Ц.Даваасүрэн: Сэтгэл гаргавал хэдхэн жилд л хөгжилтэй улс болно

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 22 мин унших
-Шинжлэх ухааныг хөгжүүлээгүй улс орон бусдын аманд хөтлөгдөж, дагаж амьдардаг-

Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Ярилцлагаа одоо дэл­хий нийтийн асуу­дал болоод байгаа цар тахлаас эхэлье. Та УОК-оос гаргасан зарим шийд­вэр, тухайлбал, 21 хоног тус­гаарлаж байгааг буруу гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ вирус Монголыг шинжлэх ухаангүй улс гэдгийг харууллаа ч гэж ярьсан. Яагаад?

-Сая  цар тахлыг дотроо алдсаны нэг шалтгаан 21 хоногтой холбоотой байлаа гэж болно. Тэр “Энхсаран сувилал” дээр олон хоног тусгаарлагдсан хүмүүс холилдсон. Гарах гэж байгаа хүмүүс дээр халдвартай хүн оруулж халдаагаад гаргаснаас боллоо шүү дээ. Дэлхийн бүх улс орон тэр тусмаа хөгжилтэй нь ковидын нууц хугацаа тав хүртэл хоног  гэж тогтоогоод, тусгаарлах хугацааг 14 хоног хангалттай гэж үзээд байхад манайх 21 хоног нууц байдаг вирус гэж үзсэнээс Монголд  шинжлэх ухаан ямар түвшинд байгааг харж болно. Нөгөө талаар хүнд тусвал л үхэлд хүргэх цар тахал гэж айдас бий болгоод Эдийн засагтаа хүндрэл авчирсан байх. Ялангуяа, өдрийн орлогоороо амьдардаг иргэд, ЖДҮ, үйлчилгээний салбарынханд хүнд цохилт болсон. Энэ вирус чинь залуус, хүүхдүүд, дархлаа сайтай хүмүүст үхэл авчрахгүй.

Суурь өвчтэй, эсвэл өндөр настай дархлаа нь суларсан хүмүүсийг л цусыг нь өтгөрүүлж үхэлд хүргэдэг гэдгийг дэлхийн шинжлэх ухаан тогтоочихсон. Энэ мэт зүйл дээр алдаа гарч байна гэж л байр сууриа илэрхийлсэн. Манайд ковид орж ирсэн  өнгөрсөн есөн сарын хугацаа, өвчилсөн 900 гаруй хүмүүсийн биеийн байдлаас хангалттай дүгнэлт хийж, оновчтой арга хэмжээ авч болох байсан. Тэр хүн ам ихтэй, улирлын томуугаар өвчлөөд байдаггүй, 70 дээш өндөр настан ихтэй улс орнууд бол өөр юм. Манайд эрс тэс уур амьсгал, иргэдийн дархлаа, томуугаар байнга өвчилдөг гээд давуу талууд байгаа байх. Үүнийг судлаад төрдөө зөвлөчих шинжлэх ухааны байгууллага алга байна шүү дээ. Одоо л харин зөв арга зам руугаа орж байх шиг.  

-Шинжлэх ухаан сул байгаа нь хөгжил буурай байгаагийн нэг шалтгаан мөн үү?

-Мөн байлгүй яах вэ. Шинжлэх ухааныг хөгжүүлээгүй улс орон бусдын аманд хөтлөгдөж, дагаж амьдрах хувь заяа тулгардаг. Хүнээр бол өөрийн гэсэн толгойгүй, амьдрах чадваргүй, арчаагүй нэгэн л юм уу даа. Ийм улс орон яаж бусдаас илүү хөгжих билээ. Тиймдээ ч баялаг ихтэй атлаа бусдад шулуулаад өөрсдөө ядмаг амьдарч байна шүү дээ. Үүний нэг тод жишээ бол Оюутолгой. Дэлхийд нэн ховорт орох энэ баялгийнхаа тав, зургаанхан хувийг хүртээд түүнээсээ өндөр зээлийн төлбөр төлөөд сууж байна. Хатуухан хэлэхэд,  баялгаа өөртөө эргүүлж зээл болгочихоод төлж байгаа. Энэ чинь дэндүү арчаагүй үйлдэл мөн биз дээ. Ийм гэрээ хийчихээд хөнгөхөн ял өгөхөөр “Хэлмэгдлээ” гэцгээгээд хашгирч байна. Түүх шүүнэ ч гэх шиг гэнэн юм яриад. Оюутолгойн үнэн амьдралаар батлагдах тусам тэд, тэдний үр удам Монголд амьдрахад ичгэвтэр болно.

 

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол ирэх жилээс хязгаарлалтанд орно

 

-Та өмнө нь Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.  Иргэд, аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцна гэхээр ачааллыг даах чадамж, нөөц эх үүсгүүр, тоног төхөөрөмж  манай эрчим хүчний салбарт  байдаг уу?

-Маш хүнд шийдвэр гаргасан. Одоо нэгэнт гарсан шийдвэрийг хэрэгжүүлээд авч гарахаас өөр зам байхгүй. Иргэн, аж ахуйн нэгжийнхээ бизнес, орлогыг нэг сар зогсоосон учраас ямар нэг хэмжээгээр  хохирлыг нь барагдуулах хэрэгтэй байсан. Харин одоо улс орноороо гал алдахгүйн тулд иргэн, аж ахуйн нэгжүүд маань өмнөхөөсөө илүүгүй хэрэглэж цахилгаан станц, шугам сүлжээгээ доголдолд оруулчихгүй авч гарахад сэтгэл гаргах хэрэгтэй. Ялангуяа, өвлийн оргил ачааллын үед аваарын горимоор олон цаг ажиллаж болохгүй. Ийм нөхцөл байдалд бид 1990  оны эхэн үед л орж байсан. Орой хороолол, хорооллоор, аймгуудаар ээлжлэн  тог тасалдаг байсныг манай ахмадууд, дунд насныхан санаж байгаа болов уу. Станц, шугам, дэд станцууд чинь монголчууд та бидний өмч хөрөнгө шүү дээ. Эдгээр байгууламжуудын хүчинд та бидний ажил амьдрал, бизнес хэвийн горимоор хөдөлдөг гэдгээ мартаж болохгүй. Тиймээс төрийн хайрыг гамнаж хэрэглэ  гэж захъя даа.

Оройн оргил ачаалалын үед том хэрэглэгчдээ салгаж зохицуулах хэрэг гарах байх. Эхний үед гэнэтийн шийдвэрт аль аль нь барьц алдах шиг боллоо. Одоо дасаж амьдраад ард нь  гарах биз ээ.

Энэ шийдвэр  харин эрчим хүчний системийн ач холбогдол, бий болсон хүндрэлтэй асуудлуудыг ил гаргаж, шийдвэр гаргах түвшний улсуудад ойлгуулах шиг боллоо. Манай салбарын зүгээс байнга ярьж ирсэн, хэрэгжихгүй удааширч буй Тавантолгойн станц, Амгалан болон “ДЦС-3”-ийн өргөтгөл, горимын зохицуулалтын батарей хуримтлуурын станц, “ДЦС-2”-ийг 100 МВтын газын блокоор өргөтгөх, усны станцуудын эх үүсвэрүүдийг яаралтай шийдэхгүй бол ирэх жилээс 10 хувиар жилд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хааж чадахгүйд хүрч хязгаарлалтанд орж эхэлнэ.

Хэрэв 2018 онд баталж гаргасан “Эрчим хүчний хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлбэл манай улс 5-10 жилийн дотор хараат бус найдвартай эрчим хүчний системтэй болж цахилгаан эрчим хүч экспортлогч улс болно. Удааширбал, орой бүр хойд хөршөөсөө цахилгаан импортолсон хэвээр байх болно.

-Энэ шийдвэрийг зарим хүн  Улаанбаатар руу нүүрс оруулахгүй гэдэг шийдвэртэй адил эрсдэлтэй шийдвэр боллоо гэж байна. Танай эрчим хүчний салбарын хамт олон тэр үед ард нь гарсан. Утааны гамшгийг бууруулж чадсан. Хүнд байсан уу?

-Эрсдэл талаас нь харвал төс байна аа, харин шийдэл гаргаж хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд өөр юм. Тэр дутагдаад байгаа цахилгааны эх үүсвэр станцыг чинь барихад дор хаяж дөрвөн жил шаардагдана. Өвлийн оргил ачаалал чинь эхэлчихсэн байхгүй юу. Утааны хувьд нэг жилийн хугацаа байсан учраас манай эрчим хүчний салбарыхан амжуулаад шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж тэр хүнд шийдвэрийн ард гарч байсан. Засгийн газраас мөнгө санхүү, газрын асуудлаар биднийг цаг алдуулалгүй шийдэж өгч байсан нь их тус болсон. Өнгөрсөн жил шавыг нь тавьж эхлүүлсэн  хоёр дахь шахмал түлшний үйлдвэр маань ашиглалтанд орчихлоо. Түлшний хувьд бол ямар нэг асуудал гарахгүй өвөлжинө л дөө.

 

Манай улсын хөгжлийн загвар, бидний давуу тал бол хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм

 

-Цар тахалтай холбоотой доголдсон, дампуурсан иргэд,  аж ахуй нэгж цөөнгүй байна. Эдийн засгаа хамгаалах, сэргээх ямар боломжууд манай улсад байна вэ?

-Засгийн газрын гаргасан саяын шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэл, дарамтыг хөнгөлөхийн зэрэгцээ үнэ өсөхгүй байх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Энэ цар тахлын ард гарах, мөн эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ ядуурлыг бууруулах гол арга бол ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол орлоготой болгох явдал юм. Үүнийг бий болгох үйлдвэрүүд барих хөрөнгө, мөнгө байна уу гэвэл байгаад тараагаад байгаа биз дээ. Харин үүнд бус улс төрийн эрх мэдэл, сонгуульд хөрөнгө, мөнгө гаргахад сэтгэл гаргаад байх юм. Хувь тавилан юм уу, тиймдээ хөгжихгүй, ядуурал газар аваад байгаа юм.

Бид хөгжлийн загвараа оновчтой томъёолоод зөв бодлого гаргаад тууштайхан сэтгэл гаргаад зүтгэчихвэл хэдхэн жилийн дотор л хөгжинө. Гамшиг болсон Улаанбаатарын утааг бараг 20 жил ярьсан, бид ганц жилийн дотор л шийдсэн. Сэтгэл байвал бүтдэг л гэсэн үг.  Өмнө нь аль  2007 онд 17 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр барих гээд чадаагүй улсууд шүү дээ.

Манай улсын хөгжлийн загвар, бидний давуу тал бол хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм. Үүнийг харуулахын тулд, би аймагтаа ирэх жил найман  ширхэг бяслагны үйлдвэр барих хөрөнгийг  улсын төсөвт тусгуулсан. Амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Манай аймаг анхны органик бяслаг экспортлогч аймаг болно. Манай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн бол баячуудын хүнс байхгүй юу. Одоохондоо нэг үе Тавантолгойн орд  үнэ цэнэгүй Польш улсын өрөнд өгөх гэж байсан шиг л мэдрэхгүй байна. Тун удахгүй одоогийн Тавантолгой шиг үнэтэй болно оо.

-Та саяхан төсөв хэлэлцэхэд хүүхдийн мөнгө, бэлэн мөнгө тарааж байхын оронд ажлын байр хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ бас л харалган бодлого уу, таныхаар?

-Тэгж ойлгож болно. Хамгийн энгийн жишээ авъя. Энэ  онд 1.6 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд тараажээ. Энэ бол нэг тэрбум төгрөгний 1600 үйлдвэр буюу 320 суманд  нэг тэрбумын дөрвөн  үйлдвэр, 21 аймгийн төв бүрд  нэг тэрбум төгрөгний 15 үйлдвэр барих асар их хөрөнгө. Хэрэв ийм хэмжээний үйлдвэр бариад өгчихвөл, Монголд ажилгүй, орлогогүй хүн байхгүй болно. Нөгөө талаар, сар бүр 100.000 төгрөг биш дор хаяж 500.000 төгрөгний цалин буюу аав, ээж хоёр нь нэг сая төгрөгний орлоготой болно биз дээ. Үүнээс ажлын байр, орлоготой болговол илүү үр дүнтэй гэдэг нь тодорхой харагдана. Анх хүүхдийн мөнгө өгч эхэлснээс хойш 16 жил болжээ. Ядуурал буурч уу, үгүй, харин ч өссөн байна. Нийт хүн амын 30-40 хувь нь  ядуу амьдарч байна. Хэрэв энэ хугацаанд ажлын байр бий болгоод иргэдээ амьдралд нь тус болох орлоготой байлгасан бол ядуурал эрс багасах байсан. Миний хувьд  Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байхдаа ч, гишүүн болоод ч байнга л ийм санал тавьж иржээ. Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2013 оны төсөвт хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт өгүүлэхээр шийдвэрлүүлсэн боловч ээлжит сонгуулийн өмнө бүгдэд өгөх болчихсон доо. Уг нь бол хүүхдийн мөнгийг авах ёстой тэр зорилтот бүлэгт нь өгөх ёстой. Боломжтой айлуудын хүүхдүүдэд өгч хэрэггүй. Тэр мөнгөөр үйлдвэр барьж, ажлын байр бий болгож, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нь урт хугацаандаа илүү үр дүнтэй.

Бэлэн мөнгө тараахаар хэрэглээ өсөж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэн юмны үнэ өсдөг. Ингэснээр орлого багатай иргэд улам ядуурч, ядуурлын түвшин нэмэгдсэн хэрэг л дээ. Нөгөө талаар, бэлэн мөнгө чинь импортын бараагаар дамжаад гадаад руу Эрээнд ихэвчлэн хөрөнгө оруулалт болоод манайд ямар ч баялаг бүтээхгүй алга болчихдог юм.

 

Иргэд хэн камерийн өмнө зовлонгоор үг хийж, шударга ёс ярьж сайхан попроод байгааг ялгадаг болчихсон

 

-Та хөвсгөлчүүдийн төлөөллөөр дөрөв  дэх удаагаа сонгогдлоо. Таны олон удаа сонгогдсоны нууц юу вэ?

-Үүнд нууц гээд байх юм байхгүй. Би тэдний итгэлийг алддаггүй, ямар ч үед өөрийнхөөрөө байж тэднийг төлөөлж, эрх ашгийнх нь талд  зогсож байдгийг нутгийнхан маань үнэлдэг байх. Одоо иргэд маань хэн нь камерийн өмнө иргэдийнхээ зовлонгоор үг хийж, шударга ёс ярьж сайхан попроод байгааг ялгадаг болчихсон байна шүү дээ. Хэн ч сайхан ярьж, шударга дүр эсгэж чадна. Харин хэрэгтэй цагт, эгзэгтэй чухал үед кнопоо шударга ёс, иргэдийнхээ төлөө дарж чадаж байна уу гэдэг чинь л гол шалгуур. Тухайлбал, Засгийн газрын алдаа дутагдал, эсвэл Оюутолгойн гэрээг сайжруулах гээд гишүүнийг шалгасан асуудлууд дээр хаана байна гэдгээс тодорхой харагддаг. Иргэд тэр өнцгөөс нь хардаг болсон байна. Сонгуулиас сонгуульд туршлагажиж байна. Амьдрал цаг хугацаа л үнэний шүүлтүүр юм даа.

-Иргэдийн зүгээс УИХ суларлаа гэсэн шүүмжлэл их байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би энэ талаар санал бодлоо илэрхийлэхээс аль болох зайлсхийдэг. Энэ 76 гишүүн чинь ард түмний сонголт шүү дээ, яалтай ч билээ. Сонголтын үр дүнгээс төрийн хувь заяа хамаарч байгаа нь үнэн. Гэхдээ, намууд бас үнэхээр улс эх орныхоо эрх ашиг, шударга ёсыг эрхэмлэдэг, төрийн албаны туршлагатай шилдгүүдээ нэр дэвшүүлж байна уу гэдэг бол асуудал  шүү. Иргэд сонгох боломж хязгаарлагдмал байна гээд байгаа нь үүнтэй холбоотой. Тодруулбал, амьдралын шалгуураар нийгэмд өөрийгөө таниулсан, сонгох боломжийн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй, үгэнд орно, манай бүлэглэл, фракцийн хүн ч гэдэг юм уу явцуу шалгуураар нэр дэвшүүлээд байна  гэсэн үг. Энэ чинь л 1990 оноос хойш монгол төр суларсны нэг хүчин зүйл болсон гэж боддог.

-Таны хэлээд байгаа тэр шилдгүүд чинь тийм л эх орноо боддог юм бол одоо бие даагаад ч болов нэр дэвшээд, төрөө барих цаг болсон биш үү?

-Сонирхолтой асуулт байна. Тийм шүү, зарим  чадвартай хүмүүс маань хувиа хичээгээд өөрөө өөрсдийгөө болгоод явах замыг сонгодог ч байж болох. Гэхдээ заль мэхгүй, хөдөлмөрч тэднийг төрд өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг хязгаарлачихаж байгаа нь хувиа бодохоос аргагүй байдал руу түлхдэг болов уу. Нэг л амьдрах хорвоо, үр хүүхдээ бодъё гээд л. Тиймээс нэг хэсэг нь гадаадад амьдрахыг сонгож, нөгөө нэг хэсэг нь хувийн амьдралаа борлуулаад бизнес гээд  явчихаж байна. Тэд тийм л шилдгүүд юм бол байгаа боломжоо ашиглаад амьдар л даа гэх нэгэн мэдээж байгаа. Харин хичээл, зүтгэл, хөдөлмөрийг эрхэмлэдэг тэр шилдгүүдэд манайд амьдрах арга зам болсон арга заль, хуурамч зан, шударга бусаар амьдрах хүмүүжил байхгүй учраас эх орныхоо төлөө төрд зүтгэх орон зай өнөөгийн Монголд хязгаарлагдмал юм. Дэлхийгээр нэг шилдгүүд, эрдэмтдээ тараачихаад тэд нь live-даад байцгааж байгаа биз дээ. Солонгос, хятадууд бол тэднийгээ авчирч байгаад дэлхийн түвшний технологитой болж улс орноо хөгжүүлсэн түүхтэй.

Ер нь манай төр хүний чадвар, авъяас оюун билгийг үнэлдэг болсон цагт хөгжил ирнэ. Үүнд төр маань анхаарах битгий хэл хуруугаа ч хөдөлгөдөггүй. Цаг нь ирж, нөхцөл нь бүрдээгүй юмыг хэчнээн хэлж яриад ч бүтдэггүй юм байна. Аливаа юманд цаг хугацааны хэмжүүр бий. Нэгэнт босож ирэх боломжгүй болтол нь живүүлчихбэл тусгаар тогтнолоо, яваандаа эдийн засгийн хувьд алдахад хүрнэ. 

Харин УИХ суларч байна уу гэдгийг дүгнэхэд шинэ парламентын хувьд арай л бага хугацаа өнгөрч байна. Харъя. Одоогоор өмнөх Их хурлуудтай харьцуулахад арай л туршлага дутагдаад байгаа тал анзаарагдаж байна. Гишүүд дутуу боловсруулагдсан, хуулийн зөрчилтэй асуудлууд дээр хатуухан ханддаг байлаа. Одоо ч тийм зүйл бараг алга даа. Цөөнх  нь хэт дорой болчихсон ч юм уу. Мөн Төрийн түшээгийн зангараг гэж юм үгүйлэгдээд байх шиг. Хэтэрхий Засгийн газартаа хөтлөгдөх гээд байна.

Зарим нь Их хурлыг зөвхөн хууль тогтоох байгууллага гэж явцуухан төсөөлдөг байх. Үгүй, Их хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хуулиа тогтоож, төрийн бодлогоо ч тодорхойлж Засгийн газраар гүйцэтгүүлж, хэрэгжилтэнд хяналт тавих ёстой. Манай Үндсэн хуулийн агуулга тийм юм. Гэтэл сүүлийн арван жилд Их хурал эрх мэдлээ гүйцэтгэх засаглалдаа шилжүүлсээр байгаад ингэж явцуу ойлгоход хүргэж байна. Тухайлбал, энэ хугацаанд Их хурал сайдтай хариуцлага тооцох, улсын төсөв батлах онцгой эрх мэдэл, хөгжлийн хөтөлбөр батлах, гишүүдийн хууль санаачлах гэх мэт олон эрх мэдлээ хязгаарлуулсан нь бас сулрахад нь нөлөөлсөн биз ээ.

-Тэгэхээр тань шиг олон удаа парламентад сонгогдсон гишүүдэд энэ тогтолцоогоо зөв авч явах хариуцлага иржээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Тийм цаг үе ирсэн юм шиг байна. Саяхан би Ц.Нямдорж гишүүнтэй уулзахад мань хүн “Дуугардаг хүн бага болжээ, та нар дээр хариуцлага очлоо шүү” гэж санаа нь зовсон хэлж байна билээ. Ер нь төрийн асуудлыг тал талаас нь маш сайн шүүн ярьж гаргавал нийгэмд учруулах хор холбогдолгүй болдог. Буруу гарвал олон хүний эрх ашгийг хохироодог. Энэ гарч буй хуулиуд чинь нийгмийн харилцааг зохицуулж, иргэн, аж ахуйн нэгж бүрийн эрх ашгийг хөндөж байдаг тул хэн нэгнийг нь хохироож болохгүй.

 

Төсвөөр дамжин эдийн засгийн дахин хуваарилалт хийгддэг

 

-УИХ-аас 2021 оны төсөв  бүхэлдээ цар тахлаас үүдэлтэй хямралыг давахад чиглэсэн гэсэн ерөнхий томьёоллоор, цахимаар хэлэлцээд  баталсан.  Үнэхээр онцгой үеийн, цар тахлаас найдвартай хамгаалж чадах  төсөв болж чадсан уу?  

-Ер нь бол цар тахлын цаг үеийн л төсөв шүү дээ. Мэдээж хэрэг, эмнэлэг, эрүүл мэндийн салбарын төсөвт шаардлагатай санхүүжилтүүд суусан байгаа. Зарим хүмүүсийн зүгээс вакцины мөнгө хаана байна гээд эргэлзээд байна. Миний ойлгосноор, вакцины санхүүжилтийг гадаад хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна гэж ойлгосон. Тухайлбал, дэлхийн банкнаас вакцин худалдан авахад 50 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээл авах тухай яригдсан.

-“Төсвөө  тодотгох шаардлагатай”,   “МАН-ынхан ирэх хавар хүртэл хийхгүй гэлээ” гэх  байр сууриуд байна. Төсвөө тодотговол   ямар чиглэлээр хийх хэрэгтэй вэ, урсгал  болон  хөрөнгө оруулалтын  зардлын  алин дээр нь тодотгол хийх шаардлагатай бол?

-Цар тахлын асуудал цаашид хэрхэн өрнөхийг таахад хэцүү. Миний хувьд үүнийг хурдан тархацтай, тэгээд суурь өвчтэй болон өндөр настай хүмүүст л хүнд тусдаг юм байна гэж ойлгодог учраас зарим хүмүүсийн яриад байгаа шиг үхлийн тахал гэж хардаггүй. Тиймээс нэг их сүртэй юм болохгүй байх. Манайх чинь дийлэнх нь залуучууд, хүүхдүүд, дархлаа сайтай, янз бүрийн томуу тусаад дархлаа суучихсан таруу суурьшсан амьдралтай улс юм. Анхаарах асуудал бол эрүүл мэндийн салбарын хөгжил сул явдал. Гэхдээ саяын ярьсан давуу талууд биднийг аваад гарчих байх. Ямар ч тохиолдолд энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид гэж манайд байдаг бол тэднээрээ сайн судлуулж, зөвлөмж, дүгнэлт гаргах хэрэгтэй. Төсвийн тодотголын хувьд одоо ярихад арай л эрт байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд цар тахалтай холбоотойгоор авах арга хэмжээгээ төр сая авчихлаа. Харин үүний ард хамтдаа хохиролгүйгээр гарах асуудал тулгараад байна.

 

“Оюу толгойд луйвардуулж ямар их хөрөнгөө алдаж байгаад харамсахгүй, дуугарахгүй атлаа, сумдад өгч буй хэдхэн төгрөгтөө харамсаад  сууж байдаг”

 

-Төсөв батлах үеэр  музей, соёлын төв, спорт заал барихад их хэмжээний   мөнгө тавьж,  цар тахлыг давахад иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд болон  хүн амын эрүүл мэндийг хамгаалах  зардлыг тусгаагүй  гэсэн шүүмжлэл гарсан. Шаардлагагүй зардлуудыг царцааж болоогүй юм уу?

-Вакцины хувьд би дээр хариулчихсан. Төсөв, хөрөнгө оруулалтаар дамжин эдийн засгийн дахин хуваарилалт хийгддэг. Тодруулбал, цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөөр худалдан авалт хийгдэнэ, бараагаа зарсан компаниуд нь татвараа төлөөд эргээд төсөвт буцаад ирнэ. Хөрөнгө оруулалт ч мөн адил. Тэр хөрөнгө оруулалтын ажлыг хийх компаниуд ажлын байр бий болгож цалин тавина, барилгын материал худалдан авна гээд бизнесийн цусны эргэлтийг сайжруулна. Ийм л зүйл шүү дээ. Өнөөдөр дийлэнх улс орнууд цар тахлын үед ажлын байр хадгалахын төлөө л илүү анхаарч байна шүү дээ. Үүний цаадхи агуулга бол бизнесийн эргэлтээ зогсоохгүй, иргэдээ орлоготой байлгах явдал юм.

Улс бүр өөр өөрийн онцлогтой, түүндээ уялдсан хөгжлийн болон төсвийн бодлого гаргадаг. Өргөн уудам нутагтай, цөөхөн хүн амтай манай улсын хувьд зах хязгаар нутгаа хамгаалж авч үлдэх бодлого явуулахаас өөр аргагүй юм. Юун сумдаа нэгтгэж, газар нутгаа эзгүйрүүлэх. Алслагдсан нутагтаа иргэнийхээ  амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Наад зах нь тэднийхээ сурч боловсрох, эрүүл байх эрхээр хангах шаардлагатай. Энэ талаар харин бид чинь тэр Африк, Латин Америкийн улс орнуудыг хол хаясан байхгүй юу. Манайх захын сумандаа стандартын сургууль, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Тэнд бараг л саравчин дор л сурч боловсорч байна. Энэ өмнөх нийгмээс үлдсэн давуу талаа алдаж болохгүй. Оюутолгойд луйвардуулж ямар их хөрөнгөө алдаж байгаад харамсахгүй, дуугарахгүй атлаа, хэдэн суманд өгч буй мөнгөндөө харамсаад  сууж байдаг. Хотын хүн цонхоор харсан сургууль, эмнэлэгтээ очиж үйлчилгээгээ авч байхад хөдөөний  малчин хэдэн арван, магадгүй зуун км замыг туулж боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Хотод өссөн хүн бол үүний зовлонг мэдрэхгүй. Зуны налгар цагт хөдөө зугаацаж явснаараа төсөөлдөг. Монголчууд өнөөг хүртэл энэ агуу хоёр хөршдөө уусчихгүй үлдсэн нь соёл уламжлалаас гадна бидний амьдрал, ахуйн орчин юм. Үүнийг бид үеийн үедээ бодож хамгаалж явах ёстой.

-Сөрөг хүчний зүгээс төсвийн  том  хөрөнгө оруулалтууд  эрх баригчдын зүгээс   Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа хулгайлахад  зориулагдсан  гэж мэдэгдсэн. Төсөв хэмнэх боломжууд ер нь байсан уу?  

-За наадах  чинь бол цэвэр улс төр. Гэхдээ төсөв хэмнэе гэвэл боломжууд байгаа. Жишээ нь, Дэд бүтцийн яам хэд болж хэдэн салбарын илүү төсөв гарч ирэв, мөн орлогч дарга нар, дэд сайд, давхардсан орон тоо гээд яривал асуудлууд зөндөө бий.

-Төсөв хэлэлцэж батлах үеэр Ерөнхийлөгчийн гаргасан санал, тавьсан хоригийн тухайд та юу хэлэх вэ?

-Хоригийг миний хувьд дэмжээгүй нь бэлэн мөнгө өгснөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж үнэ өсгөн, улмаар орлогогүй иргэд улам ядуурч байдаг гэж үздэгтэй маань холбоотой. Ингэж л хандсан.

 

Оюу толгойн мөнгө Монголбанкаар дамждаг хуулийн заалт оруулна

 

-Сая “Эрдэнэт” үйлдвэр иргэдийн цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гарлаа. Залгуулаад   Оюутолгойн мөнгөний урсгал Монголбанкаар дамждаг байх  хуулийн төслийг  оруулж ирсэн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд танд ямар мэдээлэл байна?

-Их хуралд өргөн баригдаад байгаа Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахлахаар болсон. 2016 онд төсвийн тодотгол хийхэд би Оюутолгойн орлогыг Монгол Улсын татварын дансаар дамжиж байх тогтоол УИХ-аар гаргуулаад хэдэн сарын дараа ОУВС-гийн шахалтаар хүчингүй болж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Тэгэхээр энэ заалтыг хуульд оруулах боломж энэ хуулиар гарч байгаа. Үүний төлөө зүтгэх болно. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж бүрийн гадаад төлбөр тооцоо, орлого манай татварын дансаар дамждаг байх ёстой. Уг хуулиар стратегийн аж ахуйн нэгжийн хувьд дансыг нь Монголбанкинд байршуулж болох заалт орсон байна билээ.

-Энэ үеэр анхаарал татсан асуудал гарсан нь  Оюутолгойн гэрээний эх архиваас алга болсон гэсэн мэдээлэл. Зарим хүн үүнийг үгүйсгэж байна. Үнэхээр гэрээний эх алга болсон  нь бодитой  юу?

-Би 2017 оноос хойш Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцээд дэмжих эсэх талаар хураасан санал хураалтын хуулбарыг албан тоотоор шаардаад авч чадахгүй байгаа юм. Олдохгүй байна гэсэн л хариу өгдөг. Архивт нь байгаа гэсэн юм ярьсан байна билээ. Одоо  өгөх байлгүй дээ.

 

Нутгийн бяслаг, хиамыг Хөвсгөлийн цай шиг жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүн болгохыг зорино

 

-Эргээд хоёулаа төсөв рүү оръё. Та нарыг тойрогтоо хөрөнгө тавиулах гэж тулга тойрсон улсууд гэж шүүмжилдэг. Ирэх жилийн төсөв дээр та тойрогтоо юу амжуулав ?

-Өргөн уудам нутгаа хөгжүүлж, авч явах бодлогыг төлөөлөлөөр нь дамжуулан хэрэгжүүлэх агуулгыг Үндсэн хуульд суулгаж өгсөн нь зөв гэж би хувьдаа боддог. Тийм учраас сонгуулиар хөдөө орон нутаг хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын орчинг сайжруулах амлалт өгдөг.  Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Манай нутгийнхан олон зуун мянган хүн дотроос намайг олон удаа сонгохдоо нутаг орноо хөгжүүлэх боломжтой хүн гэсэн итгэлийг л тээсэн хэрэг. Би тэгж л бодож, зүтгэдэг. Насны эцэст очих нутгаа хөгжүүлэх гэж хэн ч бодно биз дээ. Тэр итгэлийг нь даах ёстой. Энэ удаагийн төсөвт ч гэсэн ийм л маягаар хөрөнгө оруулалтын саналуудаа оруулж батлуулсан. Миний хувьд ирэх дөрвөн жилд хөдөөд ажлын байр бий болгож, орлогыг нь нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна. Ирэх жил найман  суманд бяслагны үйлдвэр барих хөрөнгө тусгалаа. Хөдөөгийн малчин өрхүүдийг гар аргаар хиам хийх аргад сургана. Нутгийн бяслаг, хиамыг Хөвсгөлийн цай шиг жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна. Аялал жуучлалын зам дэд бүтэц дээр анхаарсан.Тухайлбал, Дашинчилэнгээр дамжин өнгөрч буй аялал жуулчлалын замыг Хөвсгөлийн замтай холбуулахын төлөө ажиллана. Мөн газар тариалангийн гол бүс болж буй Тариалан сумаа хатуу хучилттай замаар холбох хөрөнгийг шийдвэрлэлээ. Аймгийн төв дээр айл өрхүүдэд цэвэр, бохир ус оруулах ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө нэмж тусгасан. Энэ бол XXI  зууны Мөрөнг бий болгоход чиглэл буй ажил юм. Мөн хоёр өрхийн эмнэлэг, ахмадын урлаг, соёлын төвийн барилга баригдана гээд яривал нэлээд ажлыг амжуулсан.  Үүрэг юм даа, олон юм яриад яахав.

-Танай сумдад өвөлжилт хэр байгаа вэ. Хүндэрсэн бол ямар арга хэмжээ авах гэж байна?

-Одоогоор өвөлжилт хүндэрчихсэн сумд алга. Хүйтэн дөнгөж эхэлж байна. Цаашдаа ямар ч хүндрэл гарч болох. Хавар хатуухан ч байж мэдэх шүү дээ. Орон нутгийн шинэ удирдлагуудад бэлтгэлтэй байгаарай л гэж хэлэх байна.

-Эцэст нь танд уншигчдад хандаж сэтгэлээ хуваалцах боломж олгоё...

-Он шилжих мөч таарч байгаа учраас, монгол түмэн, нутаг зон олныхондоо өнтэй сайхан өвөлжихийн ерөөл өргөе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.18 БААСАН № 242 (6467)

 

Манайд орчин үеийн шинжлэх ухаан нэн хоцрогдсон, Ковид- 19 -ийн талаар "судалгаа" нь гадаадын өдөр тутмын хэвлэл дээр гарсан ерөнхий мэдээг л олон нийтэд хагас дутуу дамжуулдаг. Энэ вирус монгол хүнд, монголын цаг агаарт хэрхэж байгаа талаар хэлэх юм байхгүй, өөрсдийн чадах ажил нь гадаадаас үнэтэй эм, хэрэгсэл худалдан авах, тусгаарлах, хорих.
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 25 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

1 цаг 49 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

1 цаг 49 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

1 цаг 50 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 1 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 35 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

3 цаг 57 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 18 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 35 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

4 цаг 51 мин