Монголын анагаах ухааны бүрэлдэл, дэлгэрэл, эсрэгцэл

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_51002" align="alignright" width="200"] Н.МӨНХТҮВШИН
Анагаах ухааны доктор, профессор[/caption] Нэгэн зүйл. Даяар Монголын Ертөнцийн Эзэнт гүрний анагаах ухаан Дэлхийн агаар мандал нэвт сүвлэн ирдэг сансар огторгуйн таталцлын долгион, оддын тоосонцрын хуран нягтрал, дэлбэрэл, гариг эрхэс, хар нүхний үүсэл, мөхөл, аянга цахилгааны долгис, элчис, эрчис, нар сарны гэрэл, нилсийн урсгал (нилс гэдгийг англиар neutrino, монголоор неутрино буюу нилс, эсвэл сүнслэг эгэл бие гэж болмоор; нилс нь өнөөдрийн цаг үед нээгдээд буй хамгийн жижиг эгэл хэсэг бөгөөд цэнэггүй, массгүй учир үл нэвтрэх зүйл гэж үгүй агаад бүхнийг нэвтлэн орчлонд даялж явдаг эгэл биес) буюу эл бүхүй хурмастын “гадаад нөлөө”; эсийн мембран, бөөм, удмын сан, сийвэн дотор машид нарийн хувиралын дүнд задарч нийлж бүрэлдэн байдаг бодисын солилцоо буюу эл бүхүй махан бие бүтцийн арга талын “дотоод нөлөө”; төв судлын хийн долоон хүрдэнд бүрэлдэн арвижаад захын зуун найман хүрдэнд түгэн дэлгэрч ухаарах, мэдэх, бүтээх, өвлүүлэх мөнхийн хүсэлд автан байдаг маш нарийн хий сэтгэлийн бие буюу эл бүхүй оюун ухааны “билэг” талын “сэтгэхүйн нөлөө” эд бүгдийн шүтэн барилдлагаар Чулуун зэвсгээс Хүрлийн үед митохондрийн ДНХ-д явагдсан тааламжтай хувьслын дүнд Алтай язгуурын түүн цуглуулагч нүүдэлчин монголойд homo sapiens хүмүүсээс оюун ухаант босоо монгол хүн үүсч гал манаж, амьтан гэршүүлж, морь мал уналгад сургаж, дөрвөлжин булшны соёлын монголчуудын үеэс мал аж ахуй эрхлэж, мөстлөгийн сүүл хиян өвөг монголчуудын үеэс хамжлагат ёс бүхүй нүүдэлчин аймгууд болон бүрэлдсэн байна. Бидний дээд өвгөд тэнгэр заяандаа аливаад сэргэг, байгалийн хатуу ширүүнийг давах арга ухаан сүвэгчлэхдээ сүйхээтэй, гал хөгжөөх, оромж гэр, дугуйт тэрэг, хавчаахай нум сум, ав хомрогын жад сүх, сэгэлдрэг хувцас зохион бүтээх, од гариг эрхэсийн тохиолыг танихдаа гаргуун байжээ. Хүннүгээс өмнө оршиж асан бидний дээд өвөг хиян монголчууд (МЭӨ 5000-2000), бидгүд монголчуудын (МЭӨ 2000-1000) үед нүүдэлч аймгууд дотроос хүчирхэг аймгийн ахлагч нар манлайлан Өвөг монголчуудын нэн эртний хаант улсууд байгуулж байжээ. МЭӨ 202 онд оршин асан Хүннү гүрэн 300 жил тогтнохуй дор Дорнод Хүннү нар мянган жилийн өмнөөс барьж эхэлсэн түмэн газрын их Цагаан хэрмийн нүсэр байгууламжийг Чин улсаар дуусган бариулж, Умард Хүннү нар Атилла (“аргамаг хүлэгт баатар ханхүү” гэсэн утгатай скиф-гоот-түрэг үгнээс үгшилтай германжсан нэр бололтой) хааны үе хүртэл европ дахиныг чичрүүлж Зүүн Ромын эзэнт гүрнээс татвар авч байжээ. Чин улсын дараа тогтсон Хан улс Дорнод Хүннү улстай гэрээ хийж Цагаан хэрмээс өмнө бүс малгайтан иргэдийг Хан улс захирна, Цагаан хэрмийн ар биеэр нутагтай улс түмэн Шаньюйн зарлигийг дагана хэмээн тогтож байсан ажгуу. Анагаах ухаан хүмүүний үүсэлтэй чацуу хийгээд монгол газар оршин байсан дээд өвөг хиян, бидгүд нар, тэдний хойч Хүннү нар анагаах эрдэмтэй байсныг археологийн олдвороос олж тогтоосон 5000 жилийн өмнөөс тоологдох Хүннү нарын чулуун зүү, хүрэл зүү, хүрэл шөвөг, ясан зүү, тунгийн халбага, нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн улаан үрэл хийж асан сурвалж, түвдийн анагаах ухааны түүх судраас академич Билгүүн Шаравын Болдын олж тогтоосон хор нүүдэлчдийн гавлын ясыг цоолдог 35 арга тэргүүтэн ёс байдаг тухай тэмдэглэл болон бусад олон эд өлгийн зүйлс гэрчлэн үлджээ. Хиян, бидгүд, хүннү нар домнох, илэх, бариа засал хийх, эмийн ургамал хандлах, амьтны эд эрхтэн хэрэглэх, төөнөх, халуунаар ангаслах, ханах аргаар төрөлт, ахуйн гэмтэл, ан ав, бэртэл, өвчний үед тусламж үзүүлдэг байжээ. Нэн эрт үеэс ажиглалтад тулгуурласан эмчлэхүйн мэдлэг үүсч, мэргэшсэн эмч бий болсон энэ үеийг манай түүхчид монголын дорнын уламжлалт анагаах ухаан хөгжсөн эхний үе гэж үзэх болсон бөгөөд заслын зарим аргууд нь өвөрмөц онцлогтой хөгжиж ирсэн байдаг. Энэ цаг үед өрнө дахинаа 10-аад мянган жилийн өмнө амьтан гэршүүлж, зургаан мянган жилийн өмнө буудай тарьж сураад, анхны бүтцэт нийгэм, хот улс, төр улс байгуулж эхэлсэн эртний Египетийн соёлын үлгэр мэт олон домогт гайхамшиг дотор бас анагаахын сургааль, эмнэлгийн сургуулийн хөврөл бүрэлдэж эхэлсэн баримт олджээ. Тухайлбал, Газрын Дундад тэнгис орчим нутгаас олдоод байгаа Анагаах ухааны хамгийн эртний сурвалж бичиг болох Эдвин Смитийн үйсний бичээсийг хөөж үзэхүй дор эдүгээгээс 4-5  мянган жилийн тэртээ, МЭӨ 2700-2600 онд амьдарч асан Мисирийн суу билэгт хүмүүн Имхотеп тооны ухаан, одон орон хөгжүүлж, уран баримал бүтээж, ертөнцийн долоон гайхамшгийн нэг анхны шаталсан пирамид бариулж, анагаах ухааныг үүсгэн хөгжүүлж харах, үнэрлэх, судас барих аргаар онош тавьж, хугарал мултрал барьж оруулах, боолт хийх, оёдол тавих, ил цус алдалтыг түүхий махаар дарж боох, татлага чиг тавих аргаар эмчилж байжээ. Имхотеп онош тавихдаа “Би эмчилж чадах өвчин”, “Би эмчлэхийн төлөө зүтгэх өвчин”, “Би эмчлэх боломжгүй өвчин” хэмээн гурван бүлэгт хувааж асан байдаг. Энэ бол өнөөгийн хэлээр өвчний анхны олон улсын ангилал бөгөөд түүний зөнч оюун, нийлэг ухааны суу билэг онцгой тодорч гэрэлтдэг. Хүннүгээс хойш монгол газар оршиж асан Сяньби, Тоба, Нирун, Түрэг, Уйгур, Хиргис, Хятан улсуудын үед Монголын нүүдэлчин аймгууд эмчлэх ухааныг дэлгэрүүлж анагаах урлаг, заслын эмчилгээний аргыг эзэмшиж, эм барьж, ном бичиж байжээ. Нируны үеийн эмч Баяха, Бигуда, тэжээхүй ухааны нууц ховор судар бүтээсэн Жанчив эмч, VIII зууны үес Түвдэд болсон Олон улсын эмч нарын их хуралд оролцож дэлхийн анагаах ухаанаа хувь нэмэрлэж, Түвдийн алдарт эмч их Ютог Ёндон-Гомботой ном хаялцаж асан Налашандарваа эмч нар Монголын дорнын ана­гаах ухааны түүхийн дараа­чийн үеийн мэргэд байв. Эргүнэ гүний монголчууд Бурхан Халдунд ирж голомтоо бадрааж шинэ цагийн эхний мянганы сүүлээр богд Тэмүүжин Чингис хаан Их Монгол улс байгуулж, үр сад нь Даяар Монголын Ертөнцийн эзэнт гүрэн байгуулж, түүний сүүлд Их Язгуурын гүрэн байгуулж дэлхий дахины шинэ түүхийг эхлүүлж, Эзэн Чингис хаан найман аймгийг дайлаар мордох үед цэргийн дотроос шилдэгийг сонгож засал, эмийн үйл хариуцуулж байсан ба тэнгэр зурах эрдэм төгс Елюй Чуцай дайны олзоос бичиг ном, өвсний үндэс авч, цэргүүдийг хижиг өвчин дайрахуйд гишүүний үндсээр засал хийж байжээ. Монголын даяар ертөнцийн эзэнт гүрний их хаад энх амгалангийн (PAX MONGOLICA) журам тогтоож дөрвөн зүг таван өнгийн улс орныг төвхнүүлж, олон улсын харилцааны шинэ журам тогтоож байв. Тэр цагт торгоны зам дагаж арилжаа наймаа дэлгэрч, шинэ санаа, оюуны бүтээмж, шинэ сэдэл, нээлт ундарч, цэрэг дайны оньсон техник, зурхай, тооны ухаан ихэд хөгжиж, өрнө дорнын анагаах ухаан бие биедээ нэвчин сүлэлдэж манайхан гаднаас, гаднынхан манайхаас суралцаж дэлхийн нэгдсэн анагаах ухааны мэдлэг буй болж эхэлсэн ажгуу. Монголын Даяар Ертөнцийн Эзэнт Гүрний их Юань улсын Хувилай Цэцэн Хаан жун тунгийн хоёрдугаар онд (1279) Монголын Бичгийн Мэргэдийн Хүрээлэн, 1287 онд Улсын Хөвгүүдийн сургууль “Билгийн Далай” (Эзэн Хааны Академи) байгуулж таван их ухаан хөгжүүлэх цагт анагаах эрдэмд нэвтэрсэн мэргэдийн дотроос ордны зоогийг хамаарч асан их хааны шадар оточ Хүсэхүй, зүү төөнийн ухааны судар бүтээж дэлгэрүүлэн хөгжүүлсэн оточ Хутайбилиг, өвсөн эмийн жорын увидаст нэвтэрсэн оточ Шатмөс, орчуулах эрдэмд нэвтэрч “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”-ийг хөрвүүлсэн их бичгийн хүмүүн Чойджи-Одсэр, Алтангэрэл их хөлгөн судрын Хамаг Өвчнийг Сайтар Амирлуулсан нэрт бүлгийг хөрвүүлсэн Ойрадын равжамба зая бандид Намхайжамц нарын мэргэд дэлхийн анагаах ухааны дараачийн үеийн даяаршлын түүхийг цогцлоосон байдаг. Өвөг дээдсийн бүтээсэн монгол анагаах ухааны далай их сан хөмрөг, өв их соёл, тэжээхүй ухааны ариун дээд уламжлалт эрдмээс шимтэн хүртэж ховор нандин судар туулж Монголын анагаах ухааны түүхийн талаар даан ч харалган бидний мэлмийг ариусган нээжухуй академич Пагважавын Нямдаваа, академич Билгүүн Шаравын Болд, НҮБ, Ёс зүйн шинжээч, профессор Б.Болдсайхан тэргүүтэн түүхч, оюунт эрхмүүдийн буянтай гэгээн үйлс хожмын алсдаа зүг цаг бүрт улам дэлгэрэх болтугай.   Нэгэн зүйл. Манжийн вассал үеийн Монголын анагаах ухаан  XIV-XVI зуунд их Эзэн Чингис хааны байгуулсан төр, хууль, цааз, сургааль, захиас, их хаадын тогтоосон журам зарлигийг Бага хаад дагаж, дагуулж  эс чадаад өвөр хоорондоо дайтаж, Алтан Ордны улс хийгээд Монголын их Эзэнт гүрний бусад улсууд хямран доройтож бутарснаас улбаалаад агуу их дээдсийн тэнгэрлэг бүтээл Монголын төрт ёс хэврэгшихүйд Монголын дорнын анагаах ухаан уналтанд орсон ажгуу. 1636-1691 онд өвөрлөгч ба Халх Монгол Манжид дагаар орж эхэлсний учир урвасны ял асууж 1688 онд Халх-Ойрадын дайн дэгдсэн байна. Ар, өвөр Монголын ноёд Долнуурт чуулж манжид бүрэн дагаар орсныг зарласны хойно Баруун Монголын ойрадууд дотоод хямралаас болж манжид эзлэгдэж үлдсэн хэсэг нь дагаар орсоор 1766 онд Зүүн гар улс бүхэлдээ Манжийн харъяанд оржээ. Манжийн хараат вассалын эхэн үед Монголын анагаах ухаанд Энэтхэг Түвдээс уламжилсан анагаах ухааны нөлөө дэлгэрсэн байдаг. Тэр цагийн анагаах эрдмийн оргилд хүрсэн Ойрадын Зая Бандида Намхайжамц, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Зая Бандида Лувсанпэрэнлэй, Сүмбэ хамба Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм, Үзэмчин гүн Гомбожав, оточ Лүнриг Дандар болон бусад олон эмч, оточ, маарамба нар эрдэм номд нэвтэрч, эм барих ухаан, тарнийн ухааны судар ном, нэвтэрхий тайлбар толь бүтээж, орчуулж, Ламын гэгээн 1685 онд анхны эмчийн сургууль байгуулсан цагаас Монгол даяар шүнгийн номын зуу гаруй мамба дацан байгуулж хий, шар, бадгана, цус, шар ус, хорхойн (бактер, вирус) шалтгаант өвчний заслыг боловсруулж судал шинжихүй, таван мэдрэхүйн шүтэн барилдлага, совнин сэтгэхүйн нийлэг бясалгал дээр суурилсан монголын дорнын анагаахын хөлгөн их ухааны соёлыг дэлгэрүүлж, өрнөдөд вакцин гарахаас өмнө Цахар гэвш Лувсанчүлтэм цагаан цэцгээс сэргийлэх хамрын татлага (вакцин) бүтээж байжээ. Удаах гурван зуунд Манжийн хавсарга болж гэлдрэх үед Монгол Улс төрт ёсны уламжлалаа алдаж, Манжийн төрийн бодлогын уршгаар хоцрогдол доройтлын туйлд хүрч нийгмийн эрүүл мэнд бүхэлдээ үлэмжхэн хямарч хүн амын өсөлт зогсож үндэстэн мөхлийн ирмэгт тулж ирсэн байдаг. 1862 онд хүн ам 570 мянга байсан бол 1918 онд 545 мянга болж 56 жилийн дотор 4.6 хувиар хорогдож байжээ. Манжууд Хятадад уусан доройтсоор XIX зууны сүүл XХ зууны эхэнд Хятадын ноёрхлоор солигдоход Манж Хятадаас тусгаар болох явдал Монголын эх орончид, ноёд язгууртан, дэвшилт сэхээтэн, лам нар, малчин ард, жирийн иргэд, нийт ард түмний цорын ганц ариун хүсэл болсон байлаа. Түүхийн энэ цаг үед Европ дахинд сэргэн мандлын үе тохиожээ. Тэнд уурын тэрэг, авто хөдөлгүүр, радио долгион, цахилгаан үүсгүүр зохион бүтээж, шинжлэх ухаан техникийн хувьсал өрнөж, анагаах ухаанд антибиотик хэрэглэх болж, атомын цөмд нэвтэрч, үйлдвэрлэл үлэмжхэн нэмэгдэж, шинэ газар нутаг эзэмшиж, хүчирхэг улсууд буурай хөгжилтэй орнуудыг колонио болгож геополитикийн хүрээгээ тэлж байхад нэгэн цагт ертөнцийн эзэнт гүрэн байгуулж асан бид биесээ хэмлэж, хятад оросын зангаасаар хөдөлдөг болж төр, нийгэм, улс орны ухаарал, билгийн нүд, техникийн сэтгэлгээ дунд зуундаа хоцорчээ. 1901 оноос Монгол дахь Хаант Оросын сонирхол нэмэгдэж Оросын гоц халдвартын алба монголд судалгаа явуулж, тахлын тарилга хийж, хүрээнд ирсэн оросын цэргийн ангийн эмч нар нутгийн ардууд, ноёд лам нарт үзлэг хийдэг байжээ. Чин улсын амбан бас орос эмчид үзүүлж байсан гэдэг. Хүрээнд 1906 онд Оросын консулын эмнэлэг нээсэн байна. Энэ эмнэлэгт арван сарын дотор нийт 13.750 хүн үзүүлснээс орос хүн 2910, монгол хүн 10896 байжээ. Орос эмч нарын нэр хүнд түгэн дэлгэрч оточ, лам нар орос эмч нараас суралцдаг болов. Консулын эмнэлэгт 1909 онд оросын буряд С.Б.Цыбыктарев (Санжимитав Будажаповтч Цыбыктаров) эмч ирж элэг нэгт монголчуудад өрнийн эмнэлгийн ач тусыг хүртээж эхэлжээ. 1911 онд монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо зарлан шашин төрийг хослон баригч Богд хаант Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан цагаас бидний сэргэн мандал эхэлсэн билээ. Шинэ Засгийн газар улсынхаа тусгаар байдлыг их гүрнүүдэд зарлан тунхаглаж, худалдаа харилцаа тогтоох бичиг шийтгэн илгээж Хятадаас бусад улсаас хариу авсан байдаг. 1911-1917 онд Хаант Оросын нөлөө улам өсөн нэмэгдэж Улиастай, Ховдын консулын дэргэд бага эмчийн салбар нээж, Оросын улаан загалмай нийгэмлэг, Петербургийн хараагүйчүүдийг асрах байгууллагаас эмнэлгийн отряд ирж мэс засал хийж, хараа оруулж, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ. 1915 онд Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Дундат иргэн улс хоёр нийлж Монгол Улсын тусгаар тогтнолыг автономит эрхээр хязгаарласан юм. Хаант орос, Дундат иргэн улсын засгийн газрын геополитикийн бодлого дотор Монгол Улсад үндэсний шинжлэх ухааны эмнэлэг үүсгэж хөгжүүлэх, үндэсний мэргэжилтэн бэлтгэх төлөв байгаагүй.   Нэгэн зүйл. Тусгаар Монголын анагаах ухаан 1917 онд Орос оронд октябрийн хувьсгал өрнөж, коммунистууд төрийн эрхийг гартаа авч ажилчин тариачны Засгийн газар байгуулж гадаад дахь Хаант Оросын цэргийн зөвлөхүүд, эмнэлгийн салбарыг татсан байна. Харин консулын газрын эмнэлгийн С.Б.Цыбыктаров эмч Монголд үлдэж эмнэлгийн тусламж үзүүлсээр байв. 1919 оны арваннэгдүгээр сард хятадууд цэргийн хүчээр Монголын тусгаар тогтнол, автономит төрийг устгаж Богдын Засгийн газрыг татан буулгав. Монголын эх орончид Хятадын түрэмгийн эсрэг тэмцэж Ноёдын нам, Ардын нам, Түшмэдийн  нам гэсэн нууц бүлгүүд 1920 оны зургадугаар сарын 25-нд нэгдэж МАН байгуулж, Орос улсаас (хуучнаар Оросын большевикуудын нам) тусламж хүсч одсоноо хариу хүлээж бараг цөхрөнгөө барсан нь хаант орос, улаан орос хоюул Монголын тусгаар байдлаас цэрвэж байсных болов уу. Энэ үед Барон Унгерн Монголд нэвтэрч 1921 оны хоёрдугаар сард хүрээг чөлөөлөөд Богдыг хаан ширээнээ дахин залж Засгийн газрыг сэргээн байгуулсан түүхэн үе бас тохиож байжээ. 1921 онд Богдын Засгийн газраас гадна Ардын намын нөхөд Тройцкосавскад хуралдаж улаан Оросын заавраар МАН-ыг бошгыг халах МАХН болгон өөрчилж зэвсэгт бослого удирдах түр засгийн газар байгуулж манай улс түүхэндээ хоёр засагтай болсон үе бий. Богд хаан цагийн аясыг шинжин хүлээж, шинэ Засгийн газартай сөргөлцөлгүй эвийг хичээж, Монголын ард түмний заяа түшсэнээр түүхэнд үзэгдээгүй эвлэрэл болж Богдын Засгийн эрхийг Түр Засгийн газар шилжүүлэн авчээ. Энэ шилжилт Оросын ард түмэнд их хүнд тусч Эзэн хаанаа ургийн урагт хүйс тэмтэрч, өвчин тахал, өлсгөлөн, ахан дүүсээ хядсан иргэний дайн, олон сая хүний амь нас, цус, яс, мөсийг авч одсон түүх үлдээжээ. Хамгийн харамсалтай нь, Оросын ард түмний асар их цусаар байгуулсан эв хамт гэдэг тэрхүү тогтолцоо дөнгөж далан жилийн настай байсныг бидний өмнөх үе ба бидний үе ухааралгүй, ухаарах ч чадамжгүй асны харгайгаар дагаж давхиад коммунизмын дэглэмээр цустай, цусгүй хоёр түйрэнг 70 жил туулж 1990 оноос “төлөөллийн ардчилал” гэдэг цөөн хэд нь авлигаар олигарх болж бусад нь үгүйрдэг нийгэмтэй золгож 30 жил бүдчиж одоо “зөвлөлдөх ардчилал” гэдэг рүү нь ороод үзвэл яадаг бол хэмээж явна. Бусдын эрхээр бус өөрийн эрхээр яваа тул нэгэн цагт цус үзэлгүй зөв зам олох буйзаа. Богд хаан өрнийн анагаах ухааныг жигшиж үзээгүй харин өрнө дорнын анагаах ухаан хослон хөгжих эхийг тавьж өрнийн эмнэлгийн ном, хүний биеийн анатомийн атлас сонирхож сүмийн нэг байшинд өрнийн анагаахын мэс заслын хэсэг байгуулж эрүүл мэндийн хэрэг эрхлэх ажилд Лувсанбалдан маарамбыг тохоон томилж байсан гэдэг. Энэ үед хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт туйлын хангалтгүй, төрөлт нэн бага, эх хүүхдийн нас баралт өндөр, төрсөн эхийн 13 хувь, хүүхдийн 50 хувь эндэж, халдварт өвчинд хүн амын 30-40 хувь нэрвэгдсэн, эрэгтэйчүүдийн дөч гаруй хувь сүм хийдэд шавилан сууснаас хүн амын өсөлт зогссон, цагийн байдал гадаад дотоодын давхар дарлалд талхигдсан байжээ. Монголын шинэ цагийн олон өнгийг анх сэдэж, хятадаас тусгаар болох их үйлсийг эхлүүлж олноо өргөгдсөний анхдугаар онд тусгаар улсынхаа засгийн газраа байгуулж явсан Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд нарын эх орончдын залгамж Бодоо, Лосол, Данзан тэргүүтэн сэхээтнүүд, цэрэг номын эрдэмд жигдэрсэн жанжин Д.Сүхбаатар нар 1921 онд Хиагтад үүрэлсэн гаминг дайлаар мордож улмаар нийслэл хүрээг чөлөөлжээ. Хиагтыг авах тулааны эмнэлгийн ажилд улаан армийн Р.Андор эмчийг томилж партизан цэрэгт тусламж үзүүлсэн ба хүрээг чөлөөлсний дараа “Цэргийн яамны хүн эмнэлгийн хэлтэс” байгуулж төвд эмч Н.Лувсандорж, цэргийн эмч А.И. Ружицкий нарыг томилжээ. Мөн оны наймдугаар сарын 25-д Их Хүрээнд, Бүх цэргийн зөвлөл хуралдан тогтсон тавдугаар бичгээр (тогтоолоор) “Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” байгуулан өрнийн анагаах ухааны эмнэлэг бүрэлдэн хөгжиж түгэн дэлгэрэх эхийг талбисан байдаг.  Энэ бол манай оронд өрнийн анагаах ухаан мэндэлсэн өдөр байлаа. Шинэ тулгар засгийн газраас өвчтэй хүмүүсийг эмчлэх хороог бэхжүүлж 1924 онд Орос улсаас П.Н.Шастин эмчийг урьжээ. П.Н.Шастин эмч цэргүүдэд тусламж үзүүлж асан эмнэлгийн хороог өөрчилж Улаан цэргийн лазарет нэртэй 36 ортой жинхэнэ европ маягийн үлгэр жишээ эмнэлэг байгуулсан нь өнөөгийн госпитал болтлоо өргөжихдөө нэгдсэн эмнэлгийн зөв хэлбэрээ алдаагүй хөгжиж ирсэн байна. П.Н.Шастин эмч лам эмнэлэгтэй байсан хэсгийг томсгож 1925 оны аравдугаар сард одоогийн нэгдүгээр эмнэлгийн орчимд хоёр байшинд европ эмнэлгийн найман ор, Монгол-Түвд эмнэлгийн 7 ор, нийт 15 ортой, 3 эмчтэй “Ардын Эмнэлэг” болгон зохион байгуулжээ. Энэхүү шинэ эмнэлэг түргэн өсч шинээр барилга барьж, шинэ тасаг нэгжүүд нэмж байгуулсаар 1930 оны үес гэхэд 11 байшинтай дотор, халдварт (сүрьеэ), мэс засал, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, нүд, сэтгэц мэдрэл, бэлгийн замын халдварт өвчин зэрэг чиглэлээр ерөнхий болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг нэгдсэн эмнэлэг болон хөгжжээ. Тийнхүү түүхийн шинэ үе эхлэхтэй зэрэгцээд өрнийн анагаах ухааны олон салбарын эх суурь монгол оронд нутагшиж богино хугацаанд орон даяар түгэн дэлгэрч хүн амын эрүүл мэндийг хамгаалах цогц тогтолцоо болон цэцэглэн хөгжихдөө одоо уламжлалт гэж хавчигдуу нэр оноогоод буй монголын дорнын хөлгөн их тэжээхүй ухаантай эсрэгцэлгүй зэрэгцээд явж байжээ. Гэвч 1937 оны гуравдугаар сарын 13-ны өдөр тэр үеийн Төв Хорооны тогтоолоор шашны бурангуй үзэл суртлыг устгах нэрийн дор өвөг дээдсийн бүтээсэн тэжээхүйн их ухааныг гэнэт хааж, мэдлэг чадвар төгс олон оточ маарамбыг хороохыг хороож, харлуулахыг харлуулж, сүм хийд, мамба дацанг нурааж, олон гайхамшигт судар ном, нууц жорын найрлагад ордог эрдэмтэй бодис, өвсөн ургамалыг шатааж Монголын ард түмний сэтгэлийг гүн шархлуулсан аймшигт яргалал үйлдсэн билээ. Өнөөдөр төр уучлалт гуйлаа ч Монголын дорнын анагаах ухаанд учирсан их хохирол нөхөж баршгүй юм. 1990 оноос ард түмний заяа түшиж 60 жил хаагдсан монгол оточийн анагаах ухаан, тэжээхүй ухааны алтан аргамжааг түмэн олон таслалгүй далдлан авч явсны ачаар одоо сэргэж байна. Гэхдээ судар ном өвлүүлэхээс гадна оточ багшаас гарын шавьд нь тийн мэдэл, амин орон, совнин сэтгэхүй, хий сэтгэлийн бие, сэрэмсэрийн орноор сүлэлдэн дамжиж шингэдэг судал шинжихүй ухаан, эмийг номхотгож жорын тавьцыг хүн бүрт тохируулж боодог эм барих ухаан (одоо цагийн өрнийн анагаахын Customized Medicine), гэгээрэл түшиж дамждаг тарнийн ухаан (Tantric Medicine), тэжээхүйн ухаан (Nutrifying Medicine)-аас авч амжаагүй үлдсэн, үрэгдсэн нь нэн их, нэн хайран тул эрж хайх, нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй. Монголын дорнын анагаахын шинжлэн оношлох, анагаан тэгшитгэх, туршин сорих заслын ухааны увидаслаг мөн чанарт нэвтрэхийн тулд судалгааны зохистой арга зохион бүтээж орчин үеийн шинжлэх ухааны үндэслэл дээр баттай суурилуулах шаардлагатай байгаа юм. Чингэхдээ орчин үеийн шинжлэх ухаан тайлж үл хүрэлцэх увьдаслаг сэтгэмж, далд давхар утгын өгүүлэмжийг туйлын нямбай судлууштай. Ялангуяа эмийн үйлдвэрийн хяналт, ХАБҮЛЛ, улсын мэргэжлийн хяналтын газрууд, өрнийн эмийн бэлдмэл шинжлэхэд хэрэглэдэг аргаараа үнэлгээ, шинжилгээ хийж уламжлалт анагаах ухааны эм, тангийн талаар эм зүй, эм судлалын буруу дүгнэлт гаргаж, эм барих, эм номхотгох арга ухаанд хилсээр хориг тавьж битүүмжлэх, торгууль шийтгэл ногдуулах зэрэг хүчирхийллийн харалган муйхар аргаар монголын дорнын анагаах ухааны сэргэн мандалд дахин шинэ хэлмэгдэл учруулахаас онцгой сэргийлэх хэрэгтэй. Энэ тухайд манай эмийн мэргэжилтнүүд боловсруулж, академич Д.Дүнгэрдорж хянан тохиолдуулсан “Монгол Улсын Үндэсний Фармакопейн Өгүүлэл”, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн хамт олон боловсруулж профессор Ч.Чимидрагчаа хянан тохиолдуулсан “Монголын Уламжлалт Анагаах Ухаанд Хэрэглэгддэг Эмийн Түүхий Эд, Жорын Фармакопей” өгүүллийг тулгуур лавлах бичиг болгууштай. Үргэлжлэл бий...
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

12 цаг 14 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 1 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

16 цаг 16 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

16 цаг 23 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

16 цаг 33 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

20 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

20 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

21 цаг 9 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

22 цаг 30 мин