Г.Нарантуяа: Миний шавь нар эх хэлээрээ алдаагүй зөв бичиж, уран яруу уншиж сурдаг

2020-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.МОНГОЛХАТАН “Хаан Эрдэм” бага сургуулийн монгол хэлний багш Г.Нарантуяатай ярилцлаа.   -Та олон шавь тө­рүүл­­сэн ахмад багш. Боловсролын байгууллагад хэдэн жил багшилж байгаа билээ? -Би Булган аймгийн харьяат. 1976 онд Багшийн сургуулийг, 1995 онд МУБИС-ийг төгссөн. Анхан шатны сургуулийн аргазүйч, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Монгол Улсын боловсролын салбарт тасралтгүй 44 жил ажиллаж байна. Энэ хугацаанд боловсролын байгууллагад бага, дунд ангийн багш, сургалтын менежер, нийг­мийн ажилтан, сур­гуулийн захирал хүртэл хийж явлаа. Энэ дундаас хамгийн сайхан, сэтгэл зүрхээ зориулсан гоё дурсамжтай ажил бол бага ангийн багш юм. 2006 онд анх Улаанбаатар хотод ирээд Ерөнхий боловсролын Зургадугаар дунд сургуулийн менежер, захирлын ажлыг хавсарч хийсэн. Тэр үед сургуульд орсон, тэнд сурч байсан хүүхдүүд одоо намайг санахгүй байж мэднэ. Гэтэл 1976 онд сургуулиа төгсөөд Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн найман жилийн сургуульд багшаар очиж, нэгдүгээр анги авч ажилласнаас хойш Дархан хотын улсын тэргүүний гуравдугаар сургуульд бага ангийн багшаар 25 жил ажиллахдаа 12-13 бага анги төгсгөсөн. Тэр үе үеийн шавь нар маань одоо ч намайг мартаагүй, байнга холбоотой байж, уулздаг. Өнгөрсөн жил анхны шавь нар маань 50 нас хүрсэн гээд уулзалт зохион байгуулж намайг урьсан. Үнэхээр сайхан уулзалт болсон. Миний насны хүмүүс битгий хэл надаас за­луу хүмүүс ч ажил хийж чадахгүй байхад на­майг сургуулиуд урьж ажил­луулж байгаа нь бага ангийн багшийн мэргэжил эзэмш­сэн маань, ажилдаа чин сэтгэлээсээ хайртай байж, шавь нараа сайн сургадаг маань л ийнхүү намайг өнөөдөр хүртэл ажил­тай байлгасаар байгаа юм. -Та ямар сургуулиудад багшилж байсан бэ? -Орчлон, Үй-Цай сургуульд багшилж байгаад өнгөрсөн жилээс урилгаар “Хаан Эрдэм” бага сургуульд багшилж байна. Бага ангийн багш бүх хичээлээ заадаг шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд ажилласан хувийн сургуулиуд маань намайг монгол хэлний хичээлийг дагнан заалгаж байна. Би шавь нартаа монгол хэлний цагаан толгой заахаас эхлээд шүлэг яруу найраг цээжлүүлж, уран яруу уншлагад сургадаг. Мөн цэвэр сайхан зөв бичигтэн болгодог онцлогтой. Миний зааж буй ангийнхан нэг хүн шиг цэвэр сайхан бичдэг нь дөнгөж цагаан толгойн үсэг зааж эхлэхдээ л зурлагыг нь нэрлэж, ойлгуулж өгдөг. Тухайлбал, А үсэг налуу шулуун зурлага, орхиц төгсгөлтэй урт ташуу шулуун зурлага, хөндлөн зурлага гурваас бүтдэг гэдгийг ойлгуулсан байхад хүүхэд зөв бичиж сурдаг. Үсгийг зөв дугуйлж бичих нь чухал. Уйгаржин монгол бичиг бол цагийн зүүний дагуу бичдэг бол кирилл үсэг цагийн зүүний эсрэг дугуйрдаг. Зурлагаа ойлгоогүйгээс буруу бичсэнээс бичгийн хэв алдагдаж муухай болдог. Би нэгдүгээр ангиас гадна 2-5 дугаар ангийнхандаа монгол хэл ордог. Зурлагаа буруу сурсан хүүхдүүдэд зурлагаа давхар заагаад л явна. Сүүлийн үед хүүхдүүд ном муу уншиж байна. Уншлага дутмаг болохоор үгийн утга мэдэхгүй. Шүлэг сайн цээжилнэ гэдэг үгийн баялаг нэмэгдэнэ, шүлэг уншдаг хүүхдийн амнаас хараалын үг гардаггүй. Яруу тансаг хэллэг амнаас нь урсаж байхад муу үг гарахгүй шүү дээ. Уран яруу уншина гэдэг хүүхдийн дуу хоолой цээл сайхан болохоос эхлээд олон сайн нөлөөтэй. Тиймээс миний шавь нар монгол хэлээр зөв сайхан ярьдаг, цэвэр алдаагүй бичдэг, уран яруу уншдаг болж төгсдөг дөө. Хичээлийг сонирхолтой заахад хүүхдүүд дуртай, урамтай сурдаг. Нэгдүгээр ангийн бяцхан шавь нар маань хичээл заагаад дуусахад “Сонирхолтой гоё хичээл заасанд баярлалаа багшаа” гэж хэлдэг нь надад том урам өгдөг. Нэг ёсондоо надад тавьж буй дүн юм даа. -Сүүлийн үед монгол үгний дүрэм өөрчлөгдөн, нэг үгийг олон янзаар бичдэг болчихлоо. Бага ангийн хүүхдүүд ямар дүрэм стандартаар хичээллэж байна вэ? -Үзэг салгахгүйгээр зурлагаа зөв дугуйлж бичих ёстой. Тайлбартай дасгалын арга бол унших, ярих бичих үйл ажиллагаа гурвуулаа зэрэг явагддаг үйл ажиллагаа юм. Нэгдүгээр ангийн хүүхдүүд үсгээ үзэж дуусаад уншлага хийхдээ заавал хурдан, нэг минутад олон үг унших албагүй. Нормоороо уншаад, уншсан зүйлээ ойлгож, утгыг нь ярьдаг, хүнд өөрийн санаа бодлоо зөв ойлгуулж чаддаг байх л монгол хэлний гол зорилго. Арванхоёрдугаар сарын 22-нд үсэглэлийн баяраа хийсэн шавь нар маань энэ хавар нэгдүгээр ангиа төгсөхдөө үгийг бүтцээр нь задалж тайлбарлаж чаддаг болох юм. Харин хоёрдугаар ангидаа балархай эгшгийн дүрэм, гуравдугаар ангидаа гээгдэх эгшгийн дүрэм, дөрөвдүгээр ангид тийн ялгал, тавдугаар ангид үгийн бүтэц үзэхдээ үгийн бүтцээ давхар тайлбарлаад л явна гэсэн үг. Ингэж сурсан хүүхэд монгол хэл дээр алдана гэж байхгүй. -Таны заах арга барил сонирхолтой, онцлог юм. Тайлбарлан таниулах аргаар танайхаас өөр сургуульд заадаг уу? -Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат гавьяат багш Рэнцэндоржийн анхлан санаачлан гаргасан “Тайлбартай дасгалын арга”-аар олон багш хүүхдүүдийг амжилттай сургасан байдаг. Тэдний нэг нь би. “Хаан Эрдэм” сургуулийн монгол хэлний хичээлийг тайлбартай дасгалын аргаар явуулж байна. Хүүхэд бүр үзсэн дүрмээ тайлбарладаг учраас монгол хэлний хичээлийн хоцрогдол гардаггүй. Би Үй-Цай сургуульд багшилж байхдаа тавдугаар ангийг 121 хүүхэд төгсгөхөд 100 хувь А дүн авч байлаа. Нэг ч хүүхэд В дүн аваагүй. Тэр өдөр өөртөө баярлаж, бахархаж байсан. Ер нь миний шавь нар эх сайхан хэлээрээ алдаагүй зөв бичиж, уран яруу уншиж сурдаг. -Та хүүхдүүдийг яаж монгол хэлний хичээлд дуртай болгож байна вэ? -Хичээлээ л сонирхолтой гоё заах ёстой. Жишээлбэл, би Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог” шүлгийг хүүхдүүддээ уншиж өгөхдөө үгийн утгыг нь тайлбарладаг. “Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог” гэсэн мөртийг уншихад хүүхдүүд ойлгодоггүй. Тэгэхээр нь хүрэн толгойн сүүдэр бол монгол ардын уртын дуу юм гээд тэр дууг нь дуулж сонсгодог. Тэгэхээр хүүхдүүд гайхаж сонирхож сонсдог. Багш хүн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, уран уншигч, зураач гээд бүхнийг чаддаг байх ёстой. Заримдаа бага насны амьдралаа ярьж өгөхөөр яг кино үзэж байгаа юм шиг л хүлээж авдаг. Мөн манай “Хаан Эрдэм” сургуульд уран уншлагын хичээл ордог учраас хүүхэд бүр шүлэг яруу найргийн утга бүрийг ойлгож, үг бүрийг мэдэрч дуртай болдог. “Ээжтэйгээ байхад би баян байсан” гээд уран уншихад уйлж сонсдог хүүхэд ч бий. -Зургаан настны гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг айл гэрт том асуудал болдог. Яавал гэр бүл амар тайвнаар хүүхдүүдээ сайн сургаж, хичээлдээ сонирхолтой болгох ёстой юм бэ? -Ангийнхаа хүүхдүүдэд даалгавар бага өгдөг. Өдөрт таван мөр бичих гэх мэт. Номоо харин сайн уншаарай гэдэг. Хичээл дээрээ унших арга барилаа олоод сурчихсан хүүхдүүд хариад төвөггүй даалгавраа хийж, номоо уншдаг. Хүүхдийг бичиг үсэг сурах гэж хичээж буй үед нь загнах бус урамшуулах хэрэгтэй. Би ангийнхнаа урамшуулах гээд нэг кг чихэр авчраад тавьчихдаг. Тухайн өдөр хичээлээ сайн хийсэн, сайн уншсан хүүхдүүдээ шагнаж нэг чихэр өгдөг. Уг нь хүүхдүүдэд миний өгч буй чихэр тийм олдошгүй ховор зүйл биш шүү дээ. Гэрт нь тавган дээр нь байж л байхад бараг тоож ч идэхгүй байх. Харин багш сайн сурсан хүүхдийг шагнаж өгнө гэдэг хүүхдийн хувьд хамгийн том урам болдог. Тэгэхээр гэртээ ч бас эцэг эхчүүд хүүхдээ сайн урамшуулах хэрэгтэй. Аль болох сайн зүйл дээр нь дөрөөлж урам өгөх хэрэгтэй. Пиццанд дуртай бол өнөөдөр миний хүү сайн байсан учраас пицца авч өглөө гэх мэтээр. Бусад хүүхэдтэй огт харьцуулж болохгүй. Хэрэв чадахгүй байна гээд загнаж, зодоод байвал сургууль гэдэг аймшигтай газар, хичээл гэдэг хэцүү мэт хүлээж аваад хичээлдээ дургүй болдог. Тиймээс үргэлж үгээрээ, үйлдлээрээ урамшуулж, шагнаж байх хэрэгтэй. -Та “Миний унших анхны ном” нэртэй ном хийж шавь нартаа өгсөн байсан. Цагаан толгойн номноос юугаараа ялгаатай вэ?  -Ццагаан толгойн номоо хүүхдүүд цээжилчихдэг. Тиймээс цагаан толгойн номон дээр байхгүй үгнүүдийг түүж жил гаруйн хугацаанд бэлдсэн ном юм. Энэ номоороо гурав дахь ангиа сургаж байна. Эхний ном учраас хэвлэх үйлдвэрт албан ёсоор хэвлүүлээгүй. Цаасан дээр хэвлээд үдээд өгчихдөг юм. Ямартаа ч шавь нар маань илүү хурдан сайн сурахад нь миний ном тусалдаг. Манай сургууль намар гурван сарын хугацаанд хүүхдүүдээ уншуулж бичүүлж сургасан. Хоёрдугаар ангид үзэх хичээлээ ерөнхийд нь үзээд нэгдүгээр ангиа төгсөөд амарна. Монголын жаргалант ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрдэм номдоо шамдан суралцаж, эх орныхоо ирээдүйг гар дээрээ өргөх сайханд тэмүүлж, аав ээждээ ачлалтай, ард олондоо тустай сайн иргэд болж төлөвшөөсэй гэж ахмад багшийн хувьд  ерөөж байна. Ном эрдмийн гэгээн хур асгаран буух болтугай, номт хүмүүн төрж цэцэгс дэлгэртүгэй баярлалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.12  ЛХАГВА  № 30 (6255)
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

14 цаг 2 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

15 цаг 2 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

15 цаг 4 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

15 цаг 8 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

15 цаг 39 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

16 цаг 43 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

19 цаг 53 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

22 цаг 41 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

22 цаг 46 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

22 цаг 51 мин