З.Буянжаргал: Волейбол бол хамт олны хүчийг нэгтгэдэг спорт

2022-12-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ДАРАМБАЗАР 

 

Волейболын үндэсний дээд лигийн тоглолтууд амжилттай болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд дэд байрыг эзэлж, хоёр дахь удаагаа “Шилдэг хамгаалагч” болсон “Хасу Мегастарс” багийн хамгаалагч спортын мастер З.Буянжаргалтай ярилцлаа. 

 

-Та хоёр жил дараалан шилдэг хамгаалагч боллоо. Аваргын төлөөх тоглолтод бэртэлтэй оролцсон ч эсрэг багийн довтолгоог сайн хамгаалсан. Энэ удаагийн лиг таны хувьд хэр хүндрэлтэй байв? 


-“Хасу Мегастарс” баг үндэсний дээд лигт гурав дараалж финалд үлдлээ. Бид нэг түрүүлж, хоёр удаа дэд байрт орсон. Миний хувьд сүүлийн хоёр жилийн дээд лигт шилдэг хамгаалагчийн шагналыг хүртэж, үндэсний шигшээ багт багтаж чадлаа. Би тоглолтын дундуур гараа бэртээсэн. Гэсэн ч тэмцээнээ амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна.


-Сүүлийн тоглолтуудад жижиг алдаа гаргаж харагдсан. Магадгүй бэртэлгүй байсан бол илүү гал гарсан, өөр тоглолт үзүүлэх байсан байх? 


-Медалийн төлөөх тоглолтод өмнөх үеэс олон алдаа гаргасан. Хүчтэй ирсэн давуулалтыг холбогчдоо өгөх үедээ өөрийн алдаанаас болж бөмбөгийг газар унагаасан. Хоёр гараа тосоод л авчих зүйлийг алдчихлаа гээд өөртөө уурлаж байсан. Гэвч багийн ахлагч Даваажаргал надад их урам өгсөн. 


-Танай багийн хувьд  энэ жил дээд лигийн аварга болох боломж хэр байсан гэж бодож байна?


-Гурван тойргийн цуврал тоглолтод “Баянхонгор Карунд Гео” багийг хоёр хожсон баг нь манайх байсан. Бид аваргын төлөөх тоглолтод эхний үеийг л хожиж чадвал аварга болох боломж нэмэгдэнэ гэж ярилцсан. Гэвч эсрэг баг хамгаалалт сайтай байлаа. Бидэнд хожих боломж их гарсан ч жижиг алдаануудаас болж хожигдсон. Мөн тоглолтын төгсгөлийг муу хийсэн. 20 хүртэлх оноонд тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан ч 20 оноог даваад эсрэг баг оноогоор тасраад эхэлсэн. Энэ нь хожигдох шалтгаан болсон гэж дүгнэж байна.  


-Энэ жилийн лигт гадны лигонер тамирчин их ирсэн. Тэдний довтолгоо манай тамирчдын довтолгооноос хэр хүчтэй байв. Хамгаалахад хэцүү байсан уу?


-Энэ жилийн лигт 10 улсын лигонер ирж тоглосон. Тэдний хувьд довтолгоо сайтай, хурдан, өндөр тоглогчид байлаа. Давуулалт, довтолгоог нь хамгаалахад хэцүү байсан ч багийнхандаа илүү довтлох боломжийг гаргаж өгөхөөр хичээсэн. Учир нь волейбол бол хамт олны хүчийг нэгтгэдэг спорт. Тиймээс сайн хамгаалалт, сайн пасс өгснөөр сайн довтолгоо хийх эхлэл тавигддаг. 


-Манай тамирчдын хувьд дараалсан тэмцээнд оролцож байсан туршлагагүй. Гэтэл энэ онд дараалсан гурван тэмцээнд оролцлоо шүү дээ? 


-Тавдугаар сараас шигшээ багийн бэлтгэл эхэлсэн. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж “Asia challenge cup”-д амжилттай оролцсон. Үүний дараагаар Монголын бүх ард түмний наадам болсон учир бидний хувьд өмнөх бэлтгэлийн форумаа алдалгүй тоглох боломж олдсон. Тус тэмцээн өндөрлөж хэсэг завсарласны дараа жил бүр тэсэн ядан хүлээдэг дээд лигийн тоглолт маань эхэлсэн. Ингэснээр манай улсын тамирчид анх удаа гурван өөр тэмцээнд дараалан оролцож хурд, хүч, чадвараараа өрсөлдсөн онцгой жил боллоо. 


-Та “Asia challenge cup” тэмцээнд шигшээ багаа төлөөлж оролцсон. Энэ тэмцээнээс хэр туршлага хуримтлуулав? 


-Энэхүү тэмцээнд чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглосон. Манай залуус эхнээсээ тэмцээнийг хүчтэй эхлүүлж, Киргизстаныг хожсон. Гэвч Саудын Арабт хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Харин шагналт байрын төлөөх тоглолтод жижиг алдаанууд гаргаснаас болж IV байрт орлоо. Манай шигшээ багийн тамирчдын ур чадвар илүү сайжирсан. Мөн нурууны хувьд жигд өндөр тамирчид байсан ч Саудын Арабын шигшээ илүү өндөр тамирчидтай юм билээ. Өндөр тамирчидтай баг илүү хурдан довтолдог. Түүнийг хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ гэдгийг бидэнд сургасан тэмцээн болж өндөрлөсөн шүү. Эхний тоглолтоор бид эзэн орны багийг хожсон нь манай шигшээг ямар хүчтэйг харуулсан. Том тэмцээн учир сэтгэл зүй их чухал байсан. 


-Киргизстан улсад нэг баг болж оролцсон шигшээ багийнхаа нөхөдтэй Монголд ирээд өрсөлдөхөд ямар санагдаж байв?


-Шигшээ багийн тамирчидтай хэдэн сарын хугацаанд хамт бэлтгэл хийгээд тэмцээнд оролцоод ирэхээр хаана цохих, яаж довтлохыг нь мэддэг болчихдог. Гэхдээ тэдний довтолгоо хаана унадаг гэдгийг мэддэг гээд байнга хамгаалж чадна гэсэн зүйл байхгүй. Учир нь манай тамирчдын ур чадвар өмнөх үеэс илүү сайн, хүчтэй, хурдтай болсон. 


-Волейболын спортоор хичээллэж эхэлсэн шалтгаан нь аавтай чинь холбоотой юу? 


-Би дунд сургуульдаа спортод их сонирхолтой хүүхэд байсан. Волейбол тоглож эхлэхээсээ өмнө чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Харин наймдугаар ангиасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Сонирхож, тоглох болсон нэг том шалтгаан нь аавтай минь холбоотой. Аав маань миний анхны багш. 


-Энэ спортоор хичээллэснээр ямар үед илүү омогшиж, бахархдаг вэ?


-Би анх 2012 онд Улсын аваргад орж байсан. Солонго багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Гэхдээ 2012 онд Улсын аваргад орчихоод бөхөөр барилдаад, гурван жил волейболоо орхисон. Харин надад дахин нэг боломж олдсон нь  2015 онд "Хасу мегастарс" багаас дуудаж, санал тавьсан явдал. Үүнээс хойш тасралтгүй хичээллэж тэмцээн, уралдаанд оролцож явна. Ингээд 2015 оноос хойш 10 гаруй удаа "Шилдэг хамгаалагч" болсон байна. Анх "Шилдэг хамгаалагч" авахдаа маш их баярлаж, урам авч байлаа. Тэр үед би өөрийгөө авна гэж огтхон төсөөлөөгүй явсан үе. Шилдэг хамгаалагчаар З.Буянжаргал гэж дуудахад их гайхсан. Мөн ямар нэгэн тоглолтын эхэнд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум гэж дуудахад нь үнэхээр омогшдог шүү.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин