Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

2020-04-13
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Д.БЯМБАСҮРЭН

 

 

Түрүүч нь Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал-1Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал-2

 

Тайлал

 

Нурсан капитализмын нурман дээрээс нь нүүж, түүхийнхээ шинэ хуудсыг нээсэн монголчууд бид Үндсэн хуулиараа тунхагласан зам мөрөөсөө хазайж, хальтарсныг одоогийн бодит байдал гэрчилнэ. Тэгэхдээ хэн нэгэн хорон санаат дайсан хажуунаас түлхэж төөрүүлээгүй.

Манай ардын дуунд “Хадан дээрээс хальтирдаг нь хазгай гишгэсний харгай даа” хэмээн сургадаг. Нийгмийнхээ гажуудлын учир шалтгааныг үнэн бодитой оношлоё гэвэл түүнийг өөрсдөөсөө эрэх нь оновчтой гэж үзнэ.

Ингэж хандвал Монгол оронд үүссэн нийгмийн гажуудлын гол шалтгааныг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

Нэг. “Төр үл мэдэх түшмэдийн засаглал уулнаас хүнд” хэмээн Хубилай хааны Үндсэн хууль хэмээгдэх “Арван буянт номын цагаан түүх”-д номлосны үнэн нь манай одоогийн амьдралд нотлогдож байна. Үүнийг өөрийгөө бусадтай харьцуулан таньж болох ажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур миний бие гадаадын хоёр хүний яриаг телевизээр үзсэн нь Израйлийн нэгэн тагнуулын байгууллагын дарга байсан. Одоо улстөрч, нийгмийн зүтгэлтэн Яков Кэдми, нөгөө нь Украйны улс төр судлаач Андрей Мелькин аж.

А.Мелькин асуусан нь:

-Танай Израйль улс эзгүй газар байгуулагдаад зуун жил ч болоогүй. Газар нутаг өчүүхэн, хүн ам цөөн, байгалийн нөөц байхгүй атал хөгжлийн өндөр түвшинд хүрч олон улсын тавцанд том байр суурьтай болсны нууц нь юунд оршдог вэ?

Я.Кедми хариулсан нь:

-“Манай улс төрийн удирдагчид үндэснийхээ оюун ухаан, соёл, эрх ашгийн өндөр шаардлагын дээд түвшинд тохирсон хүмүүс байдаг юм” хэмээв.

Я.Кедмийн үгийг манай орны одоогийн нөхцөлд буулгавал нэн сонин дүр зураг тодорно. Найман зуун жилийн түүхтэй, 30 жил “ардчиллын замаар” замнасан Монгол Улс хэдэн “бүдүүн дарга”-аа интерполоор дэлхий даяар эрэн сурвалжилж, үлдсэн хэдэн “бүдүүн дарга” нь шүүх, прокурорын хаалга сахиж суугаа билээ. Ард түмэн нь итгэл өгч сонгосон парламентын 76 гишүүний хоёр нь хүчин, хүн амины хэрэгт сэжиглэгдэн огцорч, 49 нь төрийн сангаас завшсан хэрэгт орооцолдоод сууж байхад манай улс төрийн удирдагчид гэж хэн болохыг оношлоход төвөггүй. Улс төрийн удирдагчид ямар ч нөхцөлд улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэн, хариуцлагатай, хичээнгүй зүтгэх нь нийтлэг шаардлага төдий болох бөгөөд Тэнгэрийн цаг буюу орон цагийн тохиолоор улс нийгмийн зам мөр, хувь заяаг шийдэх аз, эзийн сорилт тулгарсан үед хамгийн гол зангилааг эндүүгүй онож, шийдэх түлхүүрийг тааруулж чадах мэдлэг чадвар, зориг тэвчээртэй байх нь тэдний түүхэнд үлдэх ул мөрийг тодорхойлдог.

Сүүлийн 20 шахам жил Монгол орны замналын ээдрээ гажуудлын нэг гол уг сурвалж нь манай улс төрийн цөөнгүй удирдагчдад чухамхүү ийм чанар дутаж байгаад оршиж байна. 2007 оноос эхэлж одоог хүртэл үргэлжилж буй эдийн засгийн хямрал ч ийм л үндэстэй. 2015-2020 оны хооронд үргэлжлэн сунжирсан Үндсэн хуулийн өрөөсгөл өөрчлөлт ийм л үндэстэй.

XX зууны эхэн үед манай удирдагчдын цөм нь “КУТВ”-д суралцаж, социализм байгуулах онол үзлээр хүмүүжиж байсан бол XXI зууны эхэн үед “Курс”-т суралцан капитализмын цагаан толгойд тайлагдаж, төрийн өндөрлөг өөд тэмүүлсэн хүмүүс голлох болжээ.

Хоёр. “Оршихуйн үзлээ онож олоогүй улс нийгэм харанхуйд хашигдан хаагдсан хүмүүстэй адил” хэмээн Монголын уламжлалт гүн ухаанд сургадаг билээ (“Эрдэнэт толь”).

Харанхуйд хашигдсан хүмүүс зүг чигээ олохгүй, хоорондоо мөргөлдөн, хөл гар дээрээ гишгэлцэхийн адил үзлийн хоосролд орсон нийгмийн иргэд ирээдүйгээ харах чиг баримжаа, итгэл үнэмшлээ алдаж, хүч тарамдах билээ. Одоогоос долоон жилийн өмнө нэгэн эрдэмтэн гадаадад болсон эрдэм шинжилгээний хуралд оролцсон сониноо хуваалцахдаа гадаадын хоёр эрдэмтэн өвгөд хурлын завсарлагаанаар цайлж суухдаа нэг нь “Энэ монголчууд яагаад хөгжиж чадахгүй байна аа” хэмээн гайхахад нөгөө нь “Аргагүй шүү дээ. Өөрийгөө танихгүй байгаа юм чинь” гэж хүүрнэлдэхийг хөндлөнгөөс сонссон тухайгаа ярьж билээ.

Аль ч улс үндэстэнд өөрийгөө таньж, оршихуйн үзлээ зөв олох нь алт мөнгөнөөс илүү үнэтэйг бид ойлгоогүй явж иржээ.

1992 оны Үндсэн хуулиар монголчууд “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” цогцлуулахаа (цаашид ХИАН гэж товчлов. Д.Б) тунхаглан зарласан нь социализмын үзлийн тогоонд 70 жил чанагдсан нийгмийн хувьд шинэ замналын сонголт мөн гэж ойлгогдох боловч түүний утга учрыг янз бүрээр ойлгосоор өдийг хүрэв. Өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг ээлжлэн барьсан хоёр гол улс төрийн хүчний нэг дэх нь болох МАН “ардчилсан социализмын үзэл” баримтлахаа удаа дараа тунхаглаж (2008) ирсэн бол АН “баруун төвийн үзэл”-тэй нам болохоо 2019 онд тунхаглав. Хэдийгээр Монголын төрийг өнгөрсөн 30 жилд ээлжлэн барьсан энэ хоёр гол улс төрийн хүчний үзлийн нэр нь эрс ялгаатай боловч уг сурвалж, мөн чанар нь хувийн эрх ашгийг нийгмийнхээс дээгүүр тавьдаг либерал үзэл, түүнд түшиглэсэн капиталист нийгмийн тогтолцоо юм. Үндсэн хуулиараа тунхагласан ХИАН гэгч нь капитализм мөн хэмээн нийгмийг сурталдаж иржээ.

Гэтэл хүн төрөлхтөний амьдралын зохион байгуулалтын одоогийн түвшин социализмын нэгэн адил сууриараа ганхаж байгаа капитализмаас баян ажээ. Хүн төрөлхтөнд гурав дахь зам бий хэмээн нотолж, Нобелийн шагнал хүртсэн Амартья Сэний онолыг тээдэггүй юм гэхэд бүхэл зууныг дамжсан Скандинавын орнуудын туршлага, Дорнын соёлын ертөнцөөс төрсөн Хятадын хөгжлийн бодит туршлагыг харгалзахгүйгээр социализмын орчинд хүн ардынхаа гурван үе дамжин инженерчлэгдсэн нийгмийн замналыг хялбарчлан төсөөлж болохгүй. Тэгээд ч Монголын онцлог гэж нэг “чулуу” бий.

Эрх чөлөөг өвөрмөцөөр ойлгодог монголчууд капиталист эзний дуулгавартай хөлсний ажилчин байж чадах уу. Хятадын “Хуа Вей” компаниас таван дахин бага цар хүрээтэй Монголын эдийн засагт зах зээлийн өрсөлдөөн гол хөдөлгөгч хүч болж чадах уу? Өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй эдийн засагтай Монгол Улс үндэстэн дамнасан корпорациудтай хамтран ажиллахдаа эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалж чадах уу гэх мэт суурь асуултуудад холыг харсан хариулт өгөхгүйгээр капитализмд хайр зарласны гор нь гарсаар байна бус уу.

Улс үндэстний оршихуйн үзлийн дээжийг тухайн улсын Төрийн тэргүүн тээж хэрэгжүүлдэг нь төрт ёсны олон мянган жилийн жам ёс юм. Хүн төрөлхтөний эрхэмлэн дээдэлдэг Энэтхэгийн “Махабхарат” хөлгөн сударт:

“Төгс үнэнийг шажин болгож,

Төрийн санг дүүрэн байлгаж,

Түмэн олонтойгоо шударгаар харьцахад

Төрийн эзэн өөрийгөө зориулмой” (Гэндэндарамын орчуулга) хэмээн сургасан нь 3000 жилийн түүхтэй билээ.

Монгол орон шинэ сонголтын зам дээрээ таван Ерөнхийлөгчийн нүүр үзэж байна. Тэд тус бүртээ улс орныхоо оршихуйн үзлийн утгыг нь янз бүрээр илэрхийлж ирсний заримыг сонирхвол:

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат: “Монгол­чуудын амьдралын үзэл нь  ариун цагаан атаа жөтөө, шударга шунал мөн” (Ардын эрх. 1995.01.30).

Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди: “Ардчилсан социализм бол Монголын ирээдүй мөн” (1999.01.25. МАСЗХ-ны их хуралд).

Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Капитализм бол хуримтлалыг бий болгох хөдөлмөрийн хуваарь мөн” (“Факт” сайт. 2020.03.18) гэж айлджээ.

Аль ч улс үндэстний Төр нь оршихуйн үзлээ олж, тогтворжиж чадахгүй бол үзлийн хоосон зайг хувь этгээдүүдийн шунал эзэлдэг нь түүхийн жам мөн бөгөөд сүүлийн хориод жил шуналын охиор ундаалсан олигархи бүлгүүд Монгол орны төрийг эзэлсний үндэс суурь нь ийм ажээ.

 

Гурав. Намууд ялзарвал төр ялзардаг ажээ

 

Орчин үеийн улс гүрнүүд өөрийн амьдралын үнэт зүйлс, оршихуйн үзэл баримтлал, нийгэмд хуримтлагдсан ерөнхий асуудлаа шийдэх арга замын тухай ойлголтын санг иргэдийнхээ идэвхтэй хэсгүүдийн бүлгэмдэл буюу улс төрийн намуудад хадгалж, төрийн бодлогын сонголт хийх тухай бүрт түүнийг зэрэгцүүлэн үнэлж, төр барих төлөөлөгчдөө сонгодог нь хүн төрөлхтний ухаарлын нийтлэг ололт юм.

Чухамхүү ийм л бодлоор 30 жилийн өмнө монголчууд олон намын тогтолцоонд тэмүүлж, Үндсэн хуулиараа түүнийг баталгаажуулсан билээ. Улс төрийн намууд улс орны амьдралын зангилаа асуудлыг шийдэх үзэл баримтлалаараа л үнэтэй.

Манай оронд одоогоор улс төрийн 39 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч нийгмийн сэтгэхүйд улс төрийн намуудын үнэлэмж жилээс жилд доошилж байгаа нь бодит үнэн юм. Ийм үнэлэлт төрийн эрхийг ээлжлэн барьж, тасралтгүй ноёрхож ирсэн МАН (2008 он хүртэл МАХН), АН хоёрт энэ тэргүүнд ногдох бөгөөд хоёуланг нь нэгтгэн “МАНАН” хэмээх ойлголт нийгэмд түгэн дэлгэрсээр байна. Энэ хоёр нам сонгуулийн үед “цамцаа уралцаж, нүүрээ маажилцдаг” сөрөг хүчнүүд мэт авирлавч, сонгуулийн дараа “нэг хөнжилд ордог” нь ердийн үзэгдэл болжээ.

Энэ нь нийгмийн үзлийн хоосрол, хомсдолын орчинд намуудын тухай төсөөлөл болон намуудын дотоодод өрнөсөн тодорхой үйл явцын үр дүн юм. Монголын эрх зүйн одоогийн орчин нь 2015 онд Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа намуудыг “Бүлгийн болон хувийн эрх ашгаар нэгдсэн иргэдийн улс төрийн байгууллага мөн” хэмээн томъёолсон нь намуудын оршихуйн утга учир, нийгэмд гүйцэтгэх үүргийг үзлийн хариуцлагаас чөлөөлж, ашиг сонирхлын төлөөх өрсөлдөөний бүлэглэл болгосноор тэдний одоогийн мөн чанар, дүр төрх тодорхойлогдож байна.

Социалист нийгмийн үед улс төрийн нам хэмээгч нь төрд ноёрхон, нийгмийг дэглэж, бүхний өмнө туг барьж манлайлах зориулалттай “Авангард” загварын улс төрийн байгууллага байсан нь намын тухай нийгмийн төсөөлөлд гүнзгий ул мөрөө үлдээж, намын үзэл баримтлал, үйл ажиллагаанаас үл хамааран түүнийг амьдралынхаа үнэт зүйл болгож, түүнд үнэнч байх сүсэг бишрэлийн инерци үлдээснийг эрх баригч намууд овжин ашиглаж иржээ.

1996 оноос намуудын удирдлага “намын санхүүжилт бүрдүүлж, сонгогчдын саналыг худалдан авахын тулд хөрөнгөлөг хүмүүсийг түших нь төрийн суудалд олонхи болох нэгэн арга зам болно” гэж үзэж байсан бол 2004 оноос хөрөнгөлөг этгээдүүд нь намын удирдлагыг өөрийг нь худалдан авахаар барахгүй, төрийн сонгуульт албанд бие даасан хүч болон нэгдэж, намд ч, төрд ч эрх ашгаа тулгах болсон. Ийм замаар Монголд олигархи бүлгийн засаглал тогтож, улс төрийн намууд нь олигархиуд төрд шургах хонгил болсон бурангуй орчин үүссэн. Тэгэхдээ элдэв гэмт хэрэг хийж, түмний анхааралд орсон хөрөнгөлөг этгээдүүд намаар дамжин төрд шургаж, дархлаа эдлэх болон төрийн эрх мэдлийг “амьдралаа сайжруулах хамгийн ашигтай бөгөөд хялбар бизнес мөн” гэх үзлээр хүмүүжсэн олигархиудын хойч үеийнхний байр суурь бэхжих үзэгдэл сонгуулийн хооронд лавширсаар ирлээ.

2012 оноос хойш улс төрийн намууд зөвхөн сонгуульт албан тушаалд төдийгүй, төрийн захиргааны албан тушаалыг үнийн жагсаалтаар худалдах болсноор улс төрийн авлигын гал тогоо болж, чанарын хувьслын шат ахижээ.

Улс төрийн намуудын сул дорой байдал, олигархиудын засаглалын үйлчлэгч болж хувирсан шинж нь сүүлийн 10 гаруй жил эдийн засгаа хямруулан, сүйрлийн ирмэгт аваачсан үед ч төр авлигын долгионд живж байх үед ч улс төрийн зарчимт дүгнэлт хийж өөрсдийн эгнээг цэвэрлэж чадаагүй. Таван жилийн турш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан хэлэлцэх явцад тэдний үзэл баримтлалын ялзрал бүтэн төрхөөрөө тодорсон билээ. Төрийн эрхэнд байгаа аль ч нам нь олигархи засаглал төрүүлэгч тогтолцоог өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэгт оруулахаас татгалзсан төдийгүй, АН-ын удирдлага Монгол төрийг бизнесийн объект болгохын төлөө эцсээ хүртэл тэмцсэн нь “ардчилал”-аар овоглож, түүний үнэт зүйлийг өвлөн тээгч хэмээн өөрийгөө өргөмжилдөг энэ улс төрийн хүч улс үндэснийхээ эрх ашгийн бодит хөрснөөс тасарч байгаагийн илрэл боллоо.

 

Дөрөв. Сонгууль шударга бус бол нийгэм төөрдөг ажээ

 

1990 онд монголчууд “Ардчилал” гэдэг ойлголтод итгэж тэмүүлсэн эрч хүчний эх ундарга нь эгэл ард түмэн хүсэл зоригийн сонголтоороо төрөө байгуулж, хувь заяаныхаа жолоог гартаа авч, шударга, эрх чөлөөтэй орчинд амьдрах ёс тогтооход оршиж байсан билээ. Өнгөрсөн 30 жилд найман удаа сонгууль явуулав. Сүүлийн 20 жилд төрийн сонгуулийн утга агуулга хэлбэртгүй гажуудаж, улс төрийн намуудын “стриптиз”, төрийн албыг худалдах яармаг, олигархиудын мөнгөний өрсөлдөөн, худал хуурамч амлалтаар иргэдээ мунхруулах “урлаг”-т төрөл арилжих тал нь давамгайлах хандлагатай болсон нь 2019 онд шинэчлэн баталсан “Сонгуулийн тухай хууль”-д ч уламжлагдан үлджээ.

Сүүлийн 20 шахам жил төрийн эрх баригч намууд сонгуулийн амлалтаа “90 хувиас дээш биелэлттэй” хэмээн сурталчилдаг нь нийгмийн амьдралаас хэт зөрүүтэйг нийтээр мэднэ. Сонгууль бүрийн өмнө төрийн эрх баригч намынхан өөрт ашигтайгаар сонгуулийн хуулийг өөрчилж, сонгогчид нь нэр дэвшигчдийг таних боломжийг хязгаарлан явцууруулж, сонгогчдыг мунхруулах “полит технологио” шинэчилж ирэв. Сонгууль асар их үрэлгэн хийрхлийн шинжтэй болж, нийгмээ талцуулан задалж, сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах арга улам бүр нарийсан тэлжээ.

Энэ бүхний хөдөлгөгч хүч, уг үндэс нь улс төрийн намуудын удирдлагыг атгасан олигархиудын сонирхол байдгийг нийтээр мэднэ. Ийм сонгуулиар тодорсон төрийн эрх баригчдын бодит дүр, мөн чанар нь төрийн санд, төсвийн хөрөнгөд хошуурсан, хуулийг уландаа гишгэж завхруулж ирсэн одоогийн УИХ-ын олон  гишүүний бодит байдлаар илэрч байна.

Төрийн сонгууль нь ард түмэн төрөө байгуулж, хянах эрхийг гажуудуулж, олигархиудын томилолттой нэр дэвшигчдийн уралдаан болж байгаа хандлага нь 30 жилийн турш монголчуудын зорьж тэмүүлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг олигархи засаглалтай зэрлэг капитализм болгон хувиргаж, Монголын нийгмийг “хуурамч ардчиллын баг” өмссөн мөлжлөгийн тогтолцооны золиос болгож иржээ.

 

Горьдлого, эргэлзээ

 

Төрийн ээлжит сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Сонгогч түмэн улс орондоо шударга ёс, хөгжил дэвшил авчирах төрийн тогтолцоо бүрдүүлэхийг хүсэн хүлээж байгаа нь эргэлзээгүй. Одоогийн төрийн дээд удирдлагын түвшинд явуулж буй “төрөө цэвэрлэх”, “30 гэр бүлийн ноёрхлоос салах” бодлого улс үндэстнийхээ цэвэрлэх эхлэл байгаасай хэмээн горьдсоор байгаа нь магад.

Гэвч “энэ найдвар талаар болох ирээдүй нэгэнт тодорч эхэллээ” гэхэд хэтрүүлэг болохгүй нөхцөл байдал үүслээ. Намуудыг олигархиудын гарын зэвсэг болгож байгаа “Намын тухай хууль” өөрчлөгдөөгүй, “Сонгуулийн тухай хууль” нь  эрүүл шалгарал, шударга өрсөлдөөний нөхцөл бүрдүүлж чадаагүй зэрэг суурь асуудлыг хөндөхгүйгээр, зөвхөн сонгуулийн санхүүжилт, зардлын талаар СЕХ-ноос гаргасан шийдвэр болон АН-ын удирдлага нэр дэвшигч тус бүрээс 400 сая төгрөгийн хандив нэхэж байгаа зэргээс ийм дүгнэлт хийсэн хэн ч хол алдаагүй.

СЕХ нь УИХ-д нэг нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг 360-775 сая төгрөг байхаар тогтоолоо. Хамгийн доод хэмжээгээр нь бодоход (гурван зуун жаран сая төгрөг) ЕБС-ийн багш хүн УИХ-д нэр дэвшинэ гэвэл 60 жилийн цалингаа бүтэн зарцуулах болох нь л дээ. Тэгээд зогсохгүй АН-аас нэр дэвшвэл 70 жилийн цалингаар хандив өргөх ёстой юм байна. Энэ бүхнийг эргэцүүлбэл нэг талаас, “Улсын Их Хурал-д нэр дэвшигчид маань гурван төрөлдөө эдлэх цалингаа нэг сонгуульд зориулж, төр түмнийхээ төлөө зүтгэхэд бэлэн ямар мундаг улстөрчид вэ” хэмээн бахархмаар, нөгөө талаас, “Сонгогчид бид чинь хоёр мандаттай нэг тойрогт арван хүн нэр дэвшихэд 3.6-гаас  7.75 тэрбум төгрөг (улсын хэмжээгээр дор хаяж 104.4-өөс 225 тэрбум төгрөг)-ийг зарцуулахаас нааш сонголт хийж чадахгүй болчихсон юм уу” гэж гайхмаар.

Үнэндээ аль нь ч биш юм аа. Одоогийн сонгууль их мөнгөтэй хүмүүсийн сонгогчийн тархи угааж, хууран мэхлэх уралдаан болж сонгогдсон хүмүүсийн олонхи нь төрөөр бизнес хийж улам баяжих шуналын үнэ цэнэ ийм ажээ. Төр нь ийм сонгууль явуулахаар шийдвэр гаргаж байхыг бодоход, Монголын ардчиллын суурь ялзарч байгаа нь төрийн суудлыг зайдалж байгаа болон зайдлахыг мөрөөдөгч олигархиудын амьдарч үржих таатай дотоод орчныг төрийн ивээл дор бүрдүүлэх үйл явц ч байж болох юм.

Эргэлзээ төрүүлэх өөр нэг сэжүүр нь Монгол төр улс орныхоо хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох, зөвшилд хүргэж, хүчийг зангидах чадваргүй хэвээр байгаа ажээ. Сүүлийн гурван жилд дамжин хөгжлийн бодлого боловсруулах талаар шуугисан ч Үндэсний хөгжлийн газраас боловсруулсан “Алсын хараа” хэмээх баримт бичиг нь ажлаа мэдэхгүй делитант түшмэдийн гэнэн төсөөлөл төдий зүйл болжээ. Ийм баримт бичгийг төр, засаг нь хүлээн авч, УИХ-аар хэлэлцэхээр товлосон нь XXI зууны Монгол төрийн нэг эмгэнэл гэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.13  ДАВАА  № 71 (6296)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

5 цаг 24 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

9 цаг 12 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

9 цаг 26 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

9 цаг 34 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

9 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

13 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

13 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

14 цаг 20 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

15 цаг 41 мин