“Оршиж үлдэхийг минь зөвшөөрч хайрла”

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Оройн цагаар Жорес Медведев  цэцэрлэгтээ заавал ажилладаг.
  Бэлтгэсэн  Д.ЭНХЭЭ 92 настай геронтологич Жорес Медведевтэй урт наслах  нууцын талаар kp.ru-ийн сэтгүүлч Галина Сапожникова ярилцсаныг орчуулан хүргэж байна.   Жорес Александрович Медведевтэй бид Лондонд олон удаа, гэхдээ гол төлөв Александр Литвиненког хордуулсан нууц ч юм уу, эсвэл Фукушимагийн ослын асуудлыг хэлэлцэх гэж уулздаг байжээ. Уулзах бүрт урт наслалтын сэдэв орхигддог байв. Үнэндээ ноён Медведев шинжлэх ухаанд юуны өмнө өтлөлт, хөгшрөлтийн талаар судалсан нэртэй мэргэжилтэн билээ. Дэлхийд нэрд гарсан, өдгөө 92 настай геронтологич маань одоо “Хоол унд ба урт наслах асуудлууд” номоо гаргахаар ажиллаж байгаа. Тэрээр бичсэн олон ном зохиолынхоо амьд тайлбар нь өөрөө болдог хүн. Түүний туулж өнгөрүүлсэн урт удаан амьдралыг (ихрийн өрөөсөн Рой Медведевийнхнь ч бас) жишээлбэл, генетиктэй холбон тайлбарлаж болно. Гэтэл ... Жорес Александровичийн эхнэр Маргарита Николаевна 91 насандаа хоёр давхар руу надаас хурдан гарч байна. Тэгэхээр урт наслах, жаргаж амьдрах ямар нэг нууц, өвөрмөц арга ухаан байж л таарах гээд байна. -Жорес Александ­рович, залуу­жуул­даг “алим”-ыг та хаанаас олж авч байна вэ? -Генийн ач холбогдол үнэхээр их, тэгэхдээ манайхны удамд урт наслах ген байхгүй. Аав маань 40 насандаа Колымд хоригдож байхдаа, ээж маань 60-тайдаа ослоор, ээжийн ээж 69 насандаа өөд болсон. Аавын ээж бүр залуугаараа сүрьеэгээр нас барсан. Олон хүний 100 наслаж байгаа нь үндсэндээ амьдралын хэв маягтай л холбоотой. Гэхдээ ингэж хэлснийг минь нээлт гэж үзэж болохгүй. Хоол унд, биеийн ачаалал, сайн нойр, өдрийн дэглэм. Ер нь урт наслах үндэс суурь болдог хүчин зүйл олон. -Гэхдээ ийм дэг жаягийг насан туршдаа л дагаж мөрдөх ёстой байх. 50 насандаа эхэлбэл оройтох болов уу? -Оройтохгүй. Эхнэр бид хоёр Англи руу гарсан тэр цаг мөчөөс буюу 1973 оноос эрүүл аж төрөх хэв маягаар амьдарч байна. ЗХУ-д энэ бүхэн огт боломжгүй байсан. Тимофей Лысенкогийн тухай ном бичсэнээс болж Тимирязевийн академиас ажлаасаа халагдаж, намайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлж, мөрдөж мөшгөдөг тэрсүү үзэлтэн байлаа шүү дээ, би. Амьдрал маш түгшүүртэй байсан. Нойргүй хононо, хоол боловсруулах систем зовооно. Хэзээ баривчлах бол гэж цаг үргэлж сэтгэл түгшиж, эрүүл саруул байх арга байгаагүй. Эцсийн эцэст ЗХУ-аас намайг хөөж, иргэншилгүй болгосон. Ингээд би өөрөө хүсээгүй ч Англид ирсэн дээ. Тиймээс 47 насандаа л амгалан тайван амьдрах боломжтой болсон. -Газар орон, цаг агаарт учир байгаа юм биш биз. Газрын дундад тэнгис, Япон, Кавказын хүмүүс нь урт насалдаг онцгой газрууд дэлхийд байдаг. Тэндхийн оршин суугчдын урт наслалтад юу нөлөөлдөг вэ? -Эдгээр гурван газраас оньсого шиг нь Япон. Гэхдээ Япон тэр чигээрээ биш, хүмүүс бараг өвчилдөггүй, илүү урт насалдаг нь Окинава арал. Тэндэхийн оршин суугчид намхан нуруутай, турь муутайхан нэг л өвөрмөц содон арьстан. 100 насалж байгаа хүмүүсийн бие организмд эмгэг гэхээр онцын ноцтой юм байдаггүй. Энэ тохиолдолд би харин генетикийн хүчин зүйл үүргээ гүйцэтгэж байна гэж хэлнэ. Японыг бүхэлд нь авч үзвэл Токио 100 настнаар элбэг. Гэхдээ тэдний 50 хувь нь насны доройтлоос үүдэлтэй ухаан санаа нь муудсан байдаг тул өндөр настны асрамжийн газарт асарч тойглодог. Байнгын арчилгаа сувилгаа шаардсан ийм арчаагүй дорой өндөр наслалт хэнд ч хэрэггүй л дээ. Урт наслалтын хоёр дахь төв бол Газрын дундад тэнгист Франц, Испани, Итали, Португал, Грекийн зарим хэсэг байна. Тэнд харин генетикийн хүчин зүйл байхгүй. Зүгээр л амьдарч аж төрөхөд тааламжтай бүс нутаг. Сайхан цаг агаартай, хүмүүс сэтгэл хангалуун амьдардаг, хоол унд элбэг дэлбэг, улаан, цагаан дарс их хэрэглэдэг. -Алкоголь нас хороохгүй гэж үү? -Үгүй ээ. Эхнэр маань харин хааяа уруу татчих гээд байдаг болохоос би ер нь бараг уудаггүй хүн. Шаардлага гардаггүй гэх үү дээ. Газрын дундад тэнгисийнхний хувьд дарс бол ердийн хоол ундных нь нэг хэсэг. Тэдний нэг сайхан уламжлал бол сиеста. Жин үдийн халуунд гэр орондоо амарч тухлана. Амгалан тайван амьдарна, өдөрт зургаан цаг л ажиллана. Ийм маягаар урт удаан хугацааны турш үргэлжилнэ. Хүний насыг богиносгодог хамгийн гол зүйл бол сэтгэлийн хямрал. -Кавказууд тэгэхээр яах билээ. Тэдэнд стресс ч байсан, хоол унд ч бас тийм сайнгүй шүү дээ. Гэсэн хэр нь урт наслалтын дээд амжилт тогтоож байсан? -Урт наслалт зөвхөн гүрж, абхазчуудад л тохиолддог. Армян, азербайжануудад ийм зүйл элбэг биш. Гүржид урт наслалт түүхэн уламжлалтай, үндэстний зан авиртай, дарстай, бас ургамлын болон сүүн бүтээгдэхүүнээр баялаг хоол хүнстэй холбоотой. ЗХУ-ын үед Гүрж улс Сталины ачаар амьжиргааны төвшний үзүүлэлтээр нэгдүгээрт ордог байсан. Одоо бол Гүрж тааруу нөхцөл байдалтай байна. Эдийн засаг сул, амьжиргааны төвшин доогуур. Тусгаар тогтнох аваас амьдрал сайхан болно хэмээн гүржүүд шийдсэн шиг байгаа юм. Гэтэл санаснаар болсонгүй. Украин, Беларусь, Дундад Азийнхны нэг адил. Орос улс харин яаж ийж байгаад тэнхрэв бололтой.   УРТ НАСЛАХ ГАЗАР ОРОН   -Рой Медведев гуай та хоёр ихрүүд. Онолын хувьд та хоёрын өтлөлт ижилхэн л явах учиртай? -Үнэндээ бол тийм биш. Хэргийн учир эмнэлгийн үйлчилгээнд байгаа юм. Англид энэ үйлчилгээ урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Бүх өндөр настанд эмийг үнэ төлбөргүй олгоно. Жил бүр иж бүрэн оношлогоо, шинжилгээ хийнэ, шаардлагатай эмчилгээ, сувилгаа товлогдоно. Өөрөөр хэлбэл, анагаах ухаан өвчлөлөөс сэргийлэхийг зорьж хичээдэг. Гэтэл ЗХУ, ОХУ-д эмчилгээний анагаах ухаантай. Хүнийг өвчилсөн үед нь л анагаах ухаан оролцоно. Тиймээс ихрийн өрөөсөн бид хоёрын хооронд маш их ялгаа бий. Тэр маань намайг бодоход тааруухан нөхцөл байдалд байгаа. Францын эмнэлгийн үйлчилгээ Английнхаас хавьгүй илүү. Хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээ Австрийнх. -Тэглээ гээд австричууд урт наслалтын дээд амжилт тогтоодог билүү? -Үгүй ээ, хамгийн сайн үзүүлэлт Газрын дундад тэнгисийн улс орнуудад л үлдсэн хэвээр байна. Тааламжтай цаг агаар, хоол хүнс, хүмүүс амгалан тайван, сайн сайхан амьдарч, аж төрж байна. Гэхдээ Европын хамтын нийгэмлэгийн хувьд нөхцөл байдал муудаж эхэлж байна. Нэгдмэл дүрэм, журмууд тогтоож байна. Грект оливын тосыг байнга хэрэглэдэг байсан бол одоо амьтны гаралтай тос их болсон байна. Олон хүн “Макдоналдьс”-т хооллох болж. Европчлох үйл явц Газрын дундад тэнгисийн бүс нутагт сөргөөр нөлөөлж байна. -Хятадууд урт наслалтаар дэлхийд хоёрдугаарт орсны учир? -Даяаршлаас Хятад улс зөвхөн хожсон. Хүнсний хомсдол бий болно, үзүүлэлтүүд муудна гэсэн таамаг яриа байсан. Гэтэл Хятад улс социалист замаар явахаа больж холимог эдийн засаг руу шилжсэн, хотжилт явагдаж, аж үйлдвэр хөгжсөн. Тэгээд амьжиргааны төвшин, хоол хүнсний чанарыг дээшлүүлснээр хүмүүс урт насалж, удаан жаргах болсон. -Оросууд ч гэсэн урт наслах тухайд ялангуяа, эрэгтэйчүүд сүүлийн 17 жилд томоохон үсрэлт хийсэн. Энэ нь юутай холбоотой вэ? -Эдийн засгийн төвшин, тогтвортой байдал. Том орны хувьд сайн сайхан аж байдлын гол хүчин зүйл нь хүн алс хэтийг харж, хувийн аж амьдралаа урт удаан хугацаагаар төлөвлөх боломж бүхий тогтвортой байдал гэдгийг түүхэн сургамж харуулж байна. ЗХУ задарснаас хойш Горбачевын ялангуяа, Ельцины үед тогтвортой байдал байгаагүй. Эмх замбараагүй эдийн засаг газар авч, амьжиргааны төвшин доошилж унасаар байсан. Путин гарч ирснээр харин бүх зүйл өөрчлөгдсөн. Удаан ч гэсэн шинэтгэлүүд үргэлжилсээр л байсан.   “БИ ЭМЧИД ХАНДАХГҮЙ” [caption id="attachment_40495" align="alignnone" width="645"] Эрдэмтний гэргий Галина Сапожникова 91 настай.[/caption] -Танд эргээд залуу болмоор санагддаг уу. Хаана ч, юу ч өвдөхгүй байхаар? -Өвдөгний үенээс өөр ямар нэг архаг хууч гэхээр юм надад одоо байхгүй. Миний юу ч өвддөггүй, хэвийн аж төрөх дэглэм сахьдаг. Эмчид бараг үзүүлдэггүй. Магадгүй, энэ бол ховорхон л үзэгдэл байх. Гэхдээ энэ бүхэн миний сүүлийн 45-50 жилийн амьдралын хэв маягтай холбоотой. Үд дүнд амарч байна, уураг, нүүрс ус, өөх тос, аминдэмийг тэнцвэржүүлсэн хоол унд хэрэглэж байна. Энэ бүгдийг хатуу хянаж, дэг жаягтай амьдралын хэв маяг баримталж байна. Бичгийн ширээ эсвэл компьютерийн ард тодорхой цагаар ажиллаж байна. Өглөөний цай нэг л янзын жортой. -Юу юу ордог вэ? -Улаан лоолийн жүүс, өндөг. Дээр нь нэмээд талх, овьёосны чанасан будаа (каша). Энэ бол миний сүүлийн 25 жилийн өглөөний цай. Үдийн хоолонд эхнэр маань борщ, мөөг, тахианы гээд төрөл бүрийн шөл хийдэг. Улаан лооль, өргөст хэмх, сонгинотой зууш заавал байна. Оройн хоолонд харин уураг, нүүрс усаар баялаг хүнс хэрэглэнэ. Энгийн л жор, гэхдээ тэнцвэржүүлсэн, илчлэгүүдийг хязгаарласан жор. Сүүлийн хэдэн арван жил биеийн жингээ нэг л хэвийн хэмжээнд барихад анхаарч байна. -Жимс, ногоогоо та хаанаас авч байна вэ? -Өнгөрсөн жилийг хүртэл манайх тус бүр нь 300 квметр талбай бүхий ногооны газар, жимсний цэцэрлэгтэй байсан юм. Бид хоёр төмс, улаан лооль, өргөст хэмхийг өөрсдөө тарина. Янз бүрийн хортой бодисгүй, өөрийн гараар тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс хэрэглэнэ. 3-4 янзын алим, лийр, чавга, үхрийн нүд ургана. -Энэ бүхэнд цаг их зарах биш үү? -Тэртээ тэргүй би бичгийн ширээний ард 6-7 цаг сууж, их ажиллана. Компьютерийн ард өдөр бүр 3-4 цаг сууна гэдэг амаргүй. Зун нь бид оройн 18:00 цагийн үед ногооны газартаа очиж, 2-3 цаг ажилладаг. Цэцэрлэг, бие махбодийн аль алиныг сайн байлгахад хангалттай цаг. Тамирчид урт насалдаггүй, яагаа ч үгүй эрт жагсаалаас гарцгаадаг нь дэндүү их ачаалалтай ажилласнаас болдог. Биеийн идэвхжлийг барих хамгийн сайн хувилбар бол жимсний цэцэрлэгт ажиллах. Сталин хүртэл хүлээн зөвшөөрдөг байсан юм. Тэднийх зусландаа байнга жимсний цэцэрлэгтэй, тэр талбайд гарч жимсний модны мөчир тайрдаг байсан.   ИЛҮҮ АЖИЛ   -Ихэнх цаг архи дарс, аялал зугаалга, олон цагийн нислэг, амьдралын буруу хэв маяг, ажил тө­рөл гээд хэрэггүй зүйлд зарцуулагдсан бол юу хийвэл зохистой вэ. Амьд­ралыг 15 жилээр сунгах түгээмэл жор танд бий юү? -Бүгдийг базаж хэлбэл нэгдүгээрт, хатуу чанга зориг тэвчээртэй байх хэрэгтэй. Хоёр дахь гол нөхцөл бол гэр бүл сайн байх хэрэгтэй. Хэвийн, эрүүл хоол хүнс. Уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм гээд хоол унданд ордог бүх элемент тэнцвэртэй байх хэрэгтэй. Тогтмол биеэр хийх ажил. Нойр, ажлын дэглэм сайн барих. Дээр нь нэмээд сонирхол татсан ажил, хичээл. Орчин нөхцөл амгалан тайван байх явдал бас хэрэгтэй. Харьцангуй цөөн тооны хүмүүс л амьдралынхаа туршид эдгээр зарчмыг баримталдаг. Орос оронд амьдрал улам тогтворжсоор байна. Эдийн засаг, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцөл ч бас хөгжсөөр байна. Хүнээс л бүх зүйл шалтгаална. Эрүүл мэндээ хамгаалъя гэж хүн өөрөө шийдвэл зориг тэвчээр гарган амьдралын тодорхой дүрэм баримталдаг болно. Ялангуяа, нас ахисан үед энэ маш чухал. Тэтгэвэрт гарсныхаа дараа өөртөө сонирхолтой, ашигтай ажил, хичээл олох хэрэгтэй. Жишээлбэл, эхнэр маань манай цэцэр­лэгт ирдэг шувуудыг цатгалан байлгахын тулд тэжээл худалдаж авдаг юм. -Тэгвэл юуг огт хийхгүй байх ёстой вэ? -Хамгийн гол нь хүн үнэхээр өөртөө хэрэгтэй гэснээ л хийдэг байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн Газрын дундад тэнгисийн эрэг дээр байшин худалдаж авна гэж хүсч байгаа бол урт наслахад нь харин тустай. Гэхдээ ингэж чадах нь хэд байх вэ. Миний хувьд хүслийн маань хүрээ дандаа л хязгаартай байсан. Би эрдэм шинжилгээний ажилтан байж, сайн боловсрол олж авахыг хүсдэг байлаа. Ер нь сахилга батыг байнга сахьсан. Хэрэгтэй, хэрэггүй юманд элдэв аялал жуулчлалд сатаараагүй. -Аялал жуулчлал тэгэхээр хүч тамир барчихдаг хэрэг үү? -Мэдээж. Зун болохоор хүн Египет рүү амрахаар нисэхийг хүсч болох юм. Яах гэж. Тэндэхийн цаг агаар маш муу, айхтар халуун, хоол хүнс найдваргүй. Зарим хүн “байн байн бууриа сэлгэх” дуртай байдаг. Миний хувьд энэ бүхэн огт байгаагүй. 1975 онд бид энэ байшинд нүүж ирсэн, тэр чигээрээ л өнөөг хүрч байна. Тэр бүү хэл засвар ч хийгээгүй. Засвар хийлээ гээд бидний амьжиргаа сайжрахгүй, дэмий баахан ажил болно. Боломжтой, хүртээмжтэй бүхэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Ирээдүйн талаар санаа зовох юм надад алга. Ер нь хэзээ ч байгаагүй. Хоёр дахь хүчин зүйл бол гэр бүл. Гэр бүл бат бөх байх нь маш чухал. Хүмүүс бие биедээ тус дэмтэй байхын тулд. Энэ бол амгалан тайван амьдралын гол нөхцөл. Миний хувьд энэ зорилго харин биелсэн. Рита бид хоёр бүхнийг хамтдаа хийсээр өдий хүрлээ. Гэр бүл найдвартай бол сэтгэл амар, тогтвортой байна. Найз нөхдийн хувьд ийм зүйл ховорхон харсан, ихэнх нь том асуудалтай тулдаг байсан. Энэ бүхэн эрүүл мэндэд нөлөөлдөг юм.   АМЬДРАЛ УУ ЭСВЭЛ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ УУ   -Нууц тагнуулчид яагаад урт насалдаг юм бол гэдэг асуултыг өөртөө тавьж байсан уу. Бас дарангуйлагч нар. Магадгүй амьдралыг уртасгах ямар нэг өдөөгч нь стресс юм болов уу? -Энэ нь хүний сэтгэл зүйгээс шалтгаална. Дарангуйлагч нар урт насалдаг гэж бодохгүй байна. Сталин, Мао Зэдун, Франко нар урт наслаагүй. -Тэгвэл амьдралыг зовлон бэрхшээл уртасгадаг юм болов уу? -Тийм гэж хэлэхэд хэцүү. Фидель Кастро харьцангуй урт насалсан. Гэхдээ тэр тамхи их татдаг ч гэсэн эрүүл мэнддээ санаа тавьдаг байсан. Тэрээр Кубад геронтологийн хүрээлэн байгуулж, эрүүл мэндийн сайн тогтолцоо бүрдүүлж чадсан. Баячууд эмчлүүлэх гэж тийшээ явдаг байлаа. Тагнуулчдын тухайд би сайн мэдэхгүй байна. Тагнуулчид бол хатуу чанга мэдрэлтэй, сэтгэл санаа тогтвортой, бие, сэтгэлийн хувьд маш сайн дасгал сургууль хийсэн хүмүүс. Тэд ямар ч тохиолдолд тэвчээр, тайван байдлаа алддаггүй. -Ямар мэргэжлийн хүмүүс урт насалдаггүй вэ? -Уурхайчид, металлургичид, тариачид. Урт наслагчид гол төлөв сэхээтний дунд түгээмэл. Тариачдын дунд ховор. Альцгеймерын өвчин, өндөр насны доройтлоос болж ухаан муудах явдал гол төлөв биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүсийн дунд элбэг тохиолддог. Ээлжийн ажилчдад олон янзын асуудал үүсдэг. Өдрийн дэглэм ойр ойрхон солигдож, шөнөөр ажиллах нь организмд сөргөөр нөлөөлдөг. -Хамгийн гол нээл­түүдийг хүмүүс амьд­ралынхаа хоёр дахь хагаст, нас нэлээн хэвийсэн үедээ хий­сэн жишээ олон. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? -Мэргэжлээс олон зүйл шалтгаална. Физикч, математикчдийн дунд урт наслагчид байхгүй. Тэдний бүтээлч идэвх ургамал, амьтан судлаачдаас хавьгүй эрт буурдаг. Энэ хачин үзэгдэл тархины үйл ажиллагаатай холбоотой юм. Геронтологид янз бүрийн ажил мэргэж­лийнхний дундаж нас­лалтыг судалсаар ирсэн. Биеийн хүчний хүнд хүчир ажил насыг боги­но­с­годог. Сүм хийдийн лам хуврагууд хамгийн урт насалдаг. Магадгүй, тэдэнд стресс бага байдаг байх. Тэд тэтгэвэрт гардаггүй эсвэл огцордоггүй, эцсээ хүртэл ажиллацгаадаг. Ажил, амьдралын сэтгэл ханамж тэдэнд дээд зэрэг.   ОРШИЖ ҮЛДЭХИЙГ МИНЬ ЗӨВШӨӨРЧ ХАЙРЛА   -Ер нь урт наслах сонирхолтой биз дээ. Астрид Линдгрентэй ярилцаж байхдаа гэнэн залуугийн алдаа гаргаж 200 наслахыг ерөөсөн чинь “Явуулж хайрла, намайг. Найз бүсгүйчүүд минь бүү хэл тэдний үр хүүхдүүд нь хүртэл үхэж үрэгдэж байхад надад амьд явна гэдэг ямар уйтгартай санагдаж байна гээч” хэмээн дуу алдаж билээ. Хорвоо ертөнцийн тухай бүхнийг мэддэг болсон ч амьдрахад сонирхолтой байлгадаг ямар соронзон байдаг бол? -Миний хувьд бүтээлч хөдөлмөр эрхэлж байгаа үед амьдрал сонирхолтой. Зөвхөн эрүүл мэндийн гэлтгүй түүхийн асуудлаар ч гэсэн уншиж, үзэж харж, мэдээллийг эрэн сурвалжилж, ямар нэг зүйл шинээр бүтээж туурвих чадвартай байх нь чухал. Рой (ихрийн өрөөсөн) бид хоёр Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулж “Владимир Ленинээс Владимир Путин рүү” гэсэн тэмдэглэл бичсэн. Тэр маань одоо хүртэл компьютер эзэмшээгүй ч байнга л хөдөлмөрлөдөг. Тэрээр “Шинэ Орос орон” хэмээх бүтээлээ гараар бичиж байна. Орос орон бол хосгүй ховор улс. Нийгэм, эдийн засгийн хувьд ийм улс дэлхий дахинд байгаагүй, одоо ч алга. Баруунд энэ орныг ойлгодоггүй юм. Ойлгохын тулд анализ, шинжилгээ хэрэгтэй. Орчин үеийн Орос орны тухай ихрийн өрөөсөн маань анализ шинжилгээ хийж, нэгтгэн базаж дүгнэхээр шийдсэн. Хүн амьдралынхаа эцсийн мөчөө хүртэл бүтээлч ажил үйл эрхэлдэг байх нь чухал. Гэхдээ энэ бол түгээмэл боломж биш л дээ. Олон хүн тэтгэвэрт гарсныхаа дараа сэтгэл хангалуун бус байдаг. Би ч азтай шүү, бие бялдрын хувьд би дуртай зүйлээ хийх бүрэн боломжтой байна. Оршихуйгаа дуус­­гавар болгохыг одоохондоо хүсэхгүй л байна шүү. -Урт наслаж, удаан жаргахын тулд яах ёстой вэ? -Сайн ханьтай болох, өөрийн гэсэн орон гэртээ амьдрах, газартай харьцаж, өөрийн гараар ногоо тарих. Газрын дундад тэнгисийн эрэгт байшин худалдаж авбал бүр сайн, бүтээл ажил үйл эрхлэх, хоол хүнсээ тааруулж, маш энгийн хооллох, өдрийн цагаар заавал “сиеста” барих, хоббитой байх хэрэгтэй. -Юуг хийх хэрэггүй вэ? -Аялаж зугаалах, стресс ихтэй ажил мэргэжил сонгох, гурван ээлжээр ажиллах, уурлаж цухалдах, засвар хийж өөрийгөө зовоох, ресторан хэсэх, гэр орондоо хэрүүл маргаан үүсгэх, байнгын хувьсгалын нөхцөлд амьдрах хэрэггүй.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

2 цаг 38 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

3 цаг 38 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

3 цаг 40 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

3 цаг 44 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

4 цаг 15 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

5 цаг 20 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

8 цаг 29 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

11 цаг 17 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

11 цаг 22 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

11 цаг 27 мин