Ж.Батзандан: Гишүүд нам харгалзахгүйгээр зохион байгуулалтад орохоор ярилцсан

2018-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Улс төрийн үйл явдал нэлээд хурц өрнөж байна.Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага, хүлээлт ч бий боллоо. Улс төрийн нөхцөл байдлын талаар ямар байр суурьтай байна вэ? -Ээлжит бус чуулган зарлах, 60 тэрбумаар нийтийн сонсгол зохион байгуулах асуудлаар 20 гаруй гишүүн гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гараагүй. Бид хүлээсээр байна. УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг биш гэж уучлал гуйсан байна. Монгол Улс 60 тэрбумын асуудлаа шийдэж чадсангүй. Сүүлдээ 60 тэрбум эвлүүлэг байсан гэж худал хэлсэн прокурор ажлаасаа халагдаад өнгөрөх юм байна. 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүс гадаадад зугаалж байна. Ер нь нам үл харгалзан дараагийн алхмаа хийхгүй бол улс орон, төр засаг дампуурчихлаа гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн над руу утасдаж байна. Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дэвшилтэт үзэл бодолтой гишүүд уулзаж шинэ зохион байгуулалт руу орохоор ярилцаж байна. Миний хувьд УИХ-д хоёр дахиа сонгогдож зургаан жил сууж байна. Тиймээс Төрийн ордонд юу болдоггүйг хангалттай харлаа. Хоёр жилийн дотор Монголын өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж 25 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ өрөндөө Монгол Улс газар нутгаа алдахад бэлэн болсон байна. Ядуурал, ажилгүйдэл 30 хувьд хүрсэн. Үндсэндээ хоёр айлын нэг нь ядуу байгаа судалгааг Дэлхийн банкнаас гаргалаа. Банкны хүү 25-30 хувь байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байна. Гэтэл банкуудын ашиг жилийн 350 тэрбум төгрөгт хүрч  хувийн банктай хэдэн гэр бүл баяжиж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум байхад банкнуудынх 350 тэрбум байгаа юм. Эндээс өнөөгийн систем бол улс төр, эдийн засаг, нийгмийн утгаараа жирийн монгол хүнд ашиггүй. Зөвхөн эрх баригч, олигархиудад ашигтай систем юм. Эрдэнэтийн 49, 51 хувийг шийдвэрлэж чадахгүй, шударга ёсны хайчаа хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна. Олигархи бүлэглэлүүд УИХ, Засгийн газрыг атгандаа оруулчихаад байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд хэлж байна. Албан тушаалын гэмт хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацчихна. Асар их хөрөнгөжсөн прокурор шүүхийн асуудлыг ярихаар УИХ-ын гишүүдийг айлгадаг, сануулга өгдөг болсон. Ийм байдлаар Монголын төр гацаанд орчихлоо. -Сөрөг хүчний зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах мэдэгдэл гаргаад байгаа. Үр дүн нь хэзээ гарах бол? -Төр засгийг яаж хөгжлийн гацаанаас гаргаж, зөв замд нь оруулах вэ гэдгээ ард иргэдээс асуух хэрэгтэй. Монгол Улс сүүлийн 28 жилд хоёр жил тутам нэг Засгийн газар солилоо. Засаг солиод сайжирсангүй. МАН-ын 65 бүлгийн гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах талаар ярьцгааж байна. Дарга солиод амьдрал дээрддэггүйг хангалттай харлаа. Шүүх засаглал шударга ёс тогтоож чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа бус улс төрчдийг хамгаалдаг байгууллага болж хувирсныг иргэдийн 85 хувь нь хэлж  байна. Парламентын үндсэн үүрэг бол Монголын ард түмний эрх ашгийг хамгаалсан хууль баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах юм. Гэтэл 60 тэрбумаар бүрдсэн МАН-ын 65 гишүүн олонхи болсон парламентад сэтгэл алдарлаа. Тиймээс энэ засаглалын хямралаас гарахын тулд Ард нийтийн санал асуулгыг санаачлахаас аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох эсэхийг ард нийтээс асууя. УИХ-ын гишүүдэд эрх нь бий. Санал асуулгаар нэгдүгээрт, шинэ Үндсэн хуультай болох уу, нэмэлт өөрчлөлт оруулах уу. Хоёрдугаарт, засаглалын ямар хэлбэрээр цаашаа явах юм бэ  гэдгийг асууя. Үүний дараа энэ УИХ-ыг татан буулгаж сум, баг болгоноос төлөөлөл орсон Ардын их хурлыг байгуулах замаар шинэ Үндсэн хуулийг баталья. Системийн өөрчлөлтийн төлөө ард нийтээ уриалахад санал нэгдэж байгаа гишүүд цөөнгүй бий. Ордонд байгаа бүх дарга, УИХ-ын гишүүд, иргэдтэй өдөр болгон уулзаж байна. Иргэдийн олонх нь энэ системийг өөрчлөхөд санал нэгдэж байна. Улс төрийн намууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ дотроо хуваагдсан 65-ын бүлэг, олигархийн эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийж чадахгүй. Харин ард түмнээс зөвшөөрөл авах ёстой. Монголчууд нам, нутаг ус үл харгалзан нэгдэж, улс төрийн шинэ соёл руу орох цаг болсон. -МАН-аас Үндсэн хуулийг өөрчлөх талаар улс орон даяар ард нийтийн санал асуулгыг аль хэдийнэ явуулсан. Таны санаачилж буй ард нийтийн асуулга юугаараа ялгаатай, ач холбогдолтой юм бэ? -Өнгөрсөн МАН зөвшилцөх ардчилал нэртэй хурал хийж Үндсэн хуулиа өөрчилье гэдэг саналыг боловсруулж УИХ-д оруулсан. Зөвшилцөх ардчиллын хүрээнд 750 хүнийг Төрийн ордонд цуглуулж Үндсэн хуулийг өөрчлөх санал боловсруулж УИХ-ын даргад өгчихсөн байгаа. Гэхдээ УИХ-ын түвшинд энэ олигархижсан Их хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын хэлбэрээ шинэчлэх гэж байгаа бол Ард нийтийн санал асуулгаар явах хэрэгтэй. 60 тэрбумын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа УИХ Үндсэн хуулийг өөрчлөөд сайжрахгүй.МАН-аас гаргасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналууд бол Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах гэхээс илүү олигархи бүлэглэлд үйлчилсэн, одоо байгаа эрх мэдлээ хамгаалсан шинжтэй. Зарчмын өөрчлөлт гарч ирсэнгүй. 76 гишүүнтэй УИХ, хоёр жил тутам огцордог Засгийн газартай улс төр, эдийн засгийн систем үндсээр нь л өөрчлөхгүй бол сайжруулаад ч хол явахгүй. -АН-ын бүлэг Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах мэдэгдэл гаргасан. Та ч гэсэн огцруулах байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл одоо Засгийн газрыг солиод сайжрахгүй гэж ярьж байгаа нь таны байр суурь өөрчлөгдсөн гэсэн үг үү? -Засгийн газрыг огцруулах нь арга ядсан арга зам. 28 жилд 14 Засгийн газар огцрууллаа. Одоо ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шиг амархан зүйл алга. Огцруулах талаар намынх нь гишүүд ярьж байна. Удахгүй гарын үсэг цуглуулаад эхэлнэ. АН сөрөг хүчин учраас Засгийн газрын алдаатай ажил, буруу бодлогыг шүүмжилж байгаа. Миний бие сөрөг хүчний гишүүний хувьд намынхаа шийдвэрийг дагана. -Ээлжит бус чуулган зарлавал АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах санал оруулах уу? - Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-руу орж ирэх юм бол АН дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан. -УИХ-аас шийдвэр гарч байж Ард нийтийн санал асуулгыг явуулдаг. Тэгэхээр 65-ын бүлэг дэмжих үү? -Оюутолгойн гэрээ маргаан дагуулж, Монгол Улс Эрдэнэтээ алдсан. Системийг өөрчлөлтийг ярихаар эмх замбараагүй байдал үүснэ гэх юм. Одоо энэ улсад эмх замбараа байгаа юм уу. Яамд дэлбэрэх нь холгүй байна. Эрх баригч нам хоёр гурван бүлэг болж хуваагдаад эрх мэдлийн төлөө  тэмцэлдэж байна. Сая хүний аминд хүрлээ. Монголын ард түмэн давуу эрхээр худалдаж авах эрх нь байсан ч Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувийн компанид шилжүүлсэн. Олон улсын гэрээг өөрчлөхдөө парламентаар оруулах хуультай. Гэтэл Монгол Улсын 15 хуулийг зөрчиж Эрдэнэтийн 49, 51 хувийг гадныханд өгсөн. Монголын цагдаа, шүүх шударга ажиллаж чадахгүй байна. Эх зах, хөл толгойгоо алдсан Монгол Улсыг  сэргээж, дэг журам тогтоохын тулд системийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Системийн өөрчлөлтийн төлөө хуулийн хүрээнд тайван замаар нэгдэж тэмцэх цаг болсон. Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын тогтоолын хүрээнд зохион байгуулдаг. УИХ-ын гишүүдийн олонх нь үүнийг ойлгож байна. Өрөөндөө уулзахаараа дэмжиж байгаа ч олны өмнө хэлж чадахгүй, бүлэглэлийн барьцаанд орчихсон үгээ гишүүд цөөнгүй байна. -Засгийн газар Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлж, үүргийг нь Шадар сайдад хариуцуулсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал гэж хэвлэлүүд бичиж байна? -Сайдыг чөлөөлөх нь  зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн асуудал.Ийм жижиг сажиг асуудал яримааргүй байна. -“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ тал дээр Засгийн газар хэрхэн ажиллах ёстой вэ? -Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийг алдчихсан. Энэ чиглэлд нэг ч дорвитой алхмыг хийхгүй байна. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж зээл авсан хувийн компани, аж ахуйн нэгж, луйварчдаар “Эрдэнэт”-ийн өрийг төлүүлэх хэрэгтэй. Энэ мэт хууль бус үйлдлийг зогсоохын төлөө Монголын төр чадах зүйлээ хийх ёстой. Хулгай, луйврыг хараад чимээгүй суудаг төр, улс урагшлахгүй, хөгжихгүй. Харамсалтай нь одоогийн Засгийн газар дуугарахгүй, цаашид яаж ажиллахаа тодорхой хэлэхгүй байна. Хуулийн, шударга ёсны хайчаа яаж хөдөлгөх, гацаанаас гаргах бодлогоо танилцуулах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

47 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 11 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 11 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 12 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2 цаг 23 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 58 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 20 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 41 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 58 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 13 мин