Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа “өшиглөсөн автобус”-ны талаар баримт, тайлбартай нийтлэлийн эхний хэсгийг хүргэсэн билээ. Солонгос улсад ашиглалтаас гарсан нийтийн тээврийн том оврын автобусны арлын серийг өөрчилж насжилтыг залуужуулж Монголд оруулж үнэ хүргэн худалдаалдаг. Үүнийг манай хил, гаалийнхан мэддэг хэрнээ мэдээгүй дүр эсгэн хуурамч бичиг баримтыг нягталж үзэхгүй байна гэсэн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн уг нийтлэлийг бичсэн. Ашиглалтаас гарсан автобусыг Монгол Улсын замын хөдөлгөөнд оруулснаас болж хүний амь нас эрсдэж, стандартын шаардлага хангаагүйгээс болж зорчигчдын эрх ашгийг хохироосон, хэргийн тоо өсч байна. Өнгөрсөн онд гаргасан Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар жилд дундажаар 2100 зам тээврийн осол бүртгэгдэж 400 орчим хүн нас барж 1200 хүн тахир дутуу болж байгааг мэдээлжээ. Тэгвэл ослын шалтгаан нөхцлийг судлахад гэнэт жолоодлогогүй болж зогсоох боломжгүйн улмаас осол гаргадаг гэх тайлбарыг жолооч нар өгдөг талаар албаны эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осол аваар гаргадаг аж. Энэ нь нийтийн тээврийн компаниуд хуучирч муудсан, насжилт нь дууссан өөрөөр хэлбэл, “өшиглөсөн” автобусаар иргэдэд үйлчилсээр байгаатай холбоотой. Нийслэлд одоогоор нийтийн тээвэрт 30 гаруй компанийн 1200 том оврын автобус үйлчилгээнд явж байна. Үүний 800 нь зайлшгүй парк шинэчлэлд оруулах шаардлагатай, насжилт дууссан автобус аж. Автобус нийлүүлдэг гол түнш улс бол БНСУ. Тус улсад найман жил болсон автобусыг үйлчилгээнээс хасдаг. Харин Солонгос улсаас оруулж ирсэн автобусыг манай улс 12 жил ашигладаг стандарттай. Өөрөөр хэлбэл,нийтийн тээврийн компаниуд оруулж ирсэн автобусаа дөрвөн жилээр илүү ашиглаж, ямар ч баталгаагүй үйлчилгээ үзүүлсээр байгаа нь осол гарах гол шалтгаан болж байгаа юм. Мөн зарим компаниуд өөр улсад ашиглаж байсан хуучин автобусыг дотооддоо шинэ автобус үйлдвэрлэхтэй дүйцэхүйц үнээр оруулж ирдгийг ч эх сурвалж хэлсэн. Олон нийтэд чимээгүйхэн аюул учруулж буй нийтийн тээврийн компаниудтай холбоотой зам тээврийн ослыг 2015 онд гаргасан авч сүүлийн жилүүдэд гаргаагүй байна. Тухайлбал, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Автобус нэгдэл”, “Мяралзаа”, “Тэнүүн-Огоо” зэрэг таван компанийнхан хамгийн их осол гаргасан нь статистик мэдээнд тэмдэглэгджээ.Мэргэжлийн байгууллагад нийтийн тээврийн хэрэгслээс болж хүний амь нас хохирсон тоон мэдээлэл нарийн гаргаагүй ч дээрх тоо баримтын дийлэнх нь нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой гэнэ. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 43650 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2018 оны жилийн эцсийн дүнгээр 1005 автобус 75 чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 46 хувиар өсчээ. Нийт 23 хяналт оншилгооны үзлэгийн төв ажилладагаас Улаанбаатарт гурван нь байдаг. Тээврийн хэрэгсэлд нийт 45 стандарт мөрддөг. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаас хамаарч хэрэглэгддэг. Нэг машин болон автобусыг 38 шалгуур үзүүлэлтээр үздэг.Түүнчлэн эдгээр үзлэгийн төвүүдээс гадна Нийслэлийн тээврийн газрын нэг үзлэгийн төв, “Монгол Терминал”, “Нева Тред” “Доктор” гэсэн гурван хувийн хэвшил үйл ажиллагаа явуулдаг. Харин эдгээр нь зөвхөн уг тээврийн хэрэгсэлд онош тавьдаг. Солонгос улсад 800 орчим автобус үйлдвэрлэдэг компани бий. Гэхдээ манай импортлогчид үйлдвэрээс худалдан авалт хийдэггүй гэв. Харин ашиглалтаас гарсан автобус нийлүүлдэг дундын зуучлалын гурван компаниас тухайлбал, “SRT”, “BOGO”, “ NAOS” зэргээс импортлодог. Эдгээр гурван компани анх гэрчилгээ дээр нь арлын дугаарыг бичиж өгнө. Гааль гэрчилгээнд бичигдсэн арлын дугаарыг автомашин болон автобусны арал дээр бичсэнтэй тулгаж гаргана. Харин гаалиар гарсны дараа буюу /гаалиар өнгөрөнгүүт/ машин ачигчын хүсэлтээр хуурамч дугаар бүхий дагалдах гэрчилгээг сольж дахин бичиж өгдөгөөс бүх будлиан эхэлдэг гэж эх сурвалж ярьсан юм.