• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Э.Түвшинтөр: Тоглоомон урлаг нь залуухан, шинэлэг, цаашид хөгжих боломжтой

2021-01-26 08:05

Б.НАМУУНТАМИР

 

“Зууны мэдээ” сонин “Старт-Ап” шинэхэн буландаа тоглоомон урлагийн төрлийг Монголдоо хөгжүүлж буй “Nomad Toys”-ийн үүсгэн байгуулагч  Э.Түвшинтөрийг урьж ярилцлаа.

-“Nomad toys” гэхээр залуусын дунд трэнд болоод буй “Хандгай”, “Оннц дүмд”-ийн тоглоо­мон урлалын соёлыг тү­гээг­чээр хэдийнэ танигд­сан. Тэгвэл анх яаж компа­ниа үүсгэн байгуулж байв?

-Миний хувьд 2011 онд зураач мэргэжлээр сургуулиа төгсөөд, 2016 онд өөрийн бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа.

Энэ үзэсгэлэн маань тухайн үедээ чамлахааргүй амжилттай болсон. Гэхдээ дараагийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж эхлэхдээ “Ингээд зураад л байх уу, энэ хэвээрээ байвал зурсан зургуудаа жаахан өөрчлөөд л нэг газартаа тойроод байх юм биш үү” гэх мэт зүйлс бодогдоод, эргэлзээнд орчихсон. Тийм болохоор хоёр дахь үзэсгэлэнгээ аль болохоор шинэлэг байдлаар хийх үүднээс зураг, фигурийн (биет дүрслэл/баримал) хосолмол байдлаар гаргасан юм.

Үүнээс хойш биет урлагийн төрлийг сонирхон судалж эхлээд “Art toy” буюу Тоглоомон урлаг гэгдэх маш залуухан, шинэлэг, цаашид хөгжих нөөц бололцоо ихтэй төрөл байдгийг олж мэдсэн. Яг л хайж байсан зүйлээ олчихсон хүн чинь үүнтэйгээ шууд л наалдаад, тэврээд авсан гэхэд болно. Улмаар зураач найзууддаа санал тавьж, хамтрахыг хүсэхэд тэд ч маш дуртай хүлээж аван, эхний ээлжид “madNomad” үзэсгэлэнг Шог зураач Цогтбаяр ахын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Үүнээс хойш бид албан ёсоор нэгдэж, 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Өөрийн гэсэн содон дүр төрхтэй тоглоомон урлал хөгжүүлж байгаагийн хувьд бусдаас юугаараа ялгарч, онцлог байхыг хичээж ажиллаж байна вэ?

-Тоглоомон урлаг бол үүсэж хөгжөөд ердөө 30-аадхан жил болж байгаа тун залуу урлаг. Анх бий болсон цагаасаа эхлээд л үнэхээр дуртай, энэ төрлийг ойлгодог сонирхогч, цуглуулагч, музей, галерей, албан байгууллагуудын байнгын цуглуулгуудад тавигдан хөгжиж ирсэн. Илүү деталь, нарийн нямбай хийцтэй, гар аргаар бүтээгддэгийн дээр нэг загвараас маш цөөн тоогоор гардгаараа онцлогтой. Жишээ нь, бидний саяхан ажилласан Зэрэг нэмэхийн өмнө киноноос санаа аван хийгдсэн “Зэрэг нэмсний дараа” хэмээх коллекцоос ердөө таван ширхэг гарсан бол одоо ажиллаж буй Хандгайн цуглуулгаас 20 ширхэг л бүтээгдэж байгаа. Тав эсвэл арван жилийн дараа энэ загваруудыг хайгаад ч олж чадахааргүй болно гэсэн үг л дээ. Анхны загвараа зохиохдоо үйлдвэрлэчихээд түүнийгээ зарах биш, эхлээд урьдчилсан захиалгаа аваад захиалагчид бүрдэхээр нь үйлдвэрлэж эхэлдэг.

Харин “Nomad Toys” студийн онцлог гэвэл нүүдэлчдийн соёл, орчин үе гэсэн хоёр уур амьсгалыг хольдог. Түүн дээр бид зэвүүн, зарим тохиолдолд ууртай, галзуу дүр төрхийг монгол хэв маягтай хамт шигтгэж өгдөг. Мөн дүр бүрийнхээ түүх, хөгжүүлэлтэд их анхаардаг. Түүхгүй, өгүүлэмжгүй энгийн нэг баримал ямар ч үнэ цэнэгүй.

-Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хэсэг зогсонги байдалд орсон байх. Танайх тоглоомоо хаана нийлүүлдэг вэ. Гэрээтэй, компаниуд бий юу?

-Багийнхан маань мэргэжил нэгтэй, адил зүйл хардаг, хийдэг хүмүүс болохоор хийж байгаагаа л илүү гоё болгох, шинэлэг байлгахад анхаарснаас биш, бизнес талын буюу зах зээл, идэвхжүүлэлт, хуваарилалтын асуудлаа сайн тооцоолоогүй байсан юм. Гэтэл Монголд тийм ч сайн танигдаагүй энэ урлаг гаднын зах зээлд бол маш өндөр үнэлгээтэй, цуглуулагч ихтэй байдаг болохоор хилийн чанадаас захиалгууд орж ирэх болсон л доо. Энэ нь ч аргагүй юм билээ. Хэдийнэ хөгжсөн зах зээлд 600 ам.доллараар зарагддаг бүтээгдэхүүнийг бид 100 орчим ам.доллараар л зарж байгаа юм чинь.Иймд ирээдүйд тээвэрлэлт, захиалгын системээ илүү сайн шийдээд гаднын зах зээлд хандах, чиглэх төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа Азид энэ төрлийг сонирхогчид их, худалдан авах боломжтой цуглуулагчид олон байна 

-Энэ хүнд­рэл­тэй цаг үед тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Саад бэрхшээл юу байна?

- COVID-19 цар тахлын онцгой нөхцөл байдал мэдээж их бэрхшээл, эрсдэл болж байна. Дараа нь Монголын зах зээл, хэрэглэгчид сайн төлөвшөөгүй байгаа тул дотоодын худалдан авагчид бага байгаа. Хэрэглэгчдээ төлөвшүүлэх, нийгэмд энэ төрлийн урлагийг таниулах, ойлгуулах хэрэгцээ их байна. Арт тоглоомыг лангуун дээр зарагддаг масс үйлдвэрлэлийн гарцын нэг нь биш, харин дурлаж хайрладаг хүнд нь л зориулж хийгддэг урлагийн бүтээл гэдэг талаас нь хардаг болоосой гэж хүсдэг.

-Танай компанийн цаашдын зорилго, зорилт?

-Одоогоор тавуулаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид бүгдээрээ зураач, уран бүтээлч хүмүүс. Бүгд л дуртай хайртай зүйлээ хийж байгаа болохоор энэ урлагийн төрлийг Монголдоо хөгжүүлэх чин хүсэлтэйгээр, хоёргүй сэтгэлээр, өөрсдийн бүх боломж бололцоогоо зориулан ажлаа хийцгээдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.