Архангайн олимпийн зөвлөлийн Ц.Нэргүйбаатар

2021-02-22
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Олимп бол дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын их наадам.  Энэ их наадмын учир агуулга, үнэт зүйлийг өөрийн үйл хэргээр олонд таниулж, олимпимзын үр үндсийг орон нутагт суулгасан нэгэн эрхмийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьж,  дурсамжийн  хуудсыг нь эргүүллээ.  Архангай дахь “Мехико” олимпийн зөвлөлийн дарга Ц.Нэргүйбаатарыг нутаг орных нь төдийгүй, спорт олимпийн салбарынхан андахгүй мэднэ, хүндлэн хайрлана.  Хүн ер нь өөрийн үйл хэргийн төлөө хүнээс сайн сайхан үг сонсож, хүндлэл хүлээж, мөн дурсамжаараа жигүүр хийн амьдарна гэдэг энэ насны нэгэн бахархал гэдгийг би  Ц.Нэргүйбаатар даргатай ярилцаж байхдаа мэдэрсэн юм. Тэрээр их даруухан. “Ах нь өөрт ногдсон ажлаа л хийж яваа хүн.  Өөр онц гойд гавьяа юу байх вэ” хэмээн бидний яриа эхэлсэн.  Харин түүний амьдрал ямар баялаг, үйл хэрэг нь ямар өргөн цар хүрээтэй гэдгийг  бидний  хөрөг, тэмдэглэлээс уншина уу.

 

Эмээ өвөөгийн хүүхэд

 

Ц.Нэргүйбаатар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн.  Аймгийн төв гэсэн үг.  Төрөх үед  ээж нь шар өвчний ком болоод найман сар хүрээгүй дутуу төрсөн хүү эмнэлгээс гараад шууд  л эмээ өвөөгийн өвөр дээр иржээ.  Ингэж нэхийд боолттой хүү нар даган ханын толгой дамжин хүн болсон түүхтэй. Хүүхэд ахуй насаа Тамирын голын усанд шумбаж, ногоон зүлэг голын хайрган дээр хөл нүцгэн гүйж, тэр үеийн хүүхдүүдийн гол тоглоом чоно тарвага болох, тэвэг өшиглөх,нуур нугас, морин байлдаан хийх, зүлгэн дээр бүс татаж байгаад өндөрт харайж тоглоно. Өвөл нь голын мөсөн дээр гулгаж өнждөг байжээ. Үнэхээр эрүүл орчинд өссөн гэдгээ тэрээр онцлохын зэрэгцээ  “Эмээ өвөө хоёр минь намайг өнөөдрийн бидний яриад байгаа цэвэр байгалийн хоол хүнс, цагаан идээ, сүү, тос идүүлж жинхэнэ эрүүл хүүхэд болгон өсгөж хүмүүжүүлсэн. Хэзээ хожим нь багш болсон хойноо л махан хоолонд орж байлаа” хэмээн дурссан.   Тэрээр Батцэнгэл сумын бага сургуульд суралцаж төгссөн. Тухайн үед хөх даалимбан тэрлэг, таван хошуу оёсон цүнх, бэхэнд дүрдэг үзэгтэй, хичээл номдоо сайн ийм л сурагч байжээ. Аав Цэрэннадмид нь малын эмч мэргэжилтэй, хөдөө аж ахуйн ТМС-д багшилдаг байж. Харин ээж нь  цэцэрлэгийн багш. Багаасаа өвөө эмээ дээрээ өссөн болохоор ээж аавтайгаа ойр байгаагүй ч хожим нь сургууль соёлоо төгсөөд аймагт нэг дор амьдрах болжээ. Эмээ өвөөгийн халамжаас холдож, аймгийн хүүхэд болсон энэ цаг үе бол 1975 он байв.

 

71 удаа аймгийн аварга болжээ

Тэрээр аймагт ирээд анх удаа санамсаргүй байдлаар пионер сурагчдын спартакиадын чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оржээ. Энэ нь түүний анхны тэмцээн бөгөөд спортод хөтөлсөн он жил байлаа.  Ц.Нэргүйбаатар энэ тухайгаа “Гудамжинд явж байхад найз Даваасүрэн маань таараад хоёулаа тэмцээнд оръё гэхэд нь шууд зөвшөөрсөн. Тэгээд  42 кг жинтэй хоёр жаахан хүүхэд өхөөрдүүлээд л 48 кг-д өрсөлдөж байлаа. Би тавдугаар ангид суралдаж байсан  ч 8-10 ангийн ах нартай барилдаж хоёр ялж,  нэг ялагдаад гуравдугаар байрт орсон. Энэ бол миний  спорт, амьдралын анхны ялалт байлаа.

Энэ цагаас эхлэн н.Буян гэдэг агуу багшийнхаа нүдэнд өртөж, шавь нь болох эрх авсан билээ”  гэв.   Түүнээс хойш тэрээр зургадугаар ангид орсон намраа сургуулийн өндрийн харайлтын тэмцээнд нэг метр 45 см харайж, наймдугаар ангийн ах нараа ялан түрүүлж, хөнгөн атлетикийн болон сагсан бөмбөгийн дугуйланд явж хажуугаар нь үлээвэр хөгжмөөр хичээллэн ихэд завгүй нэгэн болжээ.   Завгүй байхын зэрэгцээ өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлтэй болж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэгч нэгэн болсон гэдэг.  Наймдугаар ангиасаа эхлэн өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлж эхэлсэн бөгөөд спортын 11 төрлөөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 71 удаа түрүүлсэн түүхтэй.  Харин улсын чанартай тэмцээнд 1979 оноос орж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, ахмадын гээд спортын зургаан төрлөөр 41 жил тасралтгүй оролцохдоо медалийн буухиаг таслалгүй 16 алт, 30 мөнгө, долоон хүрэл медаль авсан амжилттай явна.  Ц.Нэргүйбаатарын амжилтаас нь тоймлон дурдвал Ази тивийн аварга шалгаруулах мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнээс таван хүрэл медаль авсан. Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн спортын мастер, Самбо, чөлөөт бөх, волейбол,сагсан бөмбөг, хүндийн өргөлтийн нэгдүгээр зэрэгтэй. Жүдо бөхийн залуучуудын улсын аварга, Волейболын оюутны анхдугаар спартакиадын аварга, Өсвөрийн хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн аварга болж  байлаа.

 

Монголын пара хөнгөн атлетикийн төрлийг шинэ түвшинд гаргажээ

Ц.Нэргүйбаатар 1981 онд  тухайн үеийн Багшийн дээд сургуулийн оюутан болсон түүхтэй. Залуучуудын улсын хоёр шигшээ багт багтаж Пүрэв-Очир, Насантогтох, Гансүх гэдэг агуу багш нарын шавь байв. Оюутан байхдаа үндэсний бөх, хөнгөн атлетик, волейбол, самбо, жүдо бөх, хүндийн өргөлтийн улсын тэмцээнд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцдог багш нарын хайртай шавь нь хамгийн идэвхтэй оюутан нь байж.  Улмаар 1985 онд сургуулиа төгсөөд Архангай  аймгийнхаа БТСХ-нд дасгалжуулагчаар ирж, тэр цагаас хойш сагсан бөмбөг, хөнгөн атлетик, жүдо бөхийн дугуйлан хичээллүүлэн олон арван шавь төрүүлсэн. Гол амжилт нь түүний шавь нараас 20 жил хөнгөн атлетикийн өндрийн харайлт, бөөрөнцөг, диск шидэлтийн улсын аварга болж байна.  Улмаар 2010 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэмцээнд оролцох хүсэл эрмэлзэл байвч бэлтгэх багшгүй учраас Ц.Нэргүйбаатар багшид  санал тавьж мөн хичээллэж эхэлсэн түүхтэй. Тэрээр  энэ тухайгаа “Би тэр хүмүүсийн сэтгэлийг дэмжин нийгэмшүүлэн чадах бүхнээ хэлж сургая гэсэн бодлоор хамтран ажиллаж эхэлсэн. Харин тэд маань үнэн сэтгэлээсээ зорилго тавьж миний санаагүй амжилтыг гаргаж улс битгий хэл дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчид болон гарч ирсэн дээ” гэв.  Түүний шавь нар 2012 оноос эхлээд пара хөнгөн атлетикийн төрөлд олон улсад өрсөлдөх чадвартай болж, өөр аймаг хотоос ч тамирчид ирж тэдний эгнээнд нэгдэх болжээ.  Улмаар тамирчид азийн амжилтыг эвдэж,  олимпийн тавдугаар байрт шалгарч ирсэн түүхтэй.

 

Олимпийн хөдөлгөөнд нэгдсэн он жилүүд

 

“Олимп бидний зорилгын гол оргил.  Тэр л зүгт зүтгэсэн олон тамирчин, багш дасгалжуулагч нарын хөлс хүч ард түмний хүсэл мөрөөдөл шингэсэн орон зай” энэ сайхан уриатай зорилго нэгтэй өрх айлд орж хувь нэмэр болох чинь хүсэл байж, хамтран ажилласан он жилүүдээрээ  тэр бахархдаг.   2006 оноос тамирчин, дасгалжуулагч, Ц.Нэргүйбаатарт их спортын бодлого зохицуулах төрийн үүрэг оногдож, аймгийн БТСХ-ны даргаар ажиллах болов.  Мөн  олимпийн их айлд гишүүнээр орж,  олимпизмын зорилго зорилтыг архангайчуудад хүргэх ажлыг үргэлжлүүлсэн. Энэ тухайгаа Ц.Нэргүйбаатар “Манай МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн их холыг харсан бодлого хэрэгжүүлж байв. Мөн аймаг орон нутгийн төлөөлөлтэйгөө их ойрхон ажилладаг. Олимпизмын зорилго чиглэлийг түмэнд хүргэхэд олон сайхан ажил эхлүүлсэн. Бид аймаг бүртээ танхим байгуулан жил бүр уулзалт, сургалт , семинар зохион байгуулж байлаа. Гадаад болон дотоодын тэмцээн, их наадмуудыг үзэж арга туршлагаа солилцож ирсэн. Одоо бид залгамж халаа болсон тамирчдыг тасралтгүй бэлтгэх, гол суурь болсон сургуулиудад олимпийн боловсролыг бэхжүүлэх, тэдний нөхцөл хангамжийг сайжруулах, багш нарын сургалтын аргыг шинжлэх ухаантай холбох нь  чухал байна. Манай аймгийн хувьд чиглэсэн нэг зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнд хүрч мэдрэгдсэн.  Энэ  нь анхан шатны сургуулиудад нэгж дээр ажиллаж бүтээгдэхүүний дэргэд байгаа багшид гол анхаарлаа хандуулж сайн багш нарыг сургуульд ажиллуулан тодорхой хэрэглэл материал боломжоор хангах бодлого явагдсан. Үүний тод жишээ бол олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Батцэцэгийн багш Дондог байна.  Хашаат суманд ажиллаж байхад нь аймгийн Засаг даргад дэвжээ авч өгөх хүсэлт гаргаж тэндээс сайн тамирчин төрөх магадлал өндөр учир дэмжих санал дэвшүүлээд дэвжээтэй болгосны дараа жил С.Батцэцэг гарч ирсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн сайн багш нараа сургуулиудад хуваарилан тэднийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх туршлага судлуулах хамтран ажиллуулах зэрэг олон арга хэмжээ авч ирсэн. Энэ бүх ажлыг маань манай Заагаа дарга  их дэмжиж тусалж ирсэн дээ” гэв.

 

“Хүний зам мөр хэнд тусалсан сэтгэлээс, хэн хүндэлсэн итгэлээс тод харагдана”

 

Ц.Нэргүйбаатар дарга хүний зам мөр хэнд тусалсан сэтгэлээс, хэн хүндэлсэн итгэлээс тод харагдана гэж амьдралын ухааныг товч, тодорхой хэлнэ лээ. Тэрээр “Хэдийгээр хүн өөрийнхөө үр хүүхэд хань, ижил амьдралын төлөө зүтгэх боловч адилхан орчлонд ирсэн амьд бүхэнтэй хамтран хөл нийлүүлэх жамтай учир сэтгэл хайр хоёрыг харамгүй өгч байх хэрэгтэй.  Өнөөдрийг хүртэл үлдэх мөрөө тод дурсах түүхээр баян, нэр бүтэн, сэтгэл цагаан явахыг хичээж ирлээ. Өвөө эмээ хоёр маань ч намайг мундаг хүмүүжүүлж өсгөсөн.  Миний амьдралын зарчим бол хэлснээ хийж чаддаг хийснээ амжилтад хүргэдэг зүтгэл. Өөрөө үлгэрлэж чаддаг байж хүнийг хүмүүжүүлж сургах гол үзэл минь үргэлж дотор хадгалагддаг” гэлээ.

Түүний дасгалжуулагч мэргэжил ч амьдралыг үзэх үзлийг нь илүү тодруулж өгдөг бололтой юм.  Тэрээр мэргэжлийнхээ тухай  “Дасгалжуулагч хүн олон шинжлэх ухааны мэдлэгийг зах зухаас нь эзэмшиж байж багахан зүйлийг хүүхдийн авьяаст тулгуурлан нэмэрлэдэг оточ хүн байх ёстой. Би шидэлтийн хүүхдүүдийг 1985-2003 он хүртэл бэлтгэж улсын аварга төрүүлж байхдаа өөрийгөө сайн дасгалжуулагч гэж боддог байлаа. Гэтэл 2003 онд Бээжинд болсон олон улсын шидэлтийн дасгалжуулагч нарын сургалтад суугаад жинхэнэ нүд нээгдэж ирсэн дээ” гэв.

 

Спортын гэр бүл

Тэднийх гурван охинтой.  Эхнэр З.Туяа нь  Өмнөговь аймгийн харьяат. Хоёр охин нь Швед улсад ажиллаж, амьдарч байгаа бол бага охин нь Улаанбаатарт амьдарч байна. 

Тэд Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын багшийн ангийг хамт төгссөн, спортын гэр бүл юм. З.Туяа нь сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Ц.Нэргүйбаатар “Би олон төрөл хариуцсан дасгалжуулагч учраас гэртээ олдохгүй. Тэмцээн уралдаан гээд аймаг, хот байнга явна. Эхнэр маань спортын хүн ч гэлээ ажлынхаа хажуугаар  гэр бүл, үр хүүхдүүдийг минь асарч, хүмүүжүүлэх их ажлыг маань үүрч ирсэн дээ. Энэ бүх амжилтын ард хань минь их үүрэгтэй” гэлээ. Тэдний охидоос дунд охин Төгсгэрэл нь өсвөрийн хөнгөн атлетикийн улсын аваргаас мөнгөн медаль авч тамирчин болох замаа эхэлсэн. Гэвч Швед улсад ажиллаж амьдрах болжээ. Мөн бага охин Н.Намуунтөгс  нь теннис тоглож, бүсийн тэмцээнүүдэд оролцож байжээ. Гэвч аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэнгүй.  Харин одоо ач, зээ нар минь өвөө эмээгийн  замаар замнах нь дамжиггүй хэмээн тэд итгэдэг байна.

Ц.Нэргүйбаатар даргын хобби нь шүлэг тэрлэх.  Тэрээр одоогоор 10 дуутай. 200 гаруй шүлэг тэрлэсэн байна.   Ийнхүү орон нутагт олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэгч, Архангай аймаг  дахь “Мехико” олимпийн зөвлөлийн дарга,  өвөө эмээгийн хүү, тамирчин дасгалжуулагч Ц.Нэргүйбаатарын амьдралын  зузаан намтар хуудсаас түүвэрлэн буулгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)

 

Батсайхан Ж
энэ их ажил бүтээл амжилтын төр үнэлж тэр гавьяатаа өгөх болсон байна шүү биеэн тамир спортын дээд шатны байгуулага анхааралдаа авах цаг нь болжээ гавьяаг нь үнэлж өгөөрэй
baagii
wooow ymar mundag hun be jinhen sportiin toloo gsn setgeltei hun bna olon shan shawi turuuleh boltugai
uneheer shan hun shuu
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

8 цаг 21 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

8 цаг 48 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

8 цаг 51 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

8 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

8 цаг 58 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

9 цаг 15 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

15 цаг 23 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

15 цаг 28 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

15 цаг 34 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

15 цаг 44 мин