Д.Золбоо: Шат ахисан харилцааг хэрхэн ашиглах нь биднээс хамаарна

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочноор ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоог урьж Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын эргэн тойронд болон Монгол Улсын гадаад харилцааны зарим асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үеийн халуун сэдэв бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал байлаа. Судлаачийн хувиар айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ? -Хоёр орны харилцаанд тулгараад байсан асуудал байгаагүй боловч хүлээсэн үр дүнгээс илүү гарсан айлчлал боллоо гэж хувьдаа дүгнэж байгаа. Бид нэг юмыг бас ойлгох ёстой юм. Гадаад бодлого өөрөө болгоомжтой хандах ёстой эмзэг сэдэв. Аль ч улсын төрийн өндөр дээд айлчлалд холбогдох мэдээлэл өмнө нь нууцын зэрэглэлд байдаг олон улсын жишиг бий. Тэр утгаараа нууц хөзөр ил гарсан гэдэг шиг айлчлалын үр дүнг сэтгэл хангалуун хүлээн авч байгаа. -Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүрснийг зарлалаа. Бодит байдалд ямар ач холбогдолтой юм бэ? -Нэг үгээр бол боломж гэж хэлж болно. Түншлэл ахина гэдэг нь итгэлцэл сайжирч байна гэсэн үг. Нэг жилийн дотор бүх зүйл цэцэглэн хөгжөөд газар тэнгэр шиг ялгаатай болсон зүйл байхгүй. Зүгээр бичиг цаас бол нэг хэрэг. Харин харилцааны энэ шатанд юу хийж чадах вэ гэдэг нь биднээс шалтгаалах байх. Мэдээж бодит амьдралд ахиц гараагүй байж харилцаагаа сайжруулаад яах юм гэсэн асуулт байгаа байх. Энэ бол бид тодорхой хэмжээнд түншийнхээ итгэлийг олж авчээ гэдгийг илтгэж байгаа хэрэг л дээ. Цаашдаа ч илүү төвшинд хүрч болох юм гэсэн санаа. Түүнээс биш шуудхан хэлэхэд өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалаас хойш гадаад худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт гэсэн бодит салбаруудад өөрчлөлт бараг ороогүй. Эдийн засгийн түвшин гэх мэт зүйлсийг ярихаас илүүтэй бидний өвөг дээдсийн үлдээж өвлүүлсэн газар нутаг, геополитик бол үнэхээр дэлхийн улсуудад ямар чухал байгааг харуулж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын газарзүйн байрлал том гүрнүүдийн хувьд энэ бүс нутагт өөрсдийн сонирхлыг хадгалах сонирхол байсаар ирснийг харуулж байна. Мэдээж хэрэг үүнийг дагалдаад эдийн засаг, хөрөнгө санхүүгийн салбарын хувьд боломж нээгдэж байгааг бас бодох хэрэгтэй. -Ерөнхий сайдыг айлчилснаас хойш жил хүрэхгүй хугацаанд түншлэлийн шатыг ахиулсанд сайшаах нэгэн байхад дор хаяж 10 жилийн зайтай байдаг дипломат харилцааг өөрчиллөө гэх шүүмжлэл ч харагдсан? -Ийм богино хугацаанд дараагийн түншлэлд шилжиж болдог юм уу гэсэн шүүмжлэл байсан. Олон улсын харилцааны жишигт энэхүү түншлэлийн томъёоллыг хэрэглэдэг болсноос хойш 30-аад жилийн түүх л бий. Энэ түүхэнд тэдэн жилийн дараа ингэж ахиулна, дараа нь ингэнэ гэх мэтээр дэв ахиулж байгаа юм шиг ханддаг тогтолцоо байгаагүй. Хоёр улсын сэтгэл, зориг, зорилго нийцэж л байвал аль болох богино хугацаанд түвшин ахиулах боломжтой. АНУ-тай стратегийн түншлэлтэй болно гэдэг нь хоёр хөршийнхөө түвшинд авч үзэж байгаатай бараг ижил болж байна. Нөгөө утгаараа бодит шаардлага байсан гэсэн үг. Дэлхийн тэргүүлэгч гүрэн Монгол Улстай харилцах харилцаандаа энэ хэмжээний анхаарал өгч байжээ гэдгийг  харуулж байгаа юм. Ер нь олон улсын өнөөгийн харилцааны нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй болж байгаа цаг үед өнөөгийн бид амьдарч байна. Жишээ нь сая Ерөнхийлөгчийг яваад ирэхтэй зэрэгцэн Пентагоны тэргүүн манайд айлчилж байх жишээтэй. Өмнө нь төлөвлөгдсөн байсан байх л даа. Ямартай ч олон улсын харилцаанд Монгол Улсын байр суурь чухал шүү гэдгийг дэлхий нийтэд харуулж байна. -Хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засгийн эргэлт чамлалттай байгааг төрийн тэргүүн онцолж байсан. Стратегийн хамтрагч болчихоор энэ асуудалд ахиц гарах болов уу? -Түрүүн хэлсэнчлэн боломжийг нь нээчихлээ гэж харж байна. Тунхаг бичиг нь олон заалттай. Заалт бүрийг нь салбар болгоноор дэмжээд явчихвал болохгүй зүйлгүй. Мэдээж хоёр улсын хамтын ажиллагаанд хурдасгах, сайжруулах зүйл олон байгаа. Гэхдээ хоёр хөршөө алгасаад “гуравдагч”-тай харилцаад байх боломж хомс гэдгийг бодолцохоос аргагүй. -Манай улс АНУ-ын хувьд стратегийн 17 дахь, харин манай улсын хувьд Америк тав дахь түнш нь болж байгаа юм билээ. Үүнийг судлаачид бас сайшааж байна? -Дэлхийн бүх улстай дипломат харилцаатай улс хэр олон байдгийг би мэдэхгүй. Тэр дундаа биенийхээ харилцааг илүү түвшинд авч үзэж байгаа нь хэд байна гэдэг нь чухал байх. Америк шиг том гүрэн манай улсыг 17-д авч үзэж байна гэдэг бас л гоё байна. Хэрэв хөгжлөөрөө ярина гэвэл 20-ийн бүлгийн улсуудтай бүгдтэй нь стратегийн түншлэлтэй байх л ёстой шүү дээ. Тэгвэл тэднээс өмнө Монгол Улсыг оруулна гэдэг тэдний ашиг сонирхол энэ бүс нутагт байгаагийн баталгаа гэж бодож байна. Ерөнхийлөгч ч “Монгол бол жижиг улс биш” гэсэн санааг уулзалтын өмнөх лекцийн үеэр тодорхой хэлсэн. Гэхдээ жижиг, томын гэдэг агуулгаар хэлээгүй байх. Олон улсын харилцаанд жижиг улс, том улс гэсэн ойлголт төвөгтэй. Нэг жишээ хэлэхэд,  манайхан  “Их-20”-ийн улсууд гэж ярьж бичих дуртай. Уг нь тэр улсууд нь өөрсдийгөө том гэсэн утгаар хэлээд байгаа юм биш. Англи хэлээр group буюу бүлэг гэсэн нэр явдаг. “Бид 20-уулаа, долуулаа уулзаж байна” гэх мэтээр бүлэг гэсэн утгыг илэрхийлдэг юм. Олон улсын харилцааны түүхэнд “77-ын бүлэг” гэж байсны л нэг адил шүү дээ. Энэ мэтчилэн олон улсын харилцааны нэр томъёо хүртэл учиртай. Ерөнхийлөгчийн хэлсэн санааг  “Хүн ам цөөтэй, буурай орон хэдий ч жижигт орохгүй шүү” гэж хэллээ гэж би ойлгосон. Магадгүй эдийн засгийн үзүүлэлт гэх мэтээр хойгуур жагсах хэдий ч бидний байр суурь бол дээгүүрт байна гэдгийг Ерөнхийлөгч саяны айлчлалаараа олон улсын төвшинд гаргаад тавьчих шиг боллоо. -АНУ зөвхөн манай улсад зориулсан хуулийг батлах гэж байгаа нь бид танай гуравдагч хөрш шүү гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Таны хувьд хэрхэн дүгнэсэн бэ? -“Гуравдагч” хөрш гэсэн нэр томъёоны гарлын хувьд 1990-ээд оноос АНУ манай хөрш байж болох тухай сонирхлоо илэрхийлсэнтэй холбоотой тайлбарладаг. Тус улсын хууль тогтоох байгууллага нь зөвхөн манай улсад хамаатай хуулийн төслийг хэлэлцэж батлах гэж байгаа нь бид танай “гуравдагч хөрш” шүү гэж хэлсэнтэй утга дүйх байх. Дэлхий дээр Монгол шиг хоёрхон хөрштэй улс цөөхөн. Ихэнх нь далайд гарцгүй улс орнууд байгаа. Тэгэхээр “Гуравдагч хөрш” гэсэн ойлголт зөвхөн манай улсад хамаатай гээд хэлчихэд буруудахгүй байх. ХХ зууны түүхийн турш монголчууд хоёр том хөршийнхөө дунд цаашид оршин тогтнохын тулд гуравдагч хөрш хэрэгтэй гэж үзсээр ирсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийг “оюун санаа”, Японыг гол “хандивлагч” улсынх нь хувьд “хөрш” хэмээн нэрлэсээр ирсэн. Хамтын ажиллагаа, түншлэлийнхээ хүрээнд манай “гуравдагч хөрш”-ийн нэг нь АНУ яах аргагүй мөн юм гэдгийг баталгаажууллаа. Цаашид энэ тоо нэмэгдэх эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй юм. -Ер нь нэмэгдэх шаардлага бий юу? -Бодит шаардлага бол бараг байхгүй гэж бодож байна. Мэдээж бусад улс орноос санал ирэхэд татгалзана гэж юу байхав. Гэхдээ олон улсын харилцаанд энгийнээр хэлэхэд “за гэвэл ёогүй” байх харилцаа л үйлчлэх ёстой. Түүнээс биш хэчнээн цаасан дээр гоё зүйлс буулгачихаад биелүүлэх гэхээр олон тайлбар тавиад байвал утгагүй болно. Бид олон улсын харилцааг хэтэрхий хөрөнгө мөнгөтэй холбочих гээд байдаг. Уг нь эхлээд өөрсдөө хийж чадах төвшинд оччихоод хамтрахгүй бол бүх зүйлийг мөнгөтэйгийн талаас хүлээгээд байж болохгүй л дээ. Сая Ерөнхийлөгчийн айлчлалыг хүмүүс олон янзаар хэлж байна. Тийм том газар оччихоод олигтойхон юм ярьсангүй. Томхон юм авчирсангүй гэж шүүмжилж байна. Нөгөө л нэг тэжээлгэх, бэлэнчлэх сэтгэлгээ байгаад байна. Мэдээж эдийн засгийн үр ашгийг ор тас орхигдуулбал утгагүй. Гэхдээ аливаа зүйлийг хоёр талаас нь харж байх хэрэгтэй л дээ. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн тавьсан лекц оновчтой болсон гэж харсан. Гадны туршлагатай лекторын асуултад дорнын хүний далд ухаанаар зөв хариултууд өгсөн гэж бодож байна. -Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт таван минутаар төлөвлөгдсөн ч 40 минут болсон. Дипломат айлчлалын хүрээнд хөтөлбөрийн дагуу товлосон хугацаа ингэж сунаж байсан тохиолдол бий юу? -Уг нь протокол талаасаа болдоггүй юм билээ. Хууль биш учраас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж болдог байх. Ярьж байгаа асуудал нь нууцлалын түвшинд байдаг учраас уян хатан байж болдог. Тэр хоёрын уулзалтын дараа хүлээж байсан уулзалтуудыг хойшлуулна гэдэг нь маш үр дүнтэй, чухал асуудлууд ярьсан болов уу гэж бодсон. Ер нь албан айлчлалын хугацаа ингэж сунаж байсан тохиолдол байдаггүй байх. Уулзалтын үеэр Сибирийн түймрийн тухай манай Ерөнхийлөгч ярьсан гэсэн яриа гарсан байсан. Үнэн худлыг би мэдэхгүй. Яг үнэндээ Сибирь бол дэлхийн уушги шүү дээ. Амазон мөрөн, Сибирийн ойгүйгээр бид яаж амьдрах билээ. Энэ асуудлыг гаргаж тавьж, байдлыг эргүүлж чадсан бол манай Ерөнхийлөгч маш алсын хараатай улстөрч, сайн дипломатч хүн юм гэж хэлмээр байна. -Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг та хэрхэн хардаг вэ? -Ахмад дипломатчуудын хэлдэгтэй би санал нийлдэг. Монголын гадаад харилцааны бодлого нэг цонхоор тууштай явж чадсан гэж боддог. Харьцангуй богино буюу 30 жилийн түүхтэй гэдэг нь хөлд орох гэж буй хүүхэдтэй адил хугацаа. Энэ богино хугацаанд алдаа оноо байсан ч тогтвортой хөгжүүлж чадсан. Голж болно, гэхдээ улсынхаа хэмжээнд чамлахааргүй үзүүлэлт. Бидний өмнө тулгардаг хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ яалт ч үгүй үнэн. Хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэхээр манайд санхүүжилт нь байдаггүй. Олон улсын харилцаанд жижиг, томын асуудал болчихоод байдаг. Хоёр талаас ажил ярих гээд эхлэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй болчихдог. Монголд тийм санхүүжилт нь алга. Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр сонголт одоохондоо байхгүй. Жишээлбэл, өнгөрсөн хавар манайхан ШХАБ-ын гишүүнчлэлийн асуудлаар багагүй маргалдсан. Яахав миний ярьж байгаа жишээ жижиг асуудал байж болно. Хэрвээ бид ШХАБ-д гишүүнээр элсчихвэл жил тойрон болдог бүх салбар хуралдаанд оролцож байх хэрэгтэй болно. Тэгвэл тэр болгонд сайд нараа оролцуулах томилолтын зардлыг нь манай өнөөгийн төсөв дийлэх үү гээд л асуудал эхэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүх юман дээр мөнгөтэйгийн талд даган дуурайх гэж оролдоод байвал бидний эрх ашиг хэрхэх вэ гэдэг дээр бодох л асуудал. Дээрээс нь гадаад харилцааны асуудлыг олон нийтийн түвшинд хэтэрхий аваачиж болдоггүй. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогыг гудамжинд гаргаж болохгүй гэж ахмад дипломатуудын хэлдэгтэй санал нэг байна. Энэ тал дээр бид өөрсөддөө шат ахих зайлшгүй шаардлага бий. -Хоёр том улстай хиллэдэг онцлогтой улсын хувьд гадаад бодлогоо ухаалаг авч явахаас аргагүй гэж та хэлж байна уу? -Түрүүнд хэлсэнчлэн өвөг дээдсээс өнөөгийн бидэнд өвлүүлсэн газар зүй, геополитикийн ховорхон боломжид нь талархах ёстой. Үүнийгээ цааш нь алдагдуулалгүй авч явах нь бидний үүрэг. Хоёр том хөршийн хувьд бид одоогоор харилцааны хамгийн сайн түвшиндээ байна. Гэхдээ аль ч их гүрэн өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдгийг санах хэрэгтэй байх. Ер нь монголчуудын төлөө, зөвхөн Монгол гэлтгүй бусад жижиг улс орны төлөө санаа тавьж байсан их гүрний түүх байхгүй л гэж боддог. “Хөгжөөсэй, хүчирхэг болоосой” гэсэн хүсэл их гүрнүүдэд байх нь юу л бол. Харин үүнийг тэнцүүлж, балансыг нь барих асуудал л бидэнд байна даа. Миний хэлэх гэсэн санаа бол бүх зүйлээ бэлэнчлээд байж болохгүй. Өвөг дээдсийнхээ үлдээсэн тусгаар тогтнолыг ухаалгаар, энгийнээр хэлэхэд “зальжин”-аар авч явах  арга ухааныг бид гаргахаас аргагүй гэх үү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.13  МЯГМАР  №160  (6127)
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

5 цаг 9 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

5 цаг 36 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

5 цаг 39 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

5 цаг 42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

5 цаг 46 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

6 цаг 3 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

12 цаг 11 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

12 цаг 16 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

12 цаг 22 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

12 цаг 32 мин