Монгол, солонгосын ах дүү, холбоотны барилдлага

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Др.проф. Д.Уламбаяр БНСУ-ыг солонгос хэлнээ Тэ Хан Мин Гүк, харин монгол хэлнээ орчуулбал “Их Хан Үндэстэн Улс” хэмээх ажгуу. Олон улсын харилцаанд хоёр Солонгосыг ялгахын тулд газарзүйн байршлаар нь Хойд, Өмнөд Солонгос хэмээн нэрлэж заншсан бөлгөө. БНАСАУ-ыг солонгос хэлнээ Чусонь Минжүжүи Инмин Кунхуагүк, харин монгол хэлнээ орчуулбал “Чусоны  Ардчилсан Ардын Эв хамт Улс” хэмээмой. Тиймээс хойдуул нь урд талаа Өмнөд Чусонь, өмнөдүүл нь умард талаа Хойд Хангүк хэмээн нэрлэжээ. Чусонь, Хангүк хэмээх нэрний аль аль нь солонгосын эртний улсуудын нэр болой. Монгол, Солонгос хоёр түүх, соёлын өнө эртний түүхэн уламжлалтай. Бүр 995 онд Кидан гүрэн Гуулин (Гаоли) улстай соёлын харилцаа тогтоож, тус улсаас 10 хүүхдийг түүх, хэл сургахаар Монгол нутагт илгээж байсан мэдээ Солонгосын түүхийн сурвалж бичигт гарч байгаа нь гадаад улсаас монгол угсаатны хэл, соёлыг албан ёсоор сургахаар төрийн бодлогын түвшинд арга хэмжээ авч байсан тухай хамгийн анхных нь мэдээ ажээ.  Хоёр тал 1995 онд 1000 жилийн ойг нь МУИС-ийн ОУХДС, БНСУ-ын Тангүк их сургуулийн Монгол судлалын салбар Улаанбаатар хотод өргөн дэлгэр тэмдэглэж билээ. Солонгосын хойгт оршин тогтнож байсан хамгийн эртний төрт улс нь Чусонь бөгөөд МЭӨ V-IV зуунд нэлээд хөгжсөн улс байжээ. Нийтийн тооллын эхний хэдэн зуун жилд Солонгосын хойг дээр Когурё, Пэкже, Шилла гэсэн эртний төрт улс үүсч оршин тогтнож байгаад Х зууны эцсээр хойгийг үхэлд нь нэгтгэсэн Корё улс байгуулагджээ.  Энэ үеэс Солонгосыг Өрнө дахинд “Korea” хэмээн нэрлэсэн байх агаад харин Дорно дахины зарим улс түмэн “Гаоли” буюу “Гуулин” гэж дуудаж түүх сударт тэмдэглэжээ. “Монголын нууц товчоо”-нд гардаг “Солонгос” гэдэг үгийн гарлыг зарим судлаач янз бүрээр тайлбарласан байдаг. Тухайлбал, монгол хэлний “солонго” гэдэг үгнээс үүсэлтэй гэх ба “ханбүк” хэмээх солонгос үндэсний хувцасны ханцуйг өнөө хэр солонгын өнгөөр ялган эмжиж хийсэн байдагтай холбодог байна. Өөрөөр тайлбарлах нь ч бас бий. Хоёр орон харилцаатай байсан XIII зуунд Гуулин улсын гадаад харилцааны албанд ажиллах түшмэдээс монгол хэлний шалгалт авдаг байсан тухай Гуулин улсын дипломатын түүхийн сударт (Корё са) тэмдэглэжээ. Энэ нь дурдсан үеийн олон улсын харилцааны гол хэл нь монгол хэл байсныг харуулж байна. XVII зууны туршид Энх-Амгалан хааны үед Монгол, Оросын эзэнт гүрэн, Манж Чин гүрний хооронд явагдаж байсан дипломат яриа хэлэлцээний үндсэн хэл нь аанай л монгол хэл байсныг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “XVII зууны Монголын гадаад ертөнц: Орос, Манж чин улсын харилцааны түүх” хэмээх түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг горилох бүтээлдээ  бичжээ. Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа хатган оршсон Монгол угсааны олон ханлиг, аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ. Их Монгол Улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан дайсагнасан бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулжээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатийн тэнгис хийгээд Ойрхи Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ. Корёгийн үеийн хаад ноёд Юань гүрэнтэй худ ургийн холбоотой байжээ. Тиймээс ч Монголын эзэнт гүрэнд эзлэгдсэн Алтан  улс, Төв болон Дундад Азийн орнууд, Орос улс Чингис хаан, түүний дараах үе залгамжлагчдын хатуу хяналтад байсан бол Корё нь “хүргэн улс”-ын хувьд харьцангуй эрх дархтай, онцгой харилцаатай байжээ.  “Монголын нууц товчоо” судлаач,     доктор Б.Сумьяабаатар бээр Чингис хааны алтан ургийн элэнц эх Алангуа нь “Кори” үндэстэн бөгөөд энэ бол “Корё” юм гэж нотлох болжээ. Юань гүрний сүүлчийн хаан Сунчэгийн эх ч Корё үндэстэн байсан гэж олонх судлаач үздэг байна. Юань гүрний Корёгоос аваачсан охид бүсгүйчүүдийн тоо 200 мянгаас давсан гэсэн эх сурвалж байх агаад монголчууд Солонгосыг “ээж улс” гэж нэрлэж байсан байж болох талтай. Олон улсын харилцааны түүхэн дэх анхны эмэгтэй дипломат элч нь монгол эмэгтэй байсан ажгуу.  Энэ бол 1221 оны үйл явдал буюу XIII зууны үе юм. «Монголын нууц товчоо» зохиогдсон 1240 оноос 20 жилийн өмнө «Чингис хааны 13 элч   Солонгост ирснээс нэг нь эмэгтэй хүн байлаа» гэж Солонгосын гадаад харилцааны түүхийн сурвалжид тэмдэглэсэн байсныг доктор Б.Сумьяабаатар өөрийн бүтээлдээ эшилсэн байдаг. Монголчуудын соёлын түүхэнд холбогдох олон чухал мэдээ, сурвалж сайхь улсын түүхийн сурвалжид бий. 1221 онд Чингис хаанаас Солонгост илгээсэн өөр нэг зарлигийн жуух бичигт «Танайх бийр, бэх, бичгийн цаас зэрэг хэрэгсэл, гүргэм зэрэг эмийн ургамлыг илгээ» гэж өгүүлжээ. Мөн «1218 онд Монгол цэрэг Солонгосын элч ирэхэд хөгжим үүсгээд наргиад сууж байлаа» гэсэн дипломат ёслолын сонирхолтой мэдээ бас буй. Ер нь XIII-XIV зууны үеийн Солонгосын түүхэн сурвалжид Монголын тухай хаана ч байхгүй ховор нандин тэмдэглэлүүд үлджээ. Монголчуудын хууль цаазын бичгээс XIII зууны үеийн Чингис хааны «Их засаг» цаазын бичмэл эх бүрнээрээ олдоогүй. Тэгвэл 2003 онд БНСУ-ын хуучин нийслэл Кёнжү хотын Сун овогтын хувийн цуглуулгаас хуулийн эмхтгэлийн тодорхойгүй байсан үлдсэн хэсэг олдсоныг доктор Б.Сумъяабаатар тайлбар, зүүлтийн хамт хоёр боть болгон Сөүл хотноо 2012 онд хэвлүүлсэн билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийх үеэрээ УИХ-д үг хэлэхдээ “Чингис хааны үед 1219 онд “Хоёр улс үүрдийн ахан дүүс болж үеийн үед энэ өдрийг мартахгүй байя” гэсэн нөхөрсөг тангараг тавьж, холбоотны харилцаа тогтоож байсныг эш татан тэмдэглэж байсан юм. Тухайн үед монголчууд киданы үлдэгдэл  цэргийг үлдэн хөөх явцдаа Корё улсын нутагт орж ирсэн. Хоёр улс Кандон хотод цэргийн хамтарсан ажиллагаа явуулж, кидан нарыг илбэн тохинуулж тун удалгүй Монгол, Корё улсын хооронд “Ах дүүгийн гэрээ” байгуулсан агаад үүнийг хоёр улсын хооронд тогтсон хамгийн анхны албан ёсны харилцаа гэж үздэг бөлгөө. Сүүлд Нэгдсэн Монгол Улс элчийг хороосон хэрэгт ял асууж Корё улс руу 1231-1233 онд гурвантаа цэрэглэж, холбоотны харилцаагаа бататгахыг эрмэлзэж, үүнд саад болж байсан Зүрчидын Алтан улсыг дайлан мөхөөсөн юм. Монголчууд Корё улсыг 1246, 1253, 1254 онд дахин дайлж, тийнхүү 1259 он буюу Кожон вангийн 46 оны дөрөвдүгээр сард Корёгийн хунтайжийг Тулуйн хүү, Монголын их хаан Мөнх бээрт бараалхах болзолтойгоор “Найрамдлын гэрээ”-г шинээр байгуулж, 30 шахам жил үргэжилсэн дайныг эцэслэн “Өргөмжлөл хүртэн, алба барих” олон улсын харилцааны өвөрмөц харилцаа тогтоосноор Корё улс ч өөрийн төр улсаа амжилттай хадгалж үлдэж чаджээ. Монгол-Корёгийн найрамдлын гэрээ байгуулсны ач холбогдол үүнд л оршино хэмээн Солонгосын судлаачид үздэг байна. Хунтайж Чөнъ Монголын голын улсын төв  мөхлөгт ирэх үед их хаан Мөнх тэнгэрт хальж, Хубилай, Аригбөх  хоёр хаан ширээний төлөө тэмцэлдэж байжээ. Тийнхүү Корёгийн хунтайж бээр тээнэглэж байх зуур Сүн улс руу хийх довтолгооноо зогсоон умард зүг цэргийн хүчээ эргүүлсэн Хубилай хаантай биеэр учирчээ. Хунтайжтай уулзсан Хубилай хаан “Корё улс түмэн газрын их улс билээ. Тан улсын Тайцзун бээр ч өөрийн биеэр дайлаар мордоод ч эрхэндээ оруулж  чадаагүй атал эдүгээ түүний хунтайж өөрөө над дээр ирсэн нь тэнгэрийн таалал ажээ” хэмээн ихэд талархсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ. Корёгийн хунтайж Хубилай хааны өргөөнд байх цаг дор Корёд Кожон ван бие барсан тул Хубилай хаан бээр хунтайжийг Корёгийн ванд өргөмжилж “нэг ч цэргийг  зовоолгүйгээр, нэгэн улсыг олж байгаа хэрэг” хэмээж Монголын их хааны адил “жүнтун” хэмээх оны чимгийг ч хэрэглүүлэх болж, “Өргөмжлөл хүртэн, алба барих” харилцааны үндэс суурь тийнхүү тавигдсан ажээ. Монголчуудын түүхтэй холбоотой нэгэн чухал дурсгалт хөшөө Өмнөд Солонгост байдаг. Чин гүрэн ялгуулсан ялалтаа мөнхжүүлэх зорилгоор Сөүл хотоос өмнө этгээдэд орших Самжен-до дүүрэгт Манжийн богд хааны цэргийн сүр хүч, эрдэм билгийн яруу алдрыг дуурсгасан нэгэн гэрэлт хөшөөг 1640 онд босгожээ. Энэ гэрэлт хөшөөний бичээсийг Монгол, Манж, Солонгосын эртний нанхиад буюу хятад ханз гурван хэлээр бичсэн байдаг. Тусгайлан тэмдэглэхэд энэ хөшөөний онцлог нь Манж нар Солонгосыг хоёр дахь удаагаа дайлаар мордоход нэгдүгээрт, монгол цэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, хоёрдугаарт, хөшөөний бичээсийг юун түрүүнд монгол бичгээр бичсэн.Гуравдугаарт, Их Монгол Улсын үед гэрэлт хөшөөг урт наслахын бэлэгдэл болгож яст мэлхийн нуруун дээр суурилуулж байсан уламжлалыг хэвээр хадгалсан болно. ХХ зууны эхээр Монголд хэвлэгдэж байсан зарим сонин, сэтгүүлд Чусонь улсыг “Өглөөний амгалангийн орон” гэж нанхиад ханзных нь монгол орчуулгаар тэмдэглэж байв. Өнөөдрийн БНСУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, хамгийн ойр харилцаатай түнш орон. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том үр дүн нь 1990 оноос хойш Монгол Улсын гурван сая иргэнд үр шим, өгөөжөө бодитойгоор, хүртээмжтэйгээр өгсөн нь Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллгааны хөгжил даруй мөн. БНСУ бол Монгол Улсын гадаад худалдаанд гуравдугаар байр, гадаадын хөрөнгө оруулалтад дөрөвдүгээр байр эзэлж байгаа ажээ. 1999 оны тавдугаар сард Ким Дэ Жүн Ерөнхийлөгч айлчлалаар хоёр орны хооронд “Харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл”, 2006 оны тавдугаар сард Ну Мү Хён Ерөнхийлөгчийн айлчлалаар “Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны наймдугаар сард Ий Мён Пак Ерөнхийлөгчийн айлчлалаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн үндэс суурь”-ийг баттай тавьсан билээ. 2017 оны есдүгээр сард Владивосток хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ БНСУ-ыг богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх, БНСУ-ын Ерөнхий сайд Ий Наг Ён нарын 2018, 2019 оны харилцан айлчлалаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  лхагва  90  (6057)
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

12 цаг 2 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

15 цаг 49 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

16 цаг 4 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

16 цаг 11 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

16 цаг 21 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

20 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

20 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

20 цаг 57 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

22 цаг 18 мин