• Зууны мэдээ сонин онлайн захиалга

З.Лхагвасүрэн: Судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд  20 жил  боллоо

2020-12-04 08:45

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монгол Улсад  судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлсний 20 жилийн ой  тохиож байна. Энэ мэс заслыг  Монголын хөрсөнд суулгасан  анхдагч, П.Н. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх,  Монгол Улсын гавьяат эмч З.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

 

-Монгол Улсад зүрхний титэм судасны дотуурх эмчилгээг 20 жилийн өмнө анх нэврүүлжээ. Одоо  эмчилгээ, оношилгооны аргууд бүр ч нарийссан болов  уу?

-Зүрхний шигдээс өвчний үед судсан дотуурх мэс засал хийх замаар  тэлэгч тавих аргыг 2002 онд Францын эмч нартай хамтран нэвтрүүлээд  20 жил боллоо. Сая  аравдугаар сард 4-5 орны эмч нарын хурал болох байсан нь Covid-19-ийн хөл хорионы улмаас цуцлагдсан ч  онлайн хэлбэрээр хийсэн. Зүрхний шигдээсийн үед судсан дотуур мэс засал хийх эмчилгээг  Монгол Улсад  нэвтрүүлээд  20 жил болох хугацаанд бид юу хийв гэдэгт  бид  олон судалгаа хийсэн. Манай улсад анхны ангиографийн аппаратыг хуучин    III эмнэлэгт зүрхний мэс заслын тасгийг үүсгэн байгуулагч, академич  Шагдарсүрэн, Бундан эмч нарын санаачилгаар  1969 онд  суурилуулсан байдаг. Зүрхний судсан дотуурх эмчилгээ, ангиографийн аргаар 1997 онд анхны оношилгоог хийсэн. 2000 оны аравдугаар сард анх титэм судасны шигдээс болсон үед судас тэлэгч тавих эмчилгээг хийсэн. 2006 онд монголчууд энэ мэс заслыг бие даан хийж эхэлсэн. Үүнээс өмнө буюу 2000 оноос хойш Францын эмч нар ирж,   өөрсдөө материалаа авчран  тусламж дэмжлэг үзүүлж, сургалт явуулж байсан. Анхны бие даасан эмчилгээг 2006 онд хийж, түүнээс хойш 2013 оноос эхлэн Яаралтай тусламжийн төв тэй  хамтран 24 цагаар ажилладаг болсон.  Зүрхний шигдээсийг 24 цагаар  эмчилдэг болоод  манай эмнэлэг нийтдээ долоон жил болж байна. Яаралтайгаар эмчилдэг өөр эмнэлэг одоогоор байхгүй. 2015 оноос зүрхний хэм алдагдаж,  цохилт нь цөөрч  удааширсан  байдалд хүрсэн хүмүүст түр зуур пейсмейкер аппарат тавьж байгаад тэлэгч \стенд\ тавих эмчилгээнд шилжсэн. 2015 оны долдугаар сараас өндөр өртөгтэй төлбөрт эмчилгээнд орж, түүнээс хойш эрүүл мэндийн даатгалаас 75 хувийг, 25 хувийг  өвчтөн хувиасаа төлдөг болсон. Үүнээс өмнө өвчтөн материал, зардлын үнийг  100 хувь өөрөө төлдөг байсан. Тэр үед улсын эдийн засаг хүндрэлтэй, нэг тэлэгч тавихад 3-4 сая төгрөгийн өртөгтэй байсан бол даатгалаас төлдөг  болсноор өвчтөн нэг тэлэгч тавиулахад хувиасаа 400 мянган төгрөг төлөх  болсон. 2016 оноос бөглөрсөн титэм судаснаас бөлөнг  соруулж байгаад  тэлэгч тавих эмчилгээг  хийдэг болсон. Энд би зөвхөн энэ  20 жилд зүрхний  титэм судсан дотуур мэс засал хийх аргыг нэвтрүүлснээр бий болсон эмчилгээний шинэ аргуудыг хэлж байа. 2017 оноос титэм судсан дотуур даралтыг нь хэмжиж, тэлэгч тавих түвшинд байгаа эсэхийг хэмждэг болсон. 2018 оноос баоруун, зүүн талаас бөглөрсөн архаг бөглөөг хоёр талаас нь зэрэг сэтгүүр оруулж онгойлгодог аргыг нэвтрүүлсэн. 2019 онд бид  зүрхний шигдээсийн хүнд  нарийсал,  титэм судас бөглөрч шохойжсоныг  өрөмдөж дотор нь тэлэгч тавих эмчилгээг нэвтрүүлсэн. Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр “Зүрхний шигдээсийн үеийн эрсдэлийн оношилгоо, эмчилгээг практикт бүрэн нэвтрүүлэх”  төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд хоёр өвчтөнд  энэ мэс заслыг хийсэн. 2020 оноос баруун талдаа зүрхтэй, зүрх нь  төрөлхийн баруун талдаа байрлалтайн дээр  шигдээстэй өвчтөнд  тэлэгч тавьж эмчлэх эмчилгээний аргыг нэвтрүүлсэн.

- 1960 оноос  дэлхий нийт  зүрхний титэм судсыг  мэс заслын аргаар эмчлэх эмчилгээг нэвтрүүлж,  1964 онд  анхны  стэнд \тэлэгч\-ийг тавьсан. Манай улс 2000 онд нэвтрүүлсэн  гэхээр  хожуу санагдана. Гэхдээ таны  сая дурдсан тоо баримтаас  харахад  манай улс  зүрхний судсан дотуурх эмчилгээг   хурдтай хөгжүүлжээ?

-Одоо манай улс   дэлхий нийтэд  хийж буй бүх эмчилгээг нэвтрүүлсэн. Зүрхний титэм судасны анхны хагалгааг 1977 онд Австрийн профессор  Алион Гилийн  хамтаар академич Н.Баасанжав, доктор Д.Цэгээнжав нар  хийж, тухайн өвчтөний өөрийнх нь судаснаас авч залгасан. Үүний дүнд өнөөдөр зүрхний мэс заслын төвийн залуу эмч нар энэ хагалгааг хийж, Монгол Улс энэ төрлийн мэс заслаар  бие даасан түвшинд очсон. Манай эмч нар  ажиллахын хажуугаар байнга  сургалт зохион байгуулж ирсэн. Өөрийн оронд ангиорграфийн  боловсон хүчнийг сургах чиглэлээр анх 2009 онд Ач анагаах ухааны их сургуулийн дэргэд зургаан сарын курсээр сургасан. 2018 оноос  III эмнэлэг дээр нэг жилийн хугацаатай  тасралтгүй сургалтаар нийтдээ 60 гаруй эмчийг  энэ чиглэлд бэлтгэсэн. III эмнэлэгт ангиорафийн аппарат анх тавигдсан 1969 оноос хойш 1999 он хүртэл 30 жилийн хугацаанд 5148  хүнд зөвхөн  оношилгоо хийсэн байдаг. Тэр үед титэм судасны оношилгоог 54-хөн хүн хийлгэсэн. Төрөлхийн гажиг болон  бусад оношилгоо бүх оношилгооны 79 хувийг эзэлж байсан. Тэгвэл 1997-оос  2007 он хүртэлх 20 жилд 17505 хүнд титэм судасны оношилгоо хийж, түүнээс 8958-д нь  судас тэлэгч тавьсан. Сүүлийн таван жилд 6022 хүнд оношилгоо хийж, 4251 хүнд яаралтай журмаар шигдээсийг тэлэгч тавих эмчилгээгээр эмчилж амь  насыг нь аварсан. Энэ бол бид нийт өвчтөний 70.5 хувийг шууд яаралтай тусламжаар эмчилж чадсан  гэсэн үг. 2015 он хүртэлх хугацаанд манай эмч нар стэнд тавих эмчилгээг 2936 хүнд хийсэн. Үүнээс хойш буюу 2020 он хүртэл бүх оношилгоог 6131 хүнд хийж, 2936 өвчтөнд  эмчилгээ хийсэн. Сүүлийн таван жилд 10331 хүнийг оншилж, 4532 өвчтөнд тэлэгч тавих эмчилгээ хийсэн байна.

-Зүрхний титэм судасны өвчлөл сүүлийн таван жилд өссөн үзүүлэлт гарчээ. Ингэж нэмэгдсэн   шалтгаан нь юу байв?

-Өвчлөл нэмэгдсэн шалтгаан  нэгдүгээрт, судсан дотуурх эмчилгээ эрүүл мэндийн даатгалд орж үнэ төлбөр багассантай холбоотой хүмүүс эмчлүүлэхээс гадна энэ өвчинд өртөх эрсдэл ихэссэн. Эмчийн зөвлөгөөг тоохгүй тамхи татаж, архи ууна. Дэглэм сахихгүй өөх тостой хоол иднэ, давс их хэрэглэнэ. Зарим нь эмчилгээ хийлгэчихээд эмээ уухгүй хаячихдаг. Ингэхээр судас нь эргээд  бөлөрөх, нарийсах, буц бүлэгнэх өөрчлөлт гардаг. Тиймээс энэ эмчилгээ сүүлийн үед өвчтөнөөс өөрөөс нь   их шалтгаалж байна. Өвдсөн хойно эмчлүүлчих юм чинь, зардал нь  ч бага гэсэн бодолтой хүн олширчээ. Тэгэхээр өнгөрсөн 20 жилд хийсэн  ажиглалтаас үзэхэд  манай улсын эдийн засаг тийм ч сайнгүй. Анх  эрүүл мэндийн даатгалд ороход 75 хувийг нь даатгалаас төлөх бус 50, 50 хувь болгох нь зүйтэй байсан. Мэргэжилтний хувьд санал хэлсэн ч авч хэлэлцээгүй. Хор хохирол нь ийм байдлаар гарч байна. Өвчтөнд өөрт нь хариуцлага гэж байх ёстой. Хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

-Манай эмч нар судсан дотуурх мэс заслын эмчилгээг монголчуудаас өөр хүнд хийж байв уу?

-Гадаадын 15 орны 36 өвчтөнд яаралтай журмаар  энэ эмчилгээг хийж стэнд тавьсан. Энэ дотор өмнөд хөршийн 12 иргэн, ОХУ-ын гурав, БНСУ-ын гурав, бусад нь АНУ, Вьетнам, Герман, Канад, Кувейт, Сири, Украин, Турк, Япон, Франц  улсын иргэд байсан. Тэгэхээр  энэ бол манай эмч нар  энэ эмчилгээг яаралтай журмаар хийх аргыг сурч, хийж чаддаг болсны баталгаа мөн. Ер нь манай эмч нар  дэлхийн таван орны   эмч нартай хамтран эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлсэн. Франц, АНУ,  Солонгосын Лин профессор, АНАМ  эмнэлэг, Тайвань, Энэтхэгийн эмч нартай хамтран судсан дотуурх эмчилгээний олон аргыг сурч туршлага хуримтлуулсан.

-Улсын хэмжээнд  зөвхөн III эмнэлэг Зүрхний  төвтэй. Саяхан  I эмнэлэг Ангиографийн тэнхимтэй болсон. Бусад эмнэлэг, хувийн хэвшил эмчилгээ, оношлогоо хийдэг үү?

-Бид ангиографийн  боловсон хүчнийг бэлтгэж, сургахаас гадна бусад эмнэлэгт шавь нар маань очиж мэс заслын  эмчилгээ, оношилгоог хийх түвшинд очсон. Гэхдээ бидний 20 жилийн туршлагатай  харьцуулах хэмжээнд хүрэх хараахан болоогүй. Мэс заслын эмчилгээг  дадлага туршлагатай эмч нар багаар хийдэг учраас  III эмнэлгээс бусад газарт энэ нь дутмаг. Манай эмнэлэгт 2019 онд 2554 хүнд титэм судасны оношилгоо хийж, 1653 хүнд тэлэгч тавьсан байна. Одоо он дуусаагүй байхад манай эмч нар өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1004 хүнд тэлэгч тавиад байна. III эмнэлэгтэй харьцуулахад бусад эмнэлгийн төсөв бага, дадлага туршлага нь ч бага. Техник, тоног төхөөрөмж талаас ч дутмаг. Миний шавь нараас Дамдинсүрэн, Батзаяа, Баттөмөр, Эрдэмбилэг  нар энэ чиглэлээр ажиллаж байна. Хувийн эмнэлгүүдэд ч ажилладаг. Хувийн хэвшлээс Сонгодо эмнэлэг 2012 оноос титэм судасны оношилгоо, эмчилгээг хийсэн. Өнөө хүртэл  512 хүнд энэ эмчилгээг хийж, 170 хүнд тэлэгч тавьсан байна. Улсын  I  төв эмнэлэг мөн 2012 оноос гадаадын эмч нар ирж хийгээд буцдаг байсан. Нийт 361 хүнийг оншилж, 150 хүнд тэлэгч тавьсан байна. Одоо  I  төв эмнэлэг зүрхний төвтэй болж, тасаг нээснээр манай эмнэлгээс эмч очсон. Манай эмнэлэгтэй харьцуулахад материаллаг бааз, эмч нарын багийн хувьд  хүнд мэс заслууд хийхэд учир дутагдалтай. Хувийн хэвшлээс “Номун”, “Гранд мед”, “Мөнгөн гүүр” эмнэлэг  энэ эмчилгээг хийдэг. “Интермед” эмнэлэг сүүлийн үед хийхээр болж байна. Үүнээс үзэхэд улсын хэмжээнд 11 оношилгоо, эмчилгээний аппарат бий. Зарим нь тархины  чиглэлд ажилладаг байхад зүрхний  шигдээс  Монголын хүн амын өвчлөлийн нэгдүгээр зэрэгт ордог. Гэтэл хавдар түүнээс бага хувьтай байгаа.. Фанцын эмч нар манай тоон үзүүлэлтийг хараад манайд  зүрхний шигдээс   аюулын дохио өгч байна шүү гэж байсан. Энэ бол энэ өвчний үзүүлэлт, эмч нарын цаашид ажиллах нөхцөл байдал хүндэрч байгааг мэдэрч хэлсэн үг юм.

-Тэгэхээр цаашид аргачлалыг сайжруулах, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?

 -Эрүүл мэндийн салбарын  шинэ сайд томилогдсоныхоо дараа зүрхний шигдээс,  зүрх болон  тархины судасны ангиографийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлснээр  яаралтай үед хүний амь насыг аварч болдог юм байна гэдгийг туршлагаас харж, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд аппарат тавьж, боловсон хүчнийг газар дээр нь сургахаар  болсон. Бүсийн оношилгооны төвүүд аппараттай болсноор өвчтөнийг газар дээр нь оношдох, эмчлэх бүрэн боломжтой болно. Жишээ нь, одоо үүсээд буй  хөл хорионы нөхцөлд хүндрэлтэй өвчтөнийг хот руу зөөх боломжгүй, тийм биш байлаа ч зөөхөд цаг алдах, өвчтөн эмнэлгийн тусламж авч чадахгүй байх  эрсдэлтэй. Зүрхний булчин хоёр цагийн дотор үхжинэ. Гадаадын улс орнууд нэг газар төвлөрүүлж тусламж үзүүлэх биш газар бүрт хийдэг төвүүдтэй, нэг хотод  гэхэд хэд хэдэн төвтэй, өвчтөнийг хамгийн ойрхон руу нь, хамгийн  туршалага сайтай руу нь  хүргэдэг. Гэтэл манайд хаа байсан Баян-Өлгий, эсвэл Дархан, Сэлэнгээс нааш зөөгөөд явна гэвэл цаг хугацаа, хүний амь насны, дагаж ирэх хүмүүс, тээвэрлэлт, эдийн засаг гээд олон асуудал үүснэ. Тэнд нь бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд аппарат суурилуулсан байвал хотоос эмч, мэргэжилтэн очиж болно, эмч нарыг сургаж дадлагажуулж болно.  Энэ үүднээс аймгуудад аппарат тавих болсон.

-Нууц биш бол танай эмч нар сүүлийн үед хүндрэлтэй болон байнга хийдэггүй ямар  мэс засал хийсэн бол?

-Хэдхэн хоногийн өмнө  манай эмч нар хүндхэн хагалгааг амжилттай хийсэн. Судас тэлэгч тавиулаад хоёр жил болж байгаа 68 настай өвчтөн ирсэн, баруун талын титэм судсанд хоёр, зүүн талдаа нэг тэлэгчтэй  тэр нь 75 хувь нарийссан байсан. Судасны бөглөрлийг өрөмдөж байх үед шохойжсон нарийн судас  хагарсан тул дөрвөн цагийн дотор яаралтай мэс засал хийж хөлийн судаснаас авч залгасан. Өнгөрсөн он  жилүүдэд судас хагарах, зүрхний дутагдал гэх мэт хүндрэл их гардаг, ийм үед манай эмч нар хүний амийг аварсан нь илүү, нас баралт цөөн. Хүндрэл гарахад манай  мэс заслын эмч нарын баг, ангиорафийн эмч нарын  баг хамтраад ажилладаг. Манай залуу эмч нар энэ төрлийн эмс заслыг сайн хийж сурсан. Багаар хамтран ажиллах арга барилыг ч маш сайн   сурсан. Хүндрэлгүй өвчин гэж байхгүй. Цаг алдалгүй хурдан оношилж, эмчилж чадвал хүний амийг аварч чадна. Саяын хагалгаанд Зүрх судасны  мэс заслын тасгийн эрхлэгч Бат-Ундрал, Батбаатар, Баттөмөр нарын  гурван залуу эмч хамтраад  мэс засалд орсон. Манайд өмнө нь яаралтай журмаар хагалгаа хийж байгаагүй, сая гарцаагүй тохиолдол хүндрэл гарсан тул эмч нар хамтраад хийсэн. Энэ бол  гадаадын улс орнуудад  яаралтай  журмаар хийдэг хагалгааны түвшинд хийсэн том мэс засал боллоо.

-Эмнэлэг, эмч нарт цаашид  тулгамдаж байгаа бэрхшээл юу байна?

-Тулгамдсан асуудал олон бий. Хэдий ахиц гарч байгаа ч нэг жижигхэн газар байгуулаад  түүнийгээ ийм төв, тийм төв гэж нэрлээд баймгүй. Судсан дотуурх  эхог улс хэдэн жилийн өмнөөс  хийдэг болсон. Тэр бүү хэл судсан дотуурх компьютер оношилгоо хийж байна. Энэ хоёр аппаратыг манай улс авч чадахгүй байна. Манай эмнэлэгт байхгүй. Үүнийг оруулж ирэх юм бол эмчилгээ, оношилгооны арга улам нарийсч, яаралтай мэс засал хийхэд ахиц гарна. Энэ төслийг би өнгөрсөн жил  бичсэн ч шийдэгдэхгүй байна. Улсын эдийн засаг хүндхэн байгаа ч  энэ аппаратуудыг манай улс зайлшгүй авч нэвтрүүлэх хэрэгтэй. Оношилгоо, аэмчилгээг бүрэн гүйцэд хийж төгс шийдэхэд энэ асар их ач холбогдолтой. Титэм судасны оношилгоо, эмчилгээ Монголд 20 жил хөгжихдөө дэлхийн түвшинд хүрсэн үү гэвэл хүрсэн. Бид эмчилгээ, оношилгоо хийлгэсэн өвчтөний 60-аас дээш  хувьд нь стэнд тавьсан. Энэ үзүүлэлтийг дэлхийд  зүрхний том төвийн үйл ажиллагаанд хүрсэн гэж үздэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ