Б.Дүгэржав: “Шинэ Ховд” баруун бүсийн корпораци байгуулан ажиллаж байна

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  Тиймээс “Зууны мэдээ” сонин  “Нэгдүгээр хүн” буландаа Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг урьж, ярилцлаа.

-Та ирэх дөрвөн жил Ховд аймгийн удирдлагаар ажиллана. Баруун бүсийн тулгуур болсон Ховд аймагт юу хийхээр төлөвлөөд байна вэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины хамт олон, нийт уншигчдад олон угсаатны өлгий болсон Ховд нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсч мэндчилье. Манай аймгийн шинээр сонгогдсон ИТХ өнгөрсөн оны аравдугаар сард анхны хуралдаанаа хийлээ.  Хурлаар хүний хөгжлийг дэмжсэн “Стандарттай шинэ Ховдын төлөө хүчээ нэгтгэе” уриатай  аймгийн Засаг даргын 2020-2024 оны зургаан бүлэг, 210 зорилт бүхий үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан.  Яг өнөөдрийн байдлаар орон нутгийн удирдлагын хувьд  үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна.  Мөн Ховд аймгаа 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлээ “Алсын хараа-2050”  Монгол Улсаа хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсруулж батлуулсан. Ирэх жилүүдэд бид хүний хөгжлийн асуудалд эн тэргүүнд анхаарна. Хөтөлбөр төслөө энэ чиглэлд нийцүүлэн боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, “Эрүүл иргэн”, “Эрүүл эр хүн”, “Монгол гэр бүл”, “Ахмадаа ачлая”, “Чадварлаг багш, оюутан, сурагч”, Залуучуудын хөгжлийг дэмжих болон малчин, тариаланч залуучуудын хөгжлийг дэмжих сургууль, цэцэрлэгийн орчны стандартыг бүрэн хангуулах зэрэг 10 гаруй хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд шинээр боловсруулж хэрэгжүүлнэ.

-Цар тахлын үед “Эрүүл иргэн хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх нь анхаарал татаж байна?

-“Ногоон хөгжлийн загвар аймаг болох”, “Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөр”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Стандарттай Ховд” хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө зорилт болгон тусган ажиллаж байна.  “Эрүүл иргэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил гээд даатгаад орхих биш бүх иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх бүртээ хүргэж хамтран хэрэгжүүлнэ. Эрүүл байж урт наслах нь хувь хүнтэй шууд холбоотой учраас аймгийнхаа нийт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, жилд хоёроос доошгүй эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, хамрагдалтыг 80 хувьд хүргэх улмаар хүн амын дундаж наслалтын индексээр улсдаа тэргүүлэх томоохон зорилтыг дэвшүүлж байна. Түүнчлэн аймаг болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил авчрах Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, жилд 300.0 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Ховд эко цементийн үйлдвэр, хоногт 1500 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн үйлдвэрээ түшиглэн хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах мөн “Агро парк” зэрэг  томоохон  төслүүдээ хэрэгжүүлэх нь ховдчууд бидний нэн тэргүүний зорилт юм.

-Ер нь Ховд аймгийн хөгжлийн гарц, гаргалгааг та том зургаар нь юу гэж харж байна вэ?

-Манай аймаг босоо, хэвтээ тэнхлэгийн  замын бэлчир дээр байрладаг. Н-4 Олон улсын автозамын сүлжээнд хамгийн олон сум суурин газар холбогдсон аймаг. Ховд хоттой 1000 км-ын радиуст таван улсын 20 гаруй сая хүн ам амьдарч байна.  Энэ нь хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ  зах зээлд гаргах боломжтой нэг давуу тал гэж харж байгаа.  Иймээс бид “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилт тавин ажиллаж байна. Барилгын материалын гол түүхий эд болох цементийг орон нутагтаа үйлдвэрлээд эхлэхээр орон сууцны үнэ буурна.  Сургууль, цэцэрлэг барих үнэ буурна, барилгын материалын үйлдвэр хөгжих үндсэн суурь сайжирна.  Хамгийн гол нь бид “Ухдаг биш ургуулдаг”, “Импортлогч биш экспортлогч” аймаг болох алсын зорилттой. Давуу талаа ашиглаж хүчээ нэгтгэн залхууралгүй хөдөлмөрлөж чадвал ийм нөөц, боломж бидэнд асар их бий. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бааз, суурийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бидэнд бас бий. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц ашиглалтад орсноор манай аймаг төдийгүй Баруун бүсийн хэмжээнд цахилгаан, эрчим хүчний үнэ хямдарна. Ингэснээр үйлдвэр үйлчилгээ өргөжин хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Цэвэрлэх байгууламжийн үйлдвэрээ түшиглээд арьс ширний үйлдвэр байгуулна гэсэн. Энэ нь эргээд Ховд аймагт маш том бүтээн байгуулалт төдийгүй, эдийн засгийн эргэлтэд оруулж байна?

-Цэвэрлэх байгууламжийн үйлдвэрээ түшиглээд хөнгөн үйлдвэр технологийн паркийн хүрээнд зөвхөн арьс, ширийг биш ноос ноолуур угаах, самнах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулагдах бүх боломж бүрдээд байгаа юм.  Олон ажлын байр бий болно гэдэг айл өрх бүр төдийгүй иргэн бүр ажилтай, орлоготой болох чухал.

-Ховд аймгийг баруун бүсийн тулгуур төв болгох зорилтын хүрээнд Засгийн газраас дэмжиж бодитой томоохон ажлууд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ тухайд?

-Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын Усан цахилгаан станц,  Ховд эко цементийн үйлдвэр, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжаа түшиглэсэн хөнгөн үйлдвэрүүд, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, “Агро” парк төсөл хөтөлбөрүүд юм. Эдгээр төслүүд нь Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн хөгжлийг тодорхойлох томоохон төсөлд яах аргагүй багтаж байна.

-CОVID-19 эрсдэлтэй цаг үед “Эрүүл-Эко бүс”-ээр аймгаа авч үлдсэн. Аймгийн Онцгой комиссын зүгээс ямар чиглэл баримталж, халдвараас хэрхэн сэргийлж байна вэ?

-Цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед Улсын Онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас өгсөн  заавар, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж онцгой нөхцөлд ажиллах нь бидний үүрэг.  Халдварын тохиолдол бүртгэгдээгүй гээд бид тайван сууж хэрхэвч болохгүй. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх үүднээс бүх шатанд хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр  сараас эхлээд Ховд аймаг руу  орж ирж байгаа иргэн бүрээс Дарви сумын хяналтын цэг дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авч нэвтрүүлж байгаа. Нийтдээ 12187 иргэнээс түргэвчилсэн оношлуураар,  PCR шинжилгээг 2020 онд 1036 иргэнээс, 2021 он гараад 1166 хүнээс шинжилгээ авсан байна. Одоо ч энэ хяналт, шинжилгээг тасралтгүй хийсээр байгаа. Ингэж ажилласны үр дүнд Улаанбаатар хотоос нийтийн тээврийн автобусаар ирж байсан иргэдийн хоёроос нь халдвар илэрч баталгаажуулан, халдвартай болон хамт ирсэн иргэдийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу буцааж аймгаа “Эрүүл-Эко бүс”-ээр авч үлдлээ. Манай аймгийн  Онцгой байдлын газар, Цагдаа, Эрүүл мэндийн салбарынхан болон Дарви сумын төрийн албан хаагчид хяналтаа сулруулаагүй сайн ажилласны үр дүн гарсан гэдгийг онцлон тэмдэглэе. Нөгөө талаар халдвар хэзээ ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид нөхцөл байдал хүндэрлээ гэхэд ард иргэдээ хүнсээр хангах зорилгоор 450 гаруй сая төгрөгөөр хүнсний нөөц бүрдүүллээ. 

-Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбарынхан би болгодог. Энэ талаар ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Манай аймгийн хувьд хулгана жил маш их буян хишгээ хайрласан сайхан жил болсон. Хур бороо элбэг, газрын гарц сайн, мал сүрэг тарга хүч сайтай, өнгөрсөн хавар 1.920.0 төл хүлээн авсан. Гарсан төл 99.3 хувьтай бойжсон. Мал сүрэг таван төрөл дээрээ өссөн. Малчны хотонд дөрвөн ихэр тугал, гурван ихэр хурга, дөрвөн ихэр ишиг, ихэр ботго мэндэлж малчид мал сүргээ төлөөр өсгөлөө.  Газар тариалан эрхлэгчид маань 245 га-гаар тариалалтаа нэмэгдүүлж төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангаж, хадлан тэжээлээ чамбай бэлтгэсэн. ХАА-н салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувийг эзэлж байна.  Үйлдвэр үйлчилгээ, тээврийн салбарын индекс өсөж байна. Гэхдээ бид нарийн ногоо, тэжээлийн ургамал, жимс жимсгэний тариалалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Газар тариалангийнхаа бааз суурийг илүү нэмэгдүүлэх боломж бий. Хүний нөөц бас бий. Мал аж ахуйн салбарын хувьд нэмж хэлэхэд малынхаа эрүүл мэндэд анхаарахаас гадна таваарлаг чанар, бэлчээрийн менежмент гэсэн хоёр гол асуудал тулгамдаад байгаа. Учир нь манай аймгийн бэлчээрийн даац 60 гаруй хувиар хэтэрсэн гэсэн тооцоо судалгаа бий. 3200 гаруй мянган малтай, дор хаяж 600 мянгаас дээш малыг жил болгон зах зээлд бүр гадагш гаргаж байх бодит тооцоо судалгаа хийсэн. Тиймээс мал эрүүл, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

-Шинэ Ховд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан.  Юугаараа онцлог хөтөлбөр болов?

-УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой хамтран “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөр боловсруулж хоёр ч удаа Хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж, одоо аймгийн Засаг даргын дэргэд “Шинэ Ховд баруун бүсийн корпораци”  Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад ажиллаж байна. Дээрх тэргүүлэх чиглэлийн төслүүдээ орон нутгийн зүгээс маш сайн дэмжиж Засгийн газар, салбарын яам, Олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж ажиллах зорилготой. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг боловсруулж техник эдийн засгийн үнэлгээ хийх ажил бас бий. 2021 он бол Ховдчуудын хувьд бас онцлог жил болно. Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн тэгш ой тохиож байна. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их байна.  Ингээд эртний түүхт, холын цэнхэр хязгаар, олон угсаатны өлгий болсон Ховдчуудтай ажил амьдралын холбоотой бүх хүмүүс, байгууллага хамт олон болон нийт Монголчууддаа дахин сайн сайхны дээдийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

 

Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

25 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

39 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

47 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

57 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

5 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

5 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

5 цаг 33 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

6 цаг 54 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

7 цаг 19 мин