиход нь А.Лувсандэндэв гэдэг хүн түүнийг хариуцан бүхнийг зааж сургажээ.  А.Лувсандэндэв нь 1957 онд гарсан “Орос-Монгол” толь бичгийн ерөнхий редактор, тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотын Ждановын нэрэмжит их сургуульд турк судлалаар сурч төгссөн хүн байв. Мөн монгол хэл судлалаар нэлээн судалгаа хийсэн хүний удирдлага дор ажиллах боллоо. Нэг өдөр А.Лувсандэндэв багш нь “Хүү минь чамд хоёр зам байна. Намайг дагаад түрэг судлалаар яв.Эсвэл,монгол судлалаар бэлтгэж байгаадудахгүй аспирантурт явна шүү” гэж хэлжээ. Тэгээд академид хамт очсон Сампилдэндэвтэйгээ зөвлөлдөхөд уран зохиолын шүүмж бичихэд нэлээн гаршиж байсан нөхөр Сампилдэндэв нь “Би аман зохиолоор явахаар болчихлоо. Хорлоо багш өөрөө аман зохиол судлаач юм байна” гэсэн байна. Ингэснээр тэрээр А.Лувсандэндэв багшийгаа дагаад түрэг судлалаар дагнахаар шийджээ.1972 онд шинэ ажилтнаа багш нь Хөвсгөлийн цаатан, урианхай нар луу дагуулан явахдаа “За чи намайг дагаад түрэг судлалаар ажиллаж болно. Цаатан,урианхай нарыг хэлийг судал” гэж хэлжээ. Түүнээс хойш зургаан жил энэ чиглэлээр ажиллан, хэлийг нь сурч, цаатан, урианхай нартай танилцан, ах дүү шиг болсон байна.Тэд залуу эрдэмтнийг ирэхийг хүлээдэг, хэрэгтэй зүйлийг нь бэлдэж тавьдаг, хотод ирээд Л.Болдынхоор очдог болжээ. Харин 1990 оны ардчилсан хувьсгал гараад хотод ирэхээ больсон байна.

Тэр үед хүрээлэн эрх чөлөөтэй, мөнгө төгрөг, хангамж сайтай байсан аж. Зургаан жил судалгаа, томилолтоор тайга руу явахад л газарчин 10 төгрөгөөр хөлсөлдөг, унах мориныхоо хөлс мөнгө зэргийг бодож өгдөг байжээ. Энэ хугацаанд юу эс тохиолдох вэ.Анх цаатнууд руу цаатангуудын бригадын дарга гэх өвгөн, хамт ажилладаг Дашцэвэл гээд залуутай хамт явсан байна. Морь унаж аваад намагтай хэцүү газраар өдөржин явсаар шөнө болсон хойно очих газраа хүртэл гөлийсөн, яриа хөөрөө ч байхгүй хүмүүс л угтжээ. Анх буусан айлдаа хамт яваа нөхрөө үлдээгээд өөрөө хойд айлд нь хонохоор болсон байна. Хамт ажилладаг, Вьетнамд сургууль төгссөн залуугаа бодвол арай борогшуу нэгэн байснаас гадна нөхрөө хүндэтгэж эвхдэг ортой айлд үлдээгээд өөрөө хойд айлд нь унтахаар оржээ. Унт гэхээр нь дээлээ нөмрөөд унтахаар хэвтсэн, дороос нь дов сондуул нухаад унтаж болдоггүй гэнэ. Өглөө босоод газарчин өвгөнийг та хаана хонов гээд асуусанд гадаа гэж хариулжээ. Тэгсэн хадан дээр гараад унтчихсан байж.  Энэ мэтчилэн сайхан дурсамж олон бий.

Ийнхүү хэл судлалдаа шамдсан залуу, А.Лувсандэндэв багшдаа “Аспирантурт суръя” гэж хэлсэн аж. Ер нь хүний амьдралд багш хүний үүрэг их. Эцгийн оронд эцэг, эхийнх нь оронд эх болсон энэ хүн сэдэв нь зарлагдаад, шалгалт өгөх болчихсон үед “За чи хүний охинтой сууж хүүхэдтэй болгочихоод Орос руу явах хэрэггүй. Амьдралаа бод. Монголдоо сур” гээд аваад үлдэж. Тэгээд цаатантай адилхан хэлээр ярьдаг урианхайчуудын хэл болох уйгар-урианхай хэлний онцлогийг судалснаар 1978 онд дэд эрдэмтний зэргийг хамгаалжээ. Тэр үеэр хүрээлэнгийн захирал болсон  багш нь “Одоо ёстой чамайг хойшоо докторантурт явуулна” гэсэн байна. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэдэгчлэн тэр жил нь академич Б.Ширэндэв гуайтай холбоотой хэрэг дэгджээ. Ингэснээр хойноос хариу нь ирчихсэн Намын төв хороогоор орж эцсийн хариугаа авах гэж байсан ч аз нь дутсан уу, явж чадаагүй байна.  Мөн удалгүй Франц руу багшлахаар явж магадгүй сураг дуулджээ. Тэгсэн Францад 1970 онд нэг жил багшилж байгаад ирсэн багш нь “Тэнд цалин мөнгө нь хэцүү юм билээ. Тэрний оронд чи хурдхан доктор болохоо л бод” гэж зөвлөсөн байна. Гэхдээ түүнийг өөрийн багш нэрт түрэгч, монголч эрдэмтэн В.М.Наделяевтайгаа танилцуулжээ. Тэр хүнтэй танилцсан нь миний эрдэм судлалын ажилд их л нөмөр нөөлөг болсон гэж тэр хуучлав.Ингэж явж дэд эрдэмтний зэрэг хамгаалсны дараа багш нь дуудаад Хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн дарга болгожээ. Энэ ажлыг хоёр жил орчим хийж байгаад эргээд л эрдэм шинжилгээний ажлыг хийсэн байна.Мөн Новосибирскт докторантурт явах байсан нь хойшилжээ. Гэхдээ 1995 онд 50 нас дөхсөн хойноо санаагаа гүйцээж, ОХУ-д докторын зэргээ хамгаалсан байна.Академич маань 40 гаруй жил хүрээлэндээ ажиллахдаа референт, цэвэрлэгч хоёроос бусад бүх ажлыг хийж үзсэн гэж хошигнож билээ.

 

Түрэг бичээс судалж эхэлсэн жилүүд

Баруун гар талаас академич П.Хорлоо, Х.Сампилдэндэв нартай.

Мөн багш А.Лувсандэндэв нь дэд эрдэмтэн болсных нь дараахан “Түрэг бичээсийг монгол хүн унших хэрэгтэй байна.Жил бүр монгол нутагт болдог хамтарсан шинжилгээний ангиар ирсэн оросуудтай явах залуу хүн алга. Алсдаа чамд хэрэг болно” гэсэн байна. Тэр үед түрэг бичиг уншдаг Базылхан гэж хүн хүрээлэнд ажиллаж байсан ч, тэр Баян-Өлгий аймаг руу, эсвэл Казакстан явчихсан, эзгүй байж таарснаар багш нь шавьдаа ийм санал тавихад хүрчээ. Уг хамтарсан шинжилгээний ангиар явж байхдаа бүрдүүлсэн хэрэглэгдэхүүн дээрээ тулгуурлаад 1990 онд “БНМАУ дахь хадны бичээс” гэдэг ном гаргаж хэвлүүлсэн нь бусад орны судлаачдын санаанд хүрсэн бүтээл болсон аж. Энэ нь Солонгос, Япон, Турк, БНХАУ-ын эрдэмтэдтэй эртний түрэг бичээс судлалаар хамтран ажиллах сайхан эхлэл болжээ. Ийнхүү түрэг хэл судлалаар олон орны эрдэмтэдтэй хамтарч ажиллахдаа түрэгийн түүхэнд холбогдох 30 орчим хөшөө дурсгалын бичгийг уншиж судалсан байна. Тэндээс хамгийн том нь хөх Түрэгийн үеийн мэргэн сайд Тоньюкукийн өөртөө зориулж босгосон хөшөө, хөх Түрэгийн Билгэ хааны дүү болох цэргийн жанжин Күл-тегин нарт зориулж босгосон 10 мянган гаруй үсэгтэй хөшөө юм байна. Академич маань энэ хөшөөн дээр сийлэн үлдээсэн бичгийг уншсанаар манай нутагт VIII-IXзууны үед оршиж байсан Түрэгийн үүх түүх, мөн хойч үеийнхэндээ үлдээсэн сургамж,мөн эх хэлээ улам гүнзгий мэдэхийн тулд судалдаг гэж байлаа. Одоогоор эртний түрэг бичээсийн талаар таван боть ном хэвлүүлжээ. Түрэг судлалаар дагнахаас гадна монгол хэл судлалынхаа чиглэлээр үргэлжлүүлэн ажилласаар байв. Манай их дээд сургуулийн мэргэжлийн ангид үзэх ном сурах бичиг бараг байхгүй байсан учраас түүнийг зохиох ажилд мэргэжил нэгт нөхдийнхөө хамт зүтгэжээ. Тиймээс бусад эрдэмтэдтэй хамтарч“Орчин цагийн монгол хэлний харьцуулсан хэл зүй”, “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй”, “Үгийн сангийн судлалын үндэс” гэсэн номуудыг хэвлүүлжээ.  Мөн хугацаанд “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”, “Орчин цагийн монгол хэлний тонгоруу толь” зэрэг олон бүтээлийг гаргасан байна. Тэрээр “Эх хэл, эрхт төр хоёр маань үеэс үед ширээгдэн хатаагдсан, монгол түмний маань их өв” гэж үзэж, үүнийгээ хойч үеийнхэндээ баян тансаг хэвээр нь үлдээх сэн гэж хүсэж мөрөөддөгөө хэлж байсан юм. Энэхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Алтай судлал”-ын төвийг байгуулж, захирлаар нь ажиллахын зэрэгцээ Хүрээлэнгийнхээ Хэл шинжлэлийн салбарын эрхлэгчийн ажлыг хавсран 10 гаруй жил ажиллажээ.

Түүний хэл шинжлэлийн салбарт хийсэн ажлыг нь үнэлж,төр засгаас 2001 онд “Алтангадас” одон, 2005 онд Боловсролын тэргүүний ажилтан цол хүртээж, улмаар 2006 онд академич хэргэм, 2009 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна. Мөн Туркийн Шинжлэх ухааны академиас Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагналын эзнээр шалгарч,тус улсын ерөнхийлөгч Режип Тайип Эрдоганаас шагналаа авч байжээ. Монгол Улсад гадаад орны шинжлэх ухааны академийн гишүүн болсон цөөн хүн хүний нэг нь манай дугаарын зочин, академич Л.Болд аж. Тэрээр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 29-нд болсон Турк улсын Шинжлэх ухааны академийн ерөнхий ассамблейн 56 дахь удаагийн чуулганаартус академийнгишүүнээр сонгогджээ.  Мөн сүүлд таван боть “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бүтээх ажлыг удирдсан аж. Энэ толио хураангуйлсан хэлбэрээр цахим орчинд байршуулжээ.Түүний  бодож эмзэглэж явдаг зүйл нь “Санхүү, хөрөнгөн мөнгө нь байвал бид ажлаа үргэлжлүүлэн явуулж чадна. Учир нь эх хэлнийхээ өмнө иргэн, төр хоёр адилхан л хариуцлага хүлээх ёстой”гэж боддог аж. Мөн монгол хэлнийүгийн санг аль болохоор бүрэн багтаасан 100 сая үгтэй сан бүрдүүлэхийг зорьж байгаа юм байна.Шавь нарын хувьд монгол, гадаад нийлсэн 30 гаруй шавьтай, шинжлэх ухааны доктор (Sc.D) гурав, боловсролын доктор (Ph.D)хорин гурван хүнийг удирдаж хамгаалуулсан ажээ.Өнгөрсөн  онд нэг шавиа удирдаж хамгаалуулсан бол яг одоо хоёр шавь нь докторын зэрэг хамгаалахад бэлэн болоод байгаа юм байна. Хөрөнгө мөнгө нь байвал монголд байгаа том жижиг бичээстэй хөшөөг судалж үзэхийг хүсдгээ тэрээр дурдаж байсан юм.

 

Сангийн аж ахуйд танилцсан хоёр

Эрдэм шинжилгээний хуралд оролцов. 1983.05.19

Тэрээр эхнэр Л.Доржхандтайгаа оюутан байхдаа Жаргалантын сангийн аж ахуйд танилцжээ. Сангийн аж ахуйд очсон хүүхдүүдийг жагсаан хэсэг хэсгээр нь болгон явуулах үеэр хамгийн сүүлд тэр хоёр таарсан байна. Гуравдугаар дамжаанд байхдаа гэр бүл болсноор том охин нь төржээ. Харин бага охин нь нэлээн хойно, дэд эрдэмтний зэрэг хамгаалж байх үеэр төрсөн байна. Ховд аймгийн Буянт сумын харьяат, хуульч мэргэжилтэй эхнэр нь насаараа Геологийн яаманд хуулийн зөвлөх, боловсон хүчний ажил хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Эднийх хоёр охинтой. Санкт-Петербургийн Нэхмэлийн дээд сургууль төгссөн том охин Б.Халиун нь одоо хувиараа ажил эрхэлдэг бол бага охин Б.Булган нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний багш-орчуулагчийн анги төгсөөд, улмаар Санхүү эдийн засгийн дээд сургуульд мастерын зэрэг хамгаалжээ. Одоо “Скайтел”  группт ажилладаг. Мөн дөрвөн зээтэй, өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн болсон.  Хэл шинжлэлийн салбарт насаараа зүтгэж яваа академич маань туурвиж бүтээхийн их үйлсдээ шамдаж, ихийг хийж бүтээхийг зорьж явна. Тэрээр эртний түрэгийн бичгийн дурсгалын судалгааг үргэлжлүүлэн хийж, Билгэ хааны хөшөөний бичээсийн галиг, орчуулга, тайлбарыг багтаасан номоо өдгөө VI цуврал нь гарчихаад буй “Орхон бичгийн дурсгал” бүтээлийнхээ VII боть болгон хэвлүүлэхээр ажиллахын зэрэгцээ монгол хэлний нэр үгийн айг түрэг хэлнүүдийн баримттай түүхэн үүднээс харьцуулан судалж байгаа ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.13  ДАВАА  № 71 (6296)

Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

38 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

43 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

48 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

48 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

53 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

58 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

1 цаг 3 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

1 цаг 8 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

15 цаг 48 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

15 цаг 55 мин