“Малын экспорт нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт авчирна”

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар жинтэй байр суурь эзэлдэг. Гэтэл бид эдийн засгийг солонгоруулах тухай олон жил ярилаа. Та ямар боломж харж байна вэ? -Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 8.6 хувийн өсөлттэйгээр сайн гарлаа. Таны хэлсэнчлэн үүнд уул уурхайн салбар үүнд зонхилох үүргийг гүйцэтгэсэн. Гэхдээ бид цаашдаа зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байж болохгүй. Монгол Улс бол ХАА-н орон. Тиймээс эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлдэг, хүн амын 40 хувийн амьжиргаагаа залгуулдаг энэ салбараа хөгжүүлснээр эдийн засгаа солонгоруулах нөөц бололцоо харагдаж байгаа юм. Үүнээс би энэ удаад мал аж ахуйн салбарыг онцолмоор байна. -Манай улс 80 сая орчим толгой малтай. Та эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах ёстой гэж харж байна вэ? -Манай улсын хувьд мал аж ахуйн салбар томоохон асуудал болоод байна. Малын тоо толгойн хувьд өнгөрсөн онд хүлээн авсан төлтэйгээ нийлээд 80 сая орчим. Үүний 80 гаруй хувь нь бог мал байна. Үүнээс болж бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл 90 хувиас хэтэрсэн гэсэн тоо баримт бий. Хүмүүс байгаль экологийн доройтлыг уул уурхайтай холбож үздэг. Үнэн хэрэгтээ үүнд бэлчээрийн доройтол томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс болж манай уламжлалт мал аж ахуй цаашид энэ янзаараа хөгжих боломжгүйд хүрэх нь. Малын тоо толгой эрс өссөнөөс болж усны нөөц багасаж, бэлчээрийн асуудал  дээр маргаан тасрахаа байсан. Тиймээс бид эхний ээлжинд илүүдэл мал, махаа борлуулах, экспортлох арга хэмжээ авах нь зөв юм. Өөрөөр хэлбэл бэлчээрийнхээ даац, боломжид тааруулж малаа өсгөх нь зүйтэй гэсэн үг. Хоёрдугаарт энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг гарц гэж харж байгаа. -Та мал экспортлох тухай ярьж байна л даа. Гэтэл нөгөө талд үндэсний үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг? -Манай улсын хувьд малынхаа түүхий эдийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Хамгийн тод жишээ нь сүү. Сүүгээ бүрэн боловсруулж чаддаггүйгээс болж гадаадаас хуурай сүү импортолдог. Нэхий гэхэд 10 орчим хувийг нь л боловсруулж байна. Өөрөөр хэлбэл одоохондоо манай улсад малын түүхий эдээ бүрэн боловсруулах бололцоо, хүчин чадал алга. Тэгэхээр илүүдэл малаа хэрхэн борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь том бодлогын асуудал. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь мэдээж зөв. Гэхдээ аливаа бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жамаар тогтоогддог.  Түүнээс  монголын нөхцөлд тааруулж үнэ ханшийг тогтооно гэж байхгүй. Монголын зах зээлд борлуулагдаж байгаа бол дотоодын үйлдвэрлэгч ч гэсэн тэр ханшаар л авах учиртай. Харин өөрсдийнхөө үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлж үр дүнтэй ажиллахаа нэмэгдүүлэх нь зөв байх. Үүнийг ноолуурын салбарынхан сайн ойлгосон. Ноолуур бол дэлхийн зах зээлийн үнээр л борлуулагддаг. Тэд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна шүү дээ. -Манай улсад өмнө нь малыг амьдаар нь экспортолж байсан үе бий шүү дээ? -Мал аж ахуйн нэг онцлог нь нөхөгддөг баялаг. Харин уул уурхай шавхагддаг гээд ялгаатай. Тэгэхээр үүнийг зөв зохицуулж чадвал энэ баялаг үр улам өснө. Харин олон улсын стандартыг дагах үүрэг нь компаниуд болон Монгол Улсад ногдож байна. Өмнө нь ЗХУ-руу маш их хэмжээгээр махыг амьдаар нь гаргаж байсан түүхтэй. Энэ нь монголын мал сүргийн бүтцэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй.  Харин энэ удаад үржлийн бус бог малаа дэлхийн зах зээлийн ханшаар өндөр үнээр борлуулбал тэр нь улсын эдийн засагт тун хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлж байна. Тэгэхээр малчдын амьжиргаа ч дээшилнэ. -Эдийн засагч хүний хувьд мал экспортолсноор манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт авчирна гэж харж байгаа вэ? -Малчдын хувьд “ченжийн сүлжээ”-нд ороогдчихсон. Өөр малаа борлуулах гарц байхгүй. Дэлхийн зах зээл гэдэг алс хол учраас олон жилийн турш цөөхөн хэдэн компани болон ченжүүдийн хэлсэн үнээр малаа борлуулж ирсэн. Түүнээс болж орлого нь зохих хэмжээндээ хүрдэггүй. Төрөөс залуу болон орлого багатай малчин өрхүүдэд тусламж үзүүлж, малжуулах хэрэгтэй юу үгүй юу гэсэн асуудалдаа тулчихаад байна. Гэтэл гол нь малыг нь нэмлээ гэхэд тэр нь зах зээлийн үнээр зарагдах боломж байхгүй. Зах зээлийн үнээр борлуулъя гэхээр үйлдвэрүүдийн ширүүхэн тэмцэлтэй тулгардаг. Нөгөө талд ченжүүдийн ашиг нь багасдаг болохоор хүчтэй эсэргүүцдэг.  Тиймээс энэ асуудлыг төрөөс зохицуулах шаардлагатай. Өнөөдөр Монголын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээр амьдарч байна. Энэ нь алсдаа явуургүй юм. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь зүйтэй. Төрийн зүгээс 2015 оны урт хугацааны хөгжлийн бодлого, 2016 оны хөгжлийн хөтөлбөртөө хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлнэ гэж тусгасан байгаа. Энэ дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх яаралтай шаардлагатай байна. Энэ асуудал малын махыг заавал боловсруулна, эсвэл амьдаар нь гаргана гэж маргах шаардлагагүй юм. Илүүдэл бог малаа экспортолсноор татварын орлого  нэмэгдэх, экспорт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр хураамж тавих зэрэг олон арга хэмжээ авч болно. Ингэснээр улсын орлого нэмэгдэхээс гадна малчдын орлого өсөх гарц гэж харж байна. -Үржлийн бус бог малыг экспортолсноор махны үнэ өсөж, үнийн өсөлтийн дарамт ирэхгүй юу? -Үүнийг зохицуулах хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, засгийн газар малын экспортын борлуулалтын орлогын татвараас гадна тодорхой хэмжээний хураамжийг экспортолж буй махны килограмм тутамд тавьж болно. Тус хураамжаар санхүүгийн нөөцийг бүрдүүлж, нөөцийн мах нийлүүлэх бүрэн бололцоотой. Хоёрдугаарт, дэлхийн стандартын дагуу бэлдэж байгаа бүтээгдэхүүнээс нь бага зардлаар нөөцийн махны хэрэгцээнд авах арга бий. Ингэснээр ченжийн системийг халж оронд нь бөөний худалдааны нийлүүлэлтийн системд шилжиж, эдийн засаг эрүүлжих юм. Энэ асуудалд засгийн газар сүүлийн 20 жил анхаараагүйгээс махны худалдаа тэр чигтээ томоохон ченжүүдийн гарт орчихсон. Тэгэхээр нэг талд малчид махаа өндөр үнээр борлуулж амьжиргаа нь тэлж байхад нөгөө талд засгийн газар тухайн компаниудтай хамтран хэрэглэгчдийн гар дээр харьцангуй хямд мах нийлүүлэх системийг бүрдэх бүрэн бололцоотой. -Гол нь өмнөд хөрш рүү мах экспортлох гээд байгаа нь зөв үү? Яагаад өөр улс биш гэж? -Аливаа экспорт зах зээлээсээ л шалтгаална. Бид ямар улс манай бүтээгдэхүүнийг хэдээр авахад бэлэн байна гэдгийг харна. Бүтээгдэхүүнээ борлуулахдаа хүссэн улсдаа хүссэн үнээрээ борлуулна гэсэн ойлголт хаа ч байхгүй. Урд хөрш хүн ам ихтэй. Эдийн засаг нь тэлж байгаа улсын хувьд хоол хүнсний эрэлт өсөж байгаа нь ойлгомжтой. Энэ нь бидний хувьд боломж гэж хэлж болно. Борлуулах бүрэн боломжтой байгаа үедээ борлуулах нь зөв. Энэ нь цаашдаа урт хугацааны бодлоготойгоо уялдаад явна. Хөдөө аж ахуй хөгжиж байгаа үед үүнийгээ ашиглаад дэлхийн зах зээлд гарах нь зөв алхам юм. Хүслээр болдог бол Орос руу гаргаж болно л доо. Гэхдээ Оросын зах зээл маш хатуу цээртэй, хаалттай. Тэгэхээр бусад улсууд буюу Солонгос, Хятад гэх мэт ямар ч улс байсан сайн нөхцөлтэй бол борлуулах нь зүйтэй. Ингэж илүүдэл малаасаа ашиг хүртнэ. -Манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг ХАА-н салбар эзэлж байна. Хэрвээ мах экспортолж эхэлбэл хэдэн хувь болтлоо өсөх вэ? -Миний бодлоор малын экспорт нэмэгдсэнээр ХАА-н салбарт шинэ өөрчлөлт дэвшил авчирна. Одоогийн байдлаар түүхий эдийн үнэ уначихсан. Дөрвөөс долоон аймгийн дунд боловсруулах үйлдвэр байгуулах тухай яригдаж байна. Гэвч үйлдвэр байгуулагдаж ашиглалтад орох хүртэл хугацаа хол байна. Тэгэхээр зах зээл дээр аль болох хугацаа алдахгүйгээр экспортыг нэмэгдүүлэх нь зөв. Энэ үед амьдаар нь буюу багцлаад дэлхийд өндөр үнээр зарснаар, улсад татвар төлөгдөж, малчид ч гэсэн өндөр ашиг хүртэх учраас сөрөг нөлөө байхгүй. Байгаль экологи ч сэргэнэ. Засгийн газраас экспортлох малыг үржлийн бус бог мал гээд заачихсан байгаа. Тиймээс малын удмын сан алдагдана гэсэн асуудалгүй. Мөн экспортын хэмжээ монголын нийт малын тоотой харьцуулахад тун бага байна. Экспортоллоо ч гэсэн цаана нь маш их нөөц боловсруулалтгүйгээр үлдэхээр байна даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)  
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

1 цаг 36 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

1 цаг 51 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

1 цаг 58 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

2 цаг 8 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

6 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

6 цаг 14 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

6 цаг 44 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

8 цаг 5 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

8 цаг 30 мин