COVID-19 эсрэг вакцины сураг гарлаа

2021-02-17
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн 219 орныг хамарсан цар тахал жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 109 сая гаруй хүн халдварлаж, 2.4 сая гаруй хүн амиа алдсан энэ тахлыг зогсоох сүүлийн итгэл найдвар нь вакцин гэдгийг ДЭМБ зарласан. Тиймээс өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн тогтолцоо нь сайн хөгжсөн улс орнууд тус бүртээ халдварын эсрэг вакциныг туршиж, хэдийнэ иргэдээ хамруулж эхэлсэн. “ДЭМБ тийм ч вакциныг баталлаа, энэ ч улсын вакцин өндөр үр дүн үзүүллээ” хэмээн бусад улс орны үйлдвэрлэсэн вакцины үр дүн болон иргэдээ вакцинжуулсан тоог нь монголчууд анхаарч байв.

Тэгвэл COVID-19 эсрэг вакцин энэ долоо хоногийн сүүлээр манай улсад ирж, энэ сарын 23-наас иргэдээ хамруулж эхэлнэ гэсэн мэдээг  ажил үүргээ аваад удаагүй байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд даваа гаригт дуулгалаа.

 

С.Энхболд:Цар тахлын эсрэг вакцинжуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлнэ

 

Тэрээр “Хөл хорио энэ сарын 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөж байна.

Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д үндэсний агуулах байдаг. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. Вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудалгүй, бэлэн байгаа гэж ойлгож болно. COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг манай улс өөрийн төсөв, худалдан авалтаар шийднэ. Нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулна. Вакцины зардал, төсөв шийдэгдсэн” гэж ярьсан юм.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг хийлгэнэ

 

Вакцинжуулалт тун удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр тэрээр “COVID-19 эсрэг вакциныг татаж авах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавина. Монгол Улсын Ерөнхий сайд миний бие вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ. Эхний тунг хийлгэх нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа хэрэг юм. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина” гэж мэдэгдэв.

Вакцины сураг чимээ ойртсоноор аль салбарын хүмүүс хамгийн эхэнд вакцинд хамрагдах вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр эхний ээлжинд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид, 50-аас дээш насныхан хамрагдана. Үүний дараагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй хүмүүс, хил, гаалийн ажилчид, боловсролын байгууллагын ажилчид хамрагдах юм.

 

Дөрвөн улсаас вакцин татан авна

 

Вакцинжуулалттай холбоотой саар мэдээ дэлхийн хэвлэлүүдээр тасрахгүй байгаа энэ үед аль улсын, ямар вакцинд иргэдээ хамруулах нь хамгийн чухал зүйл юм. Энэ талаар  ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр “Ерөнхий сайд манай улсад вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайдуудтай уулзсан. Энэ долоо хоногийн сүүлээр эхний вакцинаа татан авна. Дөрвөн улсаас 95-аас дээш хувийн дархлаа тогтоож байгаа вакциныг шат дараатайгаар татан авч, энэ сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн.  AstraZеneca вакциныг БНЭУ-д албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд манай улсад нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах Pfizer, AstraZеneca вакцин ирнэ. Мэдээж хэрэг халдвартай орчинд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, хөл хориог сахиулж байгаа цагдаа хүчний байгууллагынхан, өндөрт настнууд, суурь өвчтэй иргэд гэсэн дараалалтайгаар хуваарь гаргасан. Вакцинжуулах эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалтыг Энэтхэг улсаас авсан. Аль вакциныг ямар хугацаанд хийх талаар тодорхой мэдээллийг удахгүй хүргэнэ” гэв.

 

COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулна

 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVAX хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй цахимаар мэдээлэл солилцжээ. Энэ тухайгаа тэрээр “COVAX хөтөлбөрөөр Pfizer вакцины 25740 тун, AstraZeneka вакцины 163200-276000 тун вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж  энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөсөн. Харин “AstraZeneka” вакциныг гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийлсэн” гэж ярьсан юм.

Манай улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган иргэнийг дархлаажуулах вакциныг COVAX хөтөлбөрийн хүрээнд авах юм. Энэ талаар  ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “COVID-19 халдвар дэлхий дахинд цар тахал болж тархснаас хойш дархлаажуулалтын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд хамтран COVAX хөтөлбөрийг үүсгэсэн. Гол зорилго нь вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хуваарилах юм. Хөтөлбөрт одоогоор 190 гаруй улс элссэн. Эдгээр улс орныг вакцин худалдан авах төрлөөр нь хоёр ангилж байгаа.Нэгдүгээрт, өөрсдийн санхүүжилтээр худалдан авах 90 гаруй улс, хоёрдугаарт, хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг үнэгүй авах улсууд багтана. Монгол Улс 2020 оны долдугаар сард COVAX хөтөлбөрт элсэн хүсэлтээ өгч, хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой улсын тоонд орсон. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг энэ хөтөлбөрийн хүрээнд авна” гэв.

 

Вакцин хамгийн багадаа зургаан сарын дархлаа тогтооно

 

Цар тахлын эсрэг вакцин хүнд хэдий хугацааны дархлаа тогтоодог, халдвараас бүрэн дүүрэн хамгаалж чадах эсэх нь одоогоор тодорхой бус байна. Гэхдээ хамгийн багадаа зургаан сарын дархлаа тогтооно  гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Энэ тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма  “Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. COVID-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 нэгж байдаг. Вакцинжуулалтыг 548 цэгээс гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллуулна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх тов гарсан. Богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг тав, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичсэнээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтооно. Гэхдээ судалж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай. Тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авна гэж ДЭМБ зөвлөсөн. Хувийн ариун цэврийн дэглэмээ сахиж, хамгаалж байгаа хэдий ч хамгаалалтын цор ганц өвөрмөц арга нь вакцин тул товлолын дагуу бүрэн хамрагдсанаар өвчнөөс сэргийлэх боломжтой” гэлээ.

 

AstraZeneca ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хоёр дахь вакцин боллоо

 

Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн COVID-19 эсрэг вакцинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг даваа гаригт олгожээ. Ингэснээр AstraZeneca ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хоёр дахь вакцин болж байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.  Өмнөд Солонгосын “SKBio”, Энэтхэгийн “Serum Institute of India” компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ.

Энэтхэг улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дээрх вакцинаас эхний ээлжинд 150 мянган тунг Монгол Улсад хандивлах талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үнэ хямд, хадгалах горим энгийн гэдгээрээ AstraZeneca-гийн вакцин бусдаасаа давуу тал ихтэй юм. Түүнчлэн Өмнөд Африкаас гаралтай халдварын шинэ хувилбар тархсан улс орнуудад энэ вакциныг ашиглах боломжтойг дурдсан байна.

Энгийн үед вакцин боловсруулахдаа 10 жил зарцуулдаг Оксфордын их сургуулийн эрдэмтэд COVID-19-ийн вакциныг 10 сарын дотор гарган авсан. Вакцины туршилтад 20 мянга гаруй сайн дурынхныг хамруулж, халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг олон удаагийн туршилтаар баталсан юм. AstraZeneca вакциныг Цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой.  Нэг тун нь 3-5 ам.долларын үнэтэй байх юм. Хоёр тунг 4-12 долоо хоногийн зайтай 18 болон түүнээс дээш насныханд хийнэ.  2021 онд  гурван тэрбум тунг Энэтхэг улсад үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

 

Pfizer вакцины нэг тун нь 20 долларын үнэтэй

 

ДЭМБ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн Pfizer/BioNTech вакциныг баталгаажуулсан. Гурав дахь шатны эмнэлзүйн туршилтуудын үр дүнд үндэслэн тус вакцин нь  халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэдгийг зарласан. Үр дүн өндөр боловч Цельсийн -75 градуст хадгалах ёстой учир тээвэрлэлт хийхэд хэцүү. Нэг тун нь 19.5 ам долларын үнэтэй.

Хоёр тунг 16-гаас дээш насныханд 21 хоногийн дараа тарина.

Энэ онд  хоёр тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгож, улс орнууд иргэдээ хамруулж эхэлсэн ч вакцины аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн цуваа тасарсангүй. Тухайлбал, Норвегид Pfizer вакцин хийлгэсэн 23 ахмад настан нас барсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл вакцин хийсний дараа илэрсэн халуурах, дотор муухайрах шинж тэмдэг нь хууч өвчтэй өндөр настай хүмүүсийг үхэлд хүргэж байна гэсэн дүгнэлтийг Норвегийн эмч нар хийжээ. Мөн АНУ-д Pfizer, Moderna вакцинуудыг хийлгэсэн 55 хүн нас барсан.  Польш улсад вакцин хийлгэсний дараа 37 хүнд гаж нөлөө илэрсэн бол Израйльд Pfizer вакцин хийлгэсэн 13 хүнд нүүрний мэдрэлийн саажилт үүссэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Ийн манай улсын иргэдээ хамруулах вакцины аюулгүй байдлын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл вакцин сонголт, үнэлгээг хийсэн. Вакцинжуулалт эхлэхтэй зэрэгцэн эрдэм шинжилгээний судалгааг хийнэ. Нэгдүгээрт, тухайн вакцины дархлаа тогтоцын судалгааг хийнэ. COVID-19 вакциныг шинээр нэвтрүүлж байгаа учраас вакцины хариу урвал, гаж нөлөөг заавал тандана. Хэрвээ гаж нөлөө гарсан тохиолдолд тогтолцоон дээр тулгуурлан шалтгаан хамаарлыг тогтооно. Энэ чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэсэн” гэсэн юм.

 

“Вакцинд хэт найдлага тавьж, бүх зүйлээ орхиж болохгүй”

 

Халдварыг хумих, энгийн амьдралдаа шилжих арга зам нь вакцин мөн. Гэвч халдвараас хэдий хугацаагаар, бүрэн дүүрэн хамгаалж чадахыг нь нотлоогүй байгаа учир вакцинд 100 хувь найдах боломжгүй юм. Энэ талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа “Урьдчилан сэргийлэх зорилготойгоор хийж байгаа учир вакцин дээр хоёр зүйлийг хэлмээр байна. Вакцин тариулсны дараа дархлаа нь насан туршид тогтох эсэхийг тогтоож чадаагүй. Вакциныг бүтээхэд олон жил зарцуулаагүй гэдгийг ямар ч энгийн хүн ойлгоно. Судалсаар байна. Гэхдээ вакцинд хэт найдлага тавьж, бүх зүйлээ орхиж болохгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд бид дархлааны талаар сайн ойлголттой болсон. Иргэдийнхээ итгэл үнэмшлийг дахин олж авахын тулд судалгаанд суурилсан мэдээллүүдийг өгч чадвал вакцинаас илүү мэдлэгийн вакцинжуулалт болно. Мэдлэгийн вакцинжуулалт бол зөвхөн COVID-19 төдийгүй цааш цаашид гарах халдваруудаас ч хамгаалах боломжтой” гэж ярьжээ. Бид энэ сарын 23-наас вакциндаа хамрагдаж эхлэх нь. Харин хэдий хугацааны дотор хүн амынхаа 60 хувийг хоёр тун вакцинд хамруулж дуусах нь тодорхой бус хэвээр үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

58 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

4 цаг 45 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

5 цаг 0 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

5 цаг 7 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

5 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

9 цаг 23 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

9 цаг 23 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

9 цаг 53 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

11 цаг 14 мин