Долгормаа багш

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
...Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлсэн залуухан багш М.Долгормаа хэдхэн жилийн дотор ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлж, нутаг усандаа нэртэй, шавь нарынхаа хайртай багш болсон байна... Түдэвийн Батжаргал 39 дүгээр дунд сургуулийн 1980 оны 8в ангийн төгсөгч 1970-аад оны үед Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй хайрханы өвөрт ганцаар сүндэрлэх дөрвөн давхар саарал тоосгон сургуулийн байшинг “Өнчин саарал” гэж саяхан болтол нэрлэдэг байсан юм. 2015 он гартал нийслэлийн хойд дэнжид үүнээс өөр өндөр барилга байгаагүй, хотын хаанаас ч тод харагдах учир ийнхүү нэрлэсэн хэрэг. Уг сургуульд хотын хойд захын Дэнжийн-1000, Чингэлтэйн болон дөрөв, таван буудал, бараан зах орчмын гэр хороолол, хоёр буудал, Хонхорын мянга, Зурагт орчмын айл өрхүүдийн 1500 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байв. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын найман жилийн 39 дүгээр дунд сургууль 1969 онд байгуулагджээ. Өнөө жил тус сургуулийн 50 жилийн түүхт ой тохиож буй юм. Энэхүү хагас зуун жилийн хугацаанд тус сургуулийг олон арван мянган сурагч төгсөн амьдралын алтан шар замд хөл тавьж, хэдэн зуун багш, сурган хүмүүжүүлэгчид ажил, амьдралаа холбосон баялаг түүхтэй. Тэдний нэг нь Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, ахмад багш Мажигсүрэнгийн Долгормаа юм. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1941 оны Мартын 8-наар мэндэлсэн М.Долгормаа бүсгүй 1959-1963 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсч, бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш эх орныхоо гэгээрэл, боловсролын салбарт 40 шахам жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган бяцхан шавь нартаа “А” үсэг анхлан зааж, арвин эдмийн шимийг хүртээсэн ачтан билээ. Энэ хугацаанд тэрээр 12 удаа бага ангийг дааж төгсгөжээ. Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлсэн залуухан багш М.Долгормаа хэдхэн жилийн дотор ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлж, нутаг усандаа нэртэй, шавь нарынхаа хайртай багш болсон байна. 1967 онд тус аймагт явагдсан Гэгээрлийн яамны сайдын шалгалтад онц дүнтэй шалгагдсаныг үнэлж, “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасан нь дээрх хичээл зүтгэлийн нотолгоо юм. Ингэснээр ийм нэр хүндтэй шагнал хүртсэн тус сургуулийн анхны багш болсон аж. Дараа нь 1971-1986 онд Чингэлтэй дүүргийн 39, 1986-1997 онд Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллажээ. Ийн ажиллах хугацаандаа 1000 гаруй хүүхдийг нэгдүгээр ангийн алтан босгоор анх алхуулж, эрдмийн ангир уураг болсон “Цагаан толгой”-н 35 үсгийг мэдүүлж, ирээдүйнх нь алтан шар замд хөтлөн замчилжээ. [caption id="attachment_72817" align="aligncenter" width="850"] Нийслэлийн Сүхбаатарын районы ерөнхий боловсролын найман жилийн 39 дүгээр дунд сургуулийн М.Долгормаа багштай 3в анги 1974 он, аравдугаар сар. Нэгдүгээр эгнээ, зүүн гараас: В.Сүнжидмаа, Энхцэцэг, Сүх-Эрдэнэ, Баасанжаргал, ангийн багш М.Долгормаа, Эрдэнэчимэг, Я.Батжаргал, Баярмаа, Саранцэцэг, хоёрдугаар эгнээ зүүн гараас: Саранхүү, Ш.Гантулга, Батдулам, Гантуяа, В.Сүнжидмаа, О.Энхтуяа, П.Энхтуя, Сувдаа, Ариунцолмон, гуравдугаар эгнээ зүүн гараас: Бямба-Отгон, Оргил, Эрдэнэбаяр, Т.Батжаргал, Мөнхбат, Б.Эрдэнэчимэг, Батболд, Лхагвасүрэн, Цогтоо, дөрөвдүгээр эгнээ зүүн гараас: Банзрагч, Цогтгэрэл, Улаанхүү, Ганбаатар, Ж.Гантулга, Дорждэрэм, Батсайхан, Ганбат, Амгаланбаатар, Мөнхбаатар, Төрбат, Очирхуяг.[/caption] М.Долгормаа багш хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ажиллах, хүүхдийн сонирхож буй зүйлд нь тулгуурлан хичээлээ тайлбарлан ойлгуулах, сургалтдаа төрөл бүрийн тоглоомын арга ашиглах, шавь нарынхаа чөлөөтэй ярьж, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх зэрэг заах аргын шинэлэг хэлбэрийг санаачлан хэрэгжүүлж байв. Багш нарын бага хуралд илтгэл тавьж өөрийн бэлтгэсэн хичээлийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргах, багш нарт нээлттэй үзүүлэх хичээл зааж, туршлагаа танилцуулах гээд олон талын бүтээлч ажлыг сэдэж байжээ. Нэгдүгээр ангийн сурагчдыг богино хугацаанд уншуулж, бичүүлж, бодуулж сургах, тэдний хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэдэг өвөрмөц арга барилтай, хамт олон, эцэг эхчүүд, шавь нарынхаа дунд ихээхэн нэр хүндтэй багш юм. Сургалтын чанарыг сайжруулахын тулд бүтээлч санаачилгатай хандах, заах арга барилаа сайжруулахад байнга санаа тавьж, шинийг эрэлхийлж ажилласнаар чамгүй амжилт гаргасан байна. Хичээлийг амьдралтай холбох, ээлжит хичээлийн бэлтгэлийг чанартай хийх талаар уйгагүй ажиллан хичээл бүрийг төлөвлөгөө, бэлтгэл сайтай зааж, сургалтад ашиглах хэрэглэгдэхүүнийг бэлтгэж, бага ангийн кабинетийг жил бүр шинэчлэн, үзүүлэн таниулах материалыг байнга баяжуулж, тэргүүний кабинетийн гэрчилгээг удаа дараа авч байжээ. Сурагч, эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллаж, сурагчдынхаа ар гэрээр тогтмол орж, амьдралын түвшин, ахуй байдлыг нь нэг бүрчлэн судалж, өнчин өрөөсөн, ядуу тарчиг амьдралтай хүүхдүүдэд тусгайлан анхаарал тавьж, эхийн хайрыг дутаахгүй тэтгэж ирсэн нинжин сэтгэлтэн юм. Сурагчдын мэдлэгийг зөв, шударга үнэлэн хүүхэд нэг бүртэй уйгагүй тулж ажиллан сурлагын хоцрогдол гаргалгүй ажилласны үр дүнд заасан ангийнх нь сурагчид ямагт 100 хувийн амжилттай суралцан анги дэвшиж иржээ. Хүүхдийг бага ангиас нь нас, биед нь тохирсон ажил хөдөлмөрт бага багаар сурган тэднийг хамтын хүч, хамтын хөдөлмөрт дуртай болгох санаа сэдлийг төрүүлж хөгжүүлж иржээ. Сурагчдыг эх оронч, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох, бусдыг хүндэлдэг хүмүүжилтэй болоход анхаарч, хичээлээ тухайн орчинд зохицуулан заадаг байлаа. Даасан ангийнхаа хүүхдүүдтэй хамт явган аялалд явж, байгалийн сайханд хичээлээ заах тохиолдол ч цөөнгүй байж. Мөн эвхдэг болон бяцхан ном хийж, сургалтад анх удаа ашиглаж байсныг Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс тэргүүн туршлага болгон сургуулиудад хэвшүүлэн хэрэглэж байжээ. Чухам үүний үр дүнд шавь нар нь орон нутгийн хэмжээнд зохиосон төрөл бүрийн уралдаан тэмцээн, олимпиадад олонтаа тэргүүлж байжээ. Тухайлбал, нийслэл, дүүргийн хэмжээнд зохиодог монгол хэл бичгийн олимпиадад даасан ангийнх нь сурагчид жил дараалан I-V байр эзэлж байв. М.Долгормаа багшийн даасан ангийн хичээл байнга нээлттэй явагдаж, туршлага судлахаар ирсэн бусад сургуулийн мэргэжил нэгт багш, сурган хүмүүжүүлэгчдэд үзүүлэх, нийслэл, дүүргийн сургуулиудад урилгаар очиж, үзүүлэх хичээл зааж туршлагаа хуваалцан шинэ залуу багш нарын заах арга зүйд заавар зөвлөгөө, зөвлөмж өгнө. Ингэж заах арга барил, туршлагаа мэргэжил нэгт нөхөдтэйгөө хуваалцаж, тэдэндээ зөвлөн тусалдаг байсан талаар хамт олон нь бахархан өгүүлж байна. Жишээлбэл, дунд сургуулийн бага ангид гурван жил суралцдаг байсныг дөрөв болгох санал санаачилгыг анхлан дэвшүүлсэн нь ажил хэрэг болж, боловсролын шинэ системд шилжихэд заах арга, хичээлийн хэрэглэгдэхүүнийг хэрхэн шинэчилж, хичээлээ хэрхэн заах талаар Сэлэнгэ, Булган, Дорноговь аймаг, Дархан, Эрдэнэт хотын ерөнхий боловсролын дунд сургуулиудын бага ангийн багш нарт гавьяат багш Лэгдэнгийн Балжир, Балжинямын Сэмжид нарын хамт тусгай сургалт зохион байгуулж, ажлын арга барил туршлагаа түгээн дэлгэрүүлж байлаа. Энэ дурсамж нийтлэлийг тэрлэгч миний бие М.Долгормаа багшийн дааж авч сургасан бага ангийн олон шавь нарынх нь нэг байсны хувьд багшийнхаа талаар сайн мэдэх хүний нэг нь яах аргагүй би билээ. Багш маань өөрийн төрсөн олон хүүхдийг өсгөн хүний зэрэгт хүргэхийн зэрэгцээ даасан ангийнхаа хүүхдүүдэд эрдэм ном сургах гэж уйгагүй хөдөлмөрлөдөг туйлын ажилсаг хүн байлаа. Ёстой л нийгмийн ухамсар хариуцлагаа өндөр ухаарсан, бусдын төлөө бүхнээ зориулсан ач буянтай, жинхэнэ ардын багш юм. Сайн багшаас гадна ачлалт эхийн хайр, халамжаар анхаарал тавьдаг. Зөвд зөөлөн бурууд хатуу, өнчин өрөөсөн ядрууг нь энэрч тэтгэдэг, зэмлэж шүүмжлэхдээ хэнийг ч ялгадаггүй, дэггүйтээд бусдыг дээрэлхдэг сахилгагүй нэгэнд таарах шийтгэлийг нь ногдуулж буруу зан хүмүүжлийг нь эртнээс засч төлөвшүүлдэг, шулуун шударга багш билээ. Хүүхэд бүртэй тулж ажилладаг, үг сургаалиа үргэлж хайрладаг, эх орноо хайрлах, үндэс угсаагаа хамгаалахад үлгэр дуурайл болдогсон. Багш өдөр бүр гэрийн даалгавар өгч маргааш нь заавал шалгаж дэвтэр үзнэ, хурааж авна, цэвэр нямбай бичиж сурахыг шаардаж, хэрхэн зөв бичихийг өөрөө үлгэрлэж үзүүлнэ. Дуу, шүлэг зааж, өгүүллэг уншуулж яриулж хүүхдийн ярих, тогтоох чадварыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй ажилладаг байлаа. М.Долгормаа багш бяцхан шавь нартаа үндэсний уламжлал, түүх шастир, үлгэр туульстай холбон хичээлийг маш сайхан заадаг, өргөн мэдлэгтэй, амьдралын их ухаантай, ардын хүүхдүүдэд хөдөлмөрч, зөв хүмүүжил, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг балчир багаас минь суулгаж төлөвшүүлж өгсөн ачтан билээ. М.Долгормаа багшийнх гэр бүлээрээ ардын боловсролын салбарт бүх амьдралаа зориулсан. Түүний хань Л.Галсандорж мөн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургуулийн дуу, хөгжмийн багшаар олон жил үр бүтээлтэй ажиллаж Монголын радио, телевизийн дэргэдэх “Улаан бүч” хүүхдийн найрал дууны чуулгыг анх 1977 онд байгуулсан уйгагүй хөдөлмөрч, нэр хүндтэй ахмад багш байлаа. Тэдний хоёр ч хүүхэд нь эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн өсвөр үеийн хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хүчин зүтгэж явна. М.Долгормаа багшийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнасан. Багш маань тэтгэвэрт гарсан ч Дэнжийн-1000 дахь хорооныхоо бага ангийн хүүхдүүдэд гэрээр хичээл зааж, давтлага өгдөг төдийгүй АНУ-ын Чикаго хотод урилгаар очиж тэнд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд төрөлх монгол хэлний хичээлийг уйгагүй зааж буй буянтан юм. Энэ жил тохиож буй 50 жилийнхээ түүхт ойг тохиолдуулан боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, ардын бяцхан үрсийг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд зориулсан олон жилийн нөр их хөдөлмөрийг нь үнэлж, ахмад багш М.Долгормааг Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулахаар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуулийн хамт олон нь тодорхойлсныг дүүрэг, НИТХ-ын тэргүүлэгчид дэмжсэн тухай сайхан мэдээ авлаа. М.Долгормаа багш ийм эрхэм хүндтэй цолыг хүртэх зүй ёсны эрхтэй. Тэрээр бүх амьдралаа бага ангийн багшийн хүнд хүчир хөдөлмөрт зориулж олны хайр хүндлэл хүлээсэн, нэрт сурган хүмүүжүүлэгч билээ.
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

6 цаг 16 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

10 цаг 4 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

10 цаг 18 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

10 цаг 26 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

10 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

14 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

14 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

15 цаг 12 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

16 цаг 33 мин