Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нарын гишүүд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Зээл авсан ажиллагаа сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгах ёстой. УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж, ЖДҮ-тэй холбоотойгоор бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Үүнийг УИХ-ын гишүүд дэмжихийг уриалж байна. Бид саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүллээ” гэв. Одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн байгаа бөгөөд гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Одоогоор прокурорын байгууллагаас ЖДҮ-тэй холбоотойгоор ямар хүмүүсийг оруулж ирэх талаар мэдээлэлгүй байна. Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Бидний хувьд бусад УИХ-ын гишүүдээ уриалж, бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахыг хүсч байна” гэсэн юм.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Бидний өнөөдрийн хийж байгаа үйлдэл нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээс татгалзаж, ЖДҮХС-ийн асуудлаар шалгуулах боломжтой гэж манлайлал үзүүлж байна. Хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ гэж бусад гишүүдээсээ хүсч байгаа юм. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй УИХ-ынхаа дээр суучихаад хоёр долоо хоног бойкот хийж байна. УИХ Засгийн газрыг хангалттай ажиллах боломжийг олгосон гэж бодож байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал их байна. Анхаарал татсан хэргүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Засгийн газрын харьяалалд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хэргүүдийг шалгаад явах бүрэн боломжтой” гэлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар гарын үсэг зуржээ
2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин